Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0175

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0184/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөнцэцэг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Атарбямба,  
Хохирогч *** , 
        Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *** нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000468 дугаартай эрүүгийн хэргийг 2014 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 
1. Монгол Улсын иргэн, *** төрсөн, *** настай, ***, бүрэн бус дунд боловсролтой, *** тоотод оршин суух, *** ял шийтгэлгүй.  
2.Монгол Улсын иргэн, *** төрсөн, ***  настай, *** бүрэн дунд боловсролтой, ***  тоотод оршин суух, “*** улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,  

Шүүгдэгч ***, *** нар бүлэглэн, согтуугаар 2014 оны 5 дугаар сарын 22-ноос 23-ны шөнө 00 цаг 30 минутын орчим Дархан-Уул аймийнг Дархан сумын 6 дугаар баг Тээвэрчдийн гудамжинд нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, иргэн ***ыг илтэд үл хүндэтгэн зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч Б***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 5 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө Шаравдорж, Төгөлдөрхуур бид *** дэлгүүр рүү пивонд явсан. Буцаад ирэх замдаа ногоон зоорийн тэнд хохирогч *** эхнэртэйгээ явж байхад нь таарсан. Нөхөр нь согтуу байсан би сигналдаад өнгөрсөн чинь араас орилсон. Би чигээрээ дээшээ явж манай толгой дээр *** г байна уу гэж харахаар очсон. Би араас нь яваад очиход

D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Hishigcuren Sharawdorj 181.2.1 181.2.5.docx
хохирогч *** *** руу банз далайгаад зогсож байсан. Тэгэхээр нь хамгаалаад, намайг цохих гэхээр нь бултаж хоёр удаа унагасан. Хохирол төлбөрт Г.Шаравдорж бид хоёр 100.000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг,

-Шүүгдэгч *** ийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “*** ах бид хоёр дэлгүүр орчихоод ***  ахынд очиход *** 3 пиво тойруулж байсан. *** ах бид хоёр доошоо явчихаад ирье гээд Төгөлдөрхуур ахын машиныг аваад доошоо явахдаа би барьж яваад, буцаж ирэхдээ *** ах барьсан. Ногоон зоорийн дэнжийн дэлгүүрийн тэнд явж байхад ***ах эхнэртэйгээ цуг алхаад явж байсан. Хажуугаар нь зөрөхдөө *** ахыг дээшээ болчих гэж хэлэхийг *** ах сонсоогүй. *** ах Азаа байна уу үзчихээд ирье гээд явсан, тэгээд надруу банз далайхаар нь би бултсан. Эхнэр нь айлын хаалга тогшоод байсан, бид хоёр тэгээд буцаад явсан. Бид буруу зүйл хийсэндээ гэмшиж байгаа.” гэх мэдүүлэг, 

-Хохирогч *** ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн өдөр манай эхнэрийн найзын төрсөн өдөр болсон. Тосгонд гэрт нь очиж төрсөн өдрийг нь тэмдэглэхдээ 3-4 шил пиво уусан. Орой таксидаад 18-ын буудал дээр буучихаад дээшээ харих гээд алхаж явсан. Ногоон зоорийн дээд талын ногоон дэлгүүрийн тэнд явж байхад нэг машин араас гэрлээ нилээн удаан тусгаад явж байгаад яг хажууд ирснээ машины зөв талын цонх онгойж чамайг ална барина гэх хараалын үг хэлсэн. 
….дээшээ явж байтал өндөр нам хоёр хүн гүйгээд ирэхээр нь хутга, шөвөг элдэв юм барьсан байж магадгүй гэж айж сандрахдаа тохой хэртэй хашааны банз сугалж авсан. Тэгээд далайгаад цохих гэтэл цохиж чадаагүй. Энэ хоёр бултсан. Тэгээд нэг нь намайг унагаасан. Унагаагаад ерөөсөө толгой түрүү, нуруу бөөр гээд зай завсаргүй өшиглөчихсөн.  Тухайн үед би доошоо сөхрөөд уначихсан байсан. Гэгээ оронгуут харахад намайг тойроод баахан гутлын мөр байсныг утсан дээрээ зургийг нь дарж авсан байгаа. Тэрийг энэ хоёр таавчик гэж үгүйсгээд байгаа. Манай эхнэр сандарч хойд талын айлын хашааны хаалгыг нүдсэн. Хэсэг хугацааны дараа тэр айлын гаднах гэрэл нь ассан чинь энэ хоёр гүйгээд явчихсан. Тэгээд би цагдаа дуудаад дараа нь эмнэлэг дээр очсон. Би эмчилгээ хийлгээгүй, Би цаашдаа толгой тархиа үзүүлмээр байна. Үе үе толгой өвдөөд байгаа.” гэх мэдүүлэг, 
                                            
-Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр манай найз *** ийн төрсөн өдөр болоод бид 2 гэрт очсон юм. 23 цаг 30 минутын үед найз охиныхоо тосгонд байдаг гэрээс гараад таксинд суугаад 18 буудал дээр буугаад Тээвэрчидийн гудамжинд байх гэр лүүгээ нөхөртэйгээ алхаад Тээвэрчидийн 3 дугаар гудамжинд явж байхад ардаас саарал өнгийн жижиг машин хурдаа удаашруулж ирээд дуут дохио өгсөн. Манай нөхөр эргээд хараад зогстол машиныхаа арын цонхоо онгойлгоод хэн хэлсэн мэдэхгүй машин дотроос ална шүү пизда минь гэж хашгираад нөгөө машин дээшээ чигээрээ яваад зүүн гар тийш эргээд айлын хашаа руу орсон. Тэр зүгрүү харсан чинь хашааны ар талаар хүн давж байгаа харагдсан. Тэгтэл ална шүү гээд бид 2-г чиглээд 2 хүн гүйгээд ирсэн. Манай нөхөр айлын хашааны банзыг хугалаад тохой хиртэй аваад цохих гэтэл 1 залуу бултаад 1 залуу нөхрийг унагаад хоёулаа толгой нуруу руу нь өшиглөөд зодсон. Би тэр үед цагдаа дуудна гээд айлын хаалга цохиод ааваа, ахаа гээд худлаа дуудсан чинь нөгөө 2 хүний 1 нь наадах чинь танайх байж харагдаач гээд байсан. Тэгтэл айлын гаднах гэрэл астал нөгөө 2 хүн зугатаад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 16 дахь тал/ 

-Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэртээ байшингаа янзалж дуусчихаад хамт ажил хийж өгсөн 2 залууд Гурван баавгайт гэдэг том савтай пиво авч өгөөд аягалж өгөөд байж байтал 21 цагийн үед *** 2 манай хашаанд орж ирсэн. Тэгээд машинд суухаар ***д пиво аягалж өгөхөд уусан. Нөгөө 2 ажил хийж өгсөн хүн маань жижиг цайны аягаар нэг, нэг уучихаад яваад өгсөн. Үлдсэн пивийг ***  ууж дуусгасан. ***д 2000 төгрөг байсан. *** ийн утсыг тавиад дэлгүүрээс пиво авна гээд намайг яваад өгөөч гэхээр нь дэлгүүр явсан. Дэлгүүрээс гурван баавгайт нэртэй пиво авсан буцахдаа ***н юу ч хэлээгүй би барилаа гээд миний машиныг бариад явж байхад урд эрэгтэй, эмэгтэй хүмүүс Тээвэрчидийн гудамжинд алхаад явж байсан чинь машины дуут дохио дараад тэр 2 хүнийг ална шүү пизда минь гэж хашгираад, машин дотор *** харагдаагүй хүн байна, ямар дургүй хүргэсэн 
юм бэ? гэж хэлсэн. Тэр 2 хүний хажуугаар гараад манай хашаанд ороод ***2 хашаа даваад явахаар нь зодох гэж байна гэж бодоод боль гээд хэлсэн чинь тоохгүй  хашаа даваад яваад өгсөн. Нөхөр нь жаахан согтуу юм шиг харагдсан, эхнэр нь нөхрийнхөө зүүн гар талд сугадсан явж байсан. Замын хажуугаар алхаад явж байсан. Замын хөдөлгөөнд саад учруулсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 18 дахь тал/

“***ын биед баруун нүдний зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал, эрүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 601 дугаартай  дүгнэлт /хэргийн 25 дахь тал/

    -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 48-49 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ***, *** нар нь бүлэглэн, 2014 оны 05 дугаар сарын 22-ноос 23-ны шөнө 00 цаг 30 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр болох Тээвэрчдийн гудамжинд нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн ***ыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

    Иймд шүүгдэгч ***, *** нарыг бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
    
    Шүүхийн шатанд шүүгдэгч ***, *** нар нь хохирогч ***т 100.000 төгрөгийг төлсөн, хохирогч О.Ууганбаяр нь “эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.
    Харин хохирогч *** нь эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

    Шүүгдэгч ***, *** нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 48-49 дэх тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

    Шүүгдэгч ***, *** нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийн талаар хохирогч ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй байхад сайн дураар 100000 төгрөг хохирогчид өгсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, тэдэнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.
    
Шүүгдэгч ***, *** нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч ***нарыг бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
    
    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар шүүгдэгч *** д 3 жил 2 сар /гурван жил хоёр сар/, ***д 3 жил 1 сар /гурван жил нэг сар/ хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 3 жил 2 сар хорих ял, ***ид оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

    4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч ***, *** нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн тухай хуулийн 291 дүгээр зүйлийн 291.3-д заасныг баримтлан хохирогч ***нь эмчилгээ сувилгаа хийлгэсэнтэй холбоотой гарах зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.   

    6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар Б.Хишигсүрэнд оногдуулсан 3 жил 2 сар хорих ял, Г.Шаравдоржид оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, тус бүр 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/-ийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

    7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ***, *** нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***, *** нарт мэдэгдсүгэй.

    8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

    9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***, *** нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Я.ТУУЛ