Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2020/ДШМ/031

 

Х.Ц, Л.Л нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогч Д.С, Н.О, түүний өмгөөлөгч *******

Шүүгдэгч нарын өмгөөлөгч *******, *******, *******

Шүүгдэгч Л.Л, Х.Ц

Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, шүүгч Д.Цэцэгээ, Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/22 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Баянхонгор аймгийн Ерөнхий прокурорын 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар эсэргүүцлээр Л.Л, Х.Ц нарт холбогдох эрүүгийн 1714000000186 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Х.Ц, .........тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Монгол улсын онц тээвэрчин цол тэмдэг, хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдаж байсан, урьд 2001 оны 12 сарын 25-нд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 80.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан

Монгол Улсын иргэн, Л.Л, ......... бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй

Л.Л нь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ............. тоотод Х.Цтой бүлэглэн Н.Б зодож алсан гэмт хэрэгт,

Х.Ц нь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ............. тоотод Л.Лтай бүлэглэн Н.Б зодож алсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Л.Л, Х.Ц нарт тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Ц Л.Л нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр хэсгийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Данх овгийн Х.Ц, Галзад овгийн Л.Л нарыг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5-т зааснаар шүүгдэгч Данх овгийн Х.Цг 3 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т зааснаар Галзад овгийн Л.Лг 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Цд оногдуулсан 3 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Л.Лд оногдуулсан 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Цгийн цагдан хоригдсон 698 хоног, шүүгдэгч Л.Лгийн цагдан хоригдсон 767 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, хорих ялын нэг хоногоор тоооцож эдлэх ялаас хасаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Цоггоо, Л.Л нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан эрээн өнгийн куртик, хар хөх өнгийн ноосон цамц, ягаан өнгийн дотоож, нойлын цаас, хөрс шороотой холилдсон цус мэт зүйл, хатсан цус, дугуй тавцантай 3 хөлтэй сандал зэргийг тус тус устгаж, бичлэг хуулбарласан DVD-R хатуу диск 1 ширхэг, Х.Ц, Л.Л нарын яллагдагчаар байцаахад дуу дүрсний бичлэг хийсэн DVD-R хатуу диск 4 ширхийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал үлдээж, LG-F 430L маркийн гар утсыг хохирогч Д.Сд олгож, хар өнгийн хагас түрийтэй гутал 1 хос, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн УАЗ-2206 маркийн 58-58 БНА улсын дугаартай автомашиныг шүүгдэгч X Цогтоод, шүүгдэгч Л.Лгийн эзэмшлийн toyota prius 20 маркийн 47-58 УНТ улсын дугаартай автомашиныг шүүгдэгч Л.Лд тус тус буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Х.Ц, Л.Л нар нь хохирогч Н.Од 6.149.294 төгрөг төлсөн, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Аймгийн Ерөнхий прокурор ******* тус шүүхэд гаргасан 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаар эсэргүүцэлдээ:

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд 2020/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Л.Л, ******* нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэжээ.

Дээрх хэргийн мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон бөгөөд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/22 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлага хангаагүй, хэргийн бодит байдал, шударга ёсны зарчимтай нийцээгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Х.Ц, Л.Л нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө шүүгдэгч Х.Ц, Л ******* нарын гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийг хэрэглэхэд гарсан буюу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, дээрх эргэлзээ бүрийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, шүүгдэгч Х.Ц, Л.Л нарыг үйлдсэн гэмт хэргийн хувьд хохирогчийн амь насыг хороох санаа зорилго агуулаагүй хэдий ч хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ санаатай хандсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн холимог хэлбэрийг агуулсан байх тул шүүгдэгч Х.Ц, Л.Л нарын үйлдлийг ...хохирогчид хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан... буюу шүүгдэгч Х.Ц, Л.Л нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5 болгон тус тус хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, шүүгдэгч нарыг дээрх хуулийн зүйл ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь хэргийн бодит байдалтай нийцнэ, ...өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Ц, Л.Л нар нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр энэ гэмт хэргийг үйлдсэн бөгөөд талийгаач ******* нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шөнийн 00 цаг 40 минутын үед Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж эмчлүүлж байгаад 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шөнийн 04 цаг 26 минутанд нас барсан ба “Гэмтэл авсан даруйд эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлэн тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хурааг оношилж мэс засал эмчилгээг яаралтай хийсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 537 тоот шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан зэргээс үзвэл шүүгдэгч Х.Ц, Л.Л нарын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан" гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж дүгнэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Л.Л, Х.Ц нар нь амь хохирогч *******д гэмтэл учруулсан даруйдаа эмнэлэгт мэдэгдээгүйн улмаас эмнэлгийн тусламж, үйлчилгээ хожимдож үзүүлсэн нөхцөл байдал бүрэн тогтоогдсон байхад шинжээчийн 537 дугаартай “гэмтэл авсан даруйд эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлэн тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хурааг оношлож, мэс засал эмчилгээг яаралтай хийсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой" гэсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн нь үндэслэлгүй болжээ.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан бөгөөд уг гэмт хэргийн субьектив тал нь зөвхөн санаатай үйлдэл байх ёстой. Гэтэл шийтгэх тогтоолд Л.Л, Х.Ц нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн холимог хэлбэрийг агуулсан гэж үзсэн нь мөн ойлгомжгүй байна.

Шийтгэх тогтоолд “Хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргийн ялгаа нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилгоор мөн хохирогч уг гэмтлийн улмаас шууд үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэргээр тус тус ялгагдана гэж заажээ. Уг хэсэгт 2 хэргийн хоорондох ялгааг гаргах эсхүл 2 хэрэгт давхар яллагдахын алин нь болох нь тодорхойгүй дүгнэлт хийсэн байна.

Дээрх байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр болжаэ                              

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн талаар дүгнээгүй бөгөөд тодорхойлох хэсэгт “...мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлгийн дагуу хэрэгт дахин нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагагүй, тухайн хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөхгүй...” гэж бичсэнээс үзэхэд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байхад шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг хэрэглэж оногдуулах хорих ялыг хөнгөрүүлсэн нь мөн үндэслэлгүй болжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Л.Л, Х.Ц нарын шууд санаатай үйлдлийн улмаас ******* нас барсан бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл нь хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байхад хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлгүй дүгнэлт өгч хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Мөн анхан шатны шүүх хэргийг хэд хэдэн удаа өөр өөр хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэж байгаа нь хэргийн оролцогч нар болон нийгэмд шүүхэд итгэх итгэлийг бууруулах хор уршиггай бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага алдагдахад хүрч байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцох болно гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Аймгийн Ерөнхий Прокурорын тус шүүхэд бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь дэмжин оролцож байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогчид хүнд гэмтэл учруулсан, хугацаа алдаж эмнэлэгт очсон, эмнэлэгт очоод эмчилгээг зохих ёсоор хийсэн, хугацаа алдаагүй бол эмчлэгдэх боломжтой байсан тул прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Л.Л нь үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-ийг хэрэглэсэн нь зөв. Сэтгэхүйн хувьд ах дүүс учраас ална гэсэн санаа зорилго агуулаагүй. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүх эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн гэж үзвэл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Гэмт үйлдэл нь хүнийг санаатай алах гэмт хэрэг байхад гэм буруугийн холимог хэлбэр гэж анхан шатны шүүх дүгнэж байгаа нь хуулийг буруу тайлбарласан, хууль зүйн хувьд гэмт үйлдлийн явцаараа үхэлд хүргэсэн нь хүнийг алах гэмт хэргийн шинжтэй. Хүний амь насыг юугаар ч нөхөн төлөх боломжгүй байхад Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-ийг хэрэглэсэн нь үндэслэлгүй, шийтгэх тогтоолыг хүчингүй болгоно уу гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхэд гаргасан Аймгийн Ерөнхий прокурорын эсэргүүцэлд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянахад:

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Л.Л, Х.Ц нар нь согтуугаар, бүлэглэн, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 10а дугаар гудамжны 11 тоотод Н.Б зодож алсан гэмт хэргийг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Л, Х.Ц нарын гэм бурууг хэлэлцэхдээ зөвхөн “...гэмтэл авсан даруйд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх цусан хурааг оношлож, мэс засал эмчилгээг яаралтай хийсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 537 тоот дүгнэлтийг үндэслэн хохирогчийн амь насыг хороох санаа зорилго агуулаагүй ч хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ санаатай хандсан, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн холимог хэлбэр гэж тайлбарлан гэмт хэргийн шинжийг буруу дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Өөрөөр хэлбэл амь хохирогч Н.Б гэмтэл авсан даруйд эмнэлэгт хүргэж эмчлүүлээгүй хугацаа алдсанаас хохирогч нас барж, үр дагаварт нь болгоомжгүй хандсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, шүүгдэгч нарын гэмт үйлдлийнхээ нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа нь тодорхой, түүнээс учирч болох хүн нас барсан хохирлыг хүсээгүй боловч гэмт үйлдлээрээ уг хохиролд хүргэсэн шууд бус санаатай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байхад Эрүүгийн хуулийн 2.4 дүгээр зүйлд “санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж заасан гэм буруугийн холимог хэлбэрээр дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй, буруу болжээ.

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т зааснаар Л.Л, Х.Ц нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэлгүйгээр оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж зааснаас үзэхэд хүний амь нас хохирсон эдийн бус хохирлыг, арилгасан байна гэж үзэхгүй, хүний амь насыг өмнөх байдалд нь сэргээх боломжгүй буюу Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрх, эрх чөлөө, ашиг сонирхолд үл нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн шаардлагыг хангаагүй талаар Прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

       зүйлийн 1.3-т хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                              ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/22 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Л.Л, Х.Ц нарт холбогдох 1714000000186 тоот эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Л.Л, Х.Ц нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

Б.БОЛОР-ЭРДЭНЭ