Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2012 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 31

 

 

 

 

 

 

 

 

Хэргийн индекс: 171/2012/0045/Э/

 

            Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,

улсын яллагч Г.Яндаг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,

хохирогч Ё.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт Б овогт О.А д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 21123638 дугаартай хэргийг 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Бовогт О.А  /РД:ТК...../, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын.. дугаар баг .. тоотод оршин суудаг,

урьд Нийслэлийн Сонгино-Хайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж уг ялыг тэсэж, 2 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан мөн Нийслэлийн Сонгино-Хайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 325 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт 3 жилийн хорих ялаар шийтгүүлж улмаар 2008 оны Эрүүгийн хуулийн тэгшитгэлд хамрагдан энэхүү ялаас чөлөөлөгдөн одоо ял шийтгэлгүй болно.

 

Шүүгдэгч О.А  нь 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 1в байрны 75 тоотод оршин суух иргэн Ш.О ийн гэрээс 8.2 грамм монетон бөгж, 3.1 грамм монетон гинж зэрэг нийт 430.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг, 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэн Ё.Б ы гар цүнхнээс 8.4 грамм монетон гинж, 4 грамм монетон бугуйвч, 2.6 грамм сувдан шигтгээтэй кулон зэрэг нийт 650.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг давтан хулгайлсан хулгайн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:“…Би 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр О гэдэг айлд гэрийн үйлчлэгчээр ажилд орохоор очсон юм. Тэгээд тэр өдрөө оройны 6 цагийн үед гэрээс нь гарч явахдаа монетон бөгж болон гинжийг нь авсан юм. Дараа нь 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Б ыд гэрийн үйлчлэгчээр ажилд орохоор очсон юм. Тэгээд бас монетон гинж болон гарын бугуйвч зэргийг авсан.

 

\\Server\sum dundiin shuukh\Bayar\Òîãòîîëóóä.4\Áýëýí áîëñîí\Î.Àìãàëàí 145.2 -31.doc

Би авсан юмнуудаа ломбарданд тавьсан. Б ы хохирол төлөөгүй бөгөөд 310.000 төгрөг дутуу байгаа. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би одоо жирэмсэн 5 сар гарантай тул надад хөнгөн ял оногдуулж өгнө үүгэв.

Хохирогч Ё.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:“…Манайд 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр А  ирж гэрийн үйлчлэгчээр ажилд орсон юм. Манайх хоёр үйлчлэгчтэй тул ээлжийн дагуу ажиллуулах зорилгоор авсан юм. Тэгээд тэр өдөр А  манай гэрт зүгээр л ажлаа хийж байгаад миний эд зүйлийг авсан байсан. Би орой нь гэртээ харихад миний монетон гинж болон гарын бугуйвч байхгүй байсан. Одоо би 310.000 төгрөгөө авах саналтай байна. Өөр гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгч О.А  нь 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 1в байрны 75 тоотод оршин суух иргэн Ш.О ийн гэрээс 8.2 грамм монетон бөгж, 3.1 грамм монетон гинж зэрэг нийт 430.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлсан болох нь:  

хохирогч Ш.О-ийн:“…Би А  гэгч эмэгтэйг гэрийн үйлчлэгчээр ажилд авсан юм. 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 09 цагийн орчимд манай гэрт орж ирээд орой 18 цагийн орчимд А  надад хандан “би явлаа” гэж хэлэхээр нь би түүнд хандан “тэг тэг, өглөө эрт ирээрэй” гэж хэлээд явуулсан юм. Тэгээд маргааш нь ирэхгүй байхаар нь би утас руу нь залгаад асуутал А  надад хандан “танайд ажиллахгүй” гэж хэлсэн юм. Тэгээд би ээмэг болон бөгжөө зүүх гээд хайрцгаа үзтэл  Солонгос улсад үйлдвэрлэсэн 8.2 граммын монетон бөгж, 3.1 граммын монетон гинж байхгүй байсан” гэсэн  мэдүүлэг /хэргийн 18 дахь тал/, 

гэрч Б.Б-ийн:”…2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр үл таних 20-оос 23 насны борд уу царайтай, дунд зэргийн нуруутай эмэгтэй орж ирээд өөрийнхөө иргэний үнэмлэхийг үзүүлээд надад хандан “монетон бөгж, монетон гинж тавих гэсэн юм” гэж хэлэхэд нь манай эхнэр Оюун бөгж, гинж, иргэний үнэмлэх зэргийг нь тулгаж харснаа 1 сарын хугацаатайгаар бөгжийг нь 250.000 төгрөгт, гинжийг нь 110.000 төгрөгт, нийт 360.000 төгрөгийн бичилт хийж өгсөн юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 19 дэх тал/,

гэрч А.О-ы:“...2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр А  гэгч хүүхэн манай “Түнш” нэртэй ломбарданд орж ирээд 8.3 граммын монетон бөгж, 3.1 граммын монетон гинж авчраад нийтдээ 360.000 төгрөгт тавиад явсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 20 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

Шүүгдэгч О.А  нь 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэн Ё.Б ы гар цүнхнээс 8.4 грамм монетон гинж, 4 грамм монетон бугуйвч, 2.6 грамм сувдан шигтгээтэй кулон зэрэг нийт 650.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг давтан хулгайлсан болох нь:

хохирогч Ё.Б ы мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”... Манайд 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр А  ирж гэрийн үйлчлэгчээр ажилд орсон юм. Манайх хоёр үйлчлэгчтэй тул ээлжийн дагуу ажиллуулах зорилгоор авсан юм. Тэгээд тэр өдөр А  манай гэрт зүгээр л ажлаа хийж байгаад миний эд зүйлийг авсан байсан. Би орой нь гэртээ харихад миний монетон гинж болон гарын бугуйвч байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 32-33 дахь тал/,

гэрч О.Э-ын:”...2011 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай “Олуулаа” нэртэй ломбарданд үл таних эмэгтэй орж ирээд монетон гинж барьцаанд тавихаар орж ирэхээр нь уг эд зүйлийг нь шалгаад хэдэн төгрөг авах талаар асуухад 270.000 төгрөг авна гэсний дагуу уг мөнгийг олгосон юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 137 дахь тал/,

гэрч Б.О-ийн:”...Би 2011 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Шинэ-Нөр-Их” ХХК нэртэй ломбардан дээрээ ажил үүргээ гүйцэтгээд сууж байхад үл таних 20-оос 23 насны борд уу царайтай эмэгтэй орж ирээд халааснаасаа монетон бугуйвч гаргаж ирээд тавих саналыг хэлсэн уг бугуйвч 4.9 грамм болсон юм. Тэгээд 160.000 төгрөгт тавиад гараад явсан юм. Тэгтэл нэгээс хоёр цагийн дараа нөгөө эмэгтэй эргэж орж ирээд монетон кулоноо өмнөх зээлэн дээрээ нэмээд 60.000 төгрөгт тавьсан. Тэр эмэгтэй зээл нийт 220.000 төгрөг болсон” гэсэн мэдүүлэг /хэргийн 28 дахь тал/,

Барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн гэрээнүүд /хэргийн 23-24, 35-36 дахь талууд/,

хохирлын мөнгө хураан авсан тэмдэглэл /хэргийн 25 дахь тал/,

эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тогтоосон баримт /хэргийн 28, 39 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Б овогт О.А г бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Хохирогч Ё.Б ы хулгайд алдсан эд зүйлүүдээс монетон гинжний хохирол 310.000 төгрөг төлөгдөөгүй байх тул шүүгдэгч О.А гаас гаргуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.А  нь урьд Нийслэлийн Сонгино-Хайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 325 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт 3 жилийн хорих ялаар шийтгүүлж улмаар Баян-Зүрх дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 260 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тэгшитгэлд хамрагдан ялаас чөлөөлөгдөн ял шийтгэлгүй болох нь толтоогдсон байна.

 

Шүүгдэгч О.А  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. О.А г бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар О.А д эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар О.А д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар О.А  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

           

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.А гаас монетон гинжний үнэ 310.000 төгрөг /гурван зуун арван мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 16 дугаар байрны 10 тоотод оршин суух Б овогт Ё.Б /РД:ТВ..../-д олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар О.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т 3 жил 6 сар хорих ял оногдуулсан энэхүү шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жил хүртэлх хугацаагаар хойшлуулсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.2-т зааснаар ялтан О.А д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол шүүх цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсныг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг О.А д сануулж мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.А д авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр байлгасугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.А д авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                 

              ДАРГАЛАГЧ

                        ШҮҮГЧ                                                Ё.РИНЗААН