Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0172

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, шүүгч Г.Гэрэлт-Од, З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэй, 
Иргэдийн төлөөлөгч *** , 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сүрмандах,
Хохирогч *** ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам,
Шүүгдэгч ***  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *** д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000265 дугаартай хэргийг 2014 оны 7 дугаар сарын 1-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***  ны өдөр төрсөн, ***   настай***  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ***  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй

Шүүгдэгч ***  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж 2014 оны 3 дугаар сарын 29-ний орой 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт “Уулзах уу?” баарны өмнө үл ялих зүйлээр шалтаглан зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хохирогч *** ийн толгойн тус газарт архины шилээр цохиж хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч ***ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2014 оны 03 дугаар сарын 29-ний орой 19 цагийн үед эцсийн буудал гэдэг газраас тосгон руу Уулзах уу баар луу *** нарын хамт явсан. Уулзах уу бааранд ороод 2 цаг дуулаад хоёр, хоёр шил боргио авч уусан. Ууж дуусаад Оргил баар луу очиход хүн байхгүй болохоор буцаад ирсэн. Буцаад ирэхэд баарны гадаа *** гарч ирсэн. *** д найзаасаа таксины мөнгө авъя гээд уулзсан. Уулзаад зогсож байгаад ***баар луу буцаж ороод *** ахыг дагуулаад гараад ирсэн. *** ах манай дүүгээс яагаад архины мөнгө нэхээд байгаа юм бэ гэж К.Амангельд надад хандаж хэлсэн. Архины мөнгө нэхээгүй ахаа таксины мөнгө он жаваасаа гуйсан юм гэж хэлсэн. Тэгээд маргалдсан. ***ыг дагуулаад явах гэсэн чинь *** цаашаа бай мангар бацаан минь гэж намайг хэлсэн. Тэгэхээр нь би найзыгаа дагуулаад явлаа гэж хэлсэн чинь намайг түлхээд мөрөлсөн. Тэгээд маргаан гарсан” гэх мэдүүлэг,

-Хохирогч *** ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....2014 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ажлынхантайгаа Оргил баар луу орж нэг шил архи уугаад сууж байхад тог нь тасарчихсан. Тэгээд тэндээсээ гараад Уулзах уу бааранд ороод 6 шил пиво зээлж уугаад гарахаар болоод би тэр хэдээс түрүүлээд гараад явсан. Баарны үүдэн дээр *** д, А*** энэ гурав зогсож байсан. Гараад ирсэн чинь согтуу 3000 төгрөг гээд нэхэж байсан. Тэгэхээр нь би манай дүүгээс архины мөнгө нэхэж байна гэж бодоод яагаад манай дүүгээс архины мөнгө нэхээд байгаа юм бэ гэхэд, манай дүү манай он жав байгаа юм гэж хэлсэн. Тэгээд *** тэй юм яриад зогсож байхад *** ирсэн ирэхээр нь би чи цаашаа яв гэж түлхсэн. Тэгсэн чинь намайг цохьсон” гэх мэдүүлэг,
-Гэрч Ч*** ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Он сар өдрийг нь мартчихсан байна. Тэр өдөр *** , *** , *** бид дөрөв Уулзах уу баар луу орохоосоо өмнө архи уучихсан байсан. Уулзах уу баар луу ороод нэг нэг пиво уугаад гарч ирсэн. Тэгсэн чинь *** модны хажууд гурван залуутай юм яриад зогсож байсан. Тэр газарт гэрэлтүүлэг байхгүй байсан. Намайг дөхөөд очтол ***г намхан залуу нь юмаар цохиод зугтаачихсан. Би хойноос нь гүйж байгаад бүдэрч унаад буцаж *** дээр ирэхэд ***ийн толгойноос цус гарсан байсан. Бид хоёр цагдаа руу явах гэж байхад эргүүлийн машин таараад цагдаад хэлээд эмнэлэг явсан” гэх мэдүүлэг,
-Гэрч *** ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....2014 оны 03 дугаар сарын 29-ний өдөр орой 19 цагийн үед ***  бид гурав баар орж хоёр, хоёр шил пиво ууж байгаад 21 цагийн үед тэндээс гарсан. Гараад хажуу талд байдаг баар луу орсон чинь хүн байхгүй болохоор буцаад нөгөө баарны гадаа ирсэн чинь надтай хамт цэрэгт цуг байсан *** баарнаас гараад ирсэн. Тэгээд би найзаасаа таксины мөнгө өгөөч би маргааш өгье гэж гуйсан. Тэгэхэд за байж бай гээд нөгөө баар луу буцаад орсон. *** баарнаас гарч ирээд манай дүүгээс архи нэхдэг хэн юм бэ гэхээр нь архи нэхээгүй таксины мөнгө гуйсан юм гэж хэлсэн. Тэгэхэд чи архи нэхээ биздээ гээд над руу дайрсан. Хажуу талаас манай найз *** орж ирээд бид хоёр харьлаа гэж хэлсэн. Тэгэхэд чи цаашаа байж бай гээд ***ыг түлхсэн. Тэгээд *** бид хоёр маргалдсан” гэх мэдүүлэг,
    
           -Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-8 дахь тал/,

-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...***д цэрэгт хамт явж байсан гэх ***той таараад түүнээс гэр лүүгээ харих таксины мөнгө асуугаад зогсож байхад “Уулзах уу?” баарнаас 4 залуу гарч ирээд нэг нь бид нар дээр хүрч ирээд “яагаад хүүхэд дээрэлхээд архины мөнгө нэхээд байгаа юм бэ?”гэж асуухад нь бид нар “архины мөнгө асуугаагүй, гэр лүүгээ харих таксины мөнгө асуусан юм, *** бид хоёр хамт цэргийн алба хааж байсан юм” гэж ***д хариулсан юм. Тэгтэл нөгөө ах ***тай маргалдаад маргалдаж байсан. Тухайн үед би нөгөө ахтай хамт явж байсан нэг ахтай юм яриад зогсож байтал гэнэт ***бид нарыг “гүйгээрэй” гэж хэлэхэд нь юу ч ойлгохгүй ***аны хойноос гүйгээд 44 дүгээр байрны урд талд очоод ***аас юу болсон юм бэ? гэж асуухад би түрүүний залуугийн толгойг архины шилээр цохиод хагалчихлаа гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 20-21 дэх тал/,

-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгээд би “Уулзах уу?” баарнаас гарах гэтэл цэргийн алба хамт хаасан он жав ***тай таараад мэндлээд ойр зуурын юм яриад зогсож байгаад ***д надаас “ганц шил архины мөнгө байна уу?” гэж асуухад нь “надад одоо мөнгө алга, сүүлд болъё, би хүмүүстэй явж байна” гэж хэлчихээд “Уулзах уу?” баар луу дотогшоо орсон юм. Тэгээд ширээн дээрээ сууж байхад баарны бармен эмэгтэй ирээд “таныг түрүүний найз чинь дуудуулж байна” гэхээр баарнаас гараад үүдэнд уулзахад ***д намайг “2000 төгрөг өгчихөө, найз нь таксинд суугаад гэр лүүгээ харьлаа” гэж хэлж байхад “Уулзах уу?” бааранд сууж байсан манай хамаатны ах болох Мөнхзаяа гарч ирээд ***д хандаж “чи яагаад хүүхэд дээрэлхээд мөнгө нэхээд байгаа юм” гэж хэлэхэд нь ***д “би таксины мөнгө гуйж байна” гэж хэлээд ***ийг “хамт явж байгаа хоёр найзаа аваад одоо яваа” гэж хэлэхэд А***д “за за” гэж хэлсэн. Тэр үед *** ах ***ай хамт явж байсан найзтай нь зогсоод “цаашаа бай, гараа ав” гээд нөгөө залууг нэг удаа цохьсон. 
...Мөнхзаяа ах *** гэх залуу ***аас холдуулж тэврээд түлхэх үед нь *** ах уурлаад “гараа ав” гээд тэр залуугийн нүүрэн тус газар нь цохисон юм. Тэгэхэд нь нөгөө залуу өврөөсөө архины шил гаргаж ирээд *** ахыг цохьсон юм.
...тухайн үед *** ахын толгойн тус газар архины шилээр цохьсон залуу гараа доороос татаж гаргаж ирээд архины шилээр цохьсон юм. Тэрийг нь би өврөөсөө гаргаж ирсэн гэж харсаныг нь урд өгсөн байцаалтандаа тэр залууг өврөөсөө архины шил гаргаж ирээд цохьсон гэж мэдүүлсэн байна. *** ах өөрийг нь архины шилээр цохьсон гэх залууг “цаашаа бай, гараа ав” гээд түлхэхэд нь тэр залуу “Уулзах уу?” баарны урд талын хашлага төмөр лүү налсан. Тэр үедээ газраас архины шил авсан байж магадгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 35-36, 69 дэх тал/,
-Тодорхойлолт /хэргийн 39 дэх тал/,

-“***ийн биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2014 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 369 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 41 дэх тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 60 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж 2014 оны 3 дугаар сарын 29-ний орой 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт “Уулзах уу?” баарны өмнө үл ялих зүйлээр шалтаглан зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хохирогч ***ийн толгойн тус газарт архины шилээр цохиж хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Хэрэг учрал болсон гэх 2014 оны 3 дугаар сарын 29-ны орой 22 цагийн орчим шүүгдэгч ***, гэрч ***д, ***нар нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах “Уулзах уу?” бааранд үйлчлүүлээд гарч явах үед гэрч ***д нь хамт цэргийн алба хаасан ***той тааралдаж, гэртээ харих таксины мөнгө гуйсан байх бөгөөд энэ үйлдлийг харсан хохирогч *** нь тухайн үед баарнаас гарч явахдаа ***д хандаж “чи яасан том юм бэ? архины мөнгө нэхдэг, хүүхэд дээрэлхэж архины мөнгө нэхээд байна” гэх зэргээр дээрэлхэж харьцахад К***тай хамт явсан шүүгдэгч *** нь Х.Мөнхзаяаг *** ээс холдуулахад хохирогч ******г “чи дуугүй бай” гээд түлхсэн байна.

Хохирогч *** нь өөрийн хамаатаны дүү болох ***ийг дээрэлхлээ гэдгээр шалтаглаж гэрч *** шүүгдэгч *** нартай харьцахад шүүгдэгч *** тухайн маргааныг таслан зогсоох зорилгоор дундуур нь орж холдуулахад “чи дуугүй бай” гэж түлхэн таарамжгүй харьцааны улмаас шүүгдэгч *** архины шилээр *** ийн толгойн тус газар нь цохисоныг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, үл ялих зүйлээр шалтаглан зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд дээрх хэрэг хохирогч, шүүгдэгч нарын хоорондын таарамжгүй харьцааны улмаас хувийн сэдэлтээр үйлдэгдсэн байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч ***г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч *** нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 60 дахь тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хохирогч ***нь ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч хэрэг учрал болох үед түүний бие махбодид хөнгөн гэмтэл учирсан /хэргийн 41 дэх тал/ байх бөгөөд шүүгдэгч *** нь ямар нэгэн хохирол төлбөр төлж барагдуулаагүй байна.

Иймд шүүгдэгч ***г анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг сайн дураар төлж барагдуулсан, гэм хорыг арилгасан, хохирогчтой сайн дураар эвлэрсэн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.

    Шүүгдэгч *** нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
    
Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдаж шийдвэрлэв.


           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

    2. Шүүгдэгч ***г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар шүүгдэгч ***д 1 /нэг/ сар баривчлах ял шийтгэсүгэй.

    4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т заасныг баримтлан *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д батлан даалтад өгөхөөр  авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчил, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

    6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

     7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Я.ТУУЛ

             ШҮҮГЧИД                       Г.ГЭРЭЛТ-ОД

                                                                                       З.ТУНГАЛАГМАА