| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2014/0181/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0169 |
| Огноо | 2014-08-07 |
| Зүйл хэсэг | 094.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0181/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
Хохирогч *** ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000385 дугаартай хэргийг 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** -ны өдөр төрсөн, *** настай, *** бүрэн бус дунд боловсролтой*** тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,
Шүүгдэгч *** нь *** аймгийн *** тоотод өөрийн гэртээ 2014 оны 5 дугаар сарын 11-ний өглөөний 04 цагийн орчим өөрийн төрсөн хүү 1 сартай нярай *** ыг хөхүүлж байх үедээ хөхөөрөөө дарж болгоомжгүйгээр алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч *** гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 05 дугаар сарын 10-ны өдөр манай найз *** амралтаа авсан, намайг хүүтэй болсон гээд манайд ирсэн. Манайх шалан доороос ус гарч ирдэг болохоор бид хэд манай гэрт сууж байгаад ийм чийгтэй газарт нярай хүүхэд байлгаад, бүгдээрээ хүүхдийг чинь аваад салхинд гаръя гэсэн. Тэгээд нөхрийгөө дуудаад нөхөр нь ажлаасаа буугаад ирсэн*** , манай нөхөр, *** , охин, хүүтэйгээ хамт голын эрэг дээр очсон*** манай нөхөр хоёр архи ууж, *** бид хоёр 4-5 лааз пиво ууж сууж байгаад гэрлүүгээ явсан. Гэртээ ирээд хоолоо хийж идчихээд амарсан. Шөнө нэг удаа хүүгээ хуурайлчихаад, үүрээр уйлахаар нь хөхүүлээд сууж байгаад, өөрийн эрхгүй нойр хүрээд байхаар нь хэвтээд хөхүүлье гээд хэвтсэн. Тэр хооронд 30-40 минут унтчихсан
D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Enkhtuwshin 94.1.docx
байсан. *** сэрээд намайг түлхээд хүүхдээ хөхөөрөө дарчихсан байна гээд намайг татаж босгоод охиноо хөнжилдөө боогоод гадаа гаргаж унтуулчихаад намайг гар гэж хэлсэн. Тэгээд өөрөө түргэн дуудсан.” гэх мэдүүлэг,
-Хохирогч *** ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 11 цагийн үед манай эхнэрийн найз *** манайд хүүтэй болсонд баяр хүргье, би амралтаа авсан гээд ирсэн. Манайд сууж байгаад манай гэр чийгтэй, шалан доороос ус гардаг болохоор гол гаръя гээд *** нөхрийгөө дуудаад бид хэд гол гарсан. Замаасаа 1 шил 0.5 граммын шилтэй Улаанбаатар архи, 4 лааз пиво авсан. Гол дээр очоод *** , манай эхнэр хоёр пиво ууж, *** бид хоёр 0.5 граммын шилтэй архиа хувааж уусан. Орой 7-8 цагийн үед гэртээ ирээд хоолоо идчихээд амарсан. Үүрээр 4 цагийн үед босоод бие зассаны дараа, *** дээрээ суучихсан хүүгээ хөхүүлж байсан. Манай том охин үүрээр сэрдэг юм. Охиныгоо сэрэхээр нь босоод харахад *** хүүхдээ дараад хэвтчихсэн байсан. Тэгээд цааш нь түлхээд чи чинь яаж байгаа юм бэ? хүүхдээ хөхөөрөө дарчихсан байна гэж хэлээд, охиноо хөнжилдөө боогоод гадаа гаргаж унтуулчихаад, *** г хөөж гаргаад хүүгээ харсан чинь өнгөрчихсөн байсан. Одоо надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг,
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 4-5 дахь тал/
- Мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хэргийн 8-9 дэх тал/
- Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Тэр өдөр би ажлаасаа ээлжийн амралтаа авсан бөгөөд над руу *** яриад гэрт хүрээд ир гэхээр нь очсон бөгөөд нөхөр нь болох Д*** ын 2 хүүхэдтэйгээ байсан. Би амралтаа авсан талаараа хэлж *** бас хүүхэдтэй болсон талаар нь баяр хүргэж нэг сайхан тэмдэглье, салхинд гарч сууцгаая гээд би нөхрөө дуудаж *** нөхөртэйгээ бас 2 хүүхдээ аваад би нөхөртэйгээ хамт Хараа голын эрэг дээр 1 шил 0.5 граммын “Улаанбаатар” архи, 4 лаазтай пиво, том савтай “боргио” пиво хувааж ууцгаасан бөгөөд би архинаас нь уусан. Энхтүвшин уугаагүй байх. Тэгээд гол дээр харуй бүрий болгоод *** нөхөр хүүхэдтэй нь вокзалын цаад талд буулгаж өгөөд нөхөр бид 2 яваад өгсөн. *** надад манай хүүхэд дутуу төрсөн гэж хэлж байсан, өөр архаг хууч өвчин гэж хэлээгүй. Дархаа хүүхдээ алдчихлаа гээд уйлаад орж ирэхээр нь яасан юу болов гэхэд мэдэхгүй нас бараад сая моорогт хийгээд явж байна гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 15 дахь тал/
- Гэрч *** ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр намайг ажил дээрээсээ гарахад эхнэр *** д хүрээд ир, шинэ төрсөн хүүхдийг нь угаая гэхээр нь би таксигаар хүргүүлсэн бөгөөд *** ын гэр нь нил шавар, намайг дунд байхаар нь агаарт гарч салхинд сууя гээд Хараа гол руу 14 цагийн үед очсон бөгөөд голын эрэг дээр 1 шил архи, 4 ширхэг пиво уусан юм. Би бол нэг их согтоогүй, халамцуу л байсан. *** тийм айхтар согтоогүй харагдсан. Маргааш өглөө нь *** хүүхдээ алдчихлаа, моорогт хийчихээд ирж байна гээд уйлаад орж ирэхээр нь би гэрт нь яваад очиход *** надад *** унтаж байхдаа хүүхдээ хөхөөрөө дараад алчихлаа гэж хэлж байсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 16 дахь тал/
- Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “*** миний хариуцсан багийн өрхөд амьдардаг. Дуудсан цагт ирж үзүүлж оношлуулаад явдаг байсан юм. Амьдардаг орчин нь хэцүү, бас өөрөө даралт нь ихэсдэг байсан. Хүүхэд нь дутуу гарсан ч бойжилт сайтай эрүүл хүүхэд байсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 18 дахь тал/
“Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр гэмтэл тогтоогдсонгүй, Талийгаач нь бөөрний тэвшинцэрийн үрэвсэлтэй байсан нь үхэлд нөлөөлөөгүй болно. Талийгаач нь ам хамар дарагдсаны улмаас амьсгал бүтэлтэнд орж нас баржээ.” гэх шинжээчийн 42 дугаартай дүгнэлт, /хэргийн 21-22 дахь тал/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 36 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь 2014 оны 5 дугаар сарын 11-ний өглөөний 04 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг Чулуут 1-22 тоотод өөрийн гэртээ төрсөн хүү 1 сартай нярай *** овогтой *** ыг хөхүүлж байх үедээ хөхөөрөөө дарж болгоомжгүйгээр алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул шүүгдэгч *** д холбогдох хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Шүүгдэгч *** ийн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолсон нотлох баримтууд хуульд заасан арга хэлбэрээр авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *** г бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Хохирогч *** нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *** д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг дурьдаад
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** г өөрийн төрсөн хүү болох 1 сар 3 хоногтой Д.Хатанболдыг хөхөөрөө дарж болгоомжгүйгээр алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар шүүгдэгч *** д 2 жил /хоёр жил/ хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *** д оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар *** д оногдуулсан 2 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн *** д хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг *** д мэдэгдсүгэй
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *** д батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ