Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0176

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0179/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Бадам,
Хохирогч *** н, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***кт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201409000520 дугаартай хэргийг 2014 оны 8 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** өдөр төрсөн, *** настай, *** дээд боловсролтой***задгайд оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй

Шүүгдэгч *** нь 2014 оны 6 дугаар сарын 14-ний орой 23 цагийн үед Дархан сумын 16 дугаар баг 19 дүгээр байрны орчим иргэн ***г найз охинтойгоо хардаж, маргалдсаны улмаас зодож, бие махбодод нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд дурьдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 6 дугаар сарын 14- ний өдөр би найз охин, ангийнхаа охин, манай ангийн охины нөхөр *** гэж залуутай 4-үүлээ 22 цагийн үед Queen баранд ороод 23 цагийн орчим гарсан. Queen-д байхад ***ийн найз ***  гэх залуу манай найз охиныг өдөж хоргоогоод байсан. Би байдал нэг л биш болох нь дээ гээд жоохон айсхийгээд харъя гэж бодоод 23 цагийн орчимд барнаас 4-үүлээ гарсан. Манай ангийн охин нөхөртэйгөө цуг яваад өгсөн. Би найз охинтойгоо Баян-Идэр худалдааны төвийн урд явж байхад хойноос *** 

D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Joldbek 99.1.doc
хоёр ирсэн*** нь манай найз охиныг өдөж хоргоогоод явуулахгүй байсан. Надруу зодох гэж дайрсан уу цохих шиг болохоор нь би айгаад Үйлчилгээний төврүү зугатаасан. Тэгсэн манай 3 найз таарахаар нь манай найз охиныг тэнд хоёр банди өдөж хоргоогоод явуулахгүй байна гэхэд манай найзууд тийшээ гүйсэн. Би ч хамт гүйсэн. Батчулуун, Даваацэрэн хоёр намайг, манай найзуудыг харчихаад хоёр тийшээ салаад зугатаасан. ***г хаашаа зугатаасныг мэдээгүй, ***г хараагийн голруу гүйхийг нь хараад хойноос нь очиж зодсон. Тэгээд гэмтэж бэртсэнийг нь мэдээгүй яваад өгсөн. Хохирогчид нийт 1.470.000 төгрөгийн хохирол төлсөн.” гэх мэдүүлэг,

-Хохирогч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Надад одоо ямар нэгэн гомдол байхгүй, эмчилгээний мөнгөө авсан. 1.470.000 төгрөгийг цаашд гарах эмчилгээндээ зарцуулах зорилгоор авсан. Эвлэрэн хэлэлцэхэд ямар нэгэн гомдол, санал, хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг,

-Гэрч ***ы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...баарнаас гараад би нөгөө охин дээр очиход найз залуу нь гэх залуу “наад охин чинь манай найз охин” гэхээр нь найз охиныхоо дугаарыг өгчих” гэсэн чинь нөгөө залуу “чадахгүй” гэхээр нь бид хоёр жаахан маргалдсан. 
...тэгж байтал өөрөө над руу ***  залгаад “хуучин хороололын 20 дугаар байрны урдуур явж байна, чи хаана байна. Намайг нөгөө эмэгтэйгийн найз залуу нь нүд рүү өшиглөчихлөө” гэж ярихаар нь очиж уулзсан. Намайг ***тэй очиж уулзах үед зүүн нүдээ дарчихсан явж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 11 дэх тал/,
-Гэрч ***ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...тэр бааранд би бүжиглэж байсан чинь нэг өндөр залуу надтай тулж ирж бүжиглээд, урдуур хойгуур яваад байхаар нь манай найз залуу *** уурлахаар нь ширээн дээрээ суусан.
...тэгээд би найз залуутайгаа *** худалдааны төвийн наана явж байсан чинь нөгөө өндөр залуу найзтайгаа гарч ирээд “хоёулаа танилцъя, дугаараа өгчих” гэсэн. Тэгэхээр нь би “юу яриад байнаа, би найз залуутайгаа явж байна” гэхэд “наад залуу чинь чиний найз залуу мөн юм уу?” гээд манай найзтай маргалдсан. Тэгтэл тэр өндөр залуутай хамт явсан намхан залуу нь манай найз залууг түлхсэн чинь манай найз залуу тэр залуу руу дайрах гэхээр нь би найз залуугийнхаа гарнаас нь бариад болиулсан. 
...манай найз залуу араас нь найзуудынхаа хамтаар хөөгөөд гүйсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 12 дахь тал/,
-Гэрч *** ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...бид гурвыг яваад очиход нэг банди хуучин хороололын 20 дугаар байрны тийшээ зугтаагаад гүйсэн юм.
... ***  гүйж очоод цээж, гэдэс рүү нь тус бүр нэг удаа цохиж байгаа харагдсан.” гэх мэдүүлэг /хэргийн 13 дахь тал/,
-Гэрч *** ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...ямар ч байсан ***тэй гүйгээд очиход *** тухайн *** гэх залуугийн хаана нь юм мэдэхгүй гараараа нэг удаа цохиж байгаа нь харагдсан. Тэгээд л түүнийг боль боль гээд салгаад аваад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 14 дэх тал/,
-“***сийн биед зүүн нүдний алимны доргилт, хүүхэн харааны өргөсөл, зулай, баруун тохой, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон түүнээс олон удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн нүд рүү өшиглөх үед дээрх нүдний гэмтэл үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 737 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 16 дахь тал/,
-Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хэргийн 20-21 дэх тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 37 дахь тал/
-Хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хэргийн 43-46 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь 2014 оны 6 дугаар сарын 14-ний орой 23 цагийн үед Дархан сумын 16 дугаар баг 19 дүгээр байрны орчим иргэн ***г найз охинтойгоо хардаж, маргалдсаны улмаас зодож, бие махбодод нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг  зүйлчилсэн  хуулийн  зүйл, хэсэг зөв байна.

    Иймд шүүгдэгч ***ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч *** нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 37 дахь тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хохирогч *** нь гэмт хэргийн улмаас хохирч, эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой 265500 төгрөгийн нотлох баримт ирүүлсэн боловч шүүгдэгч *** нь хохирогчийн нэхэмжилсэний дагуу 1450000 төгрөг төлсөн байх тул гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн гэж үзнэ.
    Хохирогч *** нь “цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй, сайн дураараа эвлэрч байна” гэсэн тайлбар шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж байх бөгөөд шүүгдэгч *** нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т заасныг баримтлан ***т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, ***ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

    Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэснийг дурьдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1.Шүүгдэгч ***г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч ***т холбогдох 201409000520 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, ***ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

    3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т заасныг баримтлан *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

    4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т батлан даалтад өгөхөөр  авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

    5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

    6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т батлан даалтад өгөхөөр  авсан таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Я.ТУУЛ