Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 13

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл би иргэн Б.Б-ийн ОАХХҮГ-ын даргад холбогдуулан гаргасан “2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/11 тоот тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, Нийгмийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн тооцуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч ОАХХҮГ-ын дарга Х.Э нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ... 1. Нэхэмжлэгч Б.Б-ийн ОАХХҮГ-ын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/11 тоот тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 111 тоот тогтоолоор нэхэмжлэгчийг цагаатгаж шийдвэрлэснийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч, дээрх тушаалыг хүчингүй болгож, ажилд авах тушаал гаргахаар талууд харилцан тохиролцов.

2. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/11 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн авах тушаал гаргах болсон учир Б.Б нь уг асуудалтай холбоотой ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжлэхгүй, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлөх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, цаашид уг асуудлаар шүүх болон холбогдох байгууллагад хандахгүй байхыг хүлээн зөвшөөрч хариуцагчтай эвлэрч тохиролцов.

3. ОАХХҮГ-ын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/11 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн авах тушаал гаргахаар талууд эвлэрсэн тул Б.Б-ийн хуулийн дагуу хүүхэд асрах чөлөө олгох асуудлыг шийдвэрлэхээр талууд харилцан тохиролцов.

4. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарч захирамж хүчин төгөлдөр болсноор эвлэрлийн гэрээ байгуулсанд тооцно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь Орхон аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/11 тоот тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, Нийгмийн даатгалын шимтгэлийг тус тус нөхөн тооцуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан буулт хийж, сайн дурын үндсэн дээр эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч Б.Б, ОАХХҮГ-ын дарга Х.Э нарын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээр ...Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/11 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн авах тушаал гаргах болсон учир Б.Б нь уг асуудалтай холбоотой ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжлэхгүй, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлөх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, цаашид уг асуудлаар шүүх болон холбогдох байгууллагад хандахгүй байхыг хүлээн зөвшөөрч хариуцагчтай эвлэрч тохиролцов.

ОАХХҮГ-ын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/11 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн авах тушаал гаргахаар талууд эвлэрсэн тул Б.Б-ийн хуулийн дагуу хүүхэд асрах чөлөө олгох асуудлыг шийдвэрлэхээр талууд харилцан тохиролцов.

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарч захирамж хүчин төгөлдөр болсноор эвлэрлийн гэрээ байгуулсанд тооцно гэж эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыгудирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, 119/2017/0005/З/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд уг захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

ШҮҮГЧ                                    Д.САРАНГЭРЭЛ