Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 25

 

 

 

 

Хэргийн индекс: 171/2012/036/Э/

 

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж, шүүгч Б.Манлайбаатар, Тө.Э , нарын бүрэлдэхүүнтэй

иргэдийн төлөөлөгч С.Банди, Д.Ганболд, Д.Чулуунжав,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.ДавааД ,

улсын яллагч Б.Сүрмандах,

шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа,

хохирогч Х.Э ,

гэрч Х.Э  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дугаар зүйлийн 91.1-д заасан гэмт хэрэгт Х  овогт Х.Т д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21123573 дугаартай хэргийг 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х  овогт Х.Т , /РД:.... 19..  оны .. дугаар сарын ..-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх. ах нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг, .. дугаар баракын .. тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.

 

Шүүгдэгч Х.Т  нь 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 20 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутагт байрлах 9 дүгээр байрны 3 тоотод согтуугаар хувийн таарамжгүй харьцааны улмаас өөрийн төрсөн ах Х.Д ийг хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.                                     

                                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Шүүгдэгч Х.Т  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”...2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн өглөөний 11 цагийн үед би эгч Э ын гэрт нь очих гээд найз Э тай хамт явсан юм. Тэгээд эгчийн гэрт очиж түүнээс 10.000 төгрөг аваад гэрээс нь гарсан. Тэгээд бид хоёр найз Ихбаяртайгаа тааралдаад “Охото” гэдэг нэртэй том пиво аваад хувааж уусан юм. Тэгээд бид гурав пиво ууж дуусгаад 0.75 литрийн “Ерөөл” нэртэй нэг шил архи авч түүнийгээ хувааж ууж дуусгаад Э  гэртээ харихаар явсан юм…Тэгээд орой нь Э тай тааралдаад манайд очихоор хамт явсан юм. Манайд очоод бид хоёр 0.75 литрийн нэрийг нь сайн мэдэхгүй байна бас нэг шил архи хувааж уусан юм. Тэгээд би найз Б  руугаа залгаж гэртээ дуудахад манай найз Б  Баасанчулууны хамтаар нэг шил архи авсан ирсэн юм. Удалгүй Б , Баасанчулуун нар гараад явсны дараа манай талийгаач ах гаднаас орж ирсэн юм.

 

                                                                                                                                                                        D:\My Office flie\Шийтгэх тогтоол\2011.06\Õ.Ò¿ìýíæàðãàë 91.1-25.doc

Тэгээд би ахтайгаа маргалдаад барьцалдаж авсан юм. Би тухайн үед төрсөн ахыгаа хутгална гэж бодоогүй хутга хаанаас авсныгаа ч мэдэхгүй байна” гэв.

Хохирогч Х.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”...Энэ хэргийн талаар би тэр өдрийн орой буюу 12 цаг өнгөрч байхад сонссон юм. Уг нь манай талийгаач дүү Т  хоёр манайхаас боок аваад юмаа угаана гээд гараад явсан юм…Талийгч сүүлийн үед архи их уудаг болчихсон байсан. Би түүнд хандан идэх юм гэхэд талийгаач надад хандан “юм идэхээр гэдэс гүйлгээд байна. Харин архи уухаар зүгээр байдаг юм” гэж хэлдэг байсан. Манай дүү Т ын хувьд архи ер нь уудаггүй хүүхэд байсан юм. Тэр өдөр яагаад уусныг нь мэдэхгүй байна. Одоо бидэнд ямар нэгэн гомдол, санал байхгүй тул миний дүүд хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Гэрч Х.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:”...2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би Т ын гэрт нь очиж хонохоор хамт явсан юм. Тэгээд гэрт нь бид хоёр нэг шил архи хувааж уугаад архи дуусахад нь Т  миний “Nokia” 1600 маркийн гар утсыг авч гараад дэлгүүрт тавин 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи авчирсан юм. Тэгээд бид хоёр нөгөө архиа уучхаад том өрөөнд зурагт үзээд сууж байтал талийгаач Д оо ах гаднаас орж ирсэн юм. Тэгтэл Т  Д оо ахтай коридор орчмоор маргалдаад байх шиг байсан. Би тэр хоёр юунаас болж маргалдсаныг мэдээгүй. Гэтэл нэг мэдэхэд Т  Д оо ах хоёр коридорт түжигнээд байхаар нь би том өрөөнөөс коридор руу хартал гал тогооны өрөө болон том өрөө хоёрын дунд байдаг жижиг өрөөний хаалганы гол хэсэгт Д оо ахын толгой нь жижиг өрөө рүү харчихсан, цээжин хэсэг нь хаалганы голд байсан бөгөөд баруун талаараа хагас доошоо харсан байдалтай шалан дээр хэвтэж байсан юм. Тэгтэл Т  гартаа цустай хутга барьсан уйлчихсан зогсож байсан. Тухайн үед би балмагдаад түргэн дуудаад ирье гэж хэлээд гараад гүйсэн юм” гэв.

 

Шүүгдэгч  Х.Т  нь 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 20 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутагт байрлах 9 дүгээр байрны 3 тоотод согтуугаар хувийн таарамжгүй харьцааны улмаас өөрийн төрсөн ах Х.Д ийг хутгалж амь насыг нь хохироосон болох нь:

гэрч С.Б ын:”...Баасанчулуун бид хоёрыг Т ын гэрт нь орох үед Т  Анука /Э / гэдэг залуутай хамт архи ууж байсан юм. Тэгээд бид хоёрт Т  орныхоо араас 0.75 литрийн “Ерөөл” нэртэй нэг шил архи гаргаж ирээд бид нар хамт хувааж уусан юм. Удалгүй гаднаас Д оо ах орж ирээд хоолоо идэх үед нь Баасанчулуун бид хоёр гараад явсан юм. Тухайн үед  Д оо ах архи уучихсан халамцуу байдалтай байсан. Баасанчулуун бид хоёрыг тэднийд байхад ямар нэгэн хэрүүл, зодоон болоогүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 56-57 дахь тал/,

гэрч С.Б-ны:”...2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 19 цаг 15 минутын үед Б  бид хоёр Т ын гэрт нь очсон юм. Тэгээд бид нар тэднийд архи хувааж уугаад дуусаж байтал гаднаас Д оо ах нэлээн согтуу орж ирсэн. Тэгээд Д оо ахыг ороод ирэхэд нь Б  бид хоёр архи дуусчихлаа явлаа гэж хэлээд гараад явсан юм. Б  бид хоёрыг Т ынд байхад хэрүүл маргаан болоогүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 59-60 дахь тал/,

гэрч С.У-ын:”...2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орой 21 цагийн орчимд Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явтал 102-оос залгаж “Төмөр замын 9 дүгээр байрны 3 тоотод хутгалуулсан хүн байна, яаралтай оч” гэж хэлсний дагуу уг хаягт очиж явтал Төмөр замын 7 дугаар байрны урд талд Хүнбиш овогтой Т  гэдэг залуу надтай таарсан юм. Тэгээд би түүнд хандан “танайд юу болоод байгаа юм бэ” гэж хэлэхэд Т  надад хандан “Д оо ах өөрийгөө хутгалчихлаа, одоо гэртээ байгаа” гэж хэлэхэд нь би Т тай хамт гэрт нь яваад очтол тэдний хоёр өрөө байрны жижиг хаалганы хажууд Д оо доошоо хараад хэвтэж байсан юм. Тэгтэл Д ийн цээжний хажууд цус болчихсон хар иштэй хутга байсан. Тэгээд би Д ийг татаж эргүүлээд хартал түүний цээжин хэсэг нь нэлээд цус болчихсон ба цээжний доорх шалан дээр бас хивсэн дээр нилдээ цус нэвчсэн байдалтай байсан. Тэгтэл Т  надад хандан “Д оо ах бид хоёр маргалдаад би гарах гэхэд ах намайг гаргахгүй гээд байсан юм. Тэгтэл нэг мэдсэн чинь ах газар унасан юм” гэж хэлснээ хэсэг хугацааны дараа “намайг гаднаас орж ирэхэд ах ингээд хэвтэж байсан” гээд өөр өөрөөр яриад байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 64 дахь тал/,

гэрч Б.Г-ийн:”...2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орой 20-оос 21 цагийн үед би Анука /Э / ахын дүү Б-ы хамтаар Төмөр замын 16 дугаар байрны 3 дугаар орцны гадна дэлгүүрийн хажууд явж байтал Анука /Э / ах бид хоёртой тааралдаад бидэнд хандан “Төмөр замын 9 дүгээр байранд ах дүү хоёр хоорондоо зодолдоод байна. Би тэр хоёрыг салгачхаад ирлээ, ахын дүү цагдаа руу утас дан дуудлага өгчих” гэж хэлсэн юм. Тухайн үед би дуудлага өгөхдөө өөрийгөө Зулаа гэдэг нэрээр дуудлага өгсөн. Анука /Э / ах тэр үед архи уучихсан нэлээн согтуу байсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 67-68 дахь тал/,

гэрч Ө.Б-ны:”...Бид хоёр манай гэрээс гараад хүнсний дэлгүүр орчхоод гарч ирэх үед манай ээжийн дүүгийн хүүхэд болох Анука /Э / “Хадгаламж” банкны тэндээс ганцаараа ирж явсан. Анука /Э / ах бид хоёрт хандан “ манай найз ахыгаа хутгалчихлаа та хоёр цагдаад дуудлага өг” гэж хэлэхэд нь би гар утсаараа ярих гэхэд нэгж байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 73 дахь тал/,

гэрч Х.Э гийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”...2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би Т ын гэрт нь очиж хонохоор хамт явсан юм. Тэгээд гэрт нь бид хоёр нэг шил архи хувааж уугаад архи дуусахад нь Т  миний “Nokia” 1600 маркийн гар утсыг авч гараад дэлгүүрт тавин 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи авчирсан юм. Тэгээд бид хоёр нөгөө архиа уучхаад том өрөөнд зурагт үзээд сууж байтал талийгаач Д оо ах гаднаас орж ирсэн юм. Тэгтэл Т  Д оо ахтай коридор орчмоор маргалдаад байх шиг байсан. Би тэр хоёр юунаас болж маргалдсаныг мэдээгүй. Гэтэл нэг мэдэхэд Т  Д оо ах хоёр коридорт түжигнээд байхаар нь би том өрөөнөөс коридор руу хартал гал тогооны өрөө болон том өрөө хоёрын дунд байдаг жижиг өрөөний хаалганы гол хэсэгт Д оо ахын толгой нь жижиг өрөө рүү харчихсан, цээжин хэсэг нь хаалганы голд байсан бөгөөд баруун талаараа хагас доошоо харсан байдалтай шалан дээр хэвтэж байсан юм. Тэгтэл Т  гартаа цустай хутга барьсан уйлчихсан зогсож байсан. Тухайн үед би балмагдаад түргэн дуудаад ирье гэж хэлээд гараад гүйсэн юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 54-55 дахь тал/,

хохирогч Х.Э ын:”...Тэгтэл шөнө 23 цаг 57 минутын орчим манай гэрт цагдаа ирээд надад хандан “9 дүгээр байранд хамаатан садан байдаг уу” гэхэд нь би байдаг гэж хэлэхэд “та тийшээ очих шаардлагатай байна. Тэнд байдаг дүү нарын чинь ах нь өнгөрчихсөн байна” гэж хэлсэн юм. Тэгээд цагдаа дээр очтол Т ыг эрүүлжүүлэх байранд хийх гээд байж байсан. Харин Д ийг эмнэлэг рүү морогт хийхээр авч явсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 52-53 дахь тал/,

Шүүх эмнэлгийн 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 136 тоот магадлан шинжилгээний явцад бэхжүүлсэн фото зургийн үзүүлэлт /хэргийн 89-94 дахь тал/,

Шүүх эмнэлгийн 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 136 тоот магадлан шинжилгээний дүгнэлт.

1. Талийгаачийн биед зүүн суганы хураагуур, тараагуур судасны бүрэн, мэдрэлийн судас, булчингийн бүрэн бус тасралт бүхий шархны гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багаж зэвсгийн үйлчлэлээр үүсэх боломжтой бөгөөд, учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.

3. Учирсан шарх нь хатгагдаж зүсэгдсэн шарх байх бөгөөд бусдын нөлөөгөөр босоо байрлалд үүсгэгдсэн байх боломжтой. Эдгээр нь шархны байрлал чиглэл, биеийн цусархаг зүйлээр бохирдсон бохирдолт зэргээс харагдаж байна.

4. Талийгаачийн биед биеэ хамгаалан тэмцэлдсэн гэх гэмтэл тогтоогдсонгүй.

5. Талийгаачийн биед хамрын угт өнгөц шархны гэмтэл тогтоогдлоо. Энэ шарх нь шинэ бөгөөд, хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, хамрагдах талбай бага учир гэмтлийн зэрэг тогтоогдохгүй байна.

6. Талийгаачийн биед нүүр, их бие, мөчдийн зөөлөн эдэд хуучин зулгаралт, цус хуралт, шархны гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, хамрагдах талбай бага учир гэмтлийн зэрэг тогтоогдохгүй байна.

7. Талийгаачид учирсан дээрх бүх шарх, цус хуралт, зулгаралт амьд ахуйд үүсжээ.

8.Талийгаач нь суганы цусны судас гэмтээсэн шархны улмаас хурц цус алдаж, цус алдалтын шокоор нас баржээ.

9. Талийгаач нь суганы шархны гэмтэл авснаас хойш 15 минут хүртэл хугацаанд амьд байх боломжтой. Энэ нь тухайн үед үзүүлсэн анхан шатны тусламж үйлчилгээнээс хамаарна.

10. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй болно.

11. Талийгаачийн цусанд 2.8 промиль этилийн спирт илэрсэн нь хүнд зэргийн согтолт болно.

12. Талийгаачийн цус нь ОI бүлэг байна. Гэсэн дүгнэлт /хэргийн 87-88 дахь тал/,

2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 630, 631, 623 тоот шүүх химийн шинжилгээний хариу /хэргийн 135-136 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6330 тоот шинжээчийн дүгнэлт.

  1. Шинжилгээнд ирүүлсэн дотуур өмдөн дээр цус илрээгүй.

2. Бусад бүх хувцаснууд дээр цус илэрсэн. АВО системээр О/I/ бүлгийн харьяалалтай хүний цус байна” гэсэн дүгнэлт /хэргийн 101 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 6236 тоот шинжээчийн дүгнэлт.

1. Хэргийн газрын үзлэгээр авсан гэх хутган дээр цус илэрсэн. Энэ нь О/I/ бүлгийн харьяалалтай хүний цус байна.

2. Хэргийн газраас авсан гэх фудволкон дэр цус илэрсэн. О/I/ бүлгийн харьяалалтай хүний цус байна.

3. Хэргийн газрын үзлэгээр авсан гэх дэр, обойн цаасны хэсэг дээр цус илэрсэн. О/I/ бүлгийн харьяалалтай хүний цус байна.

4. Хэргийн газраас авсан гэх гурван ширхэг хивсэнцэр дээр цус илэрсэн. О/I/ бүлгийн харьяалалтай хүний цус байна” гэсэн дүгнэлт /хэргийн 105 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 3699 тоот шинжээчийн дүгнэлт.

1.  Шинжилгээнд ирүүлсэн нэр бүхий хувцаснуудад зүсэлтүүд шинээр үүссэн байна. Уг зүсэлтүүд нь шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүссэн байж болно.

2. Харин хувцаснуудын материалын агшилт суналт зэргээс хамаарч зүсэлтүүд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй байна. Бусад хувцас гэмтэлгүй байна. Гэсэн дүгнэлт /хэргийн 119-120 дахь тал/,

Хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 10-18 дахь тал/,

Эд мөрийн баримтаар хураагдсан даавуун фудволк, зөөлөн дэр, 2 ширхэг хивсэнцэр, 1 ширхэг хутга, обойн цаас, “Ерөөл” нэртэй архины шил, “Сайхан” нэртэй архины шил, “voda fone” маркийн гар утас, “Nokia” маркийн гар утас, шар өнгийн судалтай дотуур өмд, цэнхэр өнгийн нэхмэл цамц, ногоон өнгийн даавуун цамц, цагаан өнгийн майк, хос оймс /хэргийн 23-29 дахь тал/ зэргээр нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд Х.Т ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг шууд бус санаатайгаар алсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Х.Т  нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдсон байна. /хэргийн 166-167 дахь тал/,

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Х.Э  нь шүүхийн хэлэлцүүлэгт “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул энэ тогтоолоор шүүгдэгч Х.Т аас гаргуулах хохирол төлбөргүй байдал, шүүгдэгч Х.Т  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй зэрэг хувийн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, уг хорих ялыг эдлүүлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасны дагуу хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

            Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн даавуун фудволк, зөөлөн дэр, 2 ширхэг хивсэнцэр, 1 ширхэг хутга, обойн цаас, “Ерөөл” нэртэй архины шил, “Сайхан” нэртэй архины шил, шар өнгийн судалтай дотуур өмд, цэнхэр өнгийн нэхмэл цамц, ногоон өнгийн даавуун цамц, цагаан өнгийн майк, хос оймс зэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар устгахаар “voda fone” маркийн гар утас, “Nokia” маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Х.Э д буцааж олгохоор тогтоолд заав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Х  овогт Х.Т ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатайгаар алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар Х.Т д 7 /долоо/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-т зааснаар Х.Т д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Х.Т ын энэ хэрэгт 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-д зааснаар шүүгдэгч Х.Т  нь энэ тогтоолоор хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн даавуун фудволк, зөөлөн дэр, 2 ширхэг хивсэнцэр, 1 ширхэг хутга, обойн цаас, “Ерөөл” нэртэй архины шил, “Сайхан” нэртэй архины шил, шар өнгийн судалтай дотуур өмд, цэнхэр өнгийн нэхмэл цамц, ногоон өнгийн даавуун цамц, цагаан өнгийн майк, хос оймс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, “voda fone” маркийн гар утас, “Nokia” маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Х.Энхцэцэгт буцааж олгосугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Х.Т д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Т д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

     

 

 

      ДАРГАЛАГЧ,

                                        ШҮҮГЧ                                                        Ё.РИНЗААН

 

ШҮҮГЧИД                                                       Б.МАНЛАЙБААТАР

           

Тө.Э