Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/­­­32

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

2023 он        02 сарын28 өдөр                                  2023/ШЦТ/­­­­32                                               

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.З,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.О /цахимаар/,

Шүүгдэгч, хохирогч: Г.А,

Шүүгдэгч, хохирогч: Б.А,

Шүүгдэгч, хохирогч Б.А өмгөөлөгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Б-н А, Х овогт Г-н А нарт холбогдох **************** дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Э энерги сервис ХХК-нд цахилгаанчин ажилтай, ам бүл 4 аав, ээж 1 хүүхдийн хамт С дүүргийн 10 дугаар хороо З 15-2 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овгийн Г-ын А /РД:**********/.

Монгол Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Х аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “С” ХХК-д сангийн слесарь ажилтай, ам бүл 6 эхнэр 4 хүүхдийн хамт Б дүүргийн 3 дугаар хороо **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ө овгийн Б-н А /**********/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.А нь 2021 оны 12 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Самсунг” кемпт Б.Амарсанаагийн хамар хэсэг рүү гараараа цохиж хамар ясны хугарал, таславчийн хугарал, мурийлт хамарт цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтлийг учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.А нь 2021 оны 12 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Самсунг” кемпт байхдаа Г.Алтанхуягийн эрүүл мэндэд бамбай, мөгөөрс орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн талын 7, 8 дугаар хавирганы далд хугарал, бүсэлхий L1 нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн далд зөрүүтэй хугарал бүхий гэмтлийг учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Алтанхуяг нь мэдүүлэхдээ: 2021 оны 12 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Б.Амарсанаатай маргалдаж хамар хэсэг рүү нь цохиж гэмтэл учруулсан. Б.Амарсанаагийн маргаад байгаа зүйл нь би чамайг цохиогүй байхад чамд яагаад гэмтэл учруулдаг юм бэ гэдэг дээр маргаад байна. Би өөрөө юм очоод мөргөөд гэмтээгүй учраас Б.Амарсанаа энэ дээр маргаад байх асуудал байхгүй. Яагаад маргаад байгааг нь ойлгохгүй л байна.” гэв.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Амарсанаа нь мэдүүлэхдээ: “2021 оны 12 дугаар сарын 15-16-ыг шилжих шөнө Эко энерги сервисийн шинэ жил болоод Эко энерги сервисын ажилчид архи уугаад би унтаж амраач гэж хэлэхэд Г.Алтанхуяг буугаад ир гэхэд би хажууд нь очиж суухад үгийн зөрөөгүй миний хамар руу цохиод би хойшоо ор луу савж унасан. Савж унахад Од, Бааска гээд хоёр залуутай гурвуулаа ирээд нийлээд намайг зодсон. Тэгэхээр би хойшоо савч унаад зодуулж байхдаа Г.Алтанхуягт тэр гэмтлийг учруулах ямар ч боломж байхгүй. Г.Алтанхуяг өөрөө 12 дугаар сарын 16-нд ростер буугаад автобусаар хот руу явж байгаа юм. Тэгээд 12 дугаар сарын 17-ны өдөр хотод Эко энерги сервисийн шинэ жил болж байсан. Тэгэхэд Г.Алтанхуяг зүв зүгээр явж байсан. Тэгээд буцаад 12 дугаар сарын 23, 24-өөр буцаад Самсунг кемп дээр ирээд ажлаа хийгээд явж байсан. Тэгээд Баян-Овоо суманд хүнтэй зодолдоод архи уугаад явж байсан гэдэг шалтгаанаар Самсунг кемп дээр Баян-Овоо сумын цагдаа ирээд Г.Алтанхуягийг хайж байна гэж хэлснийг нь Эко энерги сервисийн хоёр ажилтан, манайд ажилладаг байсан гурван ажилтан хэлж байсан. Тэр зодолдсоноос үүдээд хавирга хугалсан гэж бодож байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Алтанхуяг нь мэдүүлэхдээ: “Б.Амарсанаагаас хохирол гэхээр хавирга маань нэгэнт эдгэсэн. Хоолойны мөгөөрс гэдэг маань монголд эмчлэгдэх боломжгүй гэж эмч маань хэлээд байгаа юм. Тэрийг Солонгос, Турк явж эмчлүүлэх бодолтой байгаа. Яагаад хохирол төлбөр нэхэмжлэхгүй байгаа вэ гэхээр би энэ хоолойны мөгөөрсөө эмчлэхээр гадаад руу явах мөнгө төгрөг хэцүү байгаа учраас энийг сүүлд нь нэхэмжлээд өөрт учирсан хохирлоо авах бодолтой байгаа.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Амарсанаа нь мэдүүлэхдээ: “Өөрт учирсан хохирол эмчилгээний зардал авах бодолтой байна. Шинэхүү гээд мэдүүлэг өгсөн хүн сүүлд мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгөөд. Чи яагаад худлаа мэдүүлэг өгсөн бэ гэхэд Г.Алтанхуяг бид хоёр нэг дор хамт ажилладаг юм чинь гэж хариулсан.” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Алтанхуягийн “... тухайн үед зодоон болохоос өмнө бид 2-т ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй харин дууссаны дараа Амарсанаагийн хамар нь хавдаж цус гарч улайсан байсан. Миний цээж хөндүүрлэж, хоолой сөөнгөтөж ярихад хүндрэлтэй байсан. Хүзүү хэсэг улайсан байсан. Тухайн үед Амарсанаатай ноцолдож зууралдаж байгаад орноос газарт хамт унасан. Тэгэхэд Амарсанаа миний дээр гараад хоолой 2 гараараа боож хэвлий хавирга хэсэгт орноос унахдаа өвдгөөрөө дарж унасан. Дээрх гэмтлүүдийг Амарсанаа надад учруулсан байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Мөнх-Одын “... би амрах өрөө рүү ороод Алтанхуягийн гаргаж ирсэн архинаас уусан. Тэгээд байж байтал Амарсанаа унтаж байгаад босож ирээд “Унтаж амарцгаа” гэсэн. Тэгээд Алтанхуяг ахтай хамт нөгөө талын орон дээр зэрэгцэж суугаад маргалдаад Алтанхуяг эхлээд Амарсанаагийн хамар хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохисон. Тэгээд тэр хоёр уг орон дээр зууралдаж байгаад орноос газар унахдаа Амарсанаа Алтанхуягийн дээр нь дараад унасан Тэгэхэд би Амарсанааг татаад гадагш гаргаад явсан. Харилцан зодолдсон. Эхлээд Алтанхуяг Амарсанаагийн хамар хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохисон. Дараа нь Амарсанаа Алтанхуягийг орон дээрээс түлхээд дээр нь унаад гараараа хоолойг нь боочихсон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Шүрцэцэгийн 2022 оны 01 дүгээр сарын 19- ний өдрийн 55 дугаартай “Биед үзлэг хийж, эмнэлгийн бичиг баримттай танилцан дүгнэхэд: 1. Г.Алтанхуягийн биед бамбай, мөгөөрс орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн талын 7, 8 дугаар хавирганы далд хугарал, бүсэлхий L1 нугалмын зүүн талын хөдлөн сэртэнгийн далд зөрүүтэй хугарал гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөөхгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 86- 87 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 924 дугаартай “2022.01.19-ны өдрийн Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч С.Шүрэнцэцэгийн №55 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан бамбай мөгөөрс орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн багалзуурдах, базах, цохих, хоолой боох үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 2.3. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаа буюу 2021.12.15-16-нд шилжих шөнө үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно. 5. 2022.01.19-ны өдрийн шинжээч эмчийн бодит үзлэгээр биед ил харагдах гэмтэлгүй гэсэн байх ба дээрх бамбай мөгөөрс орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эдгэрсэн байх боломжтой байна. 6. Г.Алтанхуягийн биед учирсан бамбай мөгөөрс орчмын зөөлөн эдийн няцрал гэмтлийг эмнэлгийн баримт, хүзүүний КТГ зургийн хариуг үндэслэн тогтоосон байна. 7. Өмнөх гаргасан дүгнэлтийн гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй болно.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 176-180 дахь тал/

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Амарсанаагийн “... Эко энерги сервис гэх цахилгааны компанийн ажилчид байрлаж буй гэртээ орж ирээд архи уугаад унтаж амрахгүй шуугилдаад байсан. Тэр ажилчид дунд Алтанхуяг Мөнх-Од хоёр байсан. Тэгэхээр нь би унтаж амрахгүй юм уу? Одоо унтацгаа гээд хэлсэн. Тэгэхэд Алтанхуяг гэх ХАБ-ын инженер намайг “Чи намайг доош нь хийлээ” гээд миний хамар хэсэг рүү баруун гараараа нэг нэг удаа цохисон. Тэгэхэд нь би хойшоо ор луу савж унахад Алтанхуяг, Мөнх-Од миний нуруу хэсэг рүү нэг удаа хөлөөрөө дэвссэн. Ямар ч байсан Мөнх- Од миний дээрээс намайг дэвссэн....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Шинэхүүгийн “... Амарсанаа орон дээрээс бууж ирээд Алтанхуягтай ярилцаад сууж байсан. Тэгэхэд гэнэт чимээ гарсан. Намайг харахад Амарсанаа Алтанхуягийн дээр гарчихсан газар унасан байсан. Тэгэхэд Мөнх-Од Амарсанааг татаад гадагшаа аваад гарсан ...” /хавтаст хэргийн 63-64 дэх тал/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Ганбаярын “... Амарсанаа бууж ирээд Алтанхуягийн хажууд зэрэгцэж суугаад гутлаа өмсөөд дуусаад дээш босоход Алтанхуяг Амарсанааг нэг удаа цохисон. Тэгэхэд Амарсанаагийн хамраас цус гоожсон. Тэгээд Амарсанааг доош тонгойход Мөнх-Од, Бааска хоёр нийлээд Амарсанаагийн нуруу, толгой хэсэг рүү гар болон хөлөөрөө зодоод эхэлсэн. Тэгэхэд би Ганзориг гэх залуутай хамт Мөнх- Од Бааска хоёрыг болиулсан юм...” /хавтаст хэргийн 67-69 дэх тал/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч М.Аригуунтөгсийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 828 дугаартай “1. Б.Амарсанаагийн биед хамар ясны хугарал, таславчийн хугарал, мурийлт, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хавтас хэргийн 80-81 дэх тал/ гэх шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Алтанхуягийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Амарсанааг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж дүгнэв.

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Алтанхуяг нь 2021 оны 12 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Самсунг” кемпэд Б.Амарсанаагийн хамар хэсэг рүү гараараа цохиж хамар ясны хугарал, таславчийн хугарал, мурийлт, хамарт цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтлийг учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Амарсанаа нь 2021 оны 12 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Самсунг” кемпэд байхдаа Г.Алтанхуягийн хоолойноос боож, дээрээс нь унаж эрүүл мэндэд нь бамбай, мөгөөрс орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн талын 7, 8 дугаар хавирганы далд хугарал, бүсэлхий L1 нугалмын зүүн талын хөдлөн сэртэнгийн далд зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтлийг учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Алтанхуяг, Б.Амарсанаа нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Г.Алтанхуяг, Б.Амарсанаа нар нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд хохирол санаатай учруулсан байна.

Шүүгдэгч Г.Алтанхуягийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.Амарсанаагийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Амарсанаагийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч Г.Алтанхуягийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Алтанхуяг нь гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч Б.Амарсанаа нь маргасан болно.

Шүүгдэгч Б.Амарсанаагийн өмгөөлөгч А.Анхбаяраас “... санаатайгаар энэ хүнийг унагаагаад дээр нь гарч хавиргыг нь хугалаад хоолойг нь багалзуурдаад гэмтэл учруулъя гэсэн санаа зорилго байгаагүй. Байгаагүй гэдгийг нь Г.Алтанхуяг өөрөө хэлж байна. Тийм учраас Б.Амарсанаад холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү.” гэх санал, дүгнэлтийг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох шүүгдэгч, хохирогч Г.Алтанхуягийн мэдүүлэг, гэрч Б.Мөнх-Од, Ц.Шинэхүү нарын мэдүүлэг, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 19- ний өдрийн 55 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 924 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар шүүгдэгчийн өмгөөлөгч А.Анхбаярын дүгнэлт няцаагдаж байх тул түүний Б.Амарсанаад холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Мөн шүүгдэгч Б.Амарсанаагийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. 

 Шүүгдэгч Г.Алтанхуяг нь 2021 оны 12 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Самсунг” кемпэд Б.Амарсанаагийн хамар хэсэг рүү гараараа цохиж хамар ясны хугарал, таславчийн хугарал, мурийлт, хамарт цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтлийг учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Амарсанаа нь 2021 оны 12 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Самсунг” кемпэд байхдаа Г.Алтанхуягийн хоолойноос боож, дээрээс дарж унаж эрүүл мэндэд нь бамбай, мөгөөрс орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн талын 7, 8 дугаар хавирганы далд хугарал, бүсэлхий L1 нугалмын зүүн талын хөдлөн сэртэнгийн далд зөрүүтэй хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтлийг учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Алтанхуягийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Шүрцэцэгийн 2022 оны 01 дүгээр сарын 19- ний өдрийн 55 дугаартай “Биед үзлэг хийж, эмнэлгийн бичиг баримттай танилцан дүгнэхэд: 1. Г.Алтанхуягийн биед бамбай, мөгөөрс орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн талын 7, 8 дугаар хавирганы далд хугарал, бүсэлхий L1 нугалмын зүүн талын хөдлөн сэртэнгийн далд зөрүүтэй хугарал гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 86- 87 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 924 дугаартай “2022.01.19-ны өдрийн Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч С.Шүрэнцэцэгийн №55 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан бамбай мөгөөрс орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн багалзуурдах, базах, цохих, хоолой боох үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 2.3. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаа буюу 2021.12.15-16-нд шилжих шөнө үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно. 5. 2022.01.19-ны өдрийн шинжээч эмчийн бодит үзлэгээр биед ил харагдах гэмтэлгүй гэсэн байх ба дээрх бамбай мөгөөрс орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эдгэрсэн байх боломжтой байна. 6. Г.Алтанхуягийн биед учирсан бамбай мөгөөрс орчмын зөөлөн эдийн няцрал гэмтлийг эмнэлгийн баримт, хүзүүний КТГ зургийн хариуг үндэслэн тогтоосон байна. 7. Өмнөх гаргасан дүгнэлтийн гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй болно.” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 176-180 дахь тал/

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Амарсанаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч М.Аригуунтөгсийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 828 дугаартай “1. Б.Амарсанаагийн биед хамар ясны хугарал, таславчийн хугарал, мурийлт, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хавтас хэргийн 80-81 дэх тал/

Хохирогч Г.Алтанхуягийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрт учирсан хохирлын талаарх нэхэмжлэлийн нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Амарсанаагаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Алтанхуяг нь гэмт хэргийн улмаас хохирогч Б.Амарсанаагийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал төлбөрт 2.629.000 /хоёр сая зургаан зуун хорин есөн мянга/ төгрөгийг нөхөн төлсөн болно.

          

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Алтанхуяг, Б.Амарсанаа нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Алтанхуягт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Амарсанаад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Алтанхуяг, Б.Амарсанаа нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 148-149 дэх тал/

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Г.Алтанхуягийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Алтанхуягийг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Амарсанаагийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Амарсанааг /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Алтанхуягт оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Б.Амарсанаад оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тус тус сануулах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Алтанхуяг, Б.Амарсанаа нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А, Б.А гарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.  

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч Х овогт Г-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

           - Шүүгдэгч Ө овогт Б-ийн А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

        2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-г 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар,

              - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

          3. Шүүгдэгч Г.А-т оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Б.А-д оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тус тус сануулсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Алтанхуяг нь өөрт учирсан хохирлын талаарх нэхэмжлэлийн нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.А-аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

           5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.А, Б.А нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А, Б.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.БАТМӨНХ