Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 209

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

           улсын яллагч С.Оюунжаргал,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Уртнасан, түүний өмгөөлөгч Ц.Итгэл, А.Буяндэлгэр,  

            иргэний хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Мөнхсайхан, түүний өмгөөлөгч Д.Сундуйсүрэн,

шүүгдэгч Н.Даваа, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Өлзийт овогт Намжилдоржийн Даваад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2400 0554 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1960 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Эрдэм транс” ХХК-д жолооч ажилтай, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Г-02-41 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй,

- урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай Өлзийт овогт Намжилдоржийн Даваа РД:ЧО60030911,      

 

Үйлдсэн хэргийн талаар:   

Шүүгдэгч Н.Даваа нь 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 13 цаг 25 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн салааны замд Hyundai Aero city-540 маркийн 05-25 УНМ улсын дугаартай автобусыг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 13 настай У.Самдандэлэг, 7 настай Т.Эрхэмбаяр нарыг мөргөж, У.Самдандэлэгийн биед хүнд, Т.Эрхэмбаярын биед хөнгөн гэмтэл учруулан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:     

Шүүгдэгч Н.Даваа нь 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 13 цаг 25 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн салааны замд Hyundai Aero city-540 маркийн 05-25 УНМ улсын дугаартай автобусыг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 13 настай У.Самдандэлэг, 7 настай Т.Эрхэмбаяр нарыг мөргөж, У.Самдандэлэгийн биед хүнд гэмтэл учруулсан болох нь:  

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Уртнасангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг:...хохиролд даатгалын газраас 9.991.960 төгрөг өгсөн. Шүүгдэгч Даваа 700.000 төгрөг төлсөн. “Эрдэм транс” ХХК 1.000.000 төгрөг эмчилгээнд төлсөн. Хохиролд нийт 11.691.960 төгрөг төлсөн. Бид нийтдээ 14.440.180 төгрөг нэхэмжилж байна. Шүүх хуралдаанд гаргасан эмчилгээний зардлын баримтыг оруулан тооцвол 14.671.520 төгрөгийг нэхэмжилж байна. Хүүхдийн хөл маань бүрэн тасарсан байсан. Эмч нар хүүхдийн хөлийг холбох арга байхгүй гэж хэлсэн. Бид нар эмчээс гуйж хүүхдийн хөлийг холбоод өгөөч эргээд амь орж магадгүй гэж гуйсан. Эмч нар бололцоотой бүх аргаа хэрэглэнэ гаднаас эмч дуудна эмчилгээний зардалд их мөнгө орно гаргаж чадах юм уу гэсэн. Хүүхдийн хөлийг холбоод 14.5 см богино болсон. Одоогийн байдлаар хөлөөрөө гишгэх боломжгүй хөл нь хэт богино, хөлийн эрхий хуруу мэдээ орох найдвар 100 хувь байхгүй болсон гэж эмч хэлсэн. Эмчилгээний зардал их мөнгө зарцуулагдсан цус алдалт 80 хувь өөрөө суух боломжгүй болсон. Бинзений зардалд 500.000 төгрөг оруулсан. Эмчилгээний зардлын баримтыг эхлээд цуглуулаагүй. Өмгөөллийн хөлсөнд 1.100.000 төгрөг бусад нь эмчилгээ болон эмчилгээтэй холбоотой бусад зардлууд багтсан байгаа. Хүүхдийн биеийн байдал хөлийн сарвуунууд хөдлөхгүй, хөлөөрөө гишгэх боломжгүй байгаа, хөлд нь төмөр суулгасан ястай нь бэхэлж өгсөн. Ерөнхий биеийн байдал муу байгаа гэв.

- 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1х, хх-4-7/,

- зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоогдсон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1х, хх-8-9/,

- 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Д.Түвшинбаяр, Д.Уртнасан нараас гаргасан өргөдөл /1х, хх-10-11/, 

- 05-25 УНМ улсын дугаартай Hyundai Aero city-540 маркийн ногоон өнгийн автобус нь “Эрдэм транс” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй /тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээний хуулбар /1х, хх-68-69/, 

- Hyundai Aero city-540 маркийн автобус зах зээлийн дундаж үнэ-48.000.000 төгрөг /1х, хх-79-85/,  

- 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 430 дугаартай шинжээчийн:...05-25 УНМ улсын дугаартай Hyundai Aero city-540 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Н.Даваа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч У.Самдандэлэг, Т.Эрхэмбаяр нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу 2 тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон 23.70 метр, 9.90 метр мөрүүд нь тээврийн хэрэгслийн дугуйн мөр байна. Тоормосны мөрнөөс хурдыг тогтоодог ба дугуйн мөрнөөс хурдыг тогтоох боломжгүй байна...гэх дүгнэлт /1х, хх-120/, 

- 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 16/36790 дугаартай шинжээчийн...уг автомашины тормоз хийн тормозны системтэй ба системд үүссэн эвдрэл гэмтэлгүй байна. Үүнээс үзэхэд техникийн хувьд тус зам тээврийн осолд нөлөөгүй байх боломжтой. Ийм үед тормоз гишгэхэд зам дээр мөр үүснэ...гэх мэдүүлэг /1х, хх-112-114/,

- авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /1х, хх-115/, 

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №8239 дугаартай шинжээчийн:...У.Самдандэлэгийн биед баруун шаант, баруун тахилзуур ясны ил хугарал, шилбэний булчингийн няцрал, баруун ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална...гэх дүгнэлт /1х, хх-99/,

- насанд хүрээгүй хохирогч У.Самдандэлэгийн:...осол болсон өдөр би дүү Эрхэмбаярын хамтаар усанд явах гэж гэрээсээ гарсан. Гэрээсээ гараад худгаас ус аваад усны тэргээ түрээд буцаад гэр лүүгээ явж байтал айлын хашааны гадаа 2 нохой гараад ирчихсэн дүү бид 2 луу хуцаад дайраад байсан. Тэгэхээр нь би усны тэргээ орхичихоод дүүтэйгээ хамт зам хөндлөн гарч зугтаах гэсэн. Зам гарахаасаа өмнө 2 тал руу харахад нилээн холоос нэг автобус ирж байсан, өөр ямар нэгэн машин харагдаагүй, тэгээд дүү бид 2 замаар гарч явтал нөгөө холоос ирж явсан автобус ирээд бид 2-ын ардуур гарч байсан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байсан. Зам гарахаас өмнө автобуснаас өөр ямар ч машин байгаагүй, зам чөлөөтэй байсан. Автобус бүр нилээн дээд холоос ирж байсан. Баримжаагаар хэлэхэд урд зүгт байрладаг баар, дэлгүүр 2-ын харалдаа автобус явж байсан. Дүү бид 2 замыг зүүнээс баруун чигт гарч явсан. Автобус хойноос урагшаа чиглээд явж байсан. Уг автобус бид 2-ын ардуур тойрч гарч байсан. Дүү бид 2 баруун тал руу хараад алхаж байсан...гэх мэдүүлэг /1х, хх-24-25/, 

-  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Уртнасангийн:...2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр би гэртээ хүүхдүүдээ хараад байж байсан. Өдөр 11:50 цагийн үед Самдандэлэг, дүү Эрхэмбаярын хамтаар худгаас ус авах гээд тэргээ түрээд гарсан. Худаг орчихоод буцаад ирэхэд 15 орчим минут л болдог юм. Гэтэл ирэхгүй бараг 20 орчим минут болчихоор нь яагаад ирэхгүй удаад байна аа гэж дотроо бодсон, тэр үед манай охин Аззаяа “ээж зам дээр автобус хүн дайрчихлаа” гэж хэлсэн. Би цонхоороо очоод хартал зам дээр нэг хүн хэвтэж байсан, би дахиад сайн хартал хүү Самдандэлэг зам дээр хэвтчихсэн, Эрхэмбаяр нь замын хажууд усны тэрэгтэйгээ зогсож байсан. Мөн тэднээс нилээн цаана ногоон өнгийн автобус зогссон байсан ба ойр орчмоор нь хүмүүс шавсан байсан. Тэгэхэд осол болсон газар нэг танихгүй 18 орчим насны охин манай гэр лүү эрчээрээ гүйж байсан, би гэрээсээ гараад өөдөөс нь гүйсэн чинь нөгөө охин “танай хүүхдийг автобус дайраад алаад хаячихлаа” гэсэн, би шоконд ороод хамаг хурдаараа ослын газар очоод харахад Садамдэлэг “ээжээ ээжээ амь авраарай” гэж орилсон, би тэрүүхэн үед ухаан балартаад газар унасан, хэсэг хугацааны дараа сэрээд хүүхдээ хартал зүүн хөл нь шилбэ хавиараа тасраад хоёр салчихсан байсан. Харин Эрхэмбаяр замын хажууд юу ч дуугарч чадахгүй зогсоод байсан. Тэгэхлээр нь би “хэн дайрчихваа” гэж орилсон чинь автобусны жолооч гэж өвгөн зогсож байсан, би “та манай хүүхдийг яачихваа, хоёрын хоёр хүүхдийг яачихваа” гэхэд өөдөөс жолооч “би мэдэхгүй, яаснаа ч мэдэхгүй байна” гэсэн. Тэр хавьд байсан хүмүүс “ийм хурдтай явж байгаа юм чинь энэ хүүхдийг аллаа ш дээ” гэж орилж дайрч байсан. Би жолоочид “та ядаж тоормос гишгэхгүй яасан юм, тоормосны мөр чинь хаана байна” гэхэд жолооч “би тоормос гишгэсэн” гээд байсан, би тэр хавийн замаар харсан боловч ямарч тоормосны мөр байгаагүй. Жолооч хэлэхдээ “тэр хавийн замаар боржур даваад зогссон” гэж яриад байсан, боржур дээгүүр бол давсан дугуйны мөр байсан. Тэгээд байж байхад 13:13 цагт түргэн тусламжийн машин ирээд Самдандэлэг, Эрхэмбаяр хоёрыг аваад явсан, би мөн хамт явсан. Ослын газар манай талаас хэн ч үлдээгүй, зөвхөн автобусны жолооч л үлдсэн, тэр хавиар байсан хүмүүс тараад яваад өгсөн. Ингээд гэмтэл согог судлалын үндэсний төв дээр ирээд Самдандэлэгийн хөлийг цус алдуулахгүйн тулд тариа тарьж, салж унахаас нь сэргийлж, оёдол тавьсан. Үүнээс хойш эмчилгээ хийлгэж байна, нэг удаа хөлний хагалгаанд орсон, одоог хүртэл хэвтэн эмчлүүлж байгаа. Эрхэмбаярын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан, үүнийг бол хүлээн зөвөөрч байгаа, гэхдээ одоог болтол толгой нь өвдөж байгаа, дахин шинжилгээ хийлгэх болно. Шинжилгээгээр янз бүрийн өөрчлөлт байвал дахин хандах болно. Манай гэр замаас 15 метр орчим зайтай, замын хажуу талын хашаа юм, зам бол манай гэрээс шууд харагдана. Худаг манай гэрээс ертөнцийн зүгээр зүүн талд байдаг, худаг руу очихын тулд ямар нэгэн зам гарах шаардлага байхгүй. Гомдолтой байна, одоогийн байдлаар өмгөөлөгчид 600.000 төгрөг, эмчилгээнд 5.000.000 төгрөг болж байна, цаашдаа ч зардал гарна. Самдандэлэгийг эмнэлгээс гаргах боломжгүй байгаа, хөлний яс нь ургасны дараа дахин хагалгаа хийнэ гэсэн, хагалгаа хийсэн хөл нь урт, богино хэвээр байна, байнгын хазгар болно гэсэн. Жолооч 2-3 удаа ирсэн, нэг төгрөг бидэнд өгөөгүй, би ядуу хүн гээд байна. Гомдолтой байна дайрсан жолооч нь ч гэсэн үл ойшоосон, миний хүүхдийн буруу гэж бодоод эсхүл даатгалаасаа мөнгө аваад өгчихнө гэж бодоод үл ойшоож байна, мөн би Нийслэлийн тээврийн газар дээр очоод даргатай нь уулзаад “Эрдэм транс” ХХК-ний захирал руу залгасан, тэгж залгахад нь би хажууд нь байсан /утсаа чанга яригч дээр нь тавьсан байсан/ тэгтэл захирал Хатанбаатар нь “наад хүүхдийн чинь 100% буруу юм байна лээ ш дээ, тэр наад хэрэг чинь ерөөсөө тодорхой юм билээ” гэж байсан...одоогийн байдлаар манай зүгээс хүүхдийн эмчилгээнд 7 сая гаруй төгрөг зарцуулаад байна, баримтуудыг өгье. Самдандэлэг одоог хүртэл Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс гараагүй байгаа, хөлний гэмтэл бороолж эдгэхгүй, хуучин оёонууд нь язраад байгаа, тэгээд харзнаад эмнэлгээс гаргахгүй байгаа, цаашид гарах зардлыг нэхэмжилнэ, хөлний аппарат авсны дараа хөлний урт богиныг засах зорилгоор хөлийг нь сунгах, ажил хийгдэнэ гэсэн. Түүнчлэн Эрхэмбаярын толгой өвдөөд байгаа, түүнийг бариулсан, Эрхэмбаярын зардалд 800.000 гаруй төгрөг зарцуулсан. ...манай хүү Самдандэлэг нь хэлэхдээ усны тэргээ түрээд явж байхад нохой дайраад тэгээд усны тэргээ хаячихаад усны тэрэг хаясан газрынхаа харалдаа зам хөндлөн гарсан гэсэн. Дүү Эрхэмбаярыг баруун гартаа хөтлөөд зам хөндлөн гарсан гэсэн. Автобус баазаас нь 1.000.000 төгрөг авчирч өгсөн, ингээд нийтдээ 1.700.000 төгрөг хүлээн авсан, гомдолтой байна...гэх мэдүүлэг /1х, хх-25-27, 28-29, 210/, 

- гэрч Х.Батмөнхийн:...2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр би өөрийн эзэмшлийн 92-07 УБЗ улсын дугаартай Ниссан Санни маркийн автомашинтай Зүүн салааны хуучин эцэс дээрээс хүн гар өргөхлөөр нь авсан, ингээд Зүүн салааны замаар ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлд явж байтал нилээн хол зайд өөдөөс ногоон өнгийн автобус нилээн хурдтай ирж явсан. Уг автобус өөрийнхөө эгнээгээр явж байснаа гэнэт урсгал сөрж, миний урсгал руу орж ирээд, буцаад өөрийнхөө урсгал руу орсон, би яасан юм бол гэж бодоод хажуугаар нь өнгөртөл автобусны ард талд хоёр хүүхэд зам дээр байсан, тэр хоёр хүүхдийн нэг нь хэвчихсэн, нэг нь зогсож байсан, хэвтэж байсан хүүхэд нь “амь авраарай” гээд орилоод байсан. Би энэ бүгдийг хажуугаар нь өнгөрөхдөө харж, сонссон. Тэгээд би зогсолгүй цаашаа хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн. Автобус миний урсгал руу орж, буцаад өөрийнхөө урсгал руу ороод чигээрээ явж байхад нь би зөрсөн. Автобустай зөрж өнгөрөөд хартал зам дээр хоёр хүүхэд байсан, нэг нь хэвтчихсэн, нэг нь зогсож байсан...намайг харж байхад өөдөөс ирж явсан автобус урсгал сөрж тойрог хийгээд буцаад өөрийнхөө урсгал руу орсон, тэгээд бага зэрэг явж байгаад зогссон, яг тэгж зогсоход нь би хажуугаар нь машинтайгаа зөрж өнгөрсөн, тэгээд цаашаа хартал зам дээр хүүхэд байсан. Машин гар өргөж суусан эрэгтэй хүн байсан, тэр хүнийг танихгүй, харвал таних байх, автобус нилээн хурдтай явсан, яах аргагүй л миний явах ёстой урсгал руу орж ирээд буцаад өөрийнхөө явах ёстой урсгал руу орсон, хашлага давсан эсэхийг анзаараагүй, яах аргагүй л урсгал руу орж ирээд буцаад өөрийнхөө явах ёстой урсгал руу орсон, хашлага давсан эсэхийг анзаараагүй. Би Зүүн салааны замаар байнга таксинд явдаг, тэр хавьд байсан хүмүүсээс хохирогчид намайг зааж өгсөн юм шиг байна лээ, тэгээд хохирогч эмэгтэй надтай ирж уулзсан. Би бол хохирогч эмэгтэй, хүүхдүүдийг огт танихгүй. Хоёр эгнээтэй зам аль аль талдаа зам чөлөөтэй байсан. Автобус дуут дохио өгөөгүй, тоормослосон байх, автобус зогссоны дараа би хажуугаар нь зөрж өнгөрсөн, тэгж байхад автобусны жолооч хойшоо хараад ухарч байсан, хэр зайд ухарсныг мэдэхгүй байна, автобус хурдтай явсан байх...гэх мэдүүлэг /1х, хх-47-49/,

- гэрч Ц.Цогбадрахын:..2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 13:00 цагийн үед 3 дугаар эмнэлэг орчихоод, тэндээсээ автобусанд суугаад Зүүн салааны хуучин эцэс дээр буусан, тэндээс гэр лүүгээ харих гээд 2500-н таксинд гар өргөн суусан, би машины урд суудал буюу жолоочийн хажууд суусан. Тэгээд Зүүн салааны урдаас хойшоо чиглэлд явж байтал өөдөөс ногоон өнгөтэй автобус ирж байсан. Тэгтэл уг автобус зүгээр явж байснаа гэнэт далбилзаад манай машины явж байсан урсгал руу орж ирээд, тэгснээ буцаад өөрийнхөө явах ёстой урсгал руу ороод, улмаар замын хажуу талын хашлага /боржур/ даваад, хэсэг явснаа зогссон, тэр үед таксины жолооч эрэгтэй “энэ хүүхэд мөргөчихлөө” гэсэн, би гайхаад харсан чинь зам дээр хоёр хүүхэд хэвтэж байсан. Ингээд байж байтал нөгөө автобус зогссон, энэ явдал болж байхад манай машин хөдөлгөөнөө үргэжлүүлээд явж байсан ба улмаар цаашаа явсан. Миний суусан машин Ниссан Санни маркийн машин байсан, улсын дугаарыг бол мэдэхгүй байна, жолооч нь настайвтар ах байсан. Хүүхэд мөргүүлэхийг огт хараагүй, зүгээр явж байсан чинь л өөдөөс ирж явсан автобус урсгал сөрж ирснээ, буцаад өөрийнхөө урсгал руу ороод, улмаар замын хажуу талын хашлага даваад зогссон...автобусыг хойшоо ухарч байхад мөргүүлсэн хоёр хүүхдийн нэг нь босоод замаас гарч зогсож байсан. Миний ойлгосноор автобус хойд талын хаалга, бөгс орчмын /баруун гар тал/ газраараа хоёр хүүхдийг мөргөсөн юм шиг байна лээ, түүнээс зүүн гар талаараа мөргөөгүй. Тэр хоёр хүүхдийг хаанаас гарч ирснийг хараагүй, осол болсны дараа л харсан, мөргүүлсэн хоёр хүүхдийн хажуу зам дээр усны тэрэг байсан. Би машинд суугаад явж байхдаа автобусыг 50 метр орчим зайнаас харсан, автобусны араас хөдөлгөөн байхгүй, манай машины урд болон ард талд ч ямар ч машин байгаагүй, нилээн хойно нэг машин байсан байх...гэх мэдүүлэг /1х, хх-52-53/,

- гэрч Т.Сувд-Эрдэний:...Осол болсон өдөр би хүүхэдтэйгээ хашаан дотроо сандал дээр хүүхдээ салхилуулаад сууж байсан. Тэгтэл хашааны гадаа явж байсан 2 хүүхэд орилолдоод зам руу ороод гүйсэн. Би дотроо машинд мөргүүлэхэв дээ гэж бодож байтал автобусанд мөргүүлчихсэн. Яг осол болохыг бол хараагүй, намайг харж байхад 2 хүүхэд зам руу гүйж байсан, тэгээд би өөр тийшээ харсан нэг мэдэхэд “пид” гэх чимээ гарсан. Чимээ гарахлаар нь эргээд харсан чинь нөгөө зам руу гүйж явсан 2 хүүхэд автобусанд мөргүүлчихсэн, орилоод байсан, харин автобус нь жаахан явж байгаад зогссон. Би энэ бүхнийг гэрийнхээ хашаан дотроос харсан, нэг харахад 2 хүүхэд орилолдоод зам руу гүйж байсан, хартал автобусанд мөргүүлсэн байсан. Тэр хүүхэд мөргөсөн автобусыг ирж явахыг нь харсан, тэр автобус ирж явахдаа нилээн хурдтай явж байсан. 2 хүүхдийг зам руу гүйгээд орж байхад нь автобус харалдаа зам дээр нь явж байсан, миний бодлоор автобус 2 хүүхдийг гол болон арын хэсгээр мөргөсөн байх, тоормосны чимээ бол сонсогдоогүй...гэх мэдүүлэг /1х, хх-60-61/,

- гэрч Д.Анягийн:...манай гар осол болсон газрын хажуу талын хашаа юм. Би гэртээ байсан юм, тэгтэл зам дээр хүүхэд хашхирах чимээ гарсан, гараад харсан чинь зам дээр нэг хүүхэд хэвтэж байсан...намайг харахад мөргүүлсэн хүүхэд замын голд байсан. Хүүхдээс цаахан талд зам дээр нь автобус зогсож байсан. Сүүлд нь мөргүүлсэн хүүхэд хоёулаа явсан, нэг нь мөргүүлээд нөгөөх нь гэр лүүгээ ээжийгээ дуудахаар явсан байсан, яг зам дагуу усны тэрэг байсан, шороон хэсэг дээр нь байсан гэж юмуу даа...гэх мэдүүлэг /1х, хх-62/,

- гэрч Д.Батмөнхийн:...хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд авагдсан №12 дугаартай зурганд байгаа тал нь автобусны зүүн хэсгийг харуулсан байна. Уг зурганд шороо арчигдсан мөрийг бэхжүүлж авсан. Уг мөрийг жолооч зааж өгсөн бөгөөд жижүүрийн бүрэлдэхүүний зүгээс тогтоосон зүйл байхгүй. Би хэрэгт шинжээчээр ажилласан, ...6 дугаар хуудасны 2 дугаар талд байгаа №08 дугаартай зургаар автобусны дугуйн мөрийг харуулсан. Тухайн үед автобус хүүхдийг зүүн талаараа мөргөсөн гэж байсан. Тэр хавиар байсан хүмүүс ч тэгж байсан...гэх мэдүүлэг /1х, хх-211/,

- гэрч Ш.Ариун-Эрдэний: “Ногоон өнгөөр зурагдсан зураас нь дугуйн мөр юм. Тухайн үед жолооч “хүүхэд зүүн гар талаас гүйж гарч ирсэн, тэгэхэд нь баруун гар тийш  огцом жолоогоо дарж хашлага давсан” гэж мэдүүлж хэлсэн. Мөн хэргийн газарт зорчих хэсгийн хашлагыг баруун гар тийш давж гарсан дугуйн автобусны мөр байсныг ослын бүдүүвч зурганд ногоон өнгийн балаар зурж харуулсан. А цэгийг жолооч Даваа зааж өгсний дагуу тэмдэглэсэн. Мөн хэргийн газар байсан хүмүүсээс хэлэхдээ: “мөргүүлсэн хүүхэд замын хажуугаар усны тэрэг түрж явахад нохой дайрч, улмаар усны тэргээ орхиод зам хөндлөн гарч гүйсэн” гэсэн. Дээрхээс үзэхэд усны тэрэгний зогссон байрлал, А цэг хоёр парлел шугаманд харалдаа байсан тул үндэслэлтэй гэж үзсэн...гэх мэдүүлэг /1х, хх-212/,

- гэрч Ө.Очироогийн:...Замын цагдаагийн бүрэлдэхүүн жолооч Даваатай ярилцаж байгаад А цэгийг байршуулаад байсан. Замын хажуу талын шороон хэсэг дээр усны тэрэг байсан. Мөн хэргийн газрын хажуу талын айлын эмээ, түүний охин хоёр замын цагдаа нартай уулзаад байсан. Автобус зүүн талаараа хүүхдийг мөргөсөн гэсэн. Бензины банкны таг зүүн талдаа байдаг, банкны тагны орчим шороо нь арчигдсан байсан. Үүнийг замын цагдаа нар зургийг нь авсан, хавтаст хэргийн 17 дугаар хуудсанд 12 дугаартай зураг мөн байна. 2016 оны 05 сарын дундуур цахилгааны масс болоод камерны хард диск нь шатчихсан юмаа, тэгээд манай зүгээс “Улаанбаатар смарт” ХХК-тай ярьж байгаад хард дискийг авч явсан, ойролцоогоор 30-40 хард диск авч явсан. Тэр дунд нь Даваагийн автобусны хард диск байгаа, одоог хүртэл “Улаанбаатар смарт” ХХК-иас хард дискийг буцаан авчирч өгөөгүй байгаа, U money картны төхөөрөмж нь GPS-тэй юм, энэ төхөөрөмж камераас тусдаа өөр төхөөрөмж байгаа юм, нэг нэгнээсээ хамааралгүй...гэх мэдүүлэг /1х, хх-216-217/.

- иргэний хариуцагч Ц.Мөнхсайханы:...Тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байгаа, битүүмжлэхдээ журмын хашаанд хийсэн байгаа, уг тээврийн хэрэгслийг авах хүсэлтэй байна, шугам замын үйлчилгээнд нь гаргамаар байна. Хохирол төлбөрөөс төлөөгүй, шүүхийн шийдвэр гарч байж төлнө, наана нь бол өгөх боломжгүй...гэх мэдүүлэг /1х, хх-65-67/, 

- шүүгдэгч Н.Даваагийн:...2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 13 цаг 30 минутын үед “Эрдэм транс” ХХК-ийн эзэмшлийн ногоон өнгийн Хьюндай Аэро Сити-540 маркийн 05-25 УНМ улсын дугаартай автобусыг жолоодон Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг Зүүн салаа уруудаад улаан дэлгүүр, улаан худаг орох замд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр 40 орчим км/цагийн хурдтай явж байтал цонхоор хүүхэд гэнэт орилох чимээ сонсогдохоор нь жолооч талын толиндоо хартал зорчих хэсгийн зүүн талаас 10-15 орчим насны хоёр хүүхэд автобусын дунд хэсгээр гүйгээд ороод ирэхээр нь зайлуулан баруун гар тал руугаа дарахад автобус зорчих хэсгийн хашлага даваад зогссон. Тэгээд буугаад хартал замын голд хүүхэд хөлөө бариад уйлаад баруун хөлийн шилбэ хэсгээр хугарсан мах нь ил гарсан байдалтай харагдсан. Тэгтэл туслах замаас түргэн тусламжийн автомашин гараад ирэхээр нь дуудан үзүүлэхэд эмч автобусанд мөргүүлсэн 2 хүүхдийг хоёуланг нь населкан дээр суулгаад аваад явсан. Хөл нь хугарсан хүүхдийн хажууд нөгөө нэг хүүхэд нь бас уйлаад зогсож байсан. Зогсож байсан хүүхдийн нүүр шалбарчихсан байх шиг байсан. Сайн анзаарч хараагүй. Зүүн талаас хүүхэд гэнэт гүйгээд гараад ирэхийг хараад зайлуулж дараад тоормоз гишгэхэд автобус зорчих хэсгийн хашлага даваад зогссон. Автобусны гол хэсгээр хүүхэд мөргөсөн, би зайлуулж дарсан боловч зүүн хойд дугуй хүүхдийн хөлөн дээгүүр гарсан байсан. Хүүхэд мөргөсөн газрын шороо арчигдсан байсан..гэх мэдүүлэг /1х, хх-135-137/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Иймд шүүгдэгч Н.Давааг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Н.Давааг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, баримт тогтоогдоогүй тул шүүгдэгч нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнд холбогдох шинжээчийн дүгнэлт, гэрч, шинжээчийн мэдүүлэг зэргийг хууль ёсны гэж үзэх үндэслэлтэй.

            Насанд хүрээгүй хохирогч нарын хувьд замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн гэх боловч энэ нь шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй, харин ял шийтгэлийг хөнгөрүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлэхэд харгалзах нөхцөл байдалд хамааралтай болно. 

           

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохиролд мөрдөн байцаалтын шатанд  14.440.180 төгрөг /1х, хх-30-34, 2х, хх-47-67/, шүүхийн шатанд нэмж 231.334 төгрөг баримтаар нэмж нэхэмжилсэн, шүүгдэгч тал 700.000 төгрөг, даатгалын байгууллагаас 9.991.960 төгрөг, иргэний хариуцагч байгууллагаас 1.000.000 төгрөг нийт 11.691.960 төгрөг хохиролд төлөгдсөн байх ба шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч, түүний өмгөөлөгч нар нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэх зарим баримтыг хохирогчийн төлөөлөгчөөс тодруулснаар тооцоолол, саналын зөрүү үүсээгүй тул төлөгдөөгүй гэх хохирлын 2.979.560 төгрөгийг иргэний хариуцагчийн төлөөлөгч төлөхийг зөвшөөрсөн болно.     

            Хохирогчийн төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн боловч нотлох баримт байхгүй тул тус шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй, харин иргэний журмаар жич шийдвэрлүүлэх эрх нь нээлттэйг дурдах нь зүйтэй.   

            Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй зэрэг нь тус тус ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.   

            Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрх хасч,  баривчлах ял оногдуулав.  

            Тус хэрэгт “Эрдэм транс” ХХК-ийн эзэмшлийн Hyundai Aeri city-540 маркийн 05-25 УНM улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн 2016.07.19-ний өдрийн тогтоолыг /х-75/ хүчингүй болгохоор шийдвэрлэв.     

            Уг хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ясны 3 ширхэг эд эсийг хохирогчийн төлөөлөгчид,  Hyundai Aeri city-540 маркийн 05-25 УНM улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг “Эрдэм транс” ХХК-нд тус тус олгож, шүүгдэгч Н.Даваагийн ВCD ангиллын 002502 тоот жолооны үнэмлэх, D ангиллын №0026569 тоот мэргэшсэн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй байна.    

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 295, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:    

 

            1. Шүүгдэгч Н.Давааг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Даваагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Н.Даваад оногдуулсан 3 сар 5 хоног баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар иргэний  хариуцагч байгууллага “Эрдэм транс” ХХК-иас 2.979.554 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Уртнасанд олгосугай.    

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Уртнасан нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар иргэний хариуцагч нараас нэхэмжлэх эрхтэйг болон шүүгдэгч урьд цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.       

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар уг хэргийн эд мөрийн баримт болох ясны 3 ширхэг эд эсийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Уртнасанд олгосугай.     

          7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар “Эрдэм транс” ХХК-ийн эзэмшлийн Hyundai Aeri city-540 маркийн 05-25 УНM улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай  мөрдөн байцаагчийн 2016.07.19-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

          8. Шүүгдэгч Н.Даваагийн тус хэрэгт хураагдсан ВCD ангиллын 002502 тоот жолооны үнэмлэх, D ангиллын №0026569 тоот мэргэшсэн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Hyundai Aeri city-540 маркийн 05-25 УНM улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг “Эрдэм транс” ХХК-нд тус тус олгосугай.

          9. Шүүгдэгч Н.Давааг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тооцсугай.  

          10.Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

          11. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

          12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Даваад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.ГАНБААТАР