Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0183

 

     


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0191/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал,
        Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***ын Сансарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000533 дугаартай хэргийг 2014 оны 8 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, *** ны өдөр төрсөн,  *** настай, эрэгтэй, ***  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
-***  онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1-т зааснаар 30000 төгрөгөөр торгох, 
-*** онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар 3 жил хорих ял,
-2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.3, 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар 5 жил хорих, 
-2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ялыг, 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан,
-2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жил хорих ял шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** -ны өдрийн *** дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 7 сар 16 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан

Шүүгдэгч *** нь ялтай байх хугацаандаа Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багт байрлах 380 айлын орон сууцны нэг давхарт байрлах эмэгтэйчүүдийн алжаал тайлах төвд сэм нэвтрэн орж, иргэн ***ийн 375000 төгрөг болон нокиа маркын 40000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг гар утас хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/
D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Sansar 145.2.doc.docx
Тодорхойлох нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Эмэгтэйчүүдийн алжаал тайлах төвд ***  гэж манай найз хүүхэн ажилладаг гэж хэлсэн юм. Тэгээд *** с ганц шил архи авах санаатай ороход ширээн дээр гялгар ууттай мөнгө, нэг утас байсан. Тэрийг би аваад гараад явсан. Гарч явахад нэг эмэгтэй намайг дуудсан юм. Тэр эмэгтэй таны халаасанд миний утас байна өгчих гэхээр нь би чиний утас биш энэ утас миний найз ***  гэж хүний утас гэж хэлээд замын эсрэг талд байдаг кафе руу орсон. Ороод гялгар ууттай мөнгөнөөс нь 10000 төгрөг сугалж аваад нэг пиво уугаад сууж байхад утас нь дуугарахаар нь аваад миний дүү надад утас чинь байна, мөнгө төгрөг чинь бүгд байна ахыгаа битий янз бүрийн асуудалд оруулаарай ах нь дөнгөж сая шоронгоос гарч ирсэн юм, ах нь амьдрах гэж зүтгэж байна, ах нь 50 нас хүрлээ гэж хэлэхэд та надад авчираад өгчих, би цагдаад өгөхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би очоод шидэж өгчихөөд наана чинь 365.000 төгрөг байгаа шүү гэж хэлчихээд явсан. Би хулгай хийх зорилгоор аваагүй. Хэрвээ би хулгай хийх байсан бол утсыг нь унтраагаад, мөнгийг нь аваад, өөр газар руу явчихаж болох байсан. Би өөрийнхөө хийсэн үйлдэлд гэмшиж байна. Би үнэхээр харамсаж, гэмшиж байна.” гэх мэдүүлэг, 
-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, комиссын шийдвэр /хэргийн 6 дахь тал/,
-Эд зүйл үнэлэх комиссын шийдвэр /хэргийн 7-8 дахь тал/,
-Хохирогч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2014 оны 6 дугаар сарын 30-нд өглөө 8 цаг өнгөрч байхад 380-н айлын нэг давхарт байрлах алжаал тайлах төвийг онгойлгоод цэвэрлэгээ хийж байсан. Тэгээд өөрийнхөө гар цүнхийг угаах гээд дотроос нь 2 ширхэг гар утас, бэлэн 375000 төгрөгийг гаргаад сауны амралтын өрөөний ширээн дээр ил тавьсан байсан. Тэгээд өөр өрөөнд ороод цэвэрлэгээ хийж байсан чинь үүдэнд чимээ гарсан. Тэгэхээр нь би үүдний хаалга руу яваад очсон чинь нэг эрэгтэй хүн миний гар утсыг энгэрийнхээ халаасанд хийсэн байсан. Тэгэхээр нь “та миний утсыг авсан байна” гэж хэлсэн чинь зугтаагаад гүйсэн. Тэгсэн чинь тэр хүн ширээн дээр байсан 375000 төгрөг, 2 гар утсыг аваад явсан байсан. 
...тэгээд буцаад ажил дээрээ ирээд хулгайд алдсан утас руугаа залгасан чинь нөгөө мөнгө, утас хулгайлсан ах миний утсыг авсан. Тэгэхээр нь би “та миний мөнгө утсыг авчирч өгвөл надад гомдол санал байхгүй” гэж хэлсэн. Тэгээд 20 минутын дараа нөгөө ах ажил дээр миний мөнгийг авчирч өгчихөөд гар утсыг өгөлгүй зугтаасан. Миний мөнгөнөөс 10000 төгрөг авсан байсан.
...би алдсан утасны төлбөр, хохирол гэж нэхэмжлэхгүй. Учир нь тэр ах төлбөрийн чадваргүй юм шиг санагдсан.” гэх мэдүүлэг /хэргийн 12 дахь тал/,
-Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэнээр өгсөн: “...тэгээд надад мөнгө хэрэгтэй болоод хулгай хийхээр шийдсэн. Тэгээд 380-н айлын байранд байх сауны газрын хаалга онгорхой байхаар нь яваад орсон чинь хүн байхгүй байх шиг байсан. Тэгэхээр нь сэмхэн яваад цаад өрөөнүүдийг нь үзсэн. Тэгсэн чинь нэг өрөөний ширээн дээр бэлэн мөнгө, гар утас байхаар нь аваад гараад үүдний хаалганы тэнд очоод гарах гэж байсан чинь араас нэг эмэгтэй гарч ирээд “та миний гар утсыг авчихсан байна, буцааж өг” гэхээр нь би зугтаачихсан.
...сауны газраас авсан утас руу нэг эмэгтэй залгаад миний мөнгийг авч ирээд өг, тэгвэл гомдолгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би буцаж очоод сауны газрын үүдэнд нөгөө хулгайлсан 365000 төгрөгөө тавьчихаад зугтаасан.
...нэг гар утас авсан.” гэх мэдүүлэг /хэргийн 22 дахь тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 27 дахь тал/,
-Шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбарууд /хэргийн 29-43 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь ялтай байх хугацаандаа 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 8 цаг 30 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багт байрлах 380 айлын орон сууцны 1 давхарт байрлах эмэгтэйчүүдийн алжаал тайлах төвөөс иргэн ***ийн 1 ширхэг гар утас, 375000 төгрөгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.    
    Харин улсын яллагч яллах дүгнэлтэндээ “*** нь эмэгтэйчүүдийн алжаал тайлах төвд сэм нэвтрэн орж бусдын эд хөрөнгө хургайлсан” гэж дурьдаж, үүнийгээ орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлсан гэсэн утгаар шүүх хуралдаанд тайлбарлаж байна.
    Шүүгдэгч ***ын орж, гэмт хэрэг үйлдсэн “эмэгтэйчүүдийн алжаал тайлах төв” нь үйлчилгээний газар бөгөөд тухайн газрын хаалгыг онгорхой байхад хууль ёсоор нэвтэрч орсоныхоо дараа хохирогч *** ийн гар утас, мөнгийг хулгайлан авсан байх тул орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлсан гэж үзэх үндэслэлгүй юм.
    Мөн шүүгдэгч нь 1 гар утас хулгайлж авсан, хохирогч нь 2 ширхэг гар утас хулгайд алдсан гэж зөрүүтэй мэдүүлэг өгдөг бөгөөд хохирогч *** нь 2014 оны 6 сарын 30-ны өдрийн 1140 цагт  өгсөн тайлбартаа “алдсан хоёр ***  гар утас 20000 төгрөгөөр авч байсан утас минийх, скайтелийн ***  дугаарын утас нь манай ажлын гар утас байсан.” гэж, харин 2014 оны 6 сарын 30-ны өдрийн 1349 цагт  өгсөн тайлбартаа “цагдаа дээр мэдүүлэг өгчихөөд ажил дээрээ очсон хойноо скайтелийн утас руу өөрийнхөө мобикомын *** дугаарын утаснаас залгахад эрэгтэй хүн утас авсан.” гэж харилцан зөрүүтэй тайлбар өгчээ.
    Шүүгдэгч *** нь хохирогч *** ийн 2 ширхэг гар утсыг хулгайлан авсан гэдэгт эргэлзээ төрж байх тул шүүгдэгч ***ын 1 ширхэг гар утас хулгайлсан гэх  үйлдэл, мөн орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлсан гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
    Шүүгдэгч *** нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** ны өдрийн *** дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 7 сар 16 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд бусдын эд хөрөнгө хулгайлсан байх тул ялтай байдал нь дуусаагүй байна.
    Иймд шүүгдэгч ***ыг бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
    Хохирогч *** нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” /хэргийн 12, 45 дахь тал/ гэх шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
    Хохирогчид төлөх төлбөргүй, эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн тул ***ын нокиа 2600 маркын гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв.
    Шүүгдэгч *** нь бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлөх нөхцөл байдалд харгалзан үзэж, шүүгдэгчийн хувийн байдал, гэмшиж байгаа зэргийг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөхөөр шийдвэрлэснийг дурьдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь: 

    1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1-т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс хохирогч ***ийн мобикомын гар утас хулгайлсан гэх үйлдэл, мөн “орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлсан” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

    2. Шүүгдэгч ***г бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
    
    3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ***ын Сансарт эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хоёр жил/ хорих ял шийтгэсүгэй.

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.9-т заасныг  баримтлан   шүүгдэгч ***т энэ  шийтгэх  тогтоолоор  оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял  дээр ***-ны  өдрийн ***  дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 7 сар 16 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсаныг сэргээж, түүний  эдлээгүй  үлдсэн    ялын  зарим хэсэг  буюу 6  сар  хорих  ялыг нэмж  нэгтгэн,  шүүгдэгч  ***ын биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар хорих  ялаар  шийтгэсүгэй  

    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

    6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

    7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т заасныг баримтлан шүүгдэгч ***ын нокиа 2600 маркын гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагч Э.Золзаяагийн 2014 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн 1422 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

    8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

    9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.    

    10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Я.ТУУЛ