| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 124/2026/0006/З |
| Дугаар | 221/МА2026/0403 |
| Огноо | 2026-06-11 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2026/0403
2026 06 11 221/МА2026/0403
“Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүн: Шүүгч Ц.Одмаа
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.О
Нэхэмжлэгч: “Ц” ХХК
Хариуцагч: Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Нэхэмжлэлийн шаардлага:
“Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай” 36 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Увс аймгийн Хяргас сумын нутагт “Ц” ХХК-ийн эзэмшиж буй МV-000000 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 507.3 га талбайтай давхцуулан усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоосон хэсгийг хүчингүй болгуулах”
Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 13 дугаар шийдвэр
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э
Хэргийн индекс: 124/2026/0006/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ц” ХХК-иас Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай” 36 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Увс аймгийн Хяргас сумын нутагт “Ц” ХХК-ийн эзэмшиж буй МV-000000 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 507.3 га талбайтай давхцуулан усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоосон хэсгийг хүчингүй болгуулах”-оор маргасан байна.
2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 13 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалт, 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх заалт, 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай” 36 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Увс аймгийн Хяргас сумын нутагт “Ц” ХХК-ийн эзэмшиж буй МV-000000 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлж, 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурван/ сарын хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй бол Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай” 36 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Увс аймгийн Хяргас сумын нутагт “Ц” ХХК-ийн эзэмшиж буй МV-000000 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах холбогдох хэсэг хүчингүй болохыг дурджээ.
3. Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс нараас шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 13-т “...Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.14-т хуулиар эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэн мөрдүүлэх” гэж зааснаас үзвэл хариуцагчийг эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь анхан шатны шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй.
Учир нь хэдийгээр хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд дээрх хуульд зааснаар тодорхой эрхийг олгосон байх боловч уг захиргааны хэргийн нөхцөл байдал, хэм хэмжээний актын агуулга, мөн Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 11.1.4-т “Энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох” гэж тус тус заасан хуулийн урьдач нөхцөл бүрдсэн тохиолдолд хэм хэмжээний актыг батлах, цаашлаад улсын бүртгэлд бүртгүүлэн, мөрдүүлэг бүрэн эрхээ хэрэгжүүлэх ёстой байдлыг харгалзан үзээгүй байна. Өөрөөр хэлбэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь усны хамгаалалтын бүс тогтоохтой холбоотой асуудлаар дээрх хуульд заасан хэм хэмжээний актыг батлан гаргаж мөрдүүлэх бүрэн эрхээ шууд хэрэгжүүлэх боломжгүй бөгөөд Усны тухай хуулийн дээрх зохицуулалтын дагуу зайлшгүй мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр байхад түүнийг зөрчиж маргаан бүхий захиргааны актыг батлан гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн нотлогдож байхад анхан шатны шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүйгээр хариуцагчийг бүрэн эрхээ хэтрүүлээгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.
3.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 17, 22, 23, 23.1-т “...нэхэмжлэгч талаас “...манай компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд усны сан бүхий газар байхгүй бөгөөд олон жилийн өмнө ширгэж хатсан, ус урсдаггүй, уст цэг байхгүй, “Цагаан түнгэ” нэртэй газар нь уулын хөндий буюу нам дор газар тул уулын цас хавар болоход хайлж урсан шар усны үер болж хувирдаг, байнгын урсацтай гол байхгүй болохыг бодит нөхцөл байдал дээр тогтоогоогүй” гэж, хариуцагч “тухайн Цагаан түнгэ орчим хавар, намар урсацтай байдаг гол” гэж маргаж байгаа үндэслэлийн хувьд шүүхээс тухайн нөхцөл байдлыг мэргэжлийн хүрээнд дахин тодруулах нь зүйтэй”, “...”Ц” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан “Марцын голын” усны сан бүхий газарт хамаарах эсэх талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг дахин гаргуулсны үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй”, “Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг дахин гаргуулахын зэрэгцээ 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 18/10 дугаар тогтоолд дурдсанчлан тусгай зөвшөөрөлтэй давхцал бүхий уст цэгээс бусад усны сан бүхий газарт онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоож, давхцалтай хэсэгт хамгаалалтын бүс тогтоохгүй байх боломжтой эсэх асуудлыг судлах, хэрэв хамгаалалтын бүстэй давхцалтай тохиолдолд цаашид үйл ажиллагаа явуулах хүсэлттэй бол хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, гарсан саналыг шийдвэрийн төсөлд тусгах зэргээр нэхэмжлэгчийн оролцоог шийдвэр гаргах ажиллагаанд хангах нь захиргааны байгууллага, албан тушаалтны хуулиар хүлээсэн үүрэг”, “...шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” зэргээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хэрэгт авагдсан баримтуудыг буруу үнэлж дүгнэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй.
Учир нь анхан шатны шүүхээс дээрх дүгнэлтийг хийхдээ хэрэгт авагдсан нэхэмжлэгч манай компанийн дараах нотлох баримтуудыг үнэлж дүгнээгүй байна. Үүнд:
баримтуудад манай компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд буюу “Цагаан түнгэ” гэх газарт гол байхгүй, үйл ажиллагаа явуулахад шаардагдах усыг манай компанийн зүгээс тухайн талбайдаа гүний худаг гаргуулан ашигладаг гэх зэрэг үйл баримтууд нотлогдож байгаа байдлыг үндэслэл болгоогүй, огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан.
Өөрөөр хэлбэл уг захиргааны хэрэгт авагдсан дээр дурдсан баримтууд болоод бусад баримтуудаар манай компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд Усны тухай хуульд заасан уст цэг буюу гол байхгүй гэх үйл баримт бүрэн нотлогдож байхад тэдгээр баримтуудад нэг бүрчлэн дүгнэлт хийгээгүй, түүнчлэн хариуцагчийн зүгээс бодит байдал дээр нь очиж шалгаж тогтоолгүйгээр маргаан бүхий захиргааны актыг батлан гаргаж, хамгаалалтын бүс тогтоосон болохоо шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн, мөн хэрэв манай талбай дээр хамгаалах шаардлага гэж үзсэн байнгын урсацтай гол нь байсан бол манай зүгээс 100 гаруй сая төгрөгийн зардал гарган байж, гүний худаг гаргуулан байж усаа ашиглах шаардлагагүй, шууд л голоос ус татан авч ашиглах боломжтой гэдэг нь хэнд ч ойлгомжтой асуудал байхад анхан шатны шүүхээс дээрх нотлох баримтууд болоод хэргийн бодит нөхцөл байдлыг үндэслэлтэй зөв дүгнэж чадаагүй байна.
3.3. Түүнчлэн дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл хууль зүйн хувьд маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, гэж заасан зарчмыг баримтлаагүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус заасныг зөрчсөн, цаашилбал Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “"усны сан бүхий газар" гэж нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг”, 3.1.35.“уст цэг” гэж энэ хуулийн 3.1.4, ... дахь заалтад заасан объектыг” гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулиар байгалийн дор дурдсан объектыг байгаль орчинд хортой нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанаас хамгаалж, байгаль орчны тэнцэл алдагдахаас сэргийлнэ”, 3/ус; 2.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно: 2/”ус” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэр дэх мөрөн, гол, горхи, булаг, шанд, рашаан, мөнх цас, мөс, мөсөн гол, байгалийн болон хиймэл нуур, цөөрөм зэрэг газрын гадаргын болон газрын доорхи ус хамаарна гэж тус тус заасантай нийцэхгүй, хууль зөрчсөн болох нь бүрэн тогтоогдож байхад анхан шатны шүүхээс өөр бусад компаниудын асуудалтай адилтган дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Тухайлбал, маргаан бүхий 6 дугаар тогтоолтой холбогдуулан Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон тус захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн доорх хэргүүд байгаа болно. Үүнд
| д/д | Нэхэмжлэгчийн нэр | Хариуцагчийн нэр | Маргаан бүхий захиргааны акт | Шүүхийн шийдвэрийн огноо дугаар, утга | Ялгагдах шинж | Тайлбар |
| 1 | “Х” ХХК | Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал | Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025.06.13-ны өдрийн 36 дугаар тогтоол | Анхан шатны шүүх захиргааны актын биелэлтийг 6 сараар түдгэлзүүлж, шинээр захиргааны акт гаргахыг даалгасан, Давж заалдах шатны шүүх 3 сараар түдгэлзүүлсэн | Голтой, ажлын хэсэг газар дээр нь очиж ажилласан | Хэрэг эцэслэн шийдэгдсэн |
| 2 | “Гг” ХХК | Анхан шатны шүүх захиргааны актын биелэлтийг 3 сараар түдгэлзүүлж, шинээр захиргааны акт гаргахыг даалгасан, | Голтой, ажлын хэсэг газар дээр нь очиж ажилласан | Давах гомдол гаргах хугацаа нь дуусаагүй | ||
| 3 | “Ц” ХХК | Анхан шатны шүүх захиргааны актын биелэлтийг 3 сараар түдгэлзүүлж, шинээр захиргааны акт гаргахыг даалгасан, | Усгүй, ажлын хэсэг газар дээр очиж ажиллаагүй | Усгүй гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар бүрэн нотлогдож байгаа |
Гэтэл анхан шатны шүүхээс манай компанийн хувьд бусад компаниудаас дээрх байдлаар ялгаатай байдлыг анхаарч үзэлгүйгээр, тэдгээр компанитай адилтган үзэж, яг ижил жишгээр ийнхүү шинээр захиргааны актыг хариуцагчаас гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэж байгаа нь мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”, 106.7-т “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж тус тус заасантай нийцэхгүй.
3.4. Манай компанийн хувьд хуулийн дагуу 2008 оноос хойш одоог хүртэл ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж, тухайн талбай дээрээ өнөөдрийн байдлаар 8 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байгаа бөгөөд энэ хугацаанд үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай бүх зөвшөөрөл, тайлан төлөвлөгөө, холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтүүд, орон нутагтай байгуулах гэрээ гэх мэт бүх бичиг баримтуудыг 100 хувь бүрдүүлэн ажиллаж ирсэн ба холбогдох мэргэжлийн хяналтын газар, улсын байцаагч, Байгаль орчны газруудаас хяналт шалгалтыг явуулахад бичиг баримтын бүрдэл онц сайн гэж үнэлэгдэж ирсэн.
Мөн үүний зэрэгцээ хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа бас нэг нөхцөл байдал бол манай компани анх 2008 онд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг ... гектар талбайтай, 4 өнцөгт хэлбэртэй байсан бөгөөд 2013 онд “Марцын булаг”-ийн хамгаалалтын бүстэй давхацсан гэх үндэслэлээр тэрхүү давхцалтай хэмжээгээр талбайг улсад буцаан хүлээлгэн өгч, талбайн хэмжээг багасаж, 5 өнцөгт хэлбэртэй болсон, улмаар 2013 ондоо ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 507.3 гектар талбайд авч, түүнээс хойш жил бүр аливаа хамгаалалтын бүстэй давхцалгүй талаарх лавлагааг авсны үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн.
Ашигт малтмалын тухай хуульд зааснаар аливаа хуулийн этгээдэд анх ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос эхлээд олгогдсон тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардагддаг, шалгадаг зүйл бол тухайн талбайд гол, ус байгаа эсэхийг шалгаж тогтоосны үндсэн дээр олгогдож, улмаар хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхийг эсэх дээр байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө, уулын ажлын төлөвлөгөө, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайлан, ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэл, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлт, газар болон ус ашиглах тухай гэрээ, газрын төлөв байдлын чанарын хянан баталгаа хийлгэх,ус ашиглах боломжит нөөцийн дүгнэлт, ус ашиглах зөвшөөрөл зэрэг маш олон бичиг баримтуудыг бүрдүүлж батлуулсны үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энд дурдсан бүхий бичиг баримтуудад байгаль орчинд сөрөг нөлөөтэй эсэх, тэр дундаа тухайн талбай дээр гол байгаа эсэх, хэрэв байгаа бол түүнийг хэрхэн хамгаалах, гол байхгүй бол усны хэрэгцээгээ хэрхэн хангах, түүнд олгох усны зөвшөөрөл, дүгнэлт зэргийг авдаг.
Тэгэхээр манай компанийн хувьд дээрх бүх бичиг баримтуудыг 100 хувь бүрдүүлэн ажилладаг ба эдгээр бүх баримтуудад манай талбай дээр гол байхгүй, хуурай сайр байдаг талаар бичигдсэн байдаг бөгөөд үйл ажиллагаа явуулахад шаардлагатай усны хэрэгцээг гүний худаг гаргах байдлаар хангах шаардлагатай талаар тусгасан байгаа болно.
3.5. Мөн дээрх баримтуудад манай тусгай зөвшөөрөл бүхий талбайд хавартаа шар усны үер бага зэрэг орж ирдэг талаар дурдаад тэр нь 7-10 хоног болоод шингэж алга болдог, жилийн бусад үед огт усгүй байдаг талаар мөн дурдагдсан байдаг ба үүнийг гол байдаг гэж ойлгож болохгүй, шар усны үер гэдэг бол байнгын урсгалгүй, хавар цагт түр зуурын хугацаанд уулын цас хайлж, тал газар руу урсаж орж ирэх үзэгдлийг хэлэх ба харин гол гэдэг бол газрын гүнээс эх ундаргатай, байнгын урсгалтай, ихэнх хэсэгт энэ хэвээрээ үргэлжилдэг байхыг ойлгох зүйтэй бөгөөд гэтэл анхан шатны шүүхээс энэхүү бодит нөхцөл байдлыг хэрэгт авагдсан баримт нэг бүрийг шинжлэн судалж, үндэслэлтэй, зөв дүгнэлт хийгээгүй байна.
3.6. Эдгээрээс үзэхэд хариуцагчийн зүгээс маргаан бүхий захиргааны актыг батлан гаргахдаа Усны тухай хуульд заасан ажиллагааг огт хийгээгүй буюу мэргэжлийн байгууллагын дүгнэлт байхгүй байхад манай компанийн талбайд эрх хэмжээгээ хэтрүүлэн хамгаалалтын бүс тогтоосон гэдэг нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсоны зэрэгцээ манай компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбай дээр Усны тухай хуульд заасан усан сан бүхий газар буюу гол байхгүй гэдэг үйл баримт мөн хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн нотлогдож байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх бүрэн боломжтой байсан бөгөөд хууль зүйн хувьд ч маргаан бүхий захиргааны акт нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох ёстой талаар хуульчилсан.
Гэтэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтаар манай талбай дээр гол урсдаг гэдгийг хэн ч нотлоогүй, голтой гэх хариуцагчийн хариу тайлбар бүрэн үгүйсгэгдэж байхад, голтой эсэхийг шалгаж тогтоо гэж хариуцагчид 3 сарын хугацаа олгох байдлаар шийдвэрлэж байгаа нь хэт нэг талыг барьсан, хуулийг зөрчсөн гэж үзэж байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч манай компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “Ц” ХХК Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай” 36 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Увс аймгийн Хяргас сумын нутагт “Ц” ХХК-ийн эзэмшиж буй МV-000000 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 507.3 га талбайтай давхцуулан усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоосон хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
3. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн “Хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай” 36 дугаар тогтоолоор Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.8, 48 дугаар зүйлийн 48.1, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/17 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан журмыг тус тус үндэслэн Увс аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг баталсан бөгөөд уг усны сан бүхий онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоосон газар нутагт нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай багтжээ.
3.1. Усны тухай хуулийн 3.1.3- “усны сав газар” гэж гадаргын ус хурах талбай болон газрын доорх усны нөөцийг бүрдүүлэх тэжээгдлийн муж, тархалтын талбайг хамарсан орон зайг”, 3.1.4."усны сан бүхий газар" гэж нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг;”, 3.1.9-д “онцгой болон энгийн хамгаалалтын бүс” гэдэгт усны сан бүхий газар, усны эх үүсвэр, рашааны ордыг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг;”, 3.1.35-д “уст цэг” гэж энэ хуулийн 3.1.4, 3.1.5, 3.1.6, 3.1.7, 3.1.8, 3.1.12, 3.1.13, 3.1.14, 3.1.15 дахь заалтад заасан объектыг” ойлгоно”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, гээд 11.1.4-т “Энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох;” гэж, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 3.1.3-т “усны сан бүхий газрын хамгаалалтын бүс” гэж Усны тухай хуулийн 31.3-т заасныг ойлгоно” гэж тус тус заасан.
3.2. Түүнчлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 35.1.14-т “хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэн мөрдүүлэх;” гэж заасан бөгөөд хариуцагч дээрх хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхдээ хот, суурины ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэх шаардлагатай.
3.3. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас маргаан бүхий тогтоолыг гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03/7393 дугаар албан бичгээр хүргүүлсэн Увс аймгийн Бөхмөрөн, Малчин, Өмнөговь, Сагил, Тариалан, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутаг дахь усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалтай нийт 19 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд газар дээр нь ажилласан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэсэн байх боловч уг Увс аймгийн усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн зураглал, үндэслэлийг хянан баталгаажуулсан шинжээчийн дүгнэлтэд нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн MV-000000 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай буюу Хяргас сумын Дэлгэрэх багт байрлах Марцын голын талаар аливаа дүгнэлт тусгагдаагүй байхад маргаан бүхий тогтоолын хавсралтад Хяргас сумын Марцын голын координатуудыг тусгасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” гэж заасантай нийцээгүй байна.
3.4. Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдаанд “...Барилга, хот байгуулалтын яамнаас 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 3/2661 дүгээр дүгнэлтийг гаргуулсан” гэж тайлбарлах боловч Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т “Энэ хуулийн 22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох;” гэж зааснаар хот, суурины ус хангамж, ариутгах татуургын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтгүйгээр, зөвхөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дүгнэлтийг үндэслэн маргаан бүхий тогтоолыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д “хуульд үндэслэх;” гэж заасантай нийцээгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
3.5. Өөрөөр хэлбэл, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлд дүгнэлт гаргах байгууллагыг тодорхой нэрлэн заасан бөгөөд нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл бүхий талбайг усны сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүсийн хилийн заагийг тогтоох дүгнэлт гаргах эрх Барилга, хот байгуулалтын яаманд хуулиар олгогдоогүй байна.
3.6. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд “...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 01/2814 дүгээр албан бичгээр дүгнэлт ирүүлсэн байх тул эрх бүхий байгууллагаас дүгнэлт ирсэн ... анхны 2019 оны 05 дугаар сарын 28 дугаар “Хамгаалалтын бүс тогтоох тухай” 9/01 дүгээр тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгээгүй бөгөөд үүнийг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 18/10 дугаар тогтоолоор хүчингүй болгосноос хойш өөр дүгнэлт гаргуулаагүй” гэж тайлбарласнаас үзвэл хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан эрхээ хэрэгжүүлэхдээ Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т заасан аливаа төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтгүйгээр маргаан бүхий 36 дугаар тогтоолыг гаргасан нь үндэслэлгүй байна.
3.7. Өөрөөр хэлбэл, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “усны сан бүхий газар” гэж нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг ойлгоно” гээд 22 дугаар зүйлийн 22.1-д “Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно”, 22.4-т “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно”, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 2.1-д “Усны эх, ундарга, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, хүн амыг үер усны аюулаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт хамгаалалтын бүс тогтооно” гэж тус тус зааснаас үзэхэд нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбайд усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор хамгаалалтын бүс тогтоох зорилготой.
3.8. Гэтэл маргааны энэ тохиолдолд нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд аливаа байдлаар урсацтай гол байдаг эсэх үйл баримт тодорхойгүй байхад хариуцагчаас уг нөхцөл байдлыг нягтлан шалгалгүйгээр хамгаалалтын бүс тогтоож байгаа нь бодит нөхцөлд тохироогүй байна.
3.9. Түүнчлэн нэхэмжлэгч талаас анхан шатны шүүх хуралдаанд “.... Цагаан түнгэ нэртэй газар нь уулын хөндий буюу нам доор газарт ордог тул энэ газарт уулын цас хавар болоход хайлж урсан шар усны үер болдог. Шар усны үер гэдэг бол цаснаас гардаг ус болохоос гол биш. Уулын цас ялангуяа 4-5 дугаар сард, сарын хооронд хайлж ердөө 4-14 хоногийн дотор нам дор газар луу задгайрч урсаад одоо гардаг” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...Усны тухай хуулийн 17 дуугаар зүйлийн 17.1.4 дэх хэсэгт зааснаар жил бүр усны тоо бүртгэл зохион байгуулалдаг ба энэ тоо бүртгэлд Марцын гол нь жил бүр тоологддог байнгын урсацтай бөгөөд ган хуурайшилт ихтэй, зуны улиралд адаг хэсгээр түр горимын урсацтай байдаг, Марцын гол нь Хангайн нурууны салбар уулс Тогтохын шилийн салбар уулсаас эх авч урсдаг, Өмнө бэл булгийн гол, Хойд бэл булгийн гол, Баян гол, Шавартын гол, Могойтын горхиноос тэжээгдэн Бор бургасны дэнж орчмоос Марцын гол гэж нэрлэгдэн урссаар Зүүнговь сумын Хар бураагийн голд цутгадаг, голын дундаж өнгөрөлт 0.14 м3/сек, Хяргас сумын Хангай, Бугат багийн 60 гаруй өрхийн унд, ахуй болон 20 гаруй мянган малын усалгаанд ашигладаг” гэж тус тус тайлбарладаг бөгөөд хэрэгт авагдсан Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289 дүгээр тогтоолуудаар батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эхтэй давхцалгүй, ойн сантай давхцалгүй, усны сан бүхий газрын хамгаалалтын бүстэй давхцалгүй, улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй, Орон нутгийн усны энгийн болон онцгой хамгаалалтын бүстэй давхцалгүй талаарх 2013 оны 06 дугаар сарын 05, 2014 оны 04 дүгээр сарын 07, 2015 оны 10 дугаар сарын 07, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн лавлагаануудад[1] нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд түр урсацтай гол байдаг талаар тэмдэглэгдсэн байгаагаас дүгнэн үзэхэд Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд устай эсэх талаар нөхцөл байдлыг дахин судлах буюу тусгай зөвшөөрөлтэй давхцал бүхий усны сан бүхий газарт онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоож, давхцалтай хэсэгт хамгаалалтын бүс тогтоохгүй байх боломжтой эсэх асуудлыг судлах, хэрэв хамгаалалтын бүстэй давхцалтай тохиолдолд нөхөн олговрыг хэрхэн шийдвэрлэх талаар дахин шинэ акт гаргах нь зүйтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
3.10. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “байгаль орчны төлөв байдлын үнэлгээ” гэж аливаа төслийн техник, эдийн засгийн төлөвлөлтийн баримт бичиг, зураг төсөл, улсын болон бүс нутаг, салбарын хэмжээнд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах явцад тэдгээрийг хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлыг судлан тогтоож цаашид төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, бодлого боловсруулахад анхаарах байгалийн нөхцөл, орчны онцлогийг тодорхойлохыг;” ойлгоно гээд 8 дугаар зүйлийн 8.4-т “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд дараах асуудлыг тусгана:”, 8.4.1-т “төсөл хэрэгжих орчны байгаль орчны төлөв байдал;” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 58 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журмын 2.3.1-д “2.3.1.байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлтээр байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлага тавигдсан тохиолдолд төсөл хэрэгжүүлэгч нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу эрх авсан ашиг сонирхлын зөрчилгүй этгээдээр байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг гүйцэтгүүлнэ”, 2.3.5-д “анхдагч болон хоёрдогч мэдээллийн эх үүсвэрт тулгуурласан тоон болон чанарын байгаль орчин, нийгмийн судалгааны үр дүн, загварчлал, тооцооллуудын эх хувийг үнэлгээ хийсэн эрх бүхий этгээд өөрийн мэдээллийн санд хадгалах бөгөөд эдгээр мэдээллүүдийг үнэлгээний тайлангийн хавсралтад тусгаж үнэлгээний Мэргэжлийн зөвлөлийн хуралд танилцуулна;”, 2.3.6-д “байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхэд уг тайланг боловсруулсан аж ахуйн нэгжийн удирдлага, мэргэжилтнүүд (нийгэм, ус, хөрс, ургамал, амьтан, уур амьсгал, орчны бохирдлын асуудал хариуцсан мэргэжилтэн), төсөл хэрэгжүүлэгч байгууллагын удирдлагыг заавал оролцуулна;” гэж тус тус заасан.
3.11. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ерөнхий шинжээчийн баталсан “Ц” ХХК-ийн 2013 оны “Цагаан түн”, “Таригийн сайр” нэртэй алтны шороон ордыг ил уурхайн аргаар ашиглах төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд гадаргын болон газар доорх усны талаар “...Төсөл хэрэгжих орчин нь газар зүйн байршлаараа Их нууруудын хотгорт оршиж, ус зүйн хувьд төв Азийн гадагш урсацгүй ай савд багтана ... Цагаан түнгийн ойр орчмын сайрууд нь зүүн хойноос баруун урагш чиглэсэн, уртаараа 20 км орчим үргэлжилнэ. Өргөнөөр төдийлөн их биш буюу 20-80 метр боловч хөндий талдаа задгайрч гадаргын үерийн усны урсацыг буй болгоно. Аман судалгаагаар тухайн бүс нутагт өвөлдөө цас их унадаг, хүчтэй үер болж байгаагүй. Цагаан түнгийн орд байрлах сайрт 1 хуучин гар худаг байдаг. Ордыг ашиглах ундны болон үйлдвэрлэлийн усан хангамжийг Ар хөндийн сайрт байрлах өрөмдмөл худаг болон шинээр гидрогеологийн цооног өрөмдөх замаар шийдвэрлэх боломжтой .... Цагаан түнгийн орд нь уулархаг газар нутагт орших тул сав газрын гадаргын усны сүлжээний нягтшил харьцангуй их, хаврын шар ус, зуны хур борооны үерийн үед түр урсац, усны болоод уруйн үер үүсэх хуурай сайр, гуу жалга олонтой ... хуурай сайрууд хур тунадас ихтэй үед түр урсац бүхий үер үүсгэнэ ... усан хангамжийн эх үүсвэр худаг” гэж тусгагдсан.
3.12. Мөн Байгаль орчин, ур амьсгалын өөрчлөлтийн яамны Ерөнхий шинжээчийн баталсан 2025 оны “Цагаан түн”, “Таригийн сайр” нэртэй алтны шороон ордыг ил уурхайн аргаар ашиглах төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд гадаргуугийн усны талаар “...хайгуулын талбайн ар хэсгээр Цагаан түнгийн сайр байдгаас бүгд хуурай голдиролтой ба гадаргуугийн усан сүлжээ гэж тус талбайд байхгүй. Бороо ус ихтэй жил түр зуурын усны урсгал болдог. Усан хангамжийн эх үүсвэр нь худаг юм” гэж тус тус тусгагдсан бөгөөд нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрөл бүхий талбайд төслийн технологийн усны хэрэгцээг хангахаар хоёр худаг гаргуулж, усны ашиглах боломжит нөөцийн дүгнэлт гаргуулсан байгаагаас дүгнэн үзэхэд тусгай зөвшөөрөл бүхий талбайд усны сав газар байдаг эсэх талаарх нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай байна.
3.13. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас тусгай зөвшөөрөлтэй давхцал бүхий уст цэгээс бусад усны сан бүхий газарт онцгой болон энгийн хамгаалалтын бүс тогтоож, давхцалтай хэсэгт хамгаалалтын бүс тогтоохгүй байх боломжтой эсэх асуудлыг судлах, хэрэв боломжгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдэд үүсэх хохирлыг хэрхэн шийдвэрлэх талаар судалж, энэ талаар хэлэлцүүлэг зохион байгуулж шинэ акт гаргах замаар шийдвэрлэх боломжтой, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
3.14. Харин анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай гэж маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн нь хуульд нийцсэн боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “...маргаан бүхий 36 дугаар тогтоолтой холбоотой “Х” ХХК, “Г” ХХК-иудын нэхэмжлэлтэй захиргааны хэрэг шийдвэрлэгдсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Хамгаалалтын бүсийн эргэлтийн цэгийг тогтоох тухай” 36 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн, гэтэл анхан шатны шүүх “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шийдвэрлэхдээ дээрх компаниудаас ялгаатай байдлыг анхаарч үзэлгүйгээр, тэдгээр компанитай адилтган үзэж, яг ижил жишгээр ийнхүү шинээр захиргааны актыг хариуцагчаас гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй ... бид нийт 10 тэрбум гаруй төгрөгийн зардал гаргасан, үйл ажиллагаагаа тогтмол явуулахыг хүсэж байна” гэсэн тайлбарын дагуу процессын нэгдмэл байх, хэмнэлттэй байх, хэргийн оролцогчид эрх зүйн үр нөлөөтэй хамгаалалтыг түргэн шуурхай үзүүлэх зарчмыг хангах зорилгоор дээрх хуулийн этгээдүүдийн нөхцөл байдлыг хамтатган шийдвэрлэх боломжтой байх тул дахин шинэ акт гаргах хугацааг 1 сар болгож өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 13 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 болон 2 дахь заалтын “3 /гурван/ сарын” гэснийг “1 /нэг/ сарын” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 26, 28, 30, 32 дугаар талууд