Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2020/ДШМ/032

 

 Э.Н, Д.М, Ж.Б,

С.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор В.Дэлгэрмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Доржготов, П.Адъяасүрэн

Шүүгдэгч Э.Н, Д.М, Ж.Б, С.Б

Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/46 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн 10 дугаар эсэргүүцэл болон шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Н, Д.М, Ж.Б, С.Б нарт холбогдох эрүүгийн 1814003880445 дугаар хэргийг 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  Э.Н, 1986 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй

Монгол Улсын иргэн,  Д.М, 1964 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1996 оны 01 дүгээр сарын 24-нд 1986 оны Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан ялыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тэнсэж байсан

Монгол Улсын иргэн,  Ж.Б, 1986 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй

Монгол Улсын иргэн,  С.Б, 1999 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийтийн удирдлага мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй

Ж.Б С.Б, Д.М, Э.Н нартай бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 02-ны едөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын Бага баян 3 дугаар багийн нутаг улсын тусгай хамгаалалттай газар болох Овоо шанд гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 117.491.52 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,       

Баянхонгор аймгийн прокурорын газраас Ж.Б С.Б, Д.М, Э.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч  Э.Н,  Д.М,  Ж.Б,  С.Б нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт ашиглалт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Э.Ныг нэг /01/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч  Д.М,  Ж.Б,  С.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жил зургаан /01 жил 06 сар/ сарын хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нт нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч Д.М, Ж.Б, С.Б нарт нэг жилийн / 01 / хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М, Ж.Б, С.Б нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М, Ж.Б, С.Б нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдаж, шүүгдэгч Э.Н, Д.М, Ж.Б, С.Б нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Ж.Б нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан Старекс маркийн 4979 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авч битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг авто машин буюу түүний үнэ нэг сая хоёр зуун мянган / 1.200.000 / төгрөгийг шүүгдэгч Э.Н, Д.М, Ж.Б, С.Б нараар хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улаан өнгийн цахилгаан үүсгүүр нэг ширхэг, гэмт хэргийн үед хэргийн газраас эд мөрийн баримтаар хураан авсан ногоон өнгийн цахилгаан үүсгүүр нэг ширхэг, дрилл нэг ширхэг, өрөм нэг ширхэг СД нэг ширхэг зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг цахилгаан үүсгүүр хоёр ширхэг, дрилл нэг ширхэг, өрөм нэг ширхэг зэргийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Шүүхийн тамгын газарт даалгаж СД-ийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хэргийг хадгалах хугацаа дуустал  хэрэгт хадгалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Э.Нын эзэмшлийн 32 инчийн зурагт нэг ширхэг, самсунг гар утас нэг ширхэг, шүүгдэгч Д.Мын эзэмшлийн цахилгаан зуух нэг ширхэг, самсунг НӨАТ гар утас нэг ширхэг, шүүгдэгч Ж.Бийн эзэмшлийн самсунг гар утас нэг ширхэг, 32 инчийн зурагт нэг ширхэг, шүүгдэгч С.Бийн эзэмшлийн гар утас нэг ширхэг зэргийг битүүмжилсэн хөргөгч нэг ширхэг зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг эд зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Э.Н, Д.М, Ж.Б, С.Б нарт тус тус буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт дөрвөн ширхэг шуудай бүхий чулууг тээрэмдүүлэн боловсруулж гаргасан 1.49 грамм шар өнгийн металлыг эд мөрийн баримтаар тооцсон Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчийн 2019 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг 1.49 грамм шар өнгийн металлыг Баянхонгор аймаг дахь Монгол банкны салбарт тушааж орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Э.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Прокурор В.Дэлгэрмаагийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаар эсэргүүцэлд:

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийн шаардлага хангаагүй буюу шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд шийдвэрлээгүй гэж үзэхээр байна.

Учир нь прокуророос шүүгдэгч нарыг Ж.Б, С.Б, Д.М, Э.Н нар нь бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын Бага баян 3 дугаар багийн нутаг улсын тусгай хамгаалалттай газар болох Овоо шанд гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 117.491.52 төгрөгийн хохирол учруулсан гэж хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн байхад шүүхээс шүүгдэгч нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэх заалтыг зөрчсөн байх тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн хэргийг хэргийн хүрээнд эцэслэн шийдвэрлээгүй гэж үзэхээр байна.

Иймд шүүгдэгч Ж.Б, С.Б, Д.М, Э.Н нарт холбогдох хэргийн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/46 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар Монгол улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгч Э.Н гаргасан давж заалдах гомдолдоо:  Э.Н миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие Эрүүгийн хуульд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, байгаль орчинд учирсан хохирлыг өөрийн сайн дураар нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх болон хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх шаардлагыг хангасан гэж үзэж байгаа тул миний хувийн байдал, гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал шалтгаан зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж өгөхийг хичээнгүйлэн хүсэж гомдол гаргаж байна. Миний бие давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцож санаачилсан зохион байгуулж удирдсан гэх дүгнэлтийн талаар дэлгэрэнгүй тайлбарах хүсэлтэй байгааг хүлээн авна уу гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн гаргасан давж заалдах гомдолдоо:

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/46 шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэсэнийг шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн би эс зөвшөөрч Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж байна. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэх тогтоол оногдуулахдаа хэрэглэвэл зохих хуулийг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийг баримтлаагүй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн 1814003880445 дугаар хэргийн шүүгдэгч Э.Н, Д.М, Ж.Б, С.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх ял шийттэл оногдуулахдаа хууль, шүүхийн өмнө иргэн бүр эрх тэгш байх Монгол Улсын Үндсэн хуулийн зарчмыг зөрчсөн байна. Эрүүгийн хуульд заасан хэм хэмжээний дагуу шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Э.Ныг энэхүү гэмт хэргийг санаачилсан гэж түүнд оногдуулах ял шийтгэлийг хүндрүүлж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж буруу хэрэглэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлд хүний санаа бодолд тохируулж хэрэглэх эсэх талаар заалт байхгүй тул шүүгдэгч Э.Нт хамтарч гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нартай адил түвшинд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэж байна. Шүүгдэгч Э.Н нь гэм буруугаа хүлээсэн, холбогдох гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлж барагдуулсан байхад анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хууль болох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж эрүүгийн хариуцлагыг хамтран гэмт хэрэг үйлдсэн хүмүүстэй адилхан ял шийтгэл оногдуулах нь нийгмийн шударга ёсонд нийцнэ.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/46 шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Э.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлд заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэжээ.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ; Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/46 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Доржготов тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Э.Нт оногдуулсан ялыг тэнсэн хянан харгалзаж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Э.Нт оногдуулсан ялыг тэнсэн хянан харгалзаж өгнө үү гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл шүүгдэгч Э.Н, Д.М, Ж.Б, С.Б нар нь бүлэглэн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын Бага баян 3 дугаар багийн нутаг улсын тусгай хамгаалалттай газар болох Овоо шанд гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 117.491.52 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримт хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан иргэний нэхэмжлэгч М.Баярмаа, гэрч Х.Ганчөдөр, С.Милтогоо, Х.Ванчигсүрэн нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 90 дугаартай албан бичиг /хх-ийн 10 дугаар тал/, хяналт шалгалтын ажлын тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-16, 34-37 дугаар тал/, Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3-р баг, Овоо шанд хэмээх газар эвдэрсэн газрын байгаль орчны хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 171-217 дугаар тал/, Энх нахиа ХХК-ийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 662 дугаар дүгнэлт /хх-ийн 234 дугаар тал/, шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэж шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлүүдээс шүүгдэгч нарын гэмт үйлдэлд аль тохирохыг сонгож гэм буруутайд тооцоогүй талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Мөн шүүгдэгч Э.Нын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэм хэмжээ, хувийн болон учруулсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх эрүүгийн хуулийн зорилгыг баримтлан шүүгдэгч Э.Нт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг хөнгөрүүлэн өөрчилж, бусад шүүгдэгч нарын адил Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр нэг жил зургаан сарын хугацаагаар тэнсэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

 зүйлийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/46 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн

1 дэх заалтад “Шүүгдэгч  Э.Н,  Д.М,  Ж.Б,  С.Б нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт ашиглалт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэснийг “Шүүгдэгч  Э.Н,  Д.М,  Ж.Б,  С.Б нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж

Шийтгэх тогтоолын 3, 5, 6, 7 дахь заалтуудад “...шүүгдэгч Э.Н...” гэж нэмж,

Шийтгэх тогтоолын 2, 4 дэх заалтуудыг бүхэлд нь хасч, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шийтгэх тогтоолын дугаарлалтыг 1-15 болгон өөрчилж, прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн 10 дугаар эсэргүүцэл, шүүгдэгч Э.Н, өмгөөлөгч П.Адъяасүрэн нарын гаргасан гомдлуудыг тус тус хүлээн авсугай.

2. Шүүгдэгч Э.Н нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр 17-ны өдөр хүртэл 51 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдож байгаа шүүгдэгч Э.Ныг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

Т.ДАВААСҮРЭН