Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 564

 

 

 

 

 

 

  2020             5              5                                           2020/ДШМ/564

 

 

         Ц.Х-, А.А- нарт холбогдох

                      эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Ц.Х-, түүний өмгөөлөгч Л.Батжаргал,

шүүгдэгч А.А-, түүний өмгөөлөгч Б.Дамба,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 414 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Х-, түүний өмгөөлөгч Л.Батжаргал, шүүгдэгч А.А- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ц.Х-, А.А- нарт холбогдох эрүүгийн 1906055660121 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Сахуу овгийн Цанжидын Х-, 2..... оны 6 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, ...... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ................... ажилтай, ам бүл.......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................./;

2. Өндөр овгийн Аюурын А-, 20........ оны 3 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, .............. тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ............./;

Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн.

Ц.Х-, А.А- нар нь бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар байрны өмнө иргэн Б.Тулгаагийн эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж, “Iphone 6s” загварын гар утас, бэлэн 8000 төгрөгийг дээрэмдэн,

Ц.Х- нь Б.Т- хүч хэрэглэн довтолж, нүүр хэсэгт цохиж, өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Х-, А.А- нарын дээрмийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Ц.Х-ийн иргэн Б.Тулгаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 182 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, Ц.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Ц.Х-, А.А- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Х-ийг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Х-, А.А- нарыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.А-ыг 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар Ц.Х-т оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 8 сарын хугацаагаар, А.А-т оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.А-, Ц.Х- нарын 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 40 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, “Iphone 6s” загварын гар утсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Ц.Х-т олгож, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, Ц.Х-ийн Төрийн сангийн 100900005406 тоот дансанд тушаасан 441.000 төгрөгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгож, А.А-, Ц.Х- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Х- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие эцэг, эх, насанд хүрээгүй 3 дүү, 5 сартай жирэмсэн эхнэрийн хамт амьдардаг. Урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд залуу хүний болчимгүй зангаасаа болж алдлаа. Хоригдож байх хугацаандаа ирээдүйдээ ямар том толбо үлдээж гэр бүл, нийгмийн өмнө хариуцлага алдсандаа харамсаж байна. Хэргээ үнэнээр хүлээж мөрдөн шалгах болон шүүн таслах ажиллагаанд саад учруулаагүй. Миний хувийн байдал, чин сэтгэлээсээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч Ц.Х-ийн өмгөөлөгч Л.Батжаргал гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ц.Х- нь эцэг, эх, бага насны 3 дүүгийн хамт амьдардаг ба эцэг, эх нь эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд Ц.Х- нь том оврын автомашины оператор хийж ар гэр болон бага насны 3 дүүгээ тэжээж гэр бүлийнхээ амьжиргааг залгуулдаг байсан төдийгүй 2018 онд Ганчимэг гэх эмэгтэйтэй танилцан гэр бүлийн харилцаа тогтоосон бөгөөд Ганчимэг нь Ц.Х-ээс хүүхэдтэй болсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх талаах хуульчилсан байна. Иймээс шүүгдэгч Ц.Х-ийн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцэх юм. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч А.А- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие мөрдөн шалгах ажиллагаа болон прокурор, шүүхийн шатанд хэргийн бодит байдлыг үнэн зөв мэдүүлсээр ирсэн ба хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би бие муутай 60 гарсан эх, 7 сартай жирэмсэн эхнэрийн хамт амьдардаг. 3 дугаар ангиасаа эхлэн спортоор хичээллэн олон улс, улс, аймгийн тэмцээнүүдэд амжилттай оролцож улс орныхоо нэрийг өргөж явсан. Цаашид ч үргэлжлүүлэн хичээллэж амжилт гаргах болно. Болчимгүй үйлдлээс болж гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Эдгээр байдлуудыг харгалзан үзэж хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.   

Шүүгдэгч А.А-ын өмгөөлөгч Б.Дамба тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч А.А- нь 18 настай байхдаа гэмт хэрэг үйлдсэн. Өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхдээ 16 настай байсан. Өөрөөр хэлбэл, насанд хүрээгүй байхдаа уг гэмт хэргийг үйлдсэн. Дараагийн үйлдлээ 18 настай байхдаа үйлдсэн. Анхнаасаа үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж, хийсэн үйлдэлдээ гэмшиж, гэм буруу дээр маргадаггүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүхийн шатанд гаргаж өгсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч А.А- хамтран оролцохдоо хохирогчийг зодоогүй, түүнд хүч хэрэглээгүй, хүч хэрэглэхээр заналхийлээгүй байдаг. Уг байдал шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон. Харин шүүгдэгч А.А- нь хохирогчийг зодож байсан шүүгдэгч Ц.Х-ийн үйлдлийг таслан зогсоож, болиулсан байдаг. Хохирогч үүнийг нотолж мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч А.А- нь спортоор хичээлэлдэг. Уг байдлаа ашиглаж хохирогчид хүч хэрэглээгүй. Шүүгдэгч А.А- нь 18 настай, насны онцлогийг нь харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан журмын дагуу хууль хэрэглэж, ялыг нь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:            

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ц.Х-, А.А- нар бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны шөнийн 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 3 дугаар байрны өмнө хохирогч Б.Тулгаагийн эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж, “Iphone 6s” маркийн гар утас, бэлэн 8000 төгрөгийг дээрэмдэн авч, 384.000 төгрөгийн хохирол учруулсан, ингэх явцдаа шүүгдэгч Ц.Х- нь хохирогч Б.Тулгаагийн нүүрэн тус газар өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.Тулгаагийн “... баарны үүдэнд хоёр үл таних залуу зогсож байсан бөгөөд нэг залуу нь миний дэргэд ирээд нааш ир гээд сугадаад 30 дугаар байрны 8 дугаар орцны үүдэнд модон сандал дээр сууж байх үед нөгөө залуу нь ирсэн. Тэгтэл намайг дагуулж явсан залуу нь намайг шууд зодож эхэлсэн. Нөгөө залуу нь халааснаас гар утас, бэлэн 8.000 төгрөгийг авчихсан” гэсэн мэдүүлэг /хх 12-16/,

иргэний нэхэмжлэгч Г.Равдандагвын “Би 2019 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Аргамаг” барьцаалан зээлдүүлэх газраас 300.000 төгрөгөөр худалдан авсан. Тэр газар миний таньдаг дүү Ганбаатар ажилладаг юм. Миний худалдан авсан гар утас мөнгөлөг өнгийн “Iphone 6s” маркийн гар утас ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан” /хх 17/,

гэрч А.Отгонмөнхийн “...намайг баарны гадна талын талбайн хогийг цэвэрлээд явж байтал Бамбар баарны зүүн талын 30 дугаар байрны тэндээс нэг эрэгтэй хүн авраач гэхээр нь би хогийн шүүрээ бариад хөөе гэж орилоод гүйгээд очтол нэг залуу ертөнцийн зүгээр зүүн тийшээ зугтаагаад явсан. Нэг залуу нь орцны үүдэнд суугаад үлдсэн байсан. Би тухайн залууг дуудаж уулзтал хамарнаас нь цус гарсан, гар нь цус болсон байсан. Тухайн залуу намайг дээрэмдчихлээ гэхээр нь би Сансарын байрны цагдааг зааж өгсөн” /хх 19/,

гэрч Н.Батбилэгийн “...тухайн барьцаанд авсан утсыг манай ажилтан Ганбаатар 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 430.000 төгрөгийн барьцаанд аваад уг утсыг барьцаанд тавьсан хүмүүс эргүүлж аваагүй тул манай газар гэрээний журмын дагуу 21 хоногийн дотор хүлээж, хэтэрсэн бол орлого болгон зарж борлуулдаг” /хх 20/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 11130 дугаартай дүгнэлтийн “Б.Тулгаагийн биед тархи доргилт, дух, зовхины цус хуралт, баруун талын ухархайн ханын хугарал, хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна” /хх 32/,

Дамно ХХК-ийн 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн БЗД2-19-008 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар Ай фоне 6 эс маркийн гар утсыг 304.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх 40/,

яллагдагч нарын үйлдсэн хэргийнхээ талаар тус тус мэдүүлсэн мэдүүлэг /хх 52-53, 54-55/ зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, тэдгээрийг үндэслэн шүүгдэгч Ц.Х-, А.А- нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, шүүгдэгч Ц.Х- нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн шүүгдэгч Ц.Х-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч А.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Ц.Х- “хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг болон ар гэрийн хүнд байдлыг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү”,

шүүгдэгч Ц.Х-ийн өмгөөлөгч Л.Батжаргал “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэлгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү”,

шүүгдэгч А.А- “болчимгүй үйлдлээс болж гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байгаа тул хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Х-, А.А- нарын гэмт хэрэгт үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор хохирол, хохирол нөхөн төлсөн байдал болон тэдний хувийн байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 2 жил хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж, тэдний энэ талаар гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Ц.Х-ийн өмгөөлөгч Л.Батжаргалын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан ял доош татах хууль зүйн үндэслэлгүй тул түүний гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн этгээдэд дээрх хуулийн зүйл, хэсэг, заалтад заасныг хэрэглэж, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар хөнгөрүүлэх боломжгүй.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтаар Ц.Х-ийн Төрийн сангийн тоот дансанд тушаасан 441.000 төгрөгийг өөрт нь олгохоор шийдвэрлэсэн нь буруу тул хохирогч Б.Т- олгохоор өөрчлөх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 414 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Х-, А.А- нарт 2 жил хорих ял ...” гэж,

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ц.Х-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногт тооцон 2 сар хорих ялыг нэмж нэгтгэн 2 жил 2 сар, шүүгдэгч А.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сар хорих ялаар тус тус тогтоосугай” гэж,

9 дэх заалтыг “Шүүгдэгч Ц.Х-ийн Төрийн сан 100900005406 тоот дансанд урьдчилан байршуулсан 441.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Т- олгосугай” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Х-ийн өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ