| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 119/2026/0029/З |
| Дугаар | 221/МА2026/0382 |
| Огноо | 2026-06-04 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2026/0382
2026 06 04 221/МА2026/0382
“Р” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүн: Шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.З
Нэхэмжлэгч: “Р” ХХК
Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо
Гуравдагч этгээд: “К” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага:
“Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн М-ДБ-112-12/876 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 0000000000000000 дугаартай тендерийн Багц 5-д “К" ХХК-ийг шалгаруулсан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаартай тэмдэглэл, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн М-ДБ-112-12/873 тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичиг, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болон “К” ХХК-ийн хооронд байгуулагдсан 226/40-Н-153 дугаартай Худалдах худалдан авах гэрээ-г тус тус хүчингүй болгуулах, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хариуцагчид даалгах”
Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 30 дугаар шийдвэр
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Г, С.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, Д.Г, М.Д нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 119/2026/0029/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Р” ХХК-иас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/876 тоот албан бичиг, 0000000000000000 дугаартай тендерийн Багц 5-д “К” ХХК-ийг шалгаруулсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаартай тэмдэглэл, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн М-ДБ-112-12/873 тоот Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичиг, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болон “К” ХХК-ийн хооронд байгуулагдсан 226/40-Н-153 дугаартай Худалдах худалдан авах гэрээ-г тус тус хүчингүй болгуулах, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.
2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 30 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар .Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 11 дүгээр зүйлийн 11.2, 12 дугаар зүйлийн 12.1, 13 дугаар зүйлийн 13.1, 15 дугаар зүйлийн 15.1, 23 дугаар зүйлийн 23.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 26.4, 26.9, 26.10, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 30 дугаар зүйлийн 30.1, 48 дугаар зүйлийн 48.2.3, 48.2.4, 48.2.6, 50 дугаар зүйлийн 50.2.2, 50.2.3 дахь заалтуудыг баримтлан “Р” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/876 тоот албан бичиг, 0000000000000000 дугаартай тендерийн Багц 5-д “К” ХХК-ийг шалгаруулсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаартай тэмдэглэл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/873 тоот албан бичиг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “К” ХХК-ийн хооронд байгуулагдсан 226/40-Н-153 дугаартай Худалдах худалдан авах гэрээг тус тус хүчингүй болгуулах, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. Юуны түрүүнд хариуцагч байгууллага болон анхан шатны шүүхээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар үйлийн 5.1 дүгээр зүйлд заасан худалдан авах ажиллагааны үндсэн зарчим болох өрсөлдөх “тэгш боломжтой” байх зарчмыг баримтлахгүй байгаад гомдолтой байна.
Маргаан бүхий тендерт хамгийн сайн үнэлэгдсэн “К” ХХК-ийн санал болгосон бүтээгдэхүүний шошго харагдахгүй байхад түүнийг огт үнэлэхгүйгээр, шаардлага хангасан гэж үзсэн атлаа “Р” ХХК-ийн ирүүлсэн бүтээгдэхүүний шошгыг үнэлж, шошгын мэдээлэл лабораторийн шинжилгээний дүгнэлтээс зөрүүтэй гэж үзэн татгалзсан байдаг.
Ингэхдээ Үнэлгээний хорооны гишүүд “К” ХХК-д илт давуу байдал бий болгож, тус компаниас ирүүлсэн тендерийн баримт бичигт цэвэр усны шошгон дээрх PH-ийн агууламж харагдахгүй байхад “санал болгож байгаа бүтээгдэхүүн нь экос цэвэр ус юм байна, улс даяар танигдчихсан, PH 8.5 өндөртэй гэдгийг бүгд мэднэ” гэж, зарим нь бүр гартаа тус усыг бариад “миний ууж байгаа ус” гэх мэтчилэн хандаж байгаа нь маргаан бүхий Үнэлгээний хорооны тэмдэглэлд тусгагдсан байна.
Дээрх байдлаар тендерийн Үнэлгээний хороо нь оролцогч нараас ирүүлсэн тендерийн баримт бичгийг үнэлэхгүйгээр, хувийн үзэмжээр хандсан нь өрсөлдөх тэгш боломжтой байх зарчмыг зөрчихөөс гадна хамгийн бага үнийн санал ирүүлсэн манай компаниас татгалзсанаар үр ашигтай, хэмнэлттэй байх зарчмыг мөн зөрчсөн.
Анхан шатны шүүх дээрх хариуцагчийн шударга бус, хууль зөрчсөн үйлдэлд огт дүгнэлт өгөөгүй атлаа гагцхүү нэхэмжлэгчийг буруутгасан, хариуцагчийг өмгөөлсөн агуулгатай дүгнэлтүүдийг хийсэн байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс харвал дараах үндсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бололтой. Үүнд, “Р” ХХК-ийн санал болгож буй PH-ийн шошгын мэдээлэл, шинжилгээний дүгнэлтээс зөрүүтэй, “Р” ХХК нь техникийн тодорхойлолтод “PH 8.0-аас багагүй” гэснийг хуулж бичсэн, шинжилгээний дүгнэлтэд PH 8.3 гэж заасан бол түүнийг бичих байсан, Техникийн тодорхойлолтоос зөрүүтэй бол энэ талаар тайлбарласан тайлбарыг ирүүлээгүй. Дээрх байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй болох нь дараах байдлаар тогтоогдоно. Үүнд
3.2. Тендерийн баримт бичигт заасан техникийн шаардлагыг хангасан нотлох баримтыг “Р” ХХК өгсөн талаар,
Тендер шалгаруулалтын баримт бичгийн 3 дугаар бүлэг, техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага хэсгийн Энгийн цэвэршүүлсэн ус бүлэгт “PH 8-аас багагүй гээд нэмэлт шаардлага хэсэгт: Гэрээний хэрэгжилтийн хугацаанд сард 1 удаа итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхийг шаардана. Шинжилгээний төлбөрийг нийлүүлэгч хариуцна” гэжээ.
Өөрөөр хэлбэл, нийлүүлэх цэвэр усны PН 8-аас багагүй гээд PН-ийн хэмжээг сар бүрийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тодорхойлох талаар тусгасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар техникийн тодорхойлолтод нийцэх эсэхийг бие даасан хөндлөнгийн лабораторийн дүгнэлтийг үндэслэх талаарх хуулийн заалттай нийцэж байна. Бусад байдлаар PН-ийн хэмжээг хэрхэн яаж тодорхойлох талаар шаардлага тавигдаагүй байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Захиалагч оролцогчоос бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолтод нийцэх, эсхүл гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах эсэхийг тогтоох шалгалт, туршилтыг эрх бүхий бие даасан этгээдээр хийлгэсэн нотлох баримт, эсхүл холбогдох мэдээлэл ирүүлэхийг шаардаж болно” гэжээ. Өөрөөр хэлбэл техникийн тодорхойлолтод нийцсэн эсэхийг “эрх бүхий бие даасан этгээдийн дүгнэлт” эсхүл “бусад холбогдох мэдээлэл” гэсэн хоёр төрлөөр тодорхойлдог байна.
Манай тохиолдолд усны шүлтлэгийн хэмжээг тогтоох үндсэн баримт бичиг нь лабораторийн дүгнэлт юм. Хүнсний бүтээгдэхүүний агууламжийг лабораторийн дүгнэлтээс өөр байдлаар тодорхойлох боломжгүй юм.
Тийм учраас манай компанийг шалгаруулахаас татгалзсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 87 дугаартай мэдэгдлийн эхний баганад “... ирүүлсэн нотлох баримт нь хуулийн 13.1 -д заасан баримт бичгээр эсхүл бусад хэлбэрээр нотолсон баримт техникийн шаардлага хангасан гэж үзнэ” гэж, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.16-д “... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 13.1-д .... гэж заасан шаардлагыг хангаснаар нийцсэн гэж үзнэ” гэж дүгнэжээ.
Дээрх шаардлагын дагуу “Р” ХХК нь Орхон аймаг дахь Стандарт, хэмжилзүйн хэлтсийн итгэмжлэгдсэн сорилтын лабораториор шинжилгээг хийлгэж, тус лабораторийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн PH-ийн хэмжээ 8.3 гэсэн шинжилгээний дүгнэлтийг хавсаргасан нь тендерийн баримт бичигт авагдсан байдаг.
Усны шошгын мэдээлэл нь техникийн тодорхойлолтод нийцсэн эсэхийг тогтоох хуульд заасан баримт бичигт биш юм. Тендерийн баримт бичигт ч ийм шаардлага тавигдаагүй.
Гэтэл тендерийн баримт бичигт заагаагүй шалгуур буюу усны шошгын мэдээллээр манай компанийг шалгаруулахаас татгалзсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хуулийн 26.6-д “Оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заагаагүй баримт бичгийг ирүүлсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй” гэж заасныг зөрчсөн. Нөгөө талаас шошго нь тендерийн баримт бичгийн нэг хэсэг, техникийн тодорхойлолтыг нотлох баримт гэж үзвэл хамгийн сайн гэж үнэлэгдсэн “К” ХХК-ийн шошгон дээрх PH-ийн хэмжээ харагдахгүй байгаа юм. Түүнчлэн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авна” гэж заасан бөгөөд “К” ХХК-ийн шошгын мэдээлэл харагдахгүй, “Р” ХХК-ийн шошгын мэдээлэл зөрүүтэй, мэдээлэл тодорхойгүй гэж үзсэн бол тодруулга авах боломж байсан.
3.3. “Р” ХХК нь техникийн тодорхойлолтыг хуулаагүй талаар,
Мөн “Р” ХХК нь техникийн тодорхойлолтод “PH 8.0-аас багагүй” гэдгийг хуулж бичээгүй, “PH хэмжээ 8.0-аас багагүй байна” гээд сүүлийн нэг сард хийгдсэн 8.0-аас багагүй гэдгээ нотолсон шинжилгээний дүгнэлтийг хавсаргасан байна. Цэвэр усны PH буюу шүлтлэгийн хэмжээ өөрчлөгдөж байдаг бөгөөд PH 8.0-аас багагүй байх шаардлагыг техникийн тодорхойлолтод тавьсан. Тийм ч учраас нэмэлт шаардлага дээр сард нэг удаа итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэхийг шаарджээ.
Нөгөө талаас хамгийн сайн тендер ирүүлсэн гэх “К” ХХК-ийн хувьд ч техникийн тодорхойлолтод PH 8.5 гэж бичсэн боловч тендерийн баримт бичигт түүнийг нотлохоор ирүүлсэн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Нийслэлийн лабораторийн шинжилгээний дүнд PH 8.1, PH 5.83 гэх зэргээр зөрүүтэй байна. Мөн тендерийн баримт бичигт ирүүлсэн шинжилгээний дүгнэлт нь тендерийг нээхээс даруй 7 сарын өмнө хийгдсэн болохыг давж заалдах шатны шүүх анхаарч үзэхийг хүсье.
3.4. Техникийн тодорхойлолттой холбоотой тайлбарыг ирүүлсэн талаар,
“Р” ХХК-ийн тендерийн баримт бичгийн Агуулга хэсгийн ТШЗ 10.1-ийн арын баганад “Тендер шалгаруулалтын баримт бичгийн талаар тодруулга авсны үндсэн дээр цаг алдалгүй 2025 онд бүрэн сольсон тоног төхөөрөмжийнхөө урвуу эргэх осмос технологи дээр тохируулга хийж реминарализ хийснээр цэвэршүүлсэн усны Т08 болон PH-ийг дахин тохируулав” гэсэн техникийн тодорхойлолттой холбоотой тайлбарыг хийсэн байна.
Цэвэр усны PH буюу шүлтлэгийн хэмжээг автоматаар тохируулж, нэмэгдүүлэхдээ усны шүүлтүүрийг өөрчлөх, дараагаар нь хужир хийх аргыг ашигладаг. “Р” ХХК-ийн үйлдвэрлэдэг цэвэр ус нь байгалаасаа PH 7.5-аас дээш буюу шүлтлэг ихтэй ус байдаг бөгөөд “Р” ХХК нь 2025 оны 11 дүгээр сард өөрийн үйлдвэрийн ус цэвэршүүлэх төхөөрөмжийн шүүлтүүрийг бүрэн сольж, нэмэлтээр кальцит төхөөрөмж суулгасан байна. Тийм ч учраас Орхон аймаг дахь Стандарт, хэмжилзүйн хэлтсийн итгэмжлэгдсэн сорилтын лабораторийн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шинжилгээний дүгнэлтээр “Р” ХХК-ийн үйлвэрлэдэг цэвэр усны PH-ийн хэмжээ 8.3 гэж гарчээ.
Дээрх байдлаар хариуцагчийн өрсөлдөхөд тэгш бус, хууль зөрчсөн, үндэслэлгүй шийдвэрийн улмаас тухайн орон нутагтаа 20 гаруй хүний ажлын байрыг бий болгодог “Р” ХХК-ийн цаашдын үйл ажиллагаанд хүндрэл үүссэнийг шүүхээс анхаарахыг хүсье.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нь 0000000000000000 дугаартай “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилчдын цэвэр ус нийлүүлэх” Багц 5 Энгийн цэвэршүүлсэн ус сонгон шалгаруулалтад нийт 6 компани оролцож, тендерийн материал ирүүлсэн бөгөөд “Р” ХХК болон “К” ХХК-ийн тендерийг тус тус шаардлагад нийцсэн тендер гэж хянан үзэж, хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Р” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн хамгийн сайн гэж үнэлэн захиалагчийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн М-ДБ-112-12/491 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг “Р” ХХК-д хүргүүлсэн.
3. Тус тендерт оролцогч “К” ХХК нь тендерээс татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан байх бөгөөд Сангийн яамнаас уг гомдлыг хянаад 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/1039 дүгээр албан бичгээр “...”Р” ХХК-ийн техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтэд санал болгож буй цэвэр усны шүлтлэгийн хэмжээ PH 8.0 багагүй гэж ирүүлсэн байх боловч уг техникийн тодорхойлолтын шаардлагыг хангаж буйг нотлох баримт болох усны бодит зургийн шошиг дээрх эрдсийн агууламж PH>7.5 болон PH>7.0 гэж заасан нь техникийн тодорхойлолтод заасан PH 8.0-д хүрэх эсэх мэдээлэл тодорхойгүй байх тул дээрх шаардлагыг хангасан гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна” гээд Багц 5-д холбогдуулан гаргасан 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Р” ХХК-д хүргүүлсэн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/492 дугаар мэдэгдлийг хүчингүй болгосон байна.
4. Сангийн яамны дээрх шийдвэрийн дагуу Үнэлгээний хороо 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дахин хуралдаж, “Р” ХХК-ийн тендерийн дээрх үндэслэлийг дахин хянан үзсэн байх бөгөөд 5 дугаартай тэмдэглэлээр тендерийн Багц 5 Энгийн цэвэршүүлсэн ус багцад “Р” ХХК-ийн тендер техник тодорхойлолтын шаардлага хангаагүй гэж хянан үзэж, өмнө шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн дараагийн компани болох “К” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн хамгийн сайн гэж үнэлэн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/873 дугаар мэдэгдлийг “К” ХХК-д хүргүүлсэн.
5. “Р” ХХК нь захиалагчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдлоо гаргасан боловч Сангийн яамны 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 03/1547 дугаартай албан бичгээр гомдлыг буцаасан.
6. Нэхэмжлэгч “Р” ХХК-ийн хувьд анх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” М-ДБ-112-12/876 дугаар албан бичиг, 0000000000000000 дугаартай тендерийн Багц 5-д “К” ХХК-ийг шалгаруулсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг тус тус хүчингүй болгуулж, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” М-ДБ-112-12/873 тоот албан бичиг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “К” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Худалдах худалдан авах” 226/40-Н-153 дугаар гэрээг тус тус хүчингүй болгуулахаар нэмэгдүүлж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Хүнсний бүтээгдэхүүний агууламжийг түүний бодит зургаар бус харин итгэмжлэгдсэн төрийн, орон нутгийн болон хувийн өмчит лаборатори тогтоодог. ”Р” ХХК-ийн оролцсон 0000000000000000 дугаартай тендерийн техникийн тодорхойлолтод заасан шүлтлэгийн хэмжээнд “Р” ХХК-ийн ус чанар хүрч буй эсэхийг тогтоох үндсэн цорын ганц баримт нь итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлт юм... Манай компанийн усны хувьд өмнө дурдсанчлан Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн итгэмжлэгдсэн сорилтын лабораторийн 2025 оны 12 сарын 5-ны өдрийн шинжилгээний дүнгээр усны шүлтлэгийн хэмжээг 8.3PH гэж тодорхойлогдсон ... техникийн нөхцөлийг хангаж буй эсэхийг лабораторийн дүгнэлтээр тогтоох ба усны шошгоор тогтоохгүй. Иймээс техникийн тодорхойлолтод заасан цэвэр усны шүлтлэгийн хэмжээ PH 8.0-д хүрэх эсэх талаар мэдээлэл тодорхойгүй гэх шалтгаанаар манай компанийг шалгаруулалахаас татгалзсан нь үндэслэлгүй юм” гэж тайлбарлан маргасан байна.
7. Анхан шатны шүүхээс “... “Р” ХХК нь санал болгож буй усны техникийн тодорхойлолтдоо PH 8.0-аас багагүй гэж бичээд Орхон аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн итгэмжлэгдсэн сорилтын лабораторийн шинжилгээний PH-8.3 гэсэн дүгнэлт, тухайн нийлүүлэх цэвэр усны бодит зургийг нотлох баримтаар ирүүлсэн байх бөгөөд уг усны бодит зургийн шошгын мэдээлэлд PH>7.5 болон PH>7.0 гэж тус тус заасан нь дээрх нотлох баримтын мэдээллүүд зөрүүтэй ... Тендерт оролцогч “Р” ХХК нь техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтэд PH 8.0 багагүй гэж бичсэн нь өөрийн санал болгож буй усны мэдээллийг биш техникийн тодорхойлолтын мэдээллийг бичсэн нь тендер шалгаруулалтын баримт бичгийн Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагад ...Захиалагчийн техникийн тодорхойлолтыг хуулахгүй байх..., Зөвхөн санал болгож буй барааны техникийн тодорхойлолтыг бичнэ гэснийг зөрчсөн ... Иймд “Р” ХХК-ийн санал болгосон бараа буюу цэвэр ус нь Орхон аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн итгэмжлэгдсэн сорилтын лабораторийн шинжилгээний дүн PH-8.3 гэсэн боловч тухайн нийлүүлэх цэвэр усны бодит зураг шошгын мэдээлэлд PH>7.5 болон PH>7.0 гэж заасан нь тендерт оролцогч санал болгож буй барааны мэдээллийг зөрүүтэй ирүүлсэн гэж хянан үзсэн Үнэлгээний хорооны шийдвэрийг буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т нийцжээ.
7.1. Хэдийгээр нэхэмжлэгчээс “... манай компанийн санал болгосон усны шошгон дээр PH>7.5 болон PH>7.0 гэж заасныг үндэслээд техникийн тодорхойлолтын шаардлагыг хангаагүй гэж үзэж татгалзаж байгаа бол “К” ХХК-ийн санал болгосон усны шошгон дээр энэ талаарх мэдээлэл байгаагүй, цахим сайтаар нь орж мэдээлэл харсан нь тэгш байх зарчимд нийцэхгүй” гэж тайлбарлаж байх боловч нэгэнт нэхэмжлэгчээс ирүүлсэн тендерийн баримтад PH 8.0, Орхон аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн итгэмжлэгдсэн сорилтын лабораторийн шинжилгээний дүнд PH 8.3, шошгон дээр PH>7.5 болон PH>7.0 гэж зөрүүтэй байх энэ тохиолдолд “Р” ХХК-ийн тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзаж шийдвэрлэхдээ өрсөлдөх тэгш боломжоор хангаагүй гэж үзэхээргүй байна.
7.2. Өөрөөр хэлбэл, ТШЗ-ны 17.5-д “Нотлох баримт нь нийтлэл, зураг, үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудас хэлбэрээр байж болно. Санал болгох бараа нь техникийн тодорхойлолтод нийцсэнийг харуулах зорилгоор тэдгээрийн техникийн болон бодит үзүүлэлтийг техникийн тодорхойлолттой нийцсэн болохыг хянан үзэх боломжтой баримт, хэрэв санал болгох бараа нь техникийн тодорхойлолтын аль нэг зүйлээс зөрүүтэй, орхигдуулсан бол энэ тухай тайлбарласан тайлбарыг ирүүлсэн байна” гэж заасны дагуу “К” ХХК-ийн тендерийн баримт бичигт санал болгосон усны PH түвшинг 8.7 гэж тодорхойлсон лабораторийн дүгнэлт авагдсан байх төдийгүй тус компанийн цахим веб сайтад санал болгосон усны PH-8.3 гэж тусгагдсан байх энэ тохиолдолд хариуцагч тендерийн Үнэлгээний хорооноос “К” ХХК-ийн цахим сайтаар орж усны шүлтлэгийн талаар мэдээлэл авсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасны дагуу өрсөлдөх тэгш боломжоор хангаагүй гэж үзэхгүй.
7.3. Тодруулбал, нь тендерт оролцогч хуулийн этгээдийн хувьд захиалагчаас баталсан тендер шалгаруулалтын баримт бичигт заасан баримтуудыг ямар нэгэн эргэлзээгүй, үнэн зөв бүрдүүлэн ирүүлэх үүрэгтэй бөгөөд баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг өөрөө хариуцдаг. Харин захиалагчийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцүүлэх зорилгоор нэмэлт баримт бичиг шаардахгүй гэж хуульд заасан бөгөөд тендерт оролцогчоос ирүүлсэн материалын үнэн зөвийг нотлох үүргийг хариуцагч Үнэлгээний хороо хүлээхгүй. Нөгөөтээгүүр хариуцагчаас Сангийн яамны албан бичгээр өгсөн үүрэг чиглэлийн дагуу маргаантай асуудал дээр нэхэмжлэгч компаниас ирүүлсэн тендерийн баримт бичгийн хүрээнд тухайлан хяналт хэрэгжүүлж, шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн нэхэмжлэгч компанийн тендерээс татгалзсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах” гэж заасантай нийцжээ.
7.4. “Р” ХХК-ийн техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтэд санал болгож буй цэвэр усны шүлтлэгийн хэмжээг PH-8.0 багагүй гэж ирүүлсэн байх боловч уг техникийн тодорхойлолтын шаардлагыг хангаж буйг нотлох баримт болох усны бодит зургийн шошго дээрх эрдсийн агууламж PH>7.5 болон PH>7.0 гэж заасан нь техникийн тодорхойлолтод заасан PH-8.0-д хүрэх эсэх талаар мэдээлэл зөрүүтэй буюу тендерийн өгөдллийн баримтад өгсөн PH-8.0 байна гэдэгтэй нийцээгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 30 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ