Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0180

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0178/Э/ 

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гоомарал,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын хяналтын прокурор Н.Бадам,
Хохирогч *** ,
Иргэний нэхэмжлэгч Д.Лхагвадорж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Намсрай,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000378 дугаартай эрүүгийн хэргийг 2014 оны 8 дугаар сарын 6-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** өдөр төрсөн, *** настай, *** , *** оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй

Шүүгдэгч *** нь 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт байрлах Төмөрлөгийн үйлдвэрийн ойролцоо төв засмал замд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ *** улсын дугаартай приус-20 маркын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргаж, 1 хүний бие махбодид хүндэвтэр, 3 хүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
  
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 04 дүгээр сарын 21-ний шөнө найзуудтайгаа уулзаад төв замаар Дархан руу явж байсан. Ингээд явж байхад портер машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн гүйцэгдэж  байсан портер хурдаа нэмж уралдаж эхэлсэн. Тэгээд би замын хажуу руу шахуулаад үрүүлээ тэгшилж чадахгүй осол гарсан. Хохирогч ***д эхлээд 550.000 төгрөг, дараа нь 1.100.000 төгрөг, хохирогч *** д 2.200.000 төгрөг***т 2.200.000 төгрөг өгсөн. Иргэний нэхэмжлэгчид 3.880.000

D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Jargalmunkh-215.2.doc
төгрөг өгөхийг хүссэн боловч өөрөө хүлээж аваагүй.“ гэх мэдүүлэг,
-Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотруу хадам аавынхаа машинаар тавилга хүргэж өгөх гээд явсан. Ингээд Төмөрлөгийн үйлдвэр ураадаад Дархан руу ирж байсан. Би 50-60 км цагийн хурдтай явж байсан. Би ***ийг хажуу талд гарч ирж уралдаж байхыг хараагүй, би уралдсан юм байхгүй. Хэрвээ үнэхээр уралдаж явсан бол тийм зүйл болохгүй байсан. Явж байхад гэнэт араас хүчтэй мөргөсөн. Машин олон удаа хөрвөөсний дараа хажуу тийшээ харахад Ч.Оч байхгүй байсан.  Машины цонх хагарсан, хаалга онгойхгүй байсан. Ингээд намайг буугаад харахад зам дээр Ч.Оч шидэгдсэн байсан. Хохирол төлбөрт 2.149.000 төгрөг авсан.” гэх мэдүүлэг,

-Хохирогч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манай найз *** хот орж тавилга буулгаад ирье гээд би хамт явсан юм. Бид хоёр согтууруулах зүйл огт хэрэглээгүй. 1 цагийн үед Дархан Төмөрлөгийн үйлдвэрийн ойролцоо явж байсан. Би гэртээ ирчихлээ харьж унтъя гэж ***тай ярьж байснаа санаж байна. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. ***ийг гүйцэж түрүүлсэн гэдгийг мэдэхгүй байна. Тэгээд нэг сэрэхэд нэгдсэн эмнэлэгт хэвтэж байсан. Ингээд Улаанбаатар хот орж нарийн шинжилгээ хийлгэсэн. *** хөөс эмчилгээ сувилгаанд 2.240.000 төгрөг нэхэмжилснээр гаргаж өгсөн. Өнөөдрийн байдлаар тархи толгой өвдөөд Саран клиник эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Одоо ч гэсэн нүд харанхуйлаад толгой эргээд байна. Тархи толгой ослоос хойш их өвддөг болсон. Ой тогтоолт мөн муудсан байна.” гэх мэдүүлэг,

-Иргэний нэхэмжлэгч *** жийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манайх гэрийн тавилгаа Улаанбаатар хот руу зөөлгөх гээд *** ыг явуулсан. Би явуулахдаа гэрэл, дохио, тоормозыг нь шалгасан. Миний портер дээр үнэлгээ тогтоосон байсан. Би худлаа үнэлгээ байна гэж хэлсэн. Портерын дотор талын эд ангийн эвдрэлийг үнэлээгүй байсан. *** явж байсан машиныг мөргөж явдаггүй болгосон учир би явдаг портер авна гэдгээ хэлсэн. Энэ авто ослын улмаас миний 4 сарын ажлыг зогсоосон. Одоо ачааны машины ажил хийх улирал нь болчихсон байхад миний ажлыг зогсоосон. Өнөөдрийн зах зээлийн ханшаар портер машин 7-8 сая төгрөгний ханштай байгааг би интернэтээс харсан. Би портероо портероор нь авна. ***ийн өмгөөлөгчтэй уулзах гэхэд чамайг хүлээж авахгүй, чи хохирогч биш гэж хэлсэн. Би та нараас ажилгүй сул зогссон хугацааны орлогоо нэхэмжлээгүй. Одоо энэ портерийг үнэлсэн үнэлгээгээр засварлахад хотын хөдөлгөөнд орох боломжгүй болно. Машины зураг хөрөг нь хэргийн материалд байгаа. Машины араас мөргөсөн нь үнэн. Машины ар байхгүй болсон, дугуй нь салаад унасан. 3.5 сая төгрөгөөр би яах юм, портер машины кабин өнөөдөр 1.500.000 төгрөг гэж байна.” гэх мэдүүлэг,

-Хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн  4-9 дэх тал/,
-“Жолооч *** нь Приус маркын *** улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.3-т “тээврийн хэрэгслийн хурдыг суурийн газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхгүй сонгож явна” гэсэн заалт, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1а-д “механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын Үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх авна” гэсэн заалт, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а-д “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалт, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3.б-д “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчиж, жолооч ***ын жолоодож явсан портер маркын *** улсын дугаартай автомашиныг мөргөж, улмаар зорчих хэсгийн хажуу тал руу онхолдож, зам тээврийн осол гаргасан гэж дүгнэлт гаргав” гэх зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон дүгнэлт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хэргийн 11-13 дахь тал/,
-Согтуурал шалгасан тэмдэглэл /хэргийн 19-20 дахь тал/,
-Хохирогч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ингээд машиныг ***  жолоодож, урд суудал дээр нь  ***т суугаад, арын суудал дээр би суугаад хөдөлж, нөгөө тоссон хүмүүсийнхээ машиныг түрүүлээд хөдлөхөөр гүйцэж түрүүлээд явж байтал манай машиныг бас нэг соната 6 маркын машин гүйцэж түрүүлсэн. Тэгэхэд ***  “ямар овоо байнаа” гэсэн утгатай зүйл хэлээд машиныхаа хурдыг нэмж, тэр урд 
гарсан машиныг гүйцэт түрүүлээд явж байгаад гэнэт машин баруун тал руугаа эвгүй хөдлөөд юм мөргөх шиг болоод би ухаан алдаад нэг сэргэхэд осол болоод машин уначихсан, хажууд бас портер маркын машин мөргөлдсөн бололтой зогсож байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 23 дахь тал/,
-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дархан руу ***  өөрийнхөө машиныг бариад би хажууд нь, арын суудал дээр ***  суугаад явж байгаад Төмөрлөгийн үйлдвэрийн уулзвар орчим би арагшаагаа хараад эргээд хартал  *** нэг портер маркын машины ардаас мөргөөд осол болсон, тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна.
...надад найзаасаа нэхэмжлэх зүйл байхгүй, уг хэрэгт миний бие иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 34 дэх тал/,
-Техникийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 38-51 дэх тал/,
-“Б***ын биед духанд шарх, зүүн чамархай, дух, зүүн хацар, зүүн нүдний гадна буланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 463 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 53 дахь тал/,
-“***н биед тархи доргилт, баруун, зүүн дух хэсгийн тархины эдийн няцрал, дух баруун, зүүн хацар, эрүү, хамрын нуруу, баруун, зүүн өвдөг, баруун мөр, баруун, зүүн сарвуу, баруун зулай, бүсэлхийд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 462 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 56 дахь тал/,
-“***ын биед тархи доргилт, зүүн чамархайд няцарсан шарх, хамрын нуруу, дух, зүүн хацар, зүүн нүдний дээд зовхи, хэвлий, зүүн бугалганд зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2014 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 470 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 59 дэх тал/, 
-“ *** ийн биед баруун бугалганы далд хугарал, эрүү, хүзүү, духанд шарх зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2014 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 464 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 61 дэх тал/,
-“Капитал зууч” ХХК-ны үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 65-69 дэх тал/,
-Замын цагдаагийн газрын тодорхойлолт /хэргийн 88 дахь тал/,
-Хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хэргийн 94-128 дахь тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 181 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь согтуугаар, 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт байрлах Төмөрлөгийн үйлдвэрийн ойролцоо төв засмал замд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ***  улсын дугаартай приус-20 маркын тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.3-т “тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхгүй сонгож явна” гэсэн заалт, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1а-д “механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын Үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх авна” гэсэн заалт, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7а-д “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалт, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3.б-д “хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчиж, жолооч Батсүх овогтой 
Энхбаярын жолоодож явсан портер маркын *** улсын дугаартай автомашиныг мөргөж, улмаар зорчих хэсгийн хажуу тал руу онхолдож, зам тээврийн осол гаргаж, иргэн *** ийн бие махбодид хүндэвтэр, ***  нарын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
    
    Иймд шүүгдэгч ***ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
    
Хохирогч *** нь хохирол төлбөрт 2100049 төгрөг, *** нь 2225707 төгрөг нэхэмжилж, холбогдох нотлох баримтаа ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрийн талаар маргаагүй, хохирогч *** т 2100049 төгрөг, *** д 2225707 төгрөг төлсөн байх тул энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Харин иргэний нэхэмжлэгч *** нь “үнэлгээгээр гаргасан 3880000 төгрөгийг авахгүй, харин анх машинаа 6500000 төгрөгөөр худалдаж авч байсан учир машины үнэ болох 6500000 төгрөгийг нэхэмжилнэ. Учир нь миний машин ямар нэгэн байдлаар эвдрэлгүй, замын хөдөлгөөнд оролцож байсан машин учир машин авна” гэж мэдүүлж байна. 
Хохирогч *** ын хэрэг учрал болох үед унаж явсан портер маркын *** улсын дугаартай автомашин нь *** ын /хэргийн 50 дахь тал/ нэр дээр бүртгэлтэй боловч тухайн автомашины эзэмшигч ***  болох нь иргэний нэхэмжлэгч *** ийн мэдүүлэг, иргэн *** ын тодорхойлолт зэргээр нотлогдож байх тул *** ийг мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгчээр тогтоосныг буруутгах үндэслэлгүй байна.
Харин *** нь тухайн автомашиныг 6500000 төгрөгөөр худалдаж авсан, мөн тухайн автомашиныг цаашид ашиглах боломжгүй гэдгийг нотлох баримт байхгүй учир “Капитал зууч” ХХК-ны гаргасан үнэлгээний дагуу 3880000 төгрөгийг шүүгдэгч ***өөс гаргуулж, иргэний нэхэмжлэгч *** д олгохоор шийдвэрлэлээ.
Хохирогч нар нь цаашид эмчилгээ хийлгэсэнтэй холбогдон гарах зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдах нь зүйтэй.

    Шүүгдэгч *** нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 181 дэх талд/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
    Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

    Шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч ***ийн жолоочийн үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар   *** н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 сар 15 хоног /гурван сар арван тав/ баривчлах ял шийтгэсүгэй.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ***өөс 3880000 /гурван сая найман зуун наян мянга/ төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг 46 дугаар байрны 39 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч *** д олгосугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоол гарах үед хохирогч нарт төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 293 дугаар зүйлийн 293.2-т зааснаар хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар ***өд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох бөгөөд ***ийн жолоочийн үнэмлэх шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***өд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

          9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
      
        

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Я.ТУУЛ