| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2020/0430/И |
| Дугаар | 552 |
| Огноо | 2020-05-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 552
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Жуулчдын гудамж, ........... тоотод байрлах “А” ХХК /захирал А/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ........ аймгийн .........сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах, “Н” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 25.632.611 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Н нь анх 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өөрийн биеэр манай компанийн ажлын байранд ирж биднээс 45 хоногийн хугацаатай зээл хүссэн болно. Улмаар манай компанийн эм зүйч У-тай "Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ" хийж долоон удаагийн үйлдлээр дараах зээлүүдийг авсан. Үүнд;
1.2019.06.29-ний өдөр 7,898,106 төгрөг,
2. 2019.06.29-ний өдөр 111,600 төгрөг,
3. 2019.07.17-ний өдөр 3,920,560 төгрөг,
4. 2019.07.18-ний өдөр 110,000 төгрөг,
5. 2019.07.22-ний өдөр 168,750 төгрөг,
6. 2019.07.27-ний өдөр 1,130,450 төгрөг,
7. 2019.08.01-ний өдөр 22,500 төгрөг, нийт 13.361.966 төгрөгийн зээл авсан. Удаа дараа сануулж хэлсэн боловч тэрээр өдииг хүртэл нэг ч удаа тооцоо хийгээгүй байна. Зээлийн гэрээний дагуу зээл авснаас хойш 45 хоногийн дараа бодогдож хуримтлагдсан алданги зээл тус бүрээр дараах байдалтай байна. Үүнд:
1. 2019.06.29-2019.08.14 хойш 154 хоногт 7,081,460 төгрөг,
2. 2019.06.29-2019.08.14 хойш 154 хоногт 189,320 төгрөг,
3. 2019.07.17-2019.09.04 хойш 136 хоногт 3,665,600 төгрөг,
4. 2019.07.18-2019.09 05 хойш 135 хоногт 174,250 төгрөг,
5. 2019.07.22-2019.09.08 хойш 131 хоногт 210,564 төгрөг,
6. 2019.07.27-2019.09.13 хойш 126 хоногт 925 552 төгрөг,
7. 2019.08.01-2019.09 15 хойш 123 хоногт 23899 тегрөг нийт 12.270.645 төгрөг.
Иймд бидний хохирлыг барагдуулж “Н” ХХК-аас нийт 25.632.645 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Н” ХХК-ийн захирал А.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "А" ХХК-ийн 2020 оны 04 сарын 06-ны өдрийн .............. аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.
"А" ХХК-аас нийт 13.361.966 төгрөгийн эмийг авсан. Гэвч тухайн үед миний бие 4 сартай жирэмсэн байсан бөгөөд 4 дүгээр сараас өдий хүртэл манай эмийн сан тогтмол үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа билээ. Өөрөөр хэлбэл миний бие давхар биетэй байсантай холбоотойгоор тогтмол үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. Мөн түүнчлэн жор баригч авч ажиллуулахад зохих журмын дагуу хийдэггүй, хяналт тавих хүн байгаагүйгээс болж хүн авч ажиллуулаагүй.
2019 оны 04 сараас эхлэн тогтмол үйл ажиллагаа явуулаагүй учраас эмийн борлуулалт зогсонги байдалд орж, гаднаас орох орлого хаагдсан бөгөөд дээрх эмийн төлбөрийг барагдуулах нөхцөл байдал байгаагүй билээ. Миний бие "А" ХХК-ийн нэхэмжилсэн 13.361.966 төгрөгийг барагдуулах болно. Харин алданги төлөх боломжгүй билээ. Учир нь, короногийн нөхцөл байдалтай холбоотойгоор эм борлогдохгүй байгаа, гаднаас ямар ч орлого орохгүй байгаа бөгөөд алданги төлөх боломжгүй болно.
Иймд миний дээрх нөхцөл байдлыг байдлаас болж үндсэн нэхэмжлэлийн 13.361.966 төгрөгийг сар бүр 500.000 төгрөгөөр төлж, харин 10, 11, 12 дугаар сарүудад үлдсэн мөнгийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байгаа тул алдангаас чөлөөлж өгөхийг хүсэж тайлбар гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч бид ах дүү нарын хүүхэд тул надад итгэмжлэл олгосон. АХХК нь Улаанбаатар хотын, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг. Н ХХК-ийн захирал А.Н нь АХХК-аас гэрээгээр эм худалдан авсан ч өнөөдрийг хүртэл төлөөгүй. А.Н нь эмийн үнийг төлөхөөс татгалзаж, нэхэмжлэгч байгууллагатай холбогдохгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. АХХК нь нэхэмжлэгч Н ХХК-нд 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 13.361.966 төгрөгийн эмийг 7 падаанаар хүлээлгэж өгсөн байна. АХХК нь хариуцагч байгууллагад эм өгөх бүртээ падаан бичиж гарын үсэг зуруулж, гэрээ байгуулсан байна. Н ХХК нь АХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй. Хариуцагч Н ХХК-ийн захирал А.Нтай удаа дараа холбоо барьсан. Тэрээр сүүлдээ гар утсаа авахгүй зугтаадаг болсон. АХХК нь үйл ажиллагаа явуулахын тулд зээл авсан. Н ХХК, АХХК нарын байгуулсан гэрээнд алданги тооцохоор тохиролцсон байгаа. Алдангийг тооцож үзэхэд 12.270.645 төгрөг болж байна. Иймд хариуцагч Н ХХК-аас эмийн үнэ, алдангийн хамт нийт 25.632.611 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А” ХХК нь “Н” ХХК-аас зээлээр авсан барааны үнэ 13361966 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 12270645 төгрөг, нийт 25632611 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн байна.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “Н” ХХК нь бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж нийт 13361966 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг 45 хоногийн хугацаагаар зээлээр авсан боловч бараа бүтээгдэхүүний үнийг төлөхгүй байгаа, мөн хугацаандаа үүргээ биелүүлээгүй тул гэрээнд заасны дагуу алдангийн хамт нэхэмжилж байгаа гэжээ.
Хариуцагчаас зээлээр авсан бараа бүтээгдэхүүний үнийг төлөхийг зөвшөөрсөн бөгөөд алданги төлөхөөс татгалзжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “А” ХХК болон “Н” ХХК нар нь 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч нь чанарын шаардлага хангасан эм барааг нийлүүлэх, худалдан авагч нь худалдан авсан эм барааг худалдан борлуулж үнийг төлөхөөр харилцан тохиролцсон байх ба гэрээний хугацааг 45 хоног байхаар тохиролцжээ.
“А” ХХК болон “Н” ХХК-ийн хооронд хийгдсэн Тооцооны үлдэгдлийн баталгаагаар 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дуустал өгч авалцсан барааг Нягтлан бодох бүртгэлийн баримтаар нэг бүрчлэн үзэхэд “Н” ХХК нь 13361966 төгрөгийн үлдэгдэлтэйг баталсан байх ба энэхүү үлдэгдлийг мөнгөн хэлбэрээр 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал нэхэмжлэн авахаар тохиролцсон байна.
Хариуцагч тал зээлээр авсан барааны үнийн үлдэгдэл 13361966 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Нэхэмжлэгчээс хугацаа хэтрүүлсний алданги 12270645 төгрөг нэхэмжилсэн байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний тавдугаар зүйлийн 5.5-д “Төлбөр тооцоог хугацаанд хийгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 %-ийн алданги төлнө” гэж харилцан тохиролцжээ.
“А” ХХК болон “Н” ХХК-ийн хооронд хийгдсэн Тооцооны үлдэгдлийн баталгаагаар 13361966 төгрөгийн үлдэгдлийг мөнгөн хэлбэрээр 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал нэхэмжлэн авахаар тохиролцсон байх тул энэхүү хугацаанаас хойш үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул алдангийг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Дээрх байдлаар алданги тооцоход үүрэг гүйцэтгэгч нь 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл өгөх хүртэл буюу 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 128 хоног хугацаа хэтрүүлсэн байх тул алдангид 8551658 /13361966 х 0.5 % = 66809.83 х 128 хоног = 8551658/ төгрөг төлөхөөр байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул хариуцагчаас алданги 6680983 /13361966 : 2 = 6680983/ төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.
Иймд хариуцагч “Н” ХХК-аас зээлээр авсан барааны үнийн үлдэгдэл 13361966 төгрөг, алданги 6680983 төгрөг, нийт 20042949 төгрөгийг гаргуулан “А” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 5589696 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх ба нэхэмжлэгчээс түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад нотлох баримтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан “Н” ХХК-аас зээлээр авсан барааны үнийн үлдэгдэл 13361966 төгрөг, алданги 6680983 төгрөг, нийт 20042949 /хорин сая дөчин хоёр мянга есөн зуун дөчин есөн/ төгрөгийг гаргуулан “А” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 5589696 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286113 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч “Н” ХХК-аас 258164 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ............ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М