Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 00497

 

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 153/ШШ2020/00497

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн ..... тоотод оршин суух, Тооройгийнхон овогт Сгийн Б //-ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 153/2020/00537/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч С.Б нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б миний бие нь 1960 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн нутагт малчин ард Сгийн хоёрдох хүү болж төрсөн. Улмаар Ховд аймгийн Зэрэг сумын найман жилийн сургуулийн наймдугаар ангийг төгсөөд, 1981-1984 оны хооронд Улаанбаатар хотын Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Багшийн сургуулийн бага ангийн багшийн мэргэжлээр суралцаж, төгсөөд 1984 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын тушаалаар Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуулийн бага ангийн багшаар томилогдон ажиллаж байгаад, 1984 оны 12 дугаар сард бага ангийн хичээлийн эрхлэгчээр томилогдсон. Хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1986 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн Манхан сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн. Тус газартаа 1992 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад мөн өдрөөс эхлэн Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багийн засаг даргаар 2000 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ажилласан.

Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч тухайн үед ажиллаж байсан талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

Иймд С.Б намайг 1984 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуулийн бага ангийн багшаар, 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуулийн бага ангийн хичээлийн эрхлэгчээр, 1986 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн даргаар, 1992 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багийн засаг даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Бийн 1984 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуулийн бага ангийн багшаар, 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуулийн бага ангийн хичээлийн эрхлэгчээр, 1986 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн даргаар, 1992 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багийн засаг даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1.Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1349 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1984 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 9 дугаартай тушаал, Манхан сумын 10 жилийн дунд сургуулийн 1984 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 37 дугаартай захирлын тушаал, Манхан сумын Намын хорооны тайлангийн хурлыг удирдах дараалал 1986 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэх тэмдэглэл, Ховд аймаг Манхан сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаартай тогтоол, Ховд аймаг Манхан сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 31 дугаартай захирамж, Ховд аймгийн Манхан сумын төвд баригдах 9 машины грашийн барилгын байршил шийдсэн 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн протокол, Ховд аймгийн Манхан сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дугаартай захирамж, Монгол улсын Ховд аймгийн Засаг даргын 2000 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 259 дугаартай захирамж, Ховд аймгийн Засаг даргын 2000 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 60 дугаартай захирамжуудын архивын хуулбар үнэн дарсан хуулбар /хх-ийн 5-14 дүгээр тал/

2.Ховд аймгийн Манхан сумын бүрэн дунд сургуульд багш, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан С овогтой Бийн 1984-1985 оны цалингийн тодорхойлолт /хх-ийн 18 дугаар тал/

3.Ховд аймгийн Манхан сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С овогтой Бийн 1987-1992 оны хоорондох цалингийн тодорхойлолт /хх-ийн 19 дүгээр тал/

4.Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 5 дугаар сарын 28-ний өдрийн 303 дугаартай албан бичиг /хх-ийн 20 дугаар тал/

5.Сургууль төгссөн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 21-22 дугаар тал/

6.1989 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр олгосон баярын бичиг, 1995 оны 10 дугаар сарын 18-ны өдөр олгосон баярын бичиг, 1989 оны 02 дугаар сарын 25-ны өдөр олгосон баярын бичиг, 1995 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр олгосон баярын бичиг, 1995 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр олгосон баярын бичиг, 1997 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр олгосон баярын бичиг, 1994 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр олгосон баярын бичиг, 1985 оны 3 дугаар сарын 19-ний өдөр олгосон баярын бичиг, 1985 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр олгосон гэрчилгээ, 1995 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр олгосон диплом, 1987 оны 5 дугаар сарын 30-ны өдөр олгосон талархал /хх-ийн 23-35 дугаар тал/

7. Гэрч Р.Бийн... Би 1980 оны 6 сараас Ховд аймгийн Манхан сумын сумын орлогч даргаар 1992 он хүртэл ажилласан. Түүнээс хойш 2010 он хүртэл сумын Засаг дарга, Иргэдийн хурлын дарга зэрэг ажлыг хийж байгаад тэтгэвэртээ гарсан. С.Б нь Ховд аймгийн Манхан сумын сургуульд багшаар ажиллаж байсан. 1992 оноос хойш сумын Иргэдийн хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Ховд аймгийн Зэрэг сум руу шилжээд явсан. Хэдэн онд ажиллаж байсныг нь санахгүй байна. Бага ангийн багшаар ажиллаж байсан. Манхан суманд ажиллаж байхдаа эчнээгээр боловсролын их сургуулийг төгссөн юм. С.Б нь нэгдэл тарсны дараа Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багийн даргаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр тал/

8.Гэрч Д.Олдохын...Би 1984-1987 он хүртэл Ховд аймгийн Манхан сумын холбооны салбарын эрхлэгчээр ажиллаж байсан. 1987-1991 онуудад АИХ-ын дэргэдэх улс төрийн дээд сургуульд сурсан. 1991 оны 6 сарын 13-нд төгсөж ирээд мөн оны 9 сарын 3-нд С.Бөөс Ховд аймгийн Манхан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын ажлыг хүлээж аваад 1999 он хүртэл ажилласан. С.Б нь 1984 онд Улаанбаатар хотын багш нарын бэлтгэх сургуулийн бага ангийн багшийн ангийг төгсөж ирээд Ховд аймгийн Манхан сумын сургуульд 1990 он хүртэл бага ангийн багшаар ажилласан. 1990 оноос Манхан сумын АДХГЗ-ны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 1991 онд нэршил өөрчлөгдөж сумын ИТХ гэж нэрлэсэн ба С.Б нь тэнд нарийн бичгийн даргаар 1991 оны 9 сарын 3-ны өдрийг хүртэл ажилласан. Дараа нь Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багийн даргаар 8 жил ажилласан. С. Б нь оюутан байхдаа цэргийн албанд татагдаад цэргийн албаа хаасан. Тэгээд сургуульдаа сураад багш мэргэжлээр 1984 оны хавар төгсөж ирж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар тал зэрэг баримтуудаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тооройгийнхон овогт Сгийн Б //-ийг 1984 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуулийн бага ангийн багшаар, 1984 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын 10 жилийн дунд сургуулийн бага ангийн хичээлийн эрхлэгчээр, 1986 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн даргаар, 1992 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багийн засаг даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Х.ОТГОНЖАРГАЛ