Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0184

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2014/0188/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батболд,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Хохирогч *** ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201409000394 дугаартай эрүүгийн хэргийг 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** төрсөн, *** настай, *** , тусгай дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, одоогоор “Хангай” захад тогооч ажилтай,   ***  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй

Шүүгдэгч *** нь 2014 оны 5 дугаар сарын 9-ний өдөр *** тоотод гэртээ өөрийн төрсөн охин *** эй маргалдан, улмаар *** ийн биед хүнд зэргийн гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч ***гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр би ажлаасаа тараад гэртээ ирэхэд охин *** гэрээ цэвэрлээгүй согтуу унтаж байсан. Тэгэхээр нь яагаад архи дарс уусан юм бэ? гээд уурласан. Би ***гтэй хэрүүл хийгээд байж байхад гаднаас *** ийн хамтран амьдрагч Билгүүн согтуу орж ирсэн. Би Билгүүнийг хамт амьдарч чадахгүй бол зайл гэхэд Билгүүн үг хэлэхгүй гараад явсан. Би ***гт чи хагарсан цонхоо цэвэрлэхгүй яасан юм бэ?

гэхэд *** өөдөөс согтуу хэрүүл хийгээд байсан. Гаднаас манай нөхөр Цоож орж ирсэн. Манай нөхөр та 2 битгий хэрүүл хийгээд бай гэж хэлээд гараад явсан. Би гаднаас хогийн хувин авч орж ирээд цонхны хагархай шил түүж байхад охин *** араас ирээд би цэвэрлэнэ гээд араас татаад байсан. Тэгээд л ийм зүйл болчихлоо. Охиноо санаатай гэмтээе гэж бодоогүй.“ гэх мэдүүлэг,

-Хохирогч *** ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр би урд өдөр нь архи уусан байсан. Манай гэрийн цонх хагархай байсан. Ээж ажилдаа явахдаа цэвэрлэчихээрэй гэж байсан. Тэр өдөр манай найз нар ирээд архи уусан. Тэгээд орой нь ээж ирээд гэрээ цэвэрлэхгүй яасан юм бэ? гээд уурласан. Энэ үед ээж шалны түмпэн авчраад хагархай цонхны шилийг цэвэрлэх гээд цонхон дээр очоод шилийг нь түүж байсан. Би ээжийн ардаас нь очоод би цэвэрлэе хойшоо болж бай гээд холдуулах гэтэл ээж чи өдөр цэвэрлээгүй байж одоо цэвэрлээд байхдаа яах бэ гээд цаашаа бай гээд тохойгоороо түлхэх шиг болсон чинь миний гэдэс рүү халуун дүүгээд явчихсан. Эвгүй болохоор нь орон дээр хэвтсэн чинь ээж эргэж хараад орилоод явчихсан түргэн дуудаарай гэж байсан. Би ээжийгээ ийм байдалд оруулсанд харамсаж байна. Надад гомдол санал байхгүй.“ гэх мэдүүлэг,
-Хэргийн учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 6-8 дахь тал/,
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 9-10 дахь тал/,
-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 14 дэх тал/,
-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэгтэл удалгүй Билгүүнээ орилоод гараад ирэхээр нь “яасан” гэхэд “*** г хутгалчихлаа” гэхээр нь би “хурдан түргэн дууд” гээд байж байхад удалгүй эмнэлгийн машин ирээд ***ийг аваад явсан юм.
...цонхны шилэнд хатгагдсан гэж Сэргэлэн ярьж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 17 дахь тал/,
-Гэрч ***ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би гадаа байшингийн хойно сууж байхад гэнэт ээжийн хашгирах дуу гарахаар нь би яасан юм бол гээд гэрт яваад ороход ***  орон дээр гэдсээ дараад хэвтсэн, гарынх нь салаагаар цус гарч байхаар нь очоод *** ийн фудволкийг нь сөхөж үзэхэд гэдэснээс нь нилээн цус гарч байсан. Ээж хажууд эмнэлэг дуудах гээд утсаа барьчихаад сандраад зогсож байсан ба би ээжээс утсыг нь авч эмнэлэг дуудсан юм.
...эмнэлэг дээр байхдаа ээж надад хагархай цонх цэвэрлэж байхад Ганцэцэг ардаас ирээд татахаар нь цаашаа холд гээд шилтэй гараараа санамсаргүй түлхсэн гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 18 дахь тал/, 
-“*** ийн биед хэвлийн хөндийн нэвтэрсэн, бүдүүн гэдэс, элэгний хатгагдаж зүсэгдсан шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 556 дугаартай  шинжээчийн дүгнэлт /хэргийн 20 дахь тал/, 
-“Хэргийн газраас авсан гэх шилний хурц үзүүр хэсэгт цус илэрсэн. Хүн ба амьтны цусны аль нь болохыг тогтоох боломжгүй.” гэх 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 5220 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 23 дахь тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 34 дэх тал/,
-Хохирогч *** ийн өвчний түүх /хэргийн 44-59 дэх тал/,
-Шинжээч эмч *** ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “*** ийн биед учирсан хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлээр нэг удаа хатгагдах үед үүсэх боломжтой ба гартаа шил барьж байгаад гараа арагш савсаны улмаас /түлхсэний/ уг гэмтлийг учруулах боломжтой.” гэх мэдүүлэг /хэргийн 60 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч *** нь 2014 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын *** тоотод байх гэртээ өөрийн төрсөн охин ***тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар ***ийн хэвлийн тус газарт нь гартаа барьсан байсан цонхны шилний хагархайгаар цохиж, бие махбодид нь хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн  зүйл, хэсэг зөв байна.
    
    Иймд шүүгдэгч ***г бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
    
    Хохирогч *** нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Шүүгдэгч *** нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 34 дэх тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

    Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
    
    Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурьдаж, энэ хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 20 см урт, 8 см өргөнтэй гурвалжин хэлбэрийн цонхны шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэснийг дурьдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон Тогтооох нь:

1. Шүүгдэгч ***г бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-т зааснаар шүүгдэгч ***д 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 2 жил хорих ялыг  жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 20 см урт, 8 см өргөнтэй гурвалжин хэлбэрийн цонхны шилний хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай. 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар ***д  хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ***д мэдэгдсүгэй.

   8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
      
        


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Я.ТУУЛ