Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 142/шш2020/00274

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.У-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.Д-д холбогдох

хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.У-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.У- шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.У- нь 2010 онд Э.Д-той танилцаад улмаар хамтран амьдарсан. Бидний дундаас 2014 онд хүү Д.Г-төрсөн. Сүүлдээ бид таарч тохирохгүй, байнгын хэрүүл маргаантай байсан тул цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Иймд хүү Д.Г-ад эцэг болох Э.Д-оос тэтгэмж, тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Э.Д- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.У-ийн гаргасан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Мөн хүү Д.Г-ыг эхийнх нь асрамжинд үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие Замын-Үүд суманд ажиллаж амьдардаг тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.У- нь хариуцагч Э.Д-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

Хариуцагч Э.Д-д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Б.У-, хариуцагч Э.Д- нар нь 2010 онд танилцаж, хамтран амьдарч тэдний дундаас 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүү Д.Г-төрж, хүү төрсөн цагаасаа эхлэн эх Э.Д-ын асрамжид байгаа, Б.У-, Э.Д- нар нь таарч тохирохгүй болсны улмаас тусдаа амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн ФА14311511 тоот регистртэй 6101002218 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү Д.Г-нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх ба хариуцагч Э:Д-оос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хүү Д.Г-ыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32529 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э.Д-оос улсын тэмдэгтийн хураамж 32529 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүү Б овогт Д-ын Г-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг Б овогт Э-ын Д-оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.У-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 32529 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Д-оос улсын тэмдэгтийн хураамж 32529 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.У-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ