Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2022/00908

 

 ****ийн нэхэмжлэлтэй

                                                                                   иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Н.Баярмаа, Б.Мөнхтуяа, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/01117 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1719 дүгээр магадлалтай, 

****ийн нэхэмжлэлтэй,

“ **** ****” ХХК, “ **** ****” НҮТББ-д холбогдох 

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил гудамж, Модун таун хотхон, 703 дугаар байрны 1202/12б/ тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцыг захиалан бариулсан өмчлөгч мөн болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг ****т олгохыг “ **** ****” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амирлан, өмгөөлөгч М.Мөнхжаргал нарын хамтран гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****, түүний өмгөөлөгч М.Мөнхжаргал, хариуцагч “ **** ****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяржаргал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ХААН банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шагдарсүрэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Гантуяа, түүний өмгөөлөгч С.Ялалт, Г.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. **** нь “ **** ****” ХХК, “ **** ****” НҮТББ-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил гудамж, Модун таун хотхон, 703 дугаар байрны 1202/12б/ тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг ****ийн нэр дээр олгохыг хариуцагч “ **** ****” ХХК-д даалгах шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ. 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/01117 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 109 дүгээр зүйлийн 109.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч ****ийн хариуцагч “ **** ****” ХХК, “ **** ****” НҮТББ нарт холбогдох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил гудамж, Модун таун хотхон, 703 дугаар байрны 1202/12б/ тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг ****т олгохыг “ **** ****” ХХК-д даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийг 56.1-д зааснаар нэхэмжлэгч ****ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 780,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1719 дүгээр магадлалаарХан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/01117 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020.06.12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 780,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амирлан, өмгөөлөгч М.Мөнхжаргал нар хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: “...шүүх гэрээ цуцлагдсан гэж буруу дүгнэсэн. **** ба “ **** ****” ТББ-ын хооронд 2015.11.23-ны өдөр байгуулсан 56 тоот “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”-г цуцалсан тухай “ **** ****” ТББ-ын тогтоол, шийдвэр болон мэдэгдэл байхгүй байхад анхан шатны шүүх уг гэрээг 2016.05.09-ний өдөр цуцлагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн давж заалдах шатны шүүх “ **** ****” ТББ-д 2016.04.29-ний өдөр гаргасан өргөдөлд “...28,380,000 төгрөгийг 7 хоногийн дотор төлөх, энэ хугацаанд төлөөгүй тохиолдолд гэрээг цуцлахад татгалзах зүйлгүй” хэмээн дурдсан байх ба дээрх хугацаанд төлбөр төлөгдөөгүй нь тогтоогдсон тул гэрээг цуцлагдсан гэж үзнэ” гэж огт үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Учир нь 1-р хавтаст хэргийн 66 дах талд авагдсан өргөдөлд 7 хоногийн дотор төлбөр төлөх тухай ямар нэгэн хугацаа заасан зүйл огт байхгүй байхад давж заалдах шатны шүүх өөрийн санаачилгаар хугацаа тавьсан гэж үзэж хийсвэр дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч нь гэрээний урьдчилгаа төлбөр 28,380,000 төгрөгөөс 2015.03.13-ны өдөр 838,640 төгрөгийг төлсөн байсан ба 2016.05.13-ны өдөр 9,000,000 төгрөгийг “ **** ****” ТББ-д, 2017, 2018, 2019 онд 69,840,000 төгрөгийн үнэтэй тоосгыг “ **** ****” ХХК-д худалдан нийлүүлж, орон сууцны үнээс нийт 79,678,640 төгрөг буюу нийт төлбөрийн 83 хувийг төлсөн байхад “ **** ****” ТББ нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцлах үндэслэлгүй бөгөөд гэрээ цуцалсан гэх үйл баримт нотлогдохгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх “ **** ****” ТББ-тай байгуулсан гэрээнээс гадна “ **** ****” ХХК-тай байгуулсан хүчин төгөлдөр “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”-ний талаар огт дүгнэлт хийгээгүй, хэрэгт хамааралтай талаас нь үнэлээгүй.

4.1. Давж заалдах шатны шүүх **** ба “ **** ****” ХХК-ийн хооронд байгуулсан “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”-г хэрэгт ач холбогдолгүй гэж дүгнэсэн нь тун ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй. Учир нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдсан Модун таун хотхоны орон сууцны барилгын гол захиалагч гүйцэтгэгч, төсөл хэрэгжүүлсэн байгууллага нь “ **** ****” ХХК бөгөөд “ **** ****” ХХК-тай хийсэн гэрээг үндэслэж орон сууцны өмчлөх эрхийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэж байгаа билээ. Мөн “ **** ****” ТББ нь уг барилгын төслийг хэрэгжүүлэгч биш бөгөөд орон сууц захиалагчдаас авсан төлбөрийг “ **** ****” ХХК руу шилжүүлдэг байсан. Нэхэмжлэгч **** өөрийн захиалсан байрны төлбөрийг мөнгөөр болон тоосгоор буюу бараа материалаар барилгын захиалагч бөгөөд гүйцэтгэгч “ **** ****” ХХК-д төлж байсныг буруутгах ямар ч боломжгүй байхад 2 шатны шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй алдаа гаргасан.

4.2. Шүүх хэрэгт авагдсан “ **** ****” ТББ-ын 2016.05.09-ний өдрийн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл гэх баримтыг үндэслэж гэрээ цуцлагдсан гэж үзсэн бол уг мэдэгдлийн “Шийдвэрлэсэн нь” хэсгийн 1-д зааснаар “цуцалсан тухай мэдэгдэл хүргүүлэх” гэсэн шаардлага биелэгдээгүй байгааг огт анхаарч үзээгүй байна. Гэрээ цуцалсан тухай ****т гардуулж өгсөн ямар нэгэн мэдэгдэл огт байхгүй учраас нэхэмжлэгчийн хувьд “ **** ****” ТББ-аас гэрээг цуцлаагүй гэж үзэж байна. Нөгөөтээгүүр ТББ-ын хурлын тэмдэглэлийг ТББ-ын албан ёсны шийдвэр гэж үзэхгүй байгаа тул гэрээ цуцалсан тухай “ **** ****” ТББ-ын удирдах зөвлөлийн эсхүл гүйцэтгэх захирлын ямар нэгэн тушаал шийдвэр байхгүй байхад хуулийн 225.1 дэх хэсгийг энэ хэрэгт буруу тайлбарлаж хэрэглэсэн. 1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “2019.08.26-ны №7 тоот албан бичгээр ... ****тэй байгуулсан орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг цуцлагдаж байгааг мэдэгдсэн...” гэж дүгнэсэн нь шүүх нэхэмжлэгчийн гэрээг 2016.05.09-ний өдөр эсхүл 2019.08.26-ны өдрийн чухам аль өдөр нь цуцлагдсан гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Гэсэн хэдий ч “ **** ****” ТББ-ын 2019.08.26-ны өдрийн 02 тоот үүсгэн байгуулагчдын хурлын тогтоолыг нэхэмжлэгчид огт гардуулж мэдэгдэж байгаагүй бөгөөд уг тогтоолын 2-т зааснаар ****т 9 сая төгрөгийг буцаан олгосугай гэсэн боловч уг төлбөрийг өнөөдрийг хүртэл буцаан олгоогүй. Хариуцагч “ **** ****” ТББ-ын зүгээс уг тогтоолыг 2020 оны 2 сард шүүхэд гарган өгсөн байх тул уг тогтоолыг шүүхэд иргэний хэрэг үүссэний дараа зориуд нөхөж үйлдсэн зохиомол баримт бичиг гэж үзэж байна. Анхан шатны шүүх “...фейсбүүк сүлжээн дэх групп хуудсанд хийсэн үзлэгээр нотлогдож байна” хэмээн нотолгооны ач холбогдолгүй олон нийтийн сүлжээний группт байрлуулсан постыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийг зөрчсөн. Уг үзлэгээр нэхэмжлэгчийн гэрээг цуцалсан гэх үйл баримтыг тогтоох боломжгүй.

4.3. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулсан 2020.02.17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамга дарагдаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийг зөрчсөн нь мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үр дагаврыг бий болгосон байхад анхан болон давж заалдах шатны шүүх үүнийг зөрчил биш гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна. Мөн шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг үнэлээгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн. “ **** ****” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд нягтлан бодогч Н.Уранчимэг нь 2019 оны 6 сард нэхэмжлэгчтэй уулзаж төлбөр төлөлтийн тооцоо нийлсэн акт 64-ыг үйлдсэн байдаг ба уг актаар ****ийн төлсөн дүн 9,838,640 төгрөг, дутуу төлөлт 39,577,750 төгрөг байгааг баталгаажуулж, гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан байдаг. Энэхүү тооцоо нийлсэн актаас үзэхэд 2019 оны 6 сард “ **** ****” ТББ нь нэхэмжлэгчийн гэрээг цуцалсан биш харин ч бүр гэрээний төлбөр тооцоог нийлж үлдэгдлийг баталгаажуулсан байхад анхан болон давж заалдах шатны шүүх уг баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь огт үнэлээгүй. “ **** ****” ХХК-тай байгуулсан “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”, энэхүү гэрээний төлбөрийг нэхэмжлэгчээс төлсөн болохыг нотолсон 2017, 2018, 2019 оны “Бараа, материал худалдах-худалдан авах гэрээ”-нүүд, гэрээнүүдийн дагуу тоосго нийлүүлсэн актуудыг шүүх үнэн зөв үнэлж дүгнээгүй алдаа гаргасан. “ **** ****” ТББ-тай байгуулсан “Орон сууц захиалах гэрээ” цуцлагдсан бөгөөд үүнийг нэхэмжлэгч болон “ **** ****” ХХК нар мэдэж байсан бол орон сууцны үнээс төлбөртөө тооцож хасуулах нөхцөлтэйгөөр тоосго нийлүүлэхгүй байх байсан. Хариуцагч “ **** ****” ХХК нь нэхэмжлэгч ****тэй түрүүлж “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ” байгуулсан тухайд болон гэрээний төлбөрт нийт 79,678,640 төгрөг хүлээн авсан тухайд огт маргадаггүй бөгөөд хүлээн зөвшөөрдөг. Мөн уг гэрээний 2.3-т заасны дагуу үлдэгдэл төлбөрт тооцож тоосго нийлүүлснээр орон сууцны төлбөрийг төлж дуусгахаар харилцан тохиролцсон байдаг тул “ **** ****” ХХК ба нэхэмжлэгчийн хооронд ямар нэг төлбөр тооцооны асуудал байхгүй. Харин шүүх “ **** ****” ТББ-аас ****тэй байгуулсан гэрээг цуцлагдсан болохыг “ **** ****” ХХК-д мэдэгдээгүй учир ****тэй орон сууцны төлбөрт тооцон тоосго худалдан авч байсанд “ **** ****” ХХК-ийг буруутгах үндэслэлгүй гэж маш ойлгомжгүй дүгнэлт хийсэн. Мэдээж ****ийн захиалга авч гэрээ байгуулсан “ **** ****” ТББ болон “ **** ****” ХХК хоёулаа буруутай. Учир нь ****тэй гэрээ байгуулсан байж дахин Д.Гантуяатай гэрээ байгуулсан учраас “ **** ****” ТББ нь “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”-ний 5.8 дахь хэсгийг, “ **** ****” ХХК нь Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”-ний 4.8 дахь хэсгийг тус тус зөрчсөн. Ийм байхад хариуцагчдыг буруутгах боломжгүй харин нэхэмжлэгч буруутай мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. “ **** ****” ХХК-тай байгуулсан “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ”-ний аль заалтыг хэрхэн яаж нэхэмжлэгч зөрчсөн талаар шүүокх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. 2020.04.07-ны өдөр болон 2020.04.29-ний өдөр болсон шүүх хуралдаанд хариуцагч “ **** ****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцогт “...Модун таун хотхоны барилгын ажлын явцад санхүүжилт шаардлагатай болсон тул Нийслэлийн өмч, газрын харилцааны албанаас байр захиалсан иргэдийн хуралд очиж мөнгөний боломжгүй бол барилгын материал нийлүүлж бартер хийж төлбөрөө төлөх боломжтой талаар мэдэгдсэн...” гэж тайлбарладаг. Энэ ч үүднээс нэхэмжлэгч тухайн үед санхүүгийн хүндрэлтэй байсан тул өөрийн гэр бүлийн Налайх дүүрэгт байрладаг тоосгоны үйлдвэрээс “ **** ****” ХХК-д тоосго нийлүүлэх замаар орон сууцныхаа төлбөрөөс төлж барагдуулж байсан. Шүүх хариуцагч “ **** ****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцогтын дээрх тайлбарыг огт анхаарч үзэлгүйгээр хэргийг шийдсэн.

4.4. “ **** Модун” ХХК-аас 2019.11.19-ний өдрийн дотор ашиглалтын зардлаа төлөхийг нэхэмжлэгчээс шаардсаны дагуу нэхэмжлэгч 2019.12.06-нд орон сууцны ашиглалтын зардал төлсөн баримт, ашиглалтын зардлын нэхэмжлэх зэрэг баримтыг шүүхэд өгсөн байхад шүүх эдгээр нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй. Эдгээр баримт нь хариуцагч “ **** ****” ХХК-ийн зүгээс орон сууцыг өмчлөх, эзэмших эрх бүхий этгээд нь нэхэмжлэгч **** мөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн болохыг нотолдог. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч “ **** ****” ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс нэхэмжлэгчийн “ **** ****” ТББ-тай байгуулсан гэрээг цуцалсан гэдгийг “ **** ****” ХХК нь 2019.09.18-ны өдөр мэдсэн гэж тайлбарласан /шүүх хуралдааны тэмдэглэлд туссан байгаа/ нь хариуцагч “ **** ****” ТББ ч тэр, “ **** ****” ХХК ч тэр нэхэмжлэгч **** шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл нэхэмжлэгчийн гэрээ нь ерөөс цуцлагдаагүй байсан болохыг нотолж байна. Ийм байхад шүүх 2016.05.09-ний өдөр  эсхүл 2019.08.26-нд нэхэмжлэгчийн гэрээ цуцлагдсан гэж хууль зүйн үндэслэлгүй, буруу дүгнэлт хийсэн.

4.5. Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Нэхэмжлэгч ****ийн хувьд өөрийн захиалсан байрны төлбөрийн 83 хувийг төлчихсөн тул 2019 оны 05 сард барилга ашиглалтад орсны дараа захиалсан орон сууцныхаа түлхүүрийг “ **** ****” ХХК-аас хүлээн авч, улмаар хариуцагч нь орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн байдаг. Нэхэмжлэгч өөрийн гэр бүлийн хамт орон сууцаа цэвэрлэж, тавилга эд хогшил, эд зүйлсээ оруулж, тохижсон байдаг. Орон сууцыг түлхүүрийн хамт нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн талаар хариуцагч маргадаггүй. Хэрэв шүүх **** ба “ **** ****” ХХК-ийн хооронд 2015.11.23-ны өдөр гэрээ байгуулагдаагүй гэж үзсэн бол тоосго нийлүүлж эхэлсэн 2017 онд уг гэрээ байгуулагдсан байх учиртай талаар огт дүгнээгүй. “ **** ****” ХХК-тай гэрээ байгуулсныхаа дараа буюу 2019 оны 7 сард орон сууцаа хүлээн авч, нүүж орсон үйл баримтыг ч мөн шүүх огт анхаарч үзээгүй. Харин гуравдагч этгээд Д.Гантуяа нь нэхэмжлэгчээс хойно буюу 2019.08.27-ны өдөр “ **** ****” ХХК-тай гэрээ байгуулсан болох нь гуравдагч этгээдийн өөрийнх нь тайлбар болоод “ **** ****” ХХК-аас шүүхэд хандан ирүүлсэн 2020.04.27-ны 192/20 тоот албан бичгээр тус тус нотлогддог. Энэ тохиолдолд шүүх Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д “Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй.” гэж “ **** ****” ТББ ба “ **** ****” ХХК-тай Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг гуравдагч этгээдээс түрүүлж байгуулсан төдийгүй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил гудамж, Модун таун хотхон, 703 дугаар байрны 1202/12б/ тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцыг 2019 оны 7 сард буюу мөн л гуравдагч этгээдээс түрүүлж эзэмшилдээ авсан тул орон сууцыг өмчлөх давуу эрхтэй гэж үзэж байна. Гуравдагч этгээд хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц авах эрхгүй. 2015 онд газрын албаны ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр Нийслэлийн өмч, газрын харилцааны газрын ажилчдын 90 айлын орон сууцыг “ **** ****” ХХК-аар бариулах болсноор Чингэлтэй дүүргийн газрын албанд 5 айлын орон сууцны квот хуваарилагдсан бөгөөд уг шалгаруулалтад газрын албанд үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай, 5-аас дээш жил ажилласан албан хаагчдыг хамруулж, шалгаруулалтыг ил тод, нээлттэй явуулсан. Нэхэмжлэгч **** нь тус шаардлага, шалгуурыг хангасан тул Чингэлтэй дүүргийн 1 квотыг авч, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдах орон сууцны барилгаас 703 дугаар байрны 12б буюу 1202 тоотыг хөнгөлөлттэй үнээр захиалан бариулах эрхийг олж авсан. Өөрөөр хэлбэл, байгууллагын нийт ажилтнуудын дунд ил тод, нээлттэйгээр зарласан шалгаруулалтад орж, тавьсан шалгуурыг хангаж, энэхүү орон сууцыг захиалах эрхийг нэхэмжлэгч нь шударгаар олж авсан болно. Харин гуравдагч этгээд Д.Гантуяа нь Чингэлтэй дүүргийн газрын албанд огт ажиллаж байгаагүй болох нь түүний ажлын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн ажилд томилсон бичилт, ажилд томилсон тушаал зэргээр нотлогддог. Иймээс Чингэлтэй дүүргийн газрын албаны ажилтанд очих ёстой орон сууцыг Чингэлтэй дүүрэгт огт ажиллаж байгаагүй, Нийслэлийн газрын албанд 10 сар ажилласан шалгуур хангаагүй хүнд олгохоор шүүх шийдвэрлэсэн нь газрын албанд 25 жил ажиллаж байгаа нэхэмжлэгч ****ийн эрхийг ноцтой зөрчиж байна. Гуравдагч этгээд Д.Гантуяа нь 2017.08.10-ны өдрөөс эхлэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг гэх огт өөр төрийн байгууллагад ажиллаж байхад одоог хүртэл газрын албандаа тасралтгүй ажиллаж байгаа нэхэмжлэгч **** өөрийн нийгмийн асуудлаа шийдвэрлүүлж чадахгүй орон сууцгүй, орох байргүй хоцорч байна.

4.6. Шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хэн нэгэнд олгохоос урьдчилсан хамгаалалт хийлгэх зорилгоор 2019.09.13-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргахдаа “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах хүсэлт”-ийг нэхэмжлэлтэйгээ хамт гаргасан байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс 2019.09.18-ны өдөр Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст маргаан бүхий орон сууцанд шүүхийн хэрэг үүсэж байгаа тул бүртгэл хийхгүй байх тухай хүсэлтийг бичгээр өгсөн байдаг. Шүүхээс 2019.09.20-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн захирамж гарсан. Харамсалтай нь мөн тэр өдөр гуравдагч этгээд гомдол гаргаж маргаан бүхий орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж авсан. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан захирамж 2019.09.23-ны өдөр гарсан. Гуравдагч этгээд нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлээгүй, харин иргэний хэрэг үүссэний дараа хууль бусаар өмчлөгчөөр бүртгүүлсэн нөхцөл байдалд шүүх анхаарлаа хандуулаагүй. Харин шүүгч орон сууц битүүмжлэх захирамжаа өөрөө хугацаа алдаж 10 хоногийн дараа гаргасан атлаа гуравдагч этгээдийг орон сууцны өмчлөгчөөр хууль ёсоор бүртгэгдсэн мэтээр дүгнэсэн нь шүүх гуравдагч этгээдийн талд орж хэргийг шийдвэрлэсэн гэх хардлага төрүүлж байна. Хамгийн эргэлзээ төрүүлж нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гуравдагч этгээдийн тайлбарыг нь яг байгаа чигээр нь дэлгэрэнгүй бичиж оруулсан нь шүүх зөвхөн гуравдагч этгээд Д.Гантуяагийн тайлбарыг үндэслэж өөр ямар нэгэн үйл баримт, нотлох баримтыг харж үзэж шалгахгүйгээр хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэх үндэстэй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “...хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй байх тул дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ: 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амирлан, өмгөөлөгч М.Мөнхжаргал нарын хяналтын журмаар хамтран гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх “ **** ****” ХХК, “ **** ****” НҮТББ-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил гудамж, Модун таун хотхон, 703 дугаар байрны 1202/12б/ тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцыг захиалан бариулсан өмчлөгч мөн болохыг тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээг ****ийн нэр дээр олгохыг хариуцагч “ **** ****” ХХК-д даалгах тухай ****ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожшийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

7. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуульд нийцүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн боловч зарим дүгнэлтийг залруулж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв. 

8. **** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...“ **** ****” НҮТББ болон “ **** ****” ХХК-тай 2015.11.23-ны өдөр орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ байгуулж, ...орон сууцыг нийт 110,398,750 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцсон. Уг гэрээний дагуу нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлж, дансаар 9,838,640 төгрөг шилжүүлж, 2017, 2018, 2019 онд 69,840,000 төгрөгийн үнэтэй тоосгыг “ **** ****” ХХК-д худалдан нийлүүлж, нийт 79,678,640 төгрөгийн төлбөр төлсөн. Үлдэгдэл төлбөрийг “ **** ****” ХХК-тай байгуулсан орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээний 2.3-т зааснаар бараа материал буюу тоосго нийлүүлж төлөхөөр харилцан тохиролцсон. ...2019 оны 05 сард байр ашиглалтад орж, улсын комисс хүлээн авч, орон сууцны түлхүүрийн 1 хувийг захиалагч ****т гардуулан өгсний дараагаар захиалсан орон сууцаа “ **** ****” ХХК-аас хүлээн авсан боловч тус орон сууцыг “ **** ****” НҮТББ нь Д.Гантуяа гэх хүнтэй давхар гэрээ байгуулсан байсан тул орон сууцны өмчлөгчөөр ****ийг бүртгэх боломжгүй гэж мэдэгдсэн. ...Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Төрийн бус байгууллагын дүрмийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг зөрчиж, удирдах зөвлөлийн тогтоол гаргалгүйгээр нэхэмжлэгчийн захиалсан орон сууцыг өөр хүнд давхардуулан олгосон, ****тэй хийсэн гэрээг хүчин төгөлдөр, орон сууц захиалах гэрээг байгуулахыг зөвшөөрсөн албан бичгийг “ **** ****” НҮТББ-аас “ **** ****” ХХК-д 2019.07.30-ны өдөр хүргүүлсэн. ...” **** ****” НҮТББ-аас 2019.08.26-ны өдөр “ **** ****” ХХК-д байр захиалагчдын нэрсийг шинэчлэн явуулахдаа нэхэмжлэгчийн нэрийг биш, Д.Гантуяагийн нэрийг бичиж хүргүүлснээр “ **** ****” ХХК нэхэмжлэгчийг орон сууц авах эрхгүй гэсэн. ...Төлбөрөө бартераар төлсөн нь хууль зөрчсөн зүйл биш юм. Гэрээ хийсэн болон эзэмшилдээ авсан тухайд аль аль шаардлагыг нь **** хангасан тул нэхэмжлэгчийн хувьд илүү давуу эрхтэй гэж үзэж байна. ... ****ийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил гудамж, Модун таун хотхон, 703 дугаар байрны 1202/12б/ тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцыг захиалан бариулсан өмчлөгч мөн болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж ****т олгохыг “ **** ****” ХХК-д даалгаж өгнө үү” гэж тодорхойлсон байна. 

9. Хариуцагч “ **** ****” ХХК “...орон сууцны захиалагч, өмчлөгчийг “ **** ****” НҮТББ тодорхойлон шийдвэрлэдэг тул нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байна. ...2019.07.30-ны өдөр “ **** ****” НҮТББ-аас ****тэй байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байх гэрээ байгуулна уу гэсэн утгатай албан бичиг ирүүлсний дагуу ****тэй гэрээ байгуулсан. ...2019.08.26-ны өдөр тус төрийн байгууллагаас хавсралтад дурдсан нэр бүхий этгээдүүдтэй гэрээ байгуулах тухай хүсэлт ирүүлсэн. Үүнд ****ийн нэр байгаагүй. ...Үүнтэй холбоотойгоор аль албан бичиг нь хүчинтэй вэ гэдэг асуудал яригдсан. ...Төлбөрийн хувьд **** манайхтай тоосго нийлүүлэх гэрээ байгуулсан. ...” **** ****” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ... ****ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн үүргээс чөлөөлж шийдвэрлэж өгнө үү” гэж, 

Хариуцагч “ **** ****” НҮТББ “... **** 2016.04.29-ний өдөр “ **** ****” НҮТББ-д хандан ...ажил эхлэхээс өмнө урьдчилгаа төлбөр, орон сууцны нийт үнийн дүнгийн 30 хувь 28,380,000 төгрөгийг 7 хоногийн дотор Улаанбаатар хотын банк ХХК дахь 2600081858 тоот дансанд төлөөгүй тохиолдолд гэрээ цуцлахад татгалзахгүй... гэх агуулгаар өргөдөл гаргасан. Ийнхүү заасан хугацаанд урьдчилгаа төлбөрөө төлж барагдуулаагүй тул түүнтэй байгуулсан 56 дугаартай гэрээг цуцалж, Д.Гантуяатай гэрээ байгуулсан. Бараа нийлүүлэх гэрээгээр төлбөр төлсөн гэх боловч бартераар төлнө гэсэн заалт байхгүй. 2019 оны 01 сард орон сууц ашиглалтад орсон. Гэтэл үүнээс хойш бараа нийлүүлэгдсээр байсан байна. Төлбөр “ **** ****” НҮТББ-ын дансанд байршаад дараа нь “ **** ****” ХХК-ийн дансанд шилжих ёстой. “ **** ****” ХХК-тай бараа, материал худалдах, худалдан авах гэрээ байгуулсны дагуу тоосго нийлүүлснийг төлбөр төлөгдсөн гэж үзэхгүй. “ **** ****” НҮТББ-ын гүйцэтгэх захирал Д.Нямдаваагаас явуулсан албан бичиг хүчин төгөлдөр бус юм. Нэхэмжлэгч нь түүнтэй байгуулсан гэрээ цуцлагдсаныг мэдэж байсан. ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус мэтгэлцжээ. 

10. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ХААН банк” ХХК “...Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасны дагуу зээлдэгч Д.Гантуяаг “ХААН банк” ХХК нь орон сууцны өмчлөгч гэж үзсэн тул 2019.09.23-ны өдөр ипотекийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, 69,800,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 175 сарын хугацаатай олгож, гэрээний үүргийн гүйцэтгэлд дээрх орон сууцыг барьцаалсан болно. Зээлдэгч Д.Гантуяатай байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ бөгөөд зээлдүүлэгч барьцааны эрхийг хууль ёсоор олж авсан тул зээлийн гэрээний төлбөр төлөгдөж дуусах хүртэл маргаан бүхий орон сууц барьцаанаас чөлөөлөгдөхгүй. ...бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх ашгийг харгалзаж үзэхийг хүсье” гэж, 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Гантуяа “...газрын харилцааны салбарт 2005 оноос хойш тасралтгүй 13 жил ажилласан. ...90 айлын орон сууцны квотод хамрагдах тухай Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2016.05.12-ны өдрийн 1/3134 дугаартай шийдвэр албан ёсоор гарсан. ...байрны захиалгын 2016.05.16-ны өдрийн 89 дугаартай гэрээг “ **** ****” НҮТББ-тай байгуулан гэрээний 1.3, 2.1, 2.2-т заасны дагуу гэрээний үүргийг биелүүлж төлбөрийг бүрэн барагдуулсан. ...“ **** ****” НҮТББ-ын гүйцэтгэх захирал Д.Нямдаваа нь захиалагчийн нэрсийг 2019 оны 06 сард “ **** ****” ХХК-д хүргүүлэхдээ Д.Гантуяагийн захиалсан байрыг маргаантай гэсэн. Гэтэл Д.Нямдаваа нь ****тэй хуйвалдаж дахин 2019.07.30-ны өдрийн 05 дугаартай албан бичгээр ****ийн нэрийг гэрээ байгуулахаар явуулсан нь эрх бүхий этгээд биш байсан тул “ **** ****” НҮТББ-ын эрх бүхий албан тушаалтнууд хуралдаж, тогтоол гарган 2019.08.26-ны өдрийн 07 дугаартай албан бичгээр захиалагчдын нэрсийг эцэслэн шийдвэрлэж хүргүүлсэн. Ингээд “ **** ****” ХХК-тай дахин гэрээ байгуулж “Төрийн банк” ХХК, “Хаан банк” ХХК болоод Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст “ **** ****” ХХК-аас Д.Гантуяагийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг олгож болох тухай 2019.08.28-ны өдрийн 308/19, 2019.09.13-ны өдрийн 338/19 дугаартай албан бичгүүдийг хүргүүлж “Хаан банк” ХХК-аас ипотекийн зээлийн шийдвэр гаргуулсан. ...Маргаан бүхий орон сууцыг захиалах гэрээ байгуулсан цагаас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авч, түлхүүр хүлээн авах хүртэл хугацаанд Д.Гантуяа ямар нэг хууль бус зүйл хийгээгүй. Гэтэл орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээний захиалагчийн үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээ нь цуцлагдсан **** хууль зүйн ямар ч нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй талаар тайлбаруудыг гаргасан байна. 

11. **** нь Чингэлтэй дүүргийн өмч, газрын харилцааны албаны газрын төлбөр хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа тус байгууллагад 5-аас дээш жил ажилласан ажилчдад олгогдсон орон сууцны квотод хамрагдаж, улмаар Нийслэлийн өмчийн харилцааны газраас захиалан “ **** ****” ХХК-аар гүйцэтгүүлж бариулахаар болсон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил гудамж, Модун таун хотхон, 703 дугаар байрны 1202/12б/ тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцыг захиалан бариулах захиалагч тал болох Нийслэлийн өмчийн харилцааны газрын дэргэд барилгын төсөл хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий “ **** ****” ТББ байгуулагдсан, уг байгууллагатай нэхэмжлэгч 2015.11.23-ны өдөр 56 дугаартай орон сууц захиалах, захиалгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь тогтоогджээ. 

Талуудын хооронд байгуулсан орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээний 2.1, 2.2-т захиалагч тал нь ажил эхлэхээс өмнө урьдчилгаа төлбөр болох орон сууцны нийт үнийн дүнгийн 30 хувь болох 28,380,000 төгрөгийг төлж, барилгын каркас угсралт, дүүргэлтийн ажил бүрэн дууссаны дараа гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувийг, барилгын ажлыг бүрэн дуусгаж барилга байгууламж ашиглалтад оруулах комисст хүлээлгэн өгсний дараа гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувийг тус тус төлөх үүрэг хүлээсэн байна. 

12. “ **** ****” ХХК-аас орон сууцны барилгын суурийн ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэн, 2016.03.01-ний өдрөөс барилгын ажлыг үргэлжлүүлж эхлэхээр төлөвлөсөн боловч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын албан хаагчид захиалсан байрныхаа эхний 30 хувийн төлбөрийг төлөх үүргээ бүрэн гүйцэд биелүүлээгүй учир ажил удааширч энэ талаар захиалагчид удаа дараа мэдэгджээ. 

13. Нийслэлийн Өмчийн харилцааны газар болон ажилчдын орон сууцны төслийн зохион байгуулалтад оролцож, хяналт тавих эрх бүхий байгууллага “ **** ****” ТББ-аас ажилчдын орон сууцны барилгын төлбөр төлөлтийн талаар авч хэлэлцэн байр захиалсан албан хаагчдад мэдэгдэл хүргүүлж, төлбөр төлөх эцсийн хугацааг тогтоон өгч байсан болох нь хэрэгт авагдсан “ **** ****” ТББ-ын мэдэгдлүүд, гишүүдийн хурлын тэмдэглэл, фейсбүүк сүлжээн дэх **** **** нэртэй групп хуудсанд үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр нотлогджээ. Энэ талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

14. Давж заалдах шатны шүүхээс **** орон сууцны урьдчилгаа 30 хувийн төлбөрт 28,380,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тул  гэрээ цуцлагдсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. 

 **** ****” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Нямдаваагийн 2019.07.30-ны өдрийн  05 тоот албан бичгээр “ **** ****” ХХК-д ****тэй байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байх тул орон сууц захиалах гэрээ байгуулахыг зөвшөөрч байна гэж мэдэгдсэн байдал, 2017, 2018, 2019 онуудын Бараа, материал худалдах-худалдан авах гэрээ, нэхэмжлэгч “ **** ****” ХХК-тай тоосго нийлүүлсэн талаарх тооцоо нийлсэн акт, ****ийн урьдчилгаа төлбөр 9,838,640 төгрөгийг буцаан өгөх талаар хариуцагч нарын хэн алинаас санаачилга гаргаагүйзэргээс дүгнэвэл гэрээ цуцлагдсан нь эргэлзээтэй болно. 

15. Харин нэхэмжлэгч **** гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учир “ **** ****” ТББ-ын гишүүдийн 2016.05.09-ний өдрийн хурлаар гэрээг цуцлахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар хүлээн авч 2016.05.12-ны өдрийн 1/3134 тоот албан бичгээр эхний 30 хувийн төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээ нь цуцлагдсан нэр бүхий 5 албан хаагчдын байрны хуваарилалтыг дахин хийснээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил гудамж, Модун таун хотхон, 703 дугаар байрны 1202/12б/ тоот хаягт байршилтай орон сууцанд Д.Гантуяа нөхөн орохоор хуваарилагдаж, “ **** ****” ТББ-аас түүнтэй 2016.05.16-ны өдөр орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг давхардуулан байгуулжээ. 

16. Маргаан бүхийн орон сууц 2019 оны 01 дүгээр сард ашиглалтад орж, “ **** ****” ХХК-аас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил гудамж, Модун таун хотхон, 703 дугаар байрны 1202/12б/ тоот хаягт байршилтай орон сууцыг ****т хүлээлгэн өгсөн боловч “ **** ****” ТББ-аас уг орон сууцыг захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг Д.Гантуяатай давхардуулан байгуулсан гэсэн үндэслэлээр орон сууцны өмчлөгчөөр ****ийг бүртгэх боломжгүй болохыг мэдэгдсэн байна. 

17. “ **** ****” ТББ-аас ****тэй байгуулсан 2015.11.23-ны өдрийн орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ 2016.05.09-ний өдөр цуцлагдсан болон түүний оронд 2016.05.16-ны өдөр Д.Гантуяатай орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ байгуулсан болохыг барилгын ажлын гүйцэтгэгчид мэдэгдээгүйгээс “ **** ****” ХХК маргаан бүхий орон сууцны төлбөрийг ****, Д.Гантуяа нараас тус бүр авч байжээ. 

“ **** ****” ТББ-ын эрх бүхий албан тушаалтнууд хуралдаж, орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээний 1.3, 2.1, 2.2-т заасан үүргийг биелүүлж төлбөрийг бүрэн барагдуулсан 90 ажилчдын асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2019.08.26-ны өдөр 02 дугаар тогтоол гаргасан байх бөгөөд мөн өдрийн 07 тоот албан бичиг, түүний хавсралтаар “ **** ****” ХХК-д Нийслэлийн Өмчийн харилцааны газрын ажилчдын орон сууцанд орох ажилтнуудын нэрсийн жагсаалтын 64-т маргаан бүхий орон сууцанд орох ажилтнаар Д.Гантуяа болохыг тодорхойлсныг үндэслэж, Д.Гантуяагийн нэр дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил гудамж, Модун таун хотхон, 703 дугаар байрны 1202/12б/ тоот хаягт байршилтай орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхийг хүссэн албан бичгийг улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлснээр тэрээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2204084834 дугаарт бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2019.09.20-ны өдрийн 000749074 гэрчилгээ авсан байна.

18. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил гудамж, Модун таун хотхон, 703 дугаар байрны 1202/12б/ тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууц 2019 оны 05 дугаар сард ашиглалтад орж, улсын комисс хүлээн авч, тус орон сууцны түлхүүрийн нэг хувийг “ **** ****” ХХК-аас ****т өгснөөр өмчлөх эрх үүссэн гэж үзэхгүй. 

Учир нь “ **** ****” ХХК-тай ****, Д.Гантуяа нар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил гудамж, Модун таун хотхон, 703 дугаар байрны 1202/12б/ тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцыг захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг давхар байгуулсан нь нотлогдсон хэдий ч маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг Д.Гантуяагийн өмчлөлд шилжсэнийг хууль бусаар өмчлөх эрхийг олж авсан гэх баримт хэрэгт авагдаагүй тул Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар Д.Гантуяа орон сууцны өмчлөгч гэж үзэх ба гуравдагч этгээдийн эрх Иргэний хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар хамгаалагдана. 

19. ****, Д.Гантуяа нарын “ **** ****” ТББ-тай байгуулсан гэрээний 3.9-д “Захиалагч тал нь энэхүү гэрээний 2.1, 2.2, 2.3-т заагдсан төлбөрийг бүрэн төлж барагдуулан захиалга хүлээн авагч талтай тооцоо дуусгаснаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авах эрх нээгдэнэ”, “ **** ****” ХХК-тай байгуулсан гэрээний 3.1-д “Захиалагч нь энэхүү гэрээний 2.1, 2.2-т заагдсан төлбөрийг 100 хувь төлж барагдуулан гүйцэтгэгчтэй тооцоо дуусгаснаар түлхүүр хүлээн авах ба үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авах эрх үүснэ”, мөн гэрээний 4.1-д “Захиалагч гэрээний 2.1, 2.2-т заасан төлбөрийг 100 хувь төлж барагдуулсны дараа гүйцэтгэгч тал түлхүүрийг хүлээлгэн өгөх үүрэг хүлээнэ” гэж харилцан тохиролцжээ. 

“ **** ****” ХХК, “ **** ****” ТББ-тай байгуулсан гэрээний 2.1, 2.2, 2.3-т заасан хугацаанд Д.Гантуяа төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, харин **** одоог хүртэл төлбөрийн үлдэгдэлтэй болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан 2017, 2018, 2019 онуудын Бараа, материал худалдах-худалдан авах гэрээ, тооцоо нийлсэн акт, 2019.09.23-ны өдрийн ипотекийн зээлийн болон барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч нь орон сууцны үнийг бүрэн төлөөгүй байгаа тул гэрээний дагуу хариуцагч нарт холбогдуулж, өмчлөх эрхтэй холбоотой шаардлага гаргах эрх үүсээгүй гэж үзнэ. 

20. Нөгөөтээгүүр гуравдагч этгээд Д.Гантуяа нь “ХААН банк” ХХК-тай 2019.09.23-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, бүртгүүлбэл зохих байгууллагад бүртгүүлсэн байна. 

Маргаж буй орон сууцанд 69,800,000 төгрөгийн барьцааны үүргийг ногдуулжээ. 

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил гудамж, Модун таун хотхон, 703 дугаар байрны 1202/12б/ тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцны үнийг Д.Гантуяа төлсөн, уг орон сууц “ **** ****” ХХК, “ **** ****” НҮТББ-ын эзэмшил, өмчлөлд байхгүй нь нэгэнт тогтоогдож байх тул маргаан бүхий орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэгч “ **** ****” ХХК-аас шаардах эрхгүй. 

Харин үүрэг бүхий этгээд гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо шаардахад энэхүү тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй. 

21. Анхан шатны шүүхийн 2020.02.17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурж баталгаажуулсан байх боловч тус шүүхийн тамга дарагдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй.

22. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амирлан, өмгөөлөгч М.Мөнхжаргал нарын хамтран гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2020/01117 дугаар шийдвэрНийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1719 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амирлан, өмгөөлөгч М.Мөнхжаргал нарын хамтран гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 780,150 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Х.ЭРДЭНЭСУВД 

                                    ШҮҮГЧИД                                           Н.БАЯРМАА 

    Б.МӨНХТУЯА

     П.ЗОЛЗАЯА 

                С.СОЁМБО-ЭРДЭНЭ