Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 482

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ......... аймгийн ......... сумын 8 дугаар багт оршин суух, ..........овогт Х-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..... аймгийн ........ суманд үйл ажиллагаа явуулах, “С” ХХК  /гүйцэтгэх захирал С.Ганбат/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, хариуцагчийн өмгөөлөгч А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: С” ХХК-ийн Ховд голын гянт болдын уурхайгаас эрсдэлийн сангийн хуримтлал болох 2480000 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж болох 3 сарын цалинтай тэнцэх 4,500,000 төгрөг, нийт 6,980,000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тус аймгийн Ц суман дахь С ХХК-ийн Ховд голын Гянт болдын уурхайд ажиллаж байсан ба тус компанийн үйл ажиллагаа хариуцсан захирлын 2014 оны 06 дугаар сарын 94/02 дугаартай “Ажилд шилжүүлэн томилох тухай” тушаалаар маркшейдерээр томилогдон ажиллаж байсан ба уурхайн үйл ажиллагааг шүүхийн байгууллагаас зогсоосон гэсэн үндэслэлээр мөн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 159 дугаартай тушаалаар надад урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан юм. Ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т заасан талууд харилцан тохирсон гэсэн үндэслэлээр чөлөөлсөн ба надад ажлаас чөлөөлж гэрээ контрактыг цуцлах талаар урьдчилан мэдэгдээгүй болно. Нэгэнт уурхайн үйл ажиллагаа зогсож байгаа тул бид ажлаас халагдсан асуудал дээр маргаан үүсгээгүй болно. Уурхайн үйл ажиллагаа зогсоод 3 сар шахам хугацаа өнгөрч байгаа боловч энэ хугацаанд уурхайн эрсдэлийн сангийн хуримтлалд сар бүрийн цалингаас суутгасан 2.480.000 төгрөгийг болон Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан ажлаас халагдсаны дагуу тэтгэмжийг мөн олгоогүй намайг хохироож байгаа тул хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд тус аймгийн Ц суманд байрлах С ХХК-ийн Ховд голын Гянт болдын уурхайгаас Эрсдэлийн сангийн хуримтлал болох 2.480.000 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж болох 3 сарын цалинтай тэнцэх 4.500.000 төгрөг, нийт 6.980.000 төгрөгийг гаргуулж Б.Х намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ С” ХХК-ийн Б аймгийн Ц сумын нутагт үйл ажиллагаа буй Ховдголын уурхайд маркшейдерийн албан тушаалд ажиллаж байсан Б.Х нь эрсдэлийн сангийн хуримтлал болох 2,480,000, ажлаас халагдсаны тэтгэмж 4.500.000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.

Тус аймгийн Ц сумын 5-р багийн нутагт ажиллаж байсан Ховдголын уурхайн үйл ажиллагааг Хонг конгийн олон улсын арбитрын төвийн 2019 оны 03 дугаар сарын 08- өдрийн НКIАС/РА17079 тоот шийдвэр болон нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШЗ2019/04984 тоот захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2019 оны 10 дугаар сард зогсоож битүүмжлэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болж ажилчдыг тус компанийн үйл ажиллагаа хариуцсан захирлын тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн бөгөөд үүнд нэхэмжлэгч Б.Х мөн адил багтсан байдаг.

Нэхэмжлэгчийн эрсдэлийн сангийн мөнгөн хөрөнгө болох 2480000 төгрөг нь тус компанийн Ажилтан ажиллагсдын эрсдэлийн санг бүрдүүлэх, зарцуулах журамд зааснаар зохицуулагдаж ирсэн бөгөөд тус журмын 4.1-д “... хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан болох дуусгавар болсон тохиолдолд ажлаас чөлөөлөгдсөн тушаал болон тойрох хуудсыг үндэслэн ажилтны эрсдэлийн санд хуримтлагдсан мөнгөн хөрөнгийн  буцаан олгоно” гэж заасан. Б.Х нь компанийн санхүү хариуцсан албан тушаалтантай эцсийн тооцоо хийж дуусгаагүй, тойрох хуудас бөглүүлээгүй тул уг мөнгөн хөрөнгийг буцаан олгох боломжгүй юм. Уг тооцоог бүрэн хийж тус мөнгөн хөрөнгөөс хийх ямарваа нэгэн суутгал гараагүй тохиолдолд мөнгөн хөрөнгийн буцаан олгох боломжтой юм.

Б.Хийн ажлаас халагдсаны тэтгэмж гэх 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 4500000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар ажилтан цэргийн жинхэнэ албанд татагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн, ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон тогтоогдсон, ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тохиолдолд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор заасан . “ С” ХХК-ийн үйл ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2019 оны 10 дугаар сард гэнэт зогсоон тоног төхөөрөмж, эд хөрөнгүүдийг лацдсан, уурхайн ажилчдад урьдчилан мэдэгдэх боломжгүй тул нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тул 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 4500000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Х 2013 оны 05  дугаар сарын 14-ний өдрөөс эхэлж С ХХК-ийн Б аймгийн Ц сумд Ховд голын гянт болдын уурхайд маркшейдерээр ажиллаж байсан. Гэтэл Б.Хийг 2019 оны 11  дүгээр сарын 11-ний өдрийн 159 дугаар тушаалаар түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т зааснаар талууд харилцан тохиролцсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн гэрээ болон С ХХК-ийн дотоод журамд маркшейдерийн цалингаас сар бүр 5 хувьтай тэнцэх мөнгийг татаж, эрсдэлийн санд хуримтлуулах талаар заасан байна. Тайлант хугацаанд эд хөрөнгийн болон сахилгын ноцтой зөрчил гаргаагүй тохиолдолд уг мөнгийг ажилтанд буцаан олгохоор шийдвэрлэсэн байна. Ажил олгогчоос гаргаж өгч байгаа нотлох баримтаар нэхэмжлэгч далд уурхайн маркшейдерээр ажиллаж байх хугацаанд эрсдэлийн санд 2480000 төгрөг хуримтлагдсан байна. Хариуцагч тал эрсдэлийн сангийн мөнгийг олгохгүй байгаа шалтгаанаа нэхэмжлэгч нь тус байгууллагын санхүү хариуцсан ажилтантай эцсийн тооцоо хийж дуусгаагүй, тойрох хуудас зуруулаагүй тул нэхэмжлэгчийн эрсдэлийн санд хуримтлагдсан мөнгийг буцаан олгох боломжгүй гэж байна.  Гэтэл энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй.  Б.Х нь сахилгын ноцтой зөрчил гаргасан талаар нотлох баримт байхгүй. Мөн эд хөрөнгө, ажлын хувцас, багажийг дутаасан, шамшигдуулсан талаар нотлох баримт байхгүй. С ХХК-ийн харуулын алба ажилтан бүрийг шалгаад албаны хувцсыг авч үлдээд энгийн хувцастай явуулдаг журамтай. Б.Хт тойрох хуудас өгөөгүй тул эрсдэлийн сангийн мөнгө 2480000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсэж байна. 

Б.Х ажлаас халагдсаны тэтгэмжид 4500000 төгрөг нэхэмжилсэн. Бид өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, ажлаас халагдсаны тэтгэмжид 1500000 төгрөг гаргуулахыг хүсэж байна гэдгээ хэлмээр байна.  Б.Хийг олон жил ажиллуулчхаад Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт зааснаар талууд харилцан тохиролцсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй. Талууд харилцан тохиролцсон бол нотлох ёстой. Тушаалаас харахад Б.Х гэнэт түүнд мэдэгдэхгүйгээр өвлийн хүйтэнд ажлаас чөлөөлсөн. Ажилтны буруутай үйл ажиллагаа байхгүй. Б.Хээс үл хамаарах шалтгаанаар арбитрын шүүхийн  шийдвэр гарсан. Шударга ёсны зарчмын дагуу Б.Хт ажлаас халагдсаны тэтгэмжид 1 сарын цалин буюу 1500000 төгрөг гаргуулж олгох ёстой гэж бодож байна. Б.Хийг 7-8 жил ажиллуулчхаад нэг ч төгрөг өгөхгүй ажилгүйчүүдийн эгнээнд шилжүүлж байгаа. Ямар ч байгууллага ажилтнаа ажлаас халахад 1 сарын тэтгэмж өгдөг.  Б.Хт эрүүл мэндийн хувьд ажилдаа тэнцээгүй, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй хүн биш. Тэрээр хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаагүй.  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан орон тоо цөөрөөгүй тул сул зогсолтын асуудлыг шийдэх ёстой байсан. Хариуцагч байгууллага ажилтанд өгөх ёстой ажлаас халагдсаны тэтгэмж болон эрсдэлийн санд хуримтлагдсан мөнгийг өгөөгүй тул шүүхэд хандсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байна.  Дүр эсгэсэн хууль зүйн үндэслэлгүй тушаал гаргасан явдалд гомдолтой байна. Шүүх шударга ёсны дагуу ажилтны эрх ашгийн үүднээс хариуцагч байгууллагаас ажлаас халагдсаны тэтгэмжид 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйд нийцнэ гэж үзэж байна. Иймд эрсдэлийн санд хуримтлагдсан 2480000 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмжид 1500000 төгрөг, нийт 3980000 төгрөг гаргуулж өгөхийг хүсэж байна. Ажлаас халагдсаны тэтгэмжид 1500000 төгрөг өгөхгүй байгаа байгууллага 3 сая төгрөгийг өгөхгүй. Хариуцагч тайлбартаа “1 сар ба түүнээс дээш хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох ёстой” гэж бичсэн байна. Иймд хариуцагч байгууллагаас 3980000 төгрөг гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С ХХК нь 2013 оноос Б аймгийн Ц суманд Ховд голын орд дээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Б.Х нь тус байгууллагад 2013 оны 05 дугаар сараас эхэлж маркшейдер, уулын инженер албан тушаалд ажиллаж байсан. 2019 оны 10 дугаар сард С ХХК болон АНУ-ын иргэн Жеймс Баур нарын хооронд тус компанийн хувьцаа, хувь эзэмшилтэй холбоотой маргаан гарч Гонконгийн Арбитрын шүүхээр орж, АНУ-ын иргэний талд шийдвэрлэгдсэн. Улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар арбитрын шийдвэрийг баталгаажуулсан. Үүнтэй холбоотой, Б аймгийн Шүүхийн шийдвэр газар манай байгууллагын үйл ажиллагааг зогсоож, техник тоног төхөөрөмж, уурхайн амууд, уурхайн ажлын байр, баяжуулах үйлдвэр, уурхайн кемп зэрэг бүх объектуудыг битүүмжилсэн тул 2019 оны 10 дугаар сараас хойш үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Дээрх маргаан өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй. С ХХК нь дээрх шалтгааны улмаас тодорхой бус хугацаагаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул ажилчдаа бүгдийг нь ажлаас нь чөлөөлсөн. Зарим ажилчид өөрийн хүсэлтээр ажлаас гарч, зарим ажилчидтай харилцан тохиролцож ажлаас чөлөөлсөн. 

Нэхэмжлэгч Б.Х нь эрсдэлийн сангийн мөнгөн хөрөнгө 2480000 төгрөг нэхэмжилсэн. Эрсдэлийн сангийн журмаар ажилтан тооцоо хийж дууссаны дараа ямар нэгэн тооцоогүй бол уг хуримтлагдсан мөнгийг буцаан олгох ёстой. Бид тойрох хуудас зуруулаагүй, санхүүтэй эцсийн байдлаар тооцоо хийгээгүй гэх шалтгаанаар эрсдэлийн сангийн мөнгийг өгөхгүй байсан. Би С ХХК-ний нягтлан бодогчоос эрсдэлийн сангийн мөнгөний талаар асууж лавласан. Би нэхэмжлэгчийн нэхэмжилсэн эрсдэлийн сангийн мөнгө 2480000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл, уг 2480000 төгрөгийг төлж барагдуулна.

Харин нэхэмжлэгчийн ажлаас халагдсаны тэтгэмжид 1500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т ажлаас халагдсаны тэтгэмж олгох үндэслэлийг заасан. Өөрөөр хэлбэл, ажилтан цэргийн жинхэнэ албанд татагдсан, аж ахуй нэгж болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан эсхүл цөөрүүлсэн, мэргэжил ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалын хувьд тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тохиолдолд ажилтанд 1 сар буюу түүнээс дээш 3 сар хүртэл цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож болгохоор хуульчилсан. Нэгэнт нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ цуцалж, түүнийг ажлаас чөлөөлсөн тул ажлаас халагдсаны тэтгэмж олгох үндэслэл байхгүй байна.  Иймд нэхэмжлэгчийн ажлаас халагдсаны тэтгэмжид 1500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

 Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Х нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Б аймгийн Ц суманд байрлах С ХХК-ийн Ховд голын Гянт болдын уурхайгаас Эрсдэлийн сангийн хуримтлал болох 2480000 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж болох 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу 4500000 төгрөг, нийт 6980000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсжээ.

Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ажлаас халагдсан тэтгэмж болох 3 сарын цалинтай тэнцэх буюу 4500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу 1500000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж багасгажээ. 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Б.Хийн Б аймгийн Ц суманд байрлах С ХХК-ийн Ховд голын Гянт болдын уурхайгаас Эрсдэлийн сангийн хуримтлал болох 2480000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчаас 2480000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Хт олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн С ХХК-аас ажлаас халагдсаны тэтгэмж болох нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу 1500000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заажээ.

Хэрэгт нотлох баримтаар өгсөн С ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирлын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 159 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтыг үндэслэн тус компанийн Б аймгийн Ц суманд байрлах Ховдголын уурхайн үйл ажиллагааг шүүхийн байгууллагаас зогсоосон тул далд уурхайн Маркшейдер ажилтай Баурласын Хийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна.

Тухайн тушаалаас үзэхэд ажил олгогчоос ажилтан Б.Хтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоход Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д зааснаар буюу талууд харилцан тохиролцсон гэсэн үндэслэлээр дуусгавар болгож, ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Б.Хтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан тэтгэмж олгох үндэслэлүүдэд хамаарахгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Б.Хийг ажлаас чөлөөлсөн үндэслэл нь бодит байдал дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар буюу аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан гэх үндэслэлд хамаарч байгаа гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлийн талаар буюу ажлаас буруу халсан талаар гомдол гаргаагүй, мөн нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэгэнт уурхайн үйл ажиллагаа зогсож байгаа тул ажлаас халагдсан асуудалд маргаагүй гэж тайлбарласан, тухайн ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зөрчсөн болохыг тогтоосон нотлох баримтгүй байгаа тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Иймд Б аймгийн Ц суманд байрлах С ХХК-аас Эрсдэлийн сангийн хуримтлал болох 2480000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Хт олгож, ажлаас халагдсаны тэтгэмж болох 1 сарын цалинтай тэнцэх 1500000 төгрөг гаргуулж өгөхийг хүссэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан С ХХК-аас эрсдэлийн сангийн хуримтлал болох 2480000 /хоёр сая дөрвөн зуун наян мянга/ төгрөгийг гаргуулан Х-д олгож, ажлаас халагдсан нэг сарын тэтгэмж 1500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54630 төгрөгийг улсын орлого болгож хариуцагч С ХХК-аас 54630 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Хт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М