Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/07

 

 

 

 

 

 

 

 

2023          01             03                                                       2023/ШЦТ/07                                  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Анхтуг,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго,

Хохирогч “Х.О” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч: Д.С/цахимаар/,

Шүүгдэгч: Ж.Ө нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Ө-д холбогдох эрүүгийн 2***************** дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Ж.Ө нь Өмнөговь аймгийн Цогтцэций сум Билгэх 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х.А”-ын шатахуун түгээх станцад 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний хүртэл хугацаанд түгээгчээр ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан түлш буюу 10.883 литрыг завшиж, нийт 25.694.763 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Ө-д холбогдох эрүүгийн 2***************** дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Ө мэдүүлэхдээ:

Би 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл “Х.А” ХХК-ийн шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байхдаа 10.889 литр түлш дутааж, байгууллагад хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруу дээрээ маргахгүй байна. Би хохирлоо гурван сарын хугацаанд барагдуулахаар компанитай гэрээ байгуулсан. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлтээ гаргаж, эрүүгийн хариуцлагаа сайн дураар зөвшөөрсөн гэв.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “Х.А” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Сгаргасан тайлбартаа:

Шүүгдэгч Ж.Ө компанийн түлш дутааснаа сайн дураар хүлээн зөвшөөрдөг. 1000 литр түлшний мөнгөө төлөгдсөн, одоо шүүгдэгч нь 9889 литр түлшний үнэнд 22.250.250 төгрөгийн өртэй бөгөөд үүнийгээ гурван сарын хугацаанд нөхөн төлөхөөр компанитай гэрээ байгуулсан. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 14 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Сэржмядагийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сувд-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Баянжаргалын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Буяннэмэхийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баясгалангийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Болор-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/,

 

-“Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №839 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 45 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Өын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/,

 

-Ж.Өын бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, жолоочийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 59, 60, 61, 62, 63, 64-66, 67-69, 82 дэх тал/,

 

-Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ /хавтаст хэргийн 71, 211 дэх тал/,

 

-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 389 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 184-188 дахь тал/,

 

-ШТС-ын тооцоо бодсон акт /хавтаст хэргийн 198-199, 201 дэх тал/,

 

-Хохирогч “Х.А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сувд-Эрдэнийн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь прокурорын газарт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 209 дэх тал/,

 

-Шүүгдэгч Ж.Өын Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь прокурорын газарт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 210 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

 

Шүүгдэгч Ж.Ө нь Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Билгэх 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х.А” ХХК-ийн шатахуун түгээх станцад 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний хүртэлх хугацаанд түгээгчээр ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан түлшнээс 10.883 литр түлшийг үргэлжилсэн үйлдлээр завшиж, нийт 25.694.763 төгрөгийн хохирол учруулан “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн нь хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, 

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Баясгалангийн өгсөн “...Би Х.А ХХК-д менежерээр ажилладаг бөгөөд манай компанид шатахуун түгээх станц хариуцсан түгээгч эрхлэгчээр 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдөр ажиллаж байсан Ж.Ө нь өөрийн хариуцсан дизель түлшнээс 3 удаагийн үйлдлээр нийт 10889 литр дизель түлшийг компанийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн бусдад өгч дутаасан юм. Эхний удаадаа 3260 литрийг Ган Хангай ирээдүй компанид зээл өгсөн гэдэг боловч ямар ч үйлдсэн баримт байхгүй. 2 дахь удаадаа 1000 литр дизель түлшийг Буянхишиг гэдэг хүнд өгсөн гэж хэлсэн бөгөөд Буянхишиг гэдэг хүн нь өөрөө авснаа хүлээн зөвшөөрч 1.000.000 төгрөгийг төлчихсөн байгаа бөгөөд үлдэгдэл 1.150.000 төгрөгийг төлөөгүй байгаа юм. Үлдэгдэл 6.600 литр дизель түлшийг юунд зарцуулсан нь тодорхойгүй өөрөө хэлэхдээ би архи уучихсан байсан хэнд өгснөө мэдэхгүй байна гэж хэлдэг юм. Дээрх мэтээр нийт 10.889 литрийн түлш хувьдаа ашигласнаа Ж.Ө нь хүлээн зөвшөөрсөн юм. Одоо энэ хүн нь Тавантолгой компанийн гэрээт ажилтнаар ажиллаж байгаа гэх бөгөөд эхнэрийнх нь дугаар гэх дугаараас өөр дугаар байхгүй байгаа юм... Манай Хаан Ойл ХХК-ийн шатахуун түгээгүүр хариуцсан эрхлэгч, түгээгчээр ажиллаж байсан юм. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах манай компанийн зөөврийн шатахуун түгээгүүрт ажиллах үедээ нийт 10.889 литр дизель түлш авсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь  тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Сэржмядагийн өгсөн “...Өлзийбат гэдэг хүн Өмнөговь аймаг Цогтцэций сумын нутагт байрлах 4 дүгээр амны хажууд байрлах “Х.А” шатахуун түгээгчээр 2021 оны 07 дугаар сарын 23-наас 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ажиллахдаа 10.883 тонн дизель түлшийг дутаасан юм. Өлзийбат дээрх дутагдлыг таньдаг ах болох Энхтөр гэх хүнд 7000 л түлш, Буяннэмэх гэх хүнд 1000 л түлшийг зээлээр өгсөн авч чадаагүй гэсэн. Өлзийбат нь өөрөө 2883 л түлшийг дутаасан юм. Тэгээд компанийн хохирсон түлш 10883 тонн дизель түлш болсон. Энэ хохирлыг холбогдох хүмүүсээс гаргуулж авмаар байна... Өлзийбат өөрөө амаар бид нарт хэлдэг юм. Тодорхой түлш авсан тооцоо баримт байхгүй...Өдөр болгон мэдээгээ авдаг юм. Өлзийбат дутаасан түлшээ хэлэхгүй нуугаад байвал зохих литрээр худлаа бодуулж явуулдаг байсан. Энэ 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос шалгалтаар 2 хүн ирж газар дээр нь тооллого хэмжилтийг хийхэд 10883 л түлш дутагдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

                                                      

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Сувд-Эрдэнийн өгсөн “...Сэржмядаг нь өөрийн хүсэлтээр ажлаасаа гарчихсан юм... Гомдол санал хүсэлт байхгүй... Өлзийбаттай манай байгууллага төлбөр барагдуулах гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан юм... Энэ хүн учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/

 

-“Хас үнэлгээ" ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 839 дугаартай хохирлын үнэлгээ “...Зуны дизель түлш нэгж үнэ 2361 төгрөг*10.883 литр =зах зээлийн дундаж үнэ 25.694.763 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 45 дахь тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Өын яллагдагчаар өгсөн "...Би ажиллах хугацаандаа нийт 10.889 литр зуны түлш дутаасан нь үнэн үүнээс 4 тонн гаруйг би танихгүй хүнд өгчихсөн. Түлшний мөнгийг ойр зуурын хэрэглээнд үрсэн мөн би архи уусан тэгээд хүмүүс аваад явсан байх...Би хариуцлага алдаж түлш дутаасандаа гэмшиж байна. Энэ хохирлыг бүрэн төлж барагдуулна...” гэх  мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/ зэрэг болно. 

 

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ж.Ө нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

“Хөрөнгө завших” гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр, хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг хэлэх ба шүүгдэгч Ж.Ө нь Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Билгэх 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х.А” ХХК-ийн шатахуун түгээх станцад 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний хүртэлх хугацаанд түгээгчээр ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан түлшнээс 10.883 литр түлшийг үргэлжилсэн үйлдлээр завшиж, нийт 25.694.763 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч Ж.Өын дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Иймд шүүгдэгч Ж.Өыг үргэлжилсэн үйлдлээр “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Ө нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч “Х.А” ХХК нь итгэмжлэн хариуцуулсан 10.883 литр түлшээ завшуулж, 25.694.763 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас үнэлгээ" ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 839 дугаартай хохирлын үнэлгээ “...Зуны дизель түлш нэгж үнэ 2361 төгрөг*10.883 литр =зах зээлийн дундаж үнэ 25.694.763 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 23, 29-30, 45 дахь тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор хохирогчоор “Х.А” ХХК-ийг тогтоож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Э.Сэржмядаг, Д.Снарыг тогтоосон нь үндэслэлтэй, гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 21, 27, 205 дахь тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны Д.Снь “... 1000 литр түлшний мөнгө төлөгдсөн, одоо шүүгдэгч нь 9889 литр түлшний үнэнд 22.250.250 төгрөгийн өртэй бөгөөд үүнийгээ гурван сарын хугацаанд нөхөн төлөхөөр компанитай гэрээ байгуулсан...” гэх тайлбарыг гаргаж, 9889 литр түлшний үнэнд 22.250.250 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Ө нь 9889 литр түлшний үнэнд 22.250.250 төгрөгийг хохирогчид төлөхөө хүлээн зөвшөөрсөн ба хохирогч “Х.А” ХХК болон шүүгдэгч Ж.Ө нарын хооронд 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах” гэрээ байгуулагдсан байх ба гэрээгээр “...9889 л түлшний үнэ буюу 22.250.250 төгрөгийг 2023.03.27-ны өдрийн дотор буюу 3 сарын дотор төлж барагдуулах”-аар тохиролцсон гэрээ хавтас хэрэгт авагдсан байна. /хавтас хэргийн 71 дэх тал/

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Өаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 22.250.250 төгрөг /9889 литр түлшний үнэ/-ийг гаргуулж, хохирогч “Х.А” ХХК /РД:4198956/-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Снь “...1000 литр түлшний мөнгө төлөгдсөн” гэх, шүүгдэгч Ж.Ө нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах” гэрээгээр 22.250.250 төгрөгийн хохирлыг 2023.03.27-ны дотор төлж барагдуулна” гэх тайлбарыг тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Ж.Ө нь Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Билгэх 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х.А” ХХК-ийн шатахуун түгээх станцад 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний хүртэлх хугацаанд түгээгчээр ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан түлшнээс 10.883 литр түлшийг үргэлжилсэн үйлдлээр завшиж, нийт 25.694.763 төгрөгийн хохирол учруулан “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.  

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон тул  шүүгдэгч Ж.Өад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ж.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Өад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц************** овогт Ж****************-ын Ө******************-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Өад  2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Өад оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Өаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 22.250.250 төгрөг /9889 литр түлшний үнэ/-ийг гаргуулж, хохирогч “Х.А” ХХК /РД:4198956/-д олгосугай.

 

6. Шүүгдэгч Ж.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Өад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН