| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00575/И |
| Дугаар | 00498 |
| Огноо | 2020-07-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 00498
| 2020 оны 07 сарын 22 өдөр | Дугаар 153/ШШ2020/00498 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Дуут сумын Шивэр багт оршин суух, Хуурчид овогт Чгийн Э //-ын нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох болон цэргийн алба хаасан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 153/2020/00575/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтайван нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чгийн Э миний бие 1963 онд төрсөн. Бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрөөж байгаад сургуульд орох нас болсон ч тухайн үед намайг сургуульд сургаагүй. Сургуульд сураагүй учир эцэг, эхийнхээ хамт мал маллан амьдардаг байсан ба 16 нас хүрээд нэгдлийн гишүүн болох насанд хүрмэгц буюу 1979 онд Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд эцэг, эхийн туслах малчнаар ажиллаж эхэлсэн. Малчнаар ажиллаж байгаад 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдөр цэргийн албанд татагдаж, цэргийн албаа 0130 дугаар ангид хаагаад, 1985 оны 6 дугаар сарын 17-ны өдөр халагдаж ирсэн. Халагдаж ирчихээд мөн тус нэгдэлдээ малчнаар ажиллаж эхэлсэн ба тус нэгдэл тарж нэгдлийн суурин дээр байгуулагдсан компанид ч мөн малчнаар ажиллаж байсан. Миний бие нь насаараа мал маллан амьжиргаагаа залгуулан амьдардаг билээ.
Тухайн үеийн хүмүүсийн цалинг олгохдоо эцгийн нэр дээр цалин хөлсийг бичдэг байсан учраас зарим оны баримтууд эцгийн нэр дээр, зарим оны баримтууд Амраа, Амар гэх мэтчилэн миний хоч нэрээр бичээд байсан байна. Мөн цэргийн алба хаахад Чимгээгийн Э гэх нэрээр хаасан гэсэн баримт гарч ирсэн. Тухайн үеийн хүмүүсийн хариуцлагагүй байдлаас болж миний бие нь шүүхээр ажиллаж байсан байдал болон цэргийн алба хаасан хугацаагаа тогтоолгоход хүрч байна.
Иймд регистрийн дугаартай, Хуурчид овогт Чгийн Э намайг Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл, 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл, Ховд аймгийн Дуут сумын Таван эрдэнэ ХК-д 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 0130 дугаар ангид 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтайван нь шүүхэд гаргасан тайлбартаа: Ч.Э нь 1963 оны 12 сард төрсөн. Миний дүү байгаа юм. Ч.Э насаараа мал малласан. Сургуульд сураагүй учраас бичиг үсэг мэдэхгүй. Малчнаар тэтгэвэрт гарах гэж нэхэмжлэл гаргасан. Ч.Э 1979 оноос хойш эмээ, өвөөгийн хамт нэгдэлд мал малласан. Ховд аймгийн Дуут сумын архив шатсан учраас бичиг баримт нь олдохгүй байгаа. Ч.Э Ховд аймгийн Дуут суманд 1979 оноос хойш одоог хүртэл мал маллаж байгаа. Ч.Э Ховд аймгийн Үенч сумын хилийн цэргийн 0130 дугаар ангид 1982-1985 он хүртэл 3 жилийн цэргийн алба хаасан. Тагнуулын Ерөнхий тусгай архиваас лавлагаа авсан боловч овог нь өөр ирсэн... Ч.Э эмээ дээрээ өссөн. Эмээ нь нэгдлийн үхэр саадаг байсан. Нэгдэлд тасралтгүй мал малласан. Эмээтэйгээ хамт амьдарч байхдаа цалин хөлс 80 төгрөг авлаа гэж хэлж байсан. Эмээгийнх нь нэр дээр цалин хөлс бодогддог байсан... гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Эын 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл, 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд, 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дуут сумын Таван эрдэнэ ХК-д тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 0130 дугаар ангид 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:
1.Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1295 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дуут сумын 1-р бригадын 1979-1982, 1985-1990 онуудын 70 дугаар дансны хуулбарууд /хх-ийн 5-15 дугаар тал/
2.Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 08/2454 дугаартай албан бичиг /хх-ийн 19 дүгээр тал/
3.Гэрч Н.Жаргалсайханы:...Э нь 1979-1991 он хүртэл Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажилласан. Нэгдэл тарсаны дараа компанийн малчнаар ажиллаж байсан. Одоо хүртэл малаа маллаж байгаа. Би хамт нэг нэгдэлд малчнаар ажиллаж байсан учир мэдэж гэрчилж байна гэв.
4.Гэрч С.Баттулгын:... Би сургууль соёлд сураагүй бага ангиасаа сургуулиас гарсан. 1969 онд 16 нас хүрээд Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 2 дугаар бригадад 1971 оны 7 сар хүртэл малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд явсан. Цэргээс 1974 оны 7 сард халагдаж ирээд тус нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар нэгдэл тартал ажилласан. Нэгдэл тараад Таван-Эрдэнэ компани болоход тус компанид малчнаар 1994 оныг дуустал ажилласан. Ч.Э нь 3 дугаар ангиасаа гарсан. Багаасаа эмэг эх Сүрэнгийн хамт Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр бригадад насаараа мал малласан хүн байгаа юм. 1987, 1988 онуудад надтай хамт тууварт явсан болохоор би сайн мэдээд байна. Ч.Э Ховд аймгийн Булган суманд цэргийн алба хаасан. Ч.Эын ээж багад нь нас барсан юм. Ч.Э нь эмээ Сүрэн дээрээ өссөн хүүхэд байгаа юм. Ч.Эыг Амраа гэж дууддаг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/ зэрэг баримтуудаар ажиллаж байсан болон цэргийн алба хаасан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэлийн шаардлагаас 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд, 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дуут сумын Таван эрдэнэ ХК-д тус тус малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь дээрх хугацаанд ажиллаж байсан талаарх баримт хэргийн материалд авагдаагүй байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй тул энэ хэсэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хуурчид овогт Чгийн Э //-ыг 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл, 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал болон 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 0130 дугаар ангид цэргийн алба хааж байсын байдлыг тогтоож, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдэлд, 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Дуут сумын Таван эрдэнэ ХК-д тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /нэг зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ