| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2014/0177/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0178 |
| Огноо | 2014-08-05 |
| Зүйл хэсэг | 215.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0177/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,
Иргэний нэхэмжлэгч *** ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн 201409000508 дугаартай эрүүгийн хэргийг 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** ны өдөр төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***, нөхөр *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй
Шүүгдэгч *** нь 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Малын удмын сангийн харалдаа зам дээр *** улсын дугаартай пронтер маркын автомашиныг жолоодож явахдаа *** ийн жолоодож явсан *** улсын дугаартай Хино маркын автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргаж, иргэн *** ийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч *** с шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би машин бариад нэг жил болж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 3.705.000 төгрөг төлсөн. Үйлдсэн хэргээ ухаарч ойлгож байна.” гэх мэдүүлэг,
-Иргэний нэхэмжлэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос Эрдэнэд орох замд Цайдамаас өглөөний цай
D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Battogtoh 215.1.doc
уучихаад явж байхад 8 цагийн орчимд портер машин хажуугаас орж ирээд нэг мөргөөд, ахиж толгой нь орж ирээд миний хажуунаас мөргөсөн. Тэгээд би замаас гарч зогссон. Тэгээд эмнэлэг дуудаж, Дарханы эмнэлэгт ирээд улмаар Улаанбаатар хот орж, Гэмтлийн эмнэлэгт дөрөв хоног хэвтсэн. Тэгээд “Гранд Мед” эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээд гурав хоносон. Тэгээд энэ эмэгтэйтэй утсаар яриад яаралтай хагалгаанд орох шаардлагатай байна гэж хэлсэн. Тэгсэн чинь энэ хүн амьдрал хэцүү байна, төлбөрийг чинь төлье хугацаа өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь эхнэрээ эмнэлэгээс гаргасан. Битүү гэмтэл болохоор хагалгаа хийхгүй бол болохгүй, эмчилгээ хийлгэх боломжгүй гэж хэлсэн. Нурууны хагалгааг бол “Гранд Мед” эмнэлэгээс өөр хийх эмнэлэг Монголд байхгүй гэсэн. Тэгээд энэ талаар энэ хүнд хэлэхэд төлбөрийг нь өгнө гээд одоо хүртэл өгөөгүй явж байна. Эхнэр маань хэвтэрт байгаа. Хагалгаанд орох мөнгө 5.970.000 төгрөг, ажлын хөлс 3000000, сүүлд хийлгэсэн эмчилгээний мөнгө, замын зардалд 400000 орчим төгрөг, нийт 9 сая гаран төгрөгийг нэхэмжилж байгаа. . ” гэх мэдүүлэг,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 8-12 дахь тал/,
-Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хэргийн 15 дахь тал/,
-2014 оны 6 дугаар сарын 12-ны өглөө 08:30 цагийн үед Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Малын удмын сангийн үндэсний цогцолбор газрын урд төв зам дээр К/Пронтер маркын ***улсын дугаартай автомашиныг жолооч ***нь жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.2-т “гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхдээ гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино”, мөн дүрмийн 7 дугаар бүлгийн 7.9-д “уулзвар гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун талын захад байр эзэлсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчин жолооч ***ийн жолоодож явсан Хино маркын ***дугаарийн автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан гэж үзэж ослын дүгнэлт гаргав.” гэх дүгнэлт /хэргийн 16 дахь тал/,
-Замын цагдаагийн тодорхойлолт /хэргийн 21 дэх тал/,
-Хохирогч ***ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлтэй Дархан-Уул аймгийн Хонгор сум өнгөрөөд явж байтал гэнэт манай машиныг хөх өнгийн пронтер бололтой ачааны машин миний талын хаалгыг хэд хэдэн удаа мөргөөд, тэгээд миний өвөр дээр 3 настай хүү *** байсан болохоор тэврээд нүдээ аниад суусан. Тэгээд мөргөөд авто замаас гаргаад их хүчтэй машин үсрээд буусан. Тэгэхэд миний нуруу гэмтэл авсан. Тэгээд түргэний эмнэлэг ирж нэгдсэн эмнэлэг рүү явсан.
...нурууны 1 дүгээр үе хугарч, хүзүүний нэг диск гэмтэлтэй гэж шинжилгээний хариу гарсан.” гэх мэдүүлэг /хэргийн 30-31 дэх тал/,
-“***ийн биед бүсэлхийн 1 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 9096 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 38 дахь тал/,
-“Капитал зууч” ХХК-ны гаргасан үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 44-48 дахь тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 58 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч ***нь 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 8 цаг 30 минутын орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Малын удмын сангийн үндэсний цогцолбор газрын урд төв зам дээр *** улсын дугаартай Пронтер маркын автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.2-т “гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхдээ гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино”, мөн дүрмийн 7 дугаар бүлгийн 7.9-д “уулзвар гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун талын захад байр эзэлсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчиж, ***ийн жолоодож явсан Хино маркын ***улсын дугаартай автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргаж, ***ийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч ***ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, хохирогч ***ийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хохирогч *** , иргэний нэхэмжлэгч ***нар нь хэрэг бүртгэлтийн шатанд хохирол төлбөрт нийт 2978150 төгрөг, цаашид нурууны хагалгаа хийлгэх зардалд 5970750 төгрөг /хэргийн 78 дахь тал/ нэхэмжилж холбогдох нотлох баримтаа ирүүлснээс шүүгдэгч *** нь 2014.6.16-ны өдөр 460000 төгрөг, 2014.6.17-ны өдөр 250000 төгрөг, 2014.6.24-ны өдөр 230000 төгрөг, 2014.6.26-ны өдөр 160000 төгрөг, 2014.6.27-ны өдөр 1000000 төгрөг, 2014.6.28-ны өдөр 300000 төгрөг, 2014.7.7-ны өдөр 500000 төгрөг, нийт 2900000 төгрөг төлсөн болох нь нотлогдож байна.
Мөн хохирогч ***нь хэрэг шүүхэд ирсэнээс хойш эмчилгээ хийлгэсэн, эм тариа, тулгууртай алхагч авсаны төлбөрт 320650 төгрөг, бензин болон замын хураамжийн төлбөрт 41500 төгрөг, иргэний нэхэмжлэгч ***нь осол болсноос хойш 2 сар 15 хоногийн хугацаанд ачаа тээвэрлэж олох байсан орлого 3000000 төгрөг нэхэмжилж холбогдох баримтаа ирүүлжээ.
Иргэний нэхэмжлэгч ***нь “***” ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу тухайн компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сард 3-4 удаа тогтмол Улаанбаатар хот хүртэл тээвэрлэж, 1 удаагийн тээврийн хөлсөнд 320000 төгрөг авдаг байсан болох нь “***” ХХК-ны 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 889 дугаартай албан тоот, хамтран ажиллах гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр, татварын бүртгэлийн дэвтэр зэргээр нотлогдож байна.
Хэдийгээр хамтран ажиллах гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр, татварын бүртгэлийн дэвтэр зэргийг нотариатаар баталгаажуулаагүй боловч хамтран ажиллах гэрээ нь 2015 оны 5 дугаар сарын 1-ны өдрийг хүртэл хүчинтэй гэдэг нь “***” ХХК-ны 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 889 дугаартай албан тоотоор давхар нотлогдож байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлж, ачаа тээвэрлэж олох байсан орлоготой холбоотой иргэний нэхэмжлэлийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
***нь сард дундажаар 3.5 удаа ачаа тээвэрлэдэг болох нь нотлогдож байх бөгөөд үүнийг 6, 7, 8 сард үржүүлж үзэхэд нийтдээ 10.5 удаа ачаа тээвэрлэх ёстой байсан байна. Үүнээс иргэний нэхэмжлэгч ***нь 6 сард 2, 7 сард 1 удаа тээвэрлэлт хийсэн болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул дундажаар 7.5 удаа тээвэрлэлт хийж олох байсан орлого болох 2400000 төгрөгийг шүүгдэгч ***хариуцах үндэстэй.
Иймд хэрэг бүртгэлтийн шатанд нэхэмжилсэн 2978150 төгрөгөөс үлдэх 78150 төгрөг, хэрэг шүүхэд ирсэнээс хойш эмчилгээ хийлгэсэн, эм тариа, тулгууртай алхагч авсаны төлбөрт 320650 төгрөг, бензин болон замын хураамжийн төлбөрт 41500 төгрөг, ачаа тээвэрлэж олох байсан орлого болох 2400000 төгрөг, нийт 2840300 төгрөгийг шүүгдэгч *** с гаргуулж, 440300 төгрөгийг хохирогч ***д, 2400000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч ***т тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Харин хохирогч ***ийн цаашид хийлгэх нурууны хагалгааны зардлыг шүүх урьдчилан тооцож, шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй учир хагалгааны зардалд 5970750 төгрөг /хэргийн 78 дахь тал/ нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ***ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 58 дахь тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч ***нь анх удаа хөнгөн гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлын зарим хэсгийг сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бага насны болон насанд хүрээгүй 5 хүүхэдтэй зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч ***нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, түүний жолоочийн үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Мөн ***ын dell маркын суурин компьютер битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөл болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэснийг дурьдаад
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ***г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, хохирогч Б.Оюундарийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-т зааснаар ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960000 төгрөгөөр /192000x5=960000 есөн зуун жаран мянга/ торгох ял шийтгэсүгэй.
3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.3-т зааснаар шүүгдэгч ***с 2840300 /хоёр сая найман зуун дөчин мянган гарван зуу/ төгрөг гаргуулж, 440300 /дөрвөн зуун дөчин мянга гурван зуу/ төгрөгийг *** тоотод оршин суух хохирогч *** д, 2400000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг иргэний нэхэмжлэгч ***т тус тус олгож, иргэний нэхэмжлэлээс цаашид нурууны хагалгаа хийлгэх зардал гэх 5970750 төгрөгтэй холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогч ***нь цаашид хагалгаа хийлгэх болон эмчилгээ, сувилгаатай холбогдон гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дугаар зүйлийн 134.10-т заасныг баримтлан dell маркын суурин компьютер битүүмжилсэн хэрэг бүртгэгч О.Энхмягмарын 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1288 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг ***д мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар шүүгдэгч ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурьдаж, ***ын жолоочийн үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***д оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ