| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэнбаярын Энхжаргал |
| Хэргийн индекс | 007/2014/0174/Э |
| Дугаар | 2014/ШЦТ/0166 |
| Огноо | 2014-09-24 |
| Зүйл хэсэг | 145.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 007/2014/0174/Э
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гоомарал,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам
Хохирогч ***
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэгт ***г холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн 201409000512 тоот эрүүгийн хэргийг 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн *** төрсөн, *** настай, *** бүрэн дунд боловсролтой, *** тоотод суух хаягийн бүртгэлтэй, *** 2*** онд Дархан-Уул аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж байсан,
Шүүгдэгч *** нь 2014 оны 6 дугаар сарын 25-ны орой 2 цагийн үед Дархан сумын 16 дугаар баг Од цогцолбор сургуулийн хашаанд иргэн *** тай архи ууж байхдаа Хаан банкны виза картыг нь хулгайлж улмаар ***ын виза картнаас нь 1 428 000 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б*** ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 17 цагт Баянжаргал ахтай таарсан тэгээд *** ах архи уумаар байна гэхээр нь мөнгө байхгүй гэхэд виза картнаас 10.000 төгрөг аваад 0.5 ерөө архи авсан. Тэгээд архиа аваад Од цогцолбор сургуулийн хашаанд орж уусан. Тэгээд архи ууж байхад гэрэл асах шиг болохоор нь Баянжаргал ахын гар утсыг нь үлдээгээд виза картыг нь аваад эхнэртэйгээ явсан” гэх мэдүүлэг,
Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих өдөр ***тэй таарсан. Намайг архи аваад өг гэхээр нь би картнаасаа 10.000 төгрөг аваад архи авсан юм. Дараа нь ***ийн эхнэр шоколад аваад өг гэхээр нь дахиж картнаасаа 10.000 төгрөг авсан тэгээд дэлгүүр хаасан байсан. Тэгээд хэсэг архи ууж сууж байгаад утас байхгүй болсон байхаар нь ***ийг чи миний утсыг авсан уу гэхэд би аваагүй та өмнө нь архи ууж байсан газраа үлдээсэн байх гээд урд гараад явсан. Өмнө нь сууж байсан газраа буцаж очиход Á***өөдөөс миний утсыг, 10.000 төгрөгтэй бариад та дэрсэн дотор хаясан байна гээд модон дотроос гарч ирсэн. Удалгүй ***эхнэртэйгээ явсан байсан. Тэгээд 2 цагийн үед карт байхгүй болсныг мэдсэн. Ингээд цагдаа дээр очиход одоо банк хаасан байгаа данс хаах боломжгүй гэсэн. Өглөө банк орж дасны хуулга авахад 1.400.000 төгрөгийн зарлага гарсан байсан” гэх мэдүүлэг,
Хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “... Би үйлчилгээний төвийн Хаан банкны АТМ-д картаа уншуулж 10,000 төгрөг авсан. Энэ үед миний *** зогсоод байхаар нь би цаашаа байгаач гээд хөөсөн. Тэгэж байхад миний Хаан банкны виза картны пин кодыг мэдсэн юм шиг байна лээ. Тэгээд нөгөө авсан 10,000 төгрөгөө Батхишигт өгөөд архи аваад ир гээд явуулсан. *** хаанаас архи авсан талаар мэдэхгүй ерөөл нэртэй 0,75 литрийн архи авч ирэхээр нь бид 4 үйлчилгээний төвийн арын Од цогцолбор сургуулийн хашаанд нөгөө архиа хувааж уусан. Тэгж байхад Á***ийн эхнэр гэх эмэгтэй намайг шоколад аваад өгөөч гэхээр нь би дахин үйлчилгээний АТМ-рүү явж 10,000 төгрөг аваад шоколад авах гэсэн чинь дэлгүүр хаалттай байсан. Тэгэхээр нь буцаад нөгөө архи ууж байсан газраа явъя гээд 4-лээ явж байх зуураа халаасанд байсан гар утсаа үзсэн чинь байхгүй байхаар нь миний утас алга болчихлоо чи авчихсан уу ***гт хэлсэн чинь би аваагүй, та ууж байсан газраа үлдээчихсэн юм биш үү гээд түрүүлээд явсан. Тэгээд яг сургуулийн хашаа руу орох гэтэл урдаас *** модон дундаас энд л байна ш дээ гээд миний гар утас болон халаасанд байсан 10,000 төгрөгийн хамт гаргаад ирсэн. Тэгэхээр нь би чи өөрөө авсан юм байна ш дээ гэж хэлчхээд түүнийг загнаад утас, мөнгө 2-оо халаасанд хийгээд зогсож байсан чинь гэнэтхэн *** эхнэрээ дагуулаад алга болсон. Тэгэхээр нь би найз Мархашхааныг гэрт нь хүргэж өгнө гээд түүнтэй хамт Дархан 50 цогцолборын орчим явж байгаад сандал дээр суусан. Гэтэл өмдний арын халаасанд байсан виза карт байхгүй юм шиг санагдахаар нь гайхаад үзсэн чинь виза карт маань алга болсон байсан. Тэгэхээр нь л би ***г миний виза картыг аваад явсныг мэдсэн. Маргааш нь Хаан банкин дээр очиж дансаа хаалгаад үлдэгдлийг нь шалгахад 462,000 төгрөг байсан. Тэгээд дансны хуулга авч үзэхэд 1,428,000 төгрөгийн гүйлгээ хийчихсэн байна лээ. Тэр хуулгыг үзэхээр дандаа дэлгүүрүүд рүү ороод виза картаар маань уншуулчихсан юм шиг байгаа юм” гэх мэдүүлэг / хэргийн 12 дугаар хуудас/
Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “... 2014 оны 06 дугаар сарын 24-ний өглөө би ажлаасаа буух гээд ажил дээрээ байж байхад манай хүргэн болох *** буюу Андууш над руу залгаад ааваа би хоол ундны зүйл өгөх гэсэн юм та хаана байна гэхээр нь ажлаасаа буугаад гэрлүүгээ явж байна гэхэд та хаана байна би машинтай очоод авъя гээд нэг жижиг хар машин хөлсөлчихсөн ирээд намайг Депогийн орчим алхаж явахад авсан. Тэгээд манай гэрийн доор буюу Мэргэжил, Сургалт үйлдвэрлэлийн төвийн хажуу талын Мөнх гэдэг хүнсний дэлгүүр рүү орж 60,000 гаран төгрөгийн хоол хүнсний эд зүйл авч өгсөн. Ингэж авч өгөхдөө *** нь виза карт уншуулж авч өгсөн. Тэгээд би гэртээ ганцаараа авч өгсөн хоол хүнснийх нь эд зүйлийг аваад гэртээ 09 цагийн үед орсон. Тэгээд 10-11 цагийн орчим намайг эхнэрийнхээ хамт зах дээр явж байхад манай охин *** над руу утсаар яриад та хоёр хаана байна гэхээр нь зах дээр комиссын дэлгүүрээс юм авах гээд явж байна гэхэд наанаа байж байгаарай *** бид хоёр яваад очъё гэсэн. Тэгээд бид нар уулзаад Арбатын гудамжинд байдаг Баяр супермаркет дэлгүүрийн өөдөөс харсан нэрийг нь мэдэхгүй дэлгүүр орж ариун цэврийн хэрэгсэл вок, саван зэрэг зүйлс авсан. Хэдэн төгрөг болсон талаар нь би мэдэхгүй, манай хүргэн болох *** тооцоог нь хийсэн. Тэгээд тэндээс уруудаад хуучин Дарханы 18-н буудлын орчимд байдаг Баяр супермаркетруу орж бас хоол хүнсний зүйл *** эхнэр бид хоёрт авч өгсөн. Ингээд явж байхад Батхишиг аав надад бэлэн мөнгө байхгүй, эгчийн виза карт надад байгаа. Эгчийн виза картанд миний цалин орчихсон байгаа эхнэр бид хоёр танд хөлдөөгч аваад өгье гэхээр нь би авч өгсөн хоол хүнснийх нь эд зүйлийг гэр рүүгээ очиж тавчихаад, эхнэрээ үлдээчхээд *** болон охин Н*** нарын хамт 12 цагийн орчим Шинэ захын урд байдаг Ганга-Эгмо гэх цахилгаан барааны дэлгүүрт орсон. Тэр дэлгүүрээс бид гурав том хөлдөөгч, будаа агшаагч, халуун тогоо 2, гаазан плитка, ус буцалгагч 2 ширхэг гээд 600,000 төгрөгийн цахилгаан бараа авсан. Тэгээд би шууд гэрлүү харьсан” гэх мэдүүлэг / хэргийн 13 дугаар хуудас/
Насанд хүрээгүй гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “... Тэгэж байхад нь модон дунд бие заслаа гээд яваад бие засах гэж байхад цагдаагийн станц дуугарсан. Энэ үед *** намайг дуудаж хүрч ирээд цагдаа нар яваад байх шиг байна, 2-лаа явъя гээд хуучин хорооллын 1 дүгээр орц руу орсон. Тэр орцонд нээх удаагүй байж байгаад цагдаа нар харагдахгүй байхаар нь гараад явж байсан чинь ***надад 2-лаа буцаж яваад түрүүн архи ууж байсан газрын дэрс нь *** ын виза карт байгаа очиж авъя гээд намайг дагуулж явсан. Бид хоёр яваад очиход Ä*** болон түүний найз нь байхгүй байсан. Тэгээд *** нөгөө картыг дэрс нь дундаас гаргаж ирээд бид хоёр 380 айлын тэнд байдаг Хаан банкны АТМ-ээс 80,000 төгрөгөөр 2 удаа гүйлгээ хийж нийт 160,000 төгрөг гаргаж авсан. Ингэж гаргаж авахдаа *** өөрөө виза картаа уншуулж мөнгө авсан. Би түүнээс пин кодыг нь яаж мэдсэн талаар асуухад *** ах надад өөрөө мөнгө зээлээч гэхэд картынхаа кодоо хэлж байсан юм гэж яриад байсан. Тэгээд бид хоёр микрт байдаг 24 цагийн дэлгүүр рүү орж хоол хүнсний юм авч гэртээ харьсан. Тэгээд маргааш өглөө нь унтаад сэрсэн чинь *** намайг гаднаас цоожлоод явсан байсан. *** тэгээд 11 цагийн үед ирэхээр нь хаашаа явсан талаар нь асуухад аав, ээж хоёрт чинь хоол, хүнсний зүйл аваад өгчихлөө гэсэн зүйл хэлсэн. Тэгээд бид 2 өөрсдөө хоол хүнсний зүйл авъя, гар утасны дугаар авъя гээд зах явсан. Тэгж явж байхдаа аавруугаа би утсаар нь ярьсан чинь захын комисс дотор явж байна гэхээр нь уулзаад нөгөө картнаас хоол хүнсний юм аваад *** аав бид гурав манай аавын гэрт очсон. Тэгээд буцаж бид гурав гараад шинэ захын урд байдаг Ганга-Эгмо гээд цахилгаан барааны дэлгүүр орж *** аавд маань болон гэртээ цахилгаан бараа авч 600,000 төгрөгийн эд зүйлс авсан” гэх мэдүүлэг / хэргийн 15 дугаар хуудас/
Гэрч Х*** ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “... Тэр архийг нь бид 4 үйлчилгээний төвийн арын Од цогцолбор сургуулийн хашаанд ууж дуусгаад гэртээ харьцгаах болсон чинь *** ах дахин архи ууна гээд үйлчилгээний төвийн Хаан банкны АТМ орж 10,000 төгрөг авсан. Энэ үед хажууд нь бас *** зогсоод байсан. Тэгээд *** т мөнгөө *** ах өгөөд архи аваад ир гэсэн чинь дэлгүүрүүд одоо хаачихсан байна гэж байсан. Тэгснээ *** ах миний гар утас, 10,000 төгрөг 2 алга болчихсон байна чи гаргаж өг гэхэд *** би аваагүй гээд байсан. Тэгж байгаад нөгөө архи ууж байсан газраа хаячихсан юм уу гээд *** бид 3-ын урд алхаж яваад архи ууж байсан газраа түрүүлж очоод энд газар уначихсан байна ш дээ гээд *** ахын гар утас болон 10,000 төгрөг зэргийг өгсөн. Тэгээд би одоо харьж амарцгаая, *** ыг гэрт нь хүргэж өгнө гээд түүний гэр рүү алхаж явахад нэг мэдсэн чинь *** найз эмэгтэйнхээ хамт алга болчихсон. Тэгсэн *** би ерөөсөө чамайг хүргэж өгнө гэртээ харихгүй гээд байхаар нь за за, тэг тэг гээд бид 2 манай гэрийн зүг рүү алхаж явахад *** миний виза карт алга болчихсон байна ш дээ гээд байсан” гэх мэдүүлэг / хэргийн 14 дүгээр хуудас/,
Ял шийтгэлийг шалгах хуудас /30 дугаар хуудас/,
Хохирогч *** ын дансны хуулга /хэргийн 10 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинэчлэн хэлэлцэхэд
Шүүгдэгч *** нь 2014 оны 6 дугаар сарын 25-ны орой 2 цагийн үед Дархан сумын 16 дугаар багт байрлах Од цогцолбор сургуулийн хашаанд иргэн *** тай архи ууж байхдаа түүний 1 428 000 төгрөгийн үлдэгдэл бүхий Хаан банкны виза картыг хулгайлсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь нотлогдож байна.
Иймд шүүгдэгч *** ийг бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Гэвч шүүгдэгч *** нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1 440 000 төгрөгийг бүрэн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн зэрэг байдлууд нь хохирогч *** , шүүгдэгч Б*** нарын мэдүүлэг болон тэдний хоорондын 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан "Эвлэрлийн гэрээ" зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч *** ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 201409000512 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1 Шүүгдэгч *** г бусдын эд хөрөнгө хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. *** т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дóãààр зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн 201409000512 тоот эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, *** йг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсгийг үндэслэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай6
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол *** урьд бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ