| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2023/0016/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/16 |
| Огноо | 2023-01-26 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Т.Солонго |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/16
2023 01 26 2023/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Золжаргал,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго,
Шүүгдэгч: Ч.Б*************** /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б***************д холбогдох эрүүгийн 2************* дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч Ч.Б*************** нь 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сум Гавилууд 2 дугаар баг Хутагтын 2.2.7 тоотод үл ялих зүйлээр хамтран амьдрагч Э.Ө*********тай маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд халдсан буюу нүүр хэсэгт гараа хагас атгаж байгаад 2 удаа цохисны улмаас доод эрүү ясны хугарал, далны цус хуралт, дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б***************д холбогдох эрүүгийн 2************* дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б*************** мэдүүлэхдээ:
Би хамтран амьдрагч Э.Ө*********ыг хардаж, түүний бие эрх чөлөөнд халдсан. Эхнэрээсээ уучлалт гуйсан, бидний гэр бүлийн амьдрал хэвийн үргэлжилж байгаа. Эхнэртээ эмчилгээний зардалд нийт 6.770.000 төгрөгийг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,
-Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 11-13 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Ө*********ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16, 18 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Тогосмаагийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Одгэрэлийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Анхтуяагийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 16278 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Б***************ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дахь тал/,
-Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, хохирлын баримтууд /хавтаст хэргийн 43-45, 62-67 дахь тал/,
-Б.Б*******-ын депозит дансны дэлгэргүй хуулга /хавтаст хэргийн 48-58 дахь тал/,
-Б.Б*******-ын жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 70, 71, 72, 73, 74, 75, 76, 79 дэх тал/
-Ч.Б***************ы Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь прокурорын газарт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 114 дэх тал/,
-Хохирогч Э.Ө*********ын Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Прокурорын газарт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 115 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Ч.Б*************** нь 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймаг, Ханбогд сум, 2 дугаар баг Гавилууд, Хутагтын 2.2.7 тоотод буюу гэртээ хамтран амьдрагч Э.Ө*********ыг хардаж түүнтэй маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд халдаж, нүүр хэсэгт гараа хагас атгаж байгаад 2 удаа цохисны улмаас доод эрүү ясны хугарал, далны цус хуралт, дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.
1.2. Нотлох баримтын үнэлгээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,
-Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтас хэргийн 11-13 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Тогосмаагийн өгсөн “...Тухайн өдөр буюу 11 дүгээр сарын 27-ны өдөр жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байх үед Э.Ө********* гэх эмэгтэй хүлээн авах яаралтай тусламжийн хэсэг дээр ээжийн хамт өөрийн биеэр 18 цагийн орчимд хүрч ирсэн. Би Э.Ө*********аас ямар зовуурьтай байгааг асуухад өөрөө ярьж чадахгүй байсан бөгөөд ээж нь хажуугаас нь “нөхөртөө эрүү рүүгээ цохиулчихсан” гэж хэлж байсан. Би өвчтөнд анхан шатны үзлэг хийхэд амин үзүүлэлтүүд тогтвортой, доод эрүүний зүүн талын хэсэг эмзэглэлтэй, бага зэргийн хавдартай, толгойг үзэхэд толгойд ямар нэгэн хавдар байхгүй, зүүн далны ар хэсэг дээр өвдөж байна гэхээр нь үзэхэд ямар нэгэн шарх, хавдар байгаагүй. Би тухайн үед өвчтөний биеийн ерөнхий байдлыг үзэхээр гадуур хувцсыг тайлж харахад ямар нэгэн хөхрөлт няцралт, шалбаралт тухайн үедээ байгаагүй. Тэгээд үзлэгээ хийж дуусаад өвчин намдаах тариа хийгээд дүрс оношилгооны эмчийг дуудаж рентген зураг авахуулахад доод эрүүний хугарал гэсэн тогтоогдсон. Амин үзүүлэлтүүд тогтвортой яаралтай тусламжийн болон эмнэлэгт хэвтэх заалт байгаагүй тул БОЭТ-ийн гэмтлийн эмчээс зөвлөгөө авч, өвдөлт намдаах эм зөвлөж дараагийн шатлалд өвчтөн шилжүүлэх хуудас /13А/-аар БОЭТ-ийн гэмтлийн тасаг руу явуулсан. Э.Ө*********д амбулаториороор үйлчлүүлэгдчийн карт, дараагийн шатлалд өвчтөн шилжүүлэх хуудас /13А/-ыг бичиж өгөөд явуулсан... Тухайн үед эрүүний ясанд учирсан гэмтлээс болж юм ярьж чадахгүй байсан. Би тэрийг сайн мэдэхгүй байна. Ээж нь хэлэхдээ “нөхөр нь эрүү рүү нь цохиж, зодсон гэж” хэлж байсан... Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байх шиг байсан... Ээжтэйгээ 2-лаа хамт явж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Одгэрэлийн өгсөн “...Ойлголоо би энэ эрхээ эдлэхгүйгээр үнэн зөв мэдүүлэг өгнө. Э.Ө********* нь манай 3 дахь төрсөн охин байгаа юм... Тухайн өдрийн 15 цагийн орчимд манай охин Э.Ө********* утсаар залгаад “Ээжээ Батчулуун намайг аймар зодчихлоо гэхээр нь би чатаар дүрсээ хараад залгасан чинь зүүн талынх нь эрүү дотогшоо орчихсон, 2 шүд нь хөдөлгөөн орчихсон байдалтай байсан тэгээд намайг 30 минутын дараа хүрээд ир гэж хэлээд утсаа салгасан. Тэгэхээр нь би дахиад залгасан чинь утас нь дуудаад огт авахгүй байсан болохоор том хүүгийн эхнэр Анхтуяагийн хамтаар машинтай гэрт нь явж очоод ороход Өнөржаргалын зүүн талын эрүү нь сонин болчихсон байсан тул яасан талаар нь асуухад Батчулуун цохисон гэж хэлээд уйлаад гэртээ сууж байсан. Тэгээд би бэр Анхтуяагийн хамтаар Өнөржаргалыг эмнэлэгт хүргэж өгөөд зураг авхуулсан чинь эрүү нь 2 хугарсан байна гээд дараагийн шатны эмнэлгийн байгууллага руу шилжүүлэх зөвлөмж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Анхтуяагийн өгсөн “...Тухайн өдөр 15 цаг өнгөрөөгөөд 16 цагийн орчимд манай хадам ээж над руу утсаар залгаад "Өнөржаргал зодуулчихлаа гээд утсаар яриад байна явах гэсэн чинь унаа байхгүй байна. унаатайгаа хүрээд ирээч хамт очоод Өнөржаргалыг авъя” гэж хэлэхээр нь би хадам ээж Одгэрэлийг гэрээс нь очиж аваад хамт тэндээсээ Батчулууны гэрч очсон. Бид нарыг анх очиход Батчулуун гэртээ байхгүй байхаар нь утсаар залгасан чинь Өнөржаргалыг аваад аймаг явж байна гэж худлаа хэлээд хөдөө гэр лүүгээ явж байсныг нь болиулаад гэрт нь дуудсан. Тэгээд хадам ээж бид 2 гадуур хайж явж байгаад эргээд гэрт нь очсон чинь Батчулуун Өнөржаргал 2 гэртээ оччихсон байсан. Бид 2-ыг гэрт нь яваад орсон чинь Өнөржаргалын эрүү нь хавдчихсан юм ярьж чадахгүй, нилээд айсан шинжтэй сууж байсан. Гэрт ороод Батчулуунаас юу болсон талаар асуухад Өнөржаргал найз нөхөдтэйгөө нийлэхээрээ намайг муу хэлдэг гэсэн. Тэгээд би нэг удаа алгадсан" гэж хэлж байсан. Тэгээд хадам ээж бид 2 Өнөржаргалыг аваад би гэртээ бууж үлдээд хадам ээж миний машиныг аваад эмнэлэгт үзүүлэхээр явсан...Би очоод яасан талаар асуухад Батчулуун надад хэлэхдээ "Өнөржаргал найз нөхөдтэйгөө уулзахаараа дандаа намайг муу хэлдэг гэж би хүнээс сонссон тийм шалтгааны улмаас цохисон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 16278 дугаартай шинжээчийн “...1.Э.Ө*********ын биед доод эрүү ясны хугарал, далны цус хуралт, дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Уг гэмтэл тухайн цаг үед үүссэн байх боломжтой. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/
-Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Б***************ы өгсөн “...Би 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн өглөө 08 цагийн орчимд гэртээ байж байхад манай эхнэр дэлгүүр орчихоод фитнес рүү явна гээд гэрээс гараад явсан. Тэгээд өдөр 13 цагийн орчимд би гэрээс гарах гээд эхнэрийг ирж байна уу гээд дуудсан чинь “очих болоогүй, би завгүй байна” гээд байсан. Өөдөөс тэгж яриад байхаар нь миний уур хүрээд хадам ээжтэй утсаар яриад болсон асуудлыг хэлсэн чинь өөдөөс "наадах чинь фитнес дээрээ нэг залуутай уулзаад байх шиг байсан” гэж хэлэхэд нь миний маш ихээр хүрч утсаараа залгаж гэртээ дуудаад гэрт ирснийх нь дараа бид 2 хоорондоо маргалдаж хэрэлдсэн. Өөдөөс хэрэлдээд маргалдаад байхаар нь миний уур хүрээд гараа хагас атгаж байгаад эхнэр Э.Ө*********ын зүүн талын шанаа хэсэгт 2 удаа цохиод авсан чинь газарт уначихаар нь хөлөөрөө нурууны хэсэг нь нэг удаа өшиглөсөн. Тэгсэн чинь манай эхнэр уйлаад, бахираад гэрт сууж байхад манай хадам ээж, бэр Анхаагийн хамт ирээд манай эхнэрийг аваад эмнэлэг рүү явсан. Тэгээд намайг цагдаагийн тасаг дээр ирчхээд эмнэлэг рүү очсон чинь манай эхнэрийн эрүү хугарсан байсан... Би архи пиво уугаагүй гэртээ байсан 1,5 литрийн савтай гүүний айргийг бүгдийг нь уусан... Өнөржаргал миний бие эрх чөлөөнд халдсан зүйл байхгүй...Манай гэрт гаднаас хүн байгаагүй бид 2 л байсан...Э Өнөржаргалын эмчилгээний зардалд 6.770.000 төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/ зэрэг болно.
Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Б*************** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
1.4. Хууль зүйн дүгнэлт.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 16278 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Ч.Б*************** нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ч.Б*************** нь хохирогч Э.Ө*********ын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүнд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.Б***************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ч.Б***************ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Б*************** нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Хохирогч Э.Ө*********ын биед “доод эрүү ясны хугарал, далны цус хуралт, дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 16278 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Э.Ө*********ыг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 14 дэх тал/
Хохирогч Э.Ө********* нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болох нь түүний мөрдөн шалгах ажиллагаанд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт гаргасан “...Цаашид миний зүгээс хохиролтой холбоотой гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Ч.Б***************тай эвлэрч ямар нэгэн маргаангүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ” гэх хүсэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 115 дахь тал/
Шүүгдэгч Ч.Б*************** нь хохирогч Э.Ө*********д гэм хорын хохиролд нийт 6.770.000 төгрөг нөхөн төлсөн гэх боловч түүнийг нотолсон баримтыг хавтас хэрэгт хавсаргаагүй, Хаан банкны депозит дансны хуулга хавсаргасан байх боловч 5595158337 дугаартай дансанд “hani” гэх утгаар хийгдсэн гүйлгээ нь хохирогч Э.Ө*********ын эзэмшдэг данс мөн эсэх нь тодорхойгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иймд хохирогч Э.Ө********* нь шүүгдэгч Ч.Б***************аас “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Ч.Б*************** нь 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймаг, Ханбогд сум, 2 дугаар баг Гавилууд, Хутагтын 2.2.7 тоотод буюу гэртээ хамтран амьдрагч Э.Ө*********ыг хардаж түүнтэй маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд халдаж, нүүр хэсэгт гараа хагас атгаж байгаад 2 удаа цохисны улмаас доод эрүү ясны хугарал, далны цус хуралт, дагзны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 79 дэх тал/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Ч.Б***************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Б*************** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.Б***************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *************** овогт *****************************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б***************д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Б***************д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч Э.Ө********* нь шүүгдэгч Ч.Б***************аас “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Ч.Б*************** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б***************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг тус тус мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААНАРАН