| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00543/И |
| Дугаар | 00501 |
| Огноо | 2020-07-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 00501
| 2020 оны 07 сарын 23 өдөр | Дугаар 153/ШШ2020/00501 | Жаргалант сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал, Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан баг ... айлын орон сууцны .. тоотод оршин суух, Ээмдээ овогт Э-ын О //-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн ХААН банкны ... айлын орон сууцны ... тоотод оршин суух, Сартуул овогт С-ын Б //-д холбогдох 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 153/2020/00543/ И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь хувиараа бизнес эрхэлдэг. Нөхөр бид хоёр Голомт банкны Ховд салбараас бизнесийн зээл хүсэж холбогдох материалаа бүрдүүлж 19,000,000 төгрөгийн зээл авсан. Тэр үед Голомт банкны эдийн засагч байсан С.Б 4,500,000 төгрөг гуйхаар нь банкинд ажилладаг болохоор нь итгээд зээдсэн юм. Нэхүүлж байж 2019 оны 6 сард 500,000 төгрөгийг Голомт банкны бизнесийн зээлийн данс руу хийсэн байсан. Иймд 4,000,000 төгрөгийг С.Боос гаргуулан өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Э.Оийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 4,000,000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.О нь С.Бд холбогдуулан 4,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Оээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийн тал хувь болох 39,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 39,475 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч С.Боос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 39,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.От олгохоор тогтов.
Хариуцагч С.Б нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Оийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Бд холбогдох 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч Э.Оийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгөөс 39,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 39,475 төгрөгийг улсын орлогоос, мөн 39475 төгрөгийг хариуцагч С.Боос тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.От олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ