| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ё.Ринзаан |
| Хэргийн индекс | 171/2012/0058/Э/ |
| Дугаар | 52 |
| Огноо | 2012-02-27 |
| Зүйл хэсэг | 153.1., 181.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2012 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 52
Хэргийн индекс: 171/2012/0058/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваадорж,
улсын яллагч Г.Яндаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1, 153 дугаар зүйлийн 153.1-д заасан гэмт хэрэгт Д овогт Н.А т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201209000025 дугаартай хэргийг 2012 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Д овогт Н.А /РД:ЙИ../, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг .. тоот оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй.
Шүүгдэгч Н.А нь 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр архидан согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Жинчин” дэн буудлын орчим нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин танхайрсан, энэхүү танхайрах явцдаа иргэн Л.Н ын эзэмшлийн ... УБН улсын дугаартай “Харьер” маркийн авто машины салхины шилийг хагалж 321.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр цагийг нь сайн санахгүй байна. “Жинчин” нэртэй буудалд хоёр савтай пиво ууж байгаад согтсон байсан. Тэгээд тэр буудлын урд зам дээр нэг машин миний урд тулаад зогсохоор нь холдооч гэж хэлээд гараараа хаалга руу цохиод нөгөө гараараа шил рүү нь цохьсныг санаж байна. Би ер нь архи дарс уудаггүй юм тэр өдөр яагаад пиво уусандаа харамсаж байна. Хийсэн хэрэгтээ харамсаж байна” гэв.
Шүүгдэгч Н.А нь 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр архидан согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Жинчин” дэн буудлын орчим нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин танхайрсан, энэхүү танхайрах явцдаа иргэн Л.Н ын эзэмшлийн ... УБН улсын дугаартай “Харьер” маркийн авто машины салхины шилийг хагалж 321.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
D:\My Office flie\Шийтгэх тогтоол\2011.06\Í.Àëòàíõóÿã øèéòãýõ òîãòîîë.doc
хохирогч Л.Н ын:...”2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 15 цагийн үед гэрээсээ гараад “Жинчин” нэртэй буудлын урдуур машинтайгаа явж байтал өөдөөс нэг согтуу хүн гараа дэвээд явж байснаа “Дарханы п-уудыг алаад өгье” гэж хэлээд миний машины салхины шилийг зүүн гараараа цохиж хагалаад баруун гараараа машины толийг цохисон” гэсэн мэдүүлэг /хэргийн 14 дахь тал/,
гэрч Л.Э-ийн:...”Тэр согтуу залуу “ална” гэж орилж байгаад намайг нэг харахад Н ын машины урд салхины шил рүү гараараа цохисон. Тэр үед Н тэр согтуу залууд хандан машины шил хагалчихлаа гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 15 дахь тал/,
гэрч Г.М-ын:...”Жинчин нэртэй буудлын ард очиход “Харьер” маркийн хар өнгийн авто машин зогсож байсан бөгөөд шил нь цуурсан байдалтай харагдсан. Тэр үед уг машины эзэн нь гэх нэг ах гарч ирээд согтуу хүн машины минь шилийг хагалчихлаа гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 16 дахь тал/,
шүүгдэгч Н.А ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:…”2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр цагийг нь сайн санахгүй байна. “Жинчин” нэртэй буудалд хоёр савтай пиво ууж байгаад согтсон байсан. Тэгээд тэр буудлын урд зам дээр нэг машин миний урд тулаад зогсохоор нь холдооч гэж хэлээд гараараа хаалга руу цохиод нөгөө гараараа шил рүү нь цохьсныг санаж байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 20 дахь тал/,
эд хөрөнгөд хохирлын үнэлгээ тогтоосон баримт” /хэргийн 23 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар Н.А ийн гэмт үйлдэл нотлогдон тогтоогджээ.
Иймд шүүгдэгч Д овогт Н.А ийг нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин танхайрсан, энэхүү танхайрах явцдаа бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Н нь “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Н.А аас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.А урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ. /хэргийн 32 дахь тал/.
Шүүгдэгч Н.А нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д овогт Н.А ийг нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан,
Бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар Н.А т 1/ нэг/ жил 6 /зургаан/ сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 2 /хоёр/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Н.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ялд нь, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг багтааж, Н.А ийн биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Н.А ийн энэ хэрэгт 2012 оны 2 дугаар сарын 06-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 38 /гучин найм/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Н.А ийн эдлэх 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар Н.А нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Н.А т энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Н.А т хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Н.А т мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.А т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.А т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ШҮҮГЧ Ё.РИНЗААН