| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2013/0030/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/26 |
| Огноо | 2013-01-29 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Т.Оюунжаргал |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2013/ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0030/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,
Улсын яллагч Т.Оюунжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,
Шүүгдэгч Л.О. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Л.О.т холбогдох эрүүгийн 201209000714 тоот хэргийг 2013 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын .. баг, ... тоотод түр оршин суух, Дархан сумын .. дугаар баг .. байрны .. тоотод оршин суудаг бүртгэлтэй,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 229 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,
Өршөөл үзүүлэх тухай хуулийн /2006.6.23-ны/ 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.6-т зааснаар 5 жил 2 сар хорих ялаас өршөөн хэлтрүүлж байсан, мөн 2009 оны 2 сарын 3-ны өдрийн 44 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1-т зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Ө овогт Л.О. /РД: .../
Шүүгдэгч Л.О. нь 2012 оны 12 сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах “Болорчимид” ХХК-ны “Оргил” баарнаас караокений машин хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.О. нь 2012 оны 12 сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ... багийн нутаг дэвсгэрт байрлах “Болорчимид” ХХК-ны “Оргил” баарнаас караокений машин хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
-Шүүгдэгч Л.О.аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2012 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шарын гол суманд гэртээ байж байгаад хадмынхантайгаа муудалцаад гарч яваад найзуудтайгаа уулзаад сууж байгаад уусан. Тэгээд би явлаа гээд гарсан. Оргил баранд ороод караокены өрөө рүү шагайхад хүмүүс дуулж байсан. Тэгээд дахиад өрөө рүү шагайхад хүнгүй караокены машин ширээн дээр байхаар нь авсан. Тэгээд аваад урдаа бариад үүдэнд нь сууж байхад зөөгч нь ирээд цагдаа дуудсан гэх мэдүүлэг,
D:\2013 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Otgonbayar 145.2.doc
-Хохирогч Д.Н.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2012 оны 12 сарын 23-ны орой ажил руугаа утасдахад 2 номерын өрөөнөөс караокений машин алга болчихсон гэж хэлсэн. Тэгээд би ажил руугаа орсон чинь нэг залууг бариад цагдаа аваад явчихлаа гэж хэлсэн юм. ...надад одоо гаргах гомдол санал байхгүй, миний хохирол болох 200.000 төгрөгийг барагдуулж өгсөн юм. Энэ мөнгө бол тэр орой караокений машин ажиллаж байсан бол орох ёстой орлого байсан юм.
...уг караокений машин нь бол 6 иж бүрдэл, үүнд караокений машин өөрөө, 2 хос микрофон, өсгөгч, 2 яригч буюу депузер зэрэг эд зүйлүүд багтдаг. Үүнээс зөвхөн караокений машиныг нь 970000 төгрөгөөр авч байсан, үүнийг О. авч гарч яваад баригдсан юмаа. “ гэх мэдүүлэг / хэргийн 7, 39 дэх тал/
-Эд зүйлс үнэлэх комиссын шийдвэр /хэргийн 4 дэх тал/,
-Гэрч Г.Н.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2012 оны 12 сарын 23-ны өдөр би ажил дээрээ байж байтал 20 цагийн үед байх нэг халамцуу залуу орж ирчихээд лангуун дээр ирж зогсож хүмүүсийг болон бид нарыг харж байгаад караокений өрөө уруу яваад орчихсон юм. ... караокений машин байхгүй болчихсон байхаар нь гараад нөгөө залуугийн хажууд иртэл шалан дээр караокений машиныг тавьчихсан байхаар нь цагдаа дуудсан. Тэр залуу гарч зугтаах гээд байсан учир цагдаа иртэл Мөнхзул бид хоёр барьж байсан. Тэр залуу юу ч хэлэхгүй байсан. Яагаад хулгай хийж байгаа юм гэхэд нэг ах намайг аваад ир гэсэн гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 9 дэх тал/,
-Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2012 оны 12 сарын 23-ны өдөр би ажилтай байсан. Тэр өдөр хүн багатай байсан, би зөөгчийнхөө ажлаа хийж байтал 21 цагийн үед нэг залуу гаднаас орж ирээд л караокений өрөөнүүдийн тийшээ орчихсон. Би нэг номерын өрөөнд 3 охин сууж байсан учир тийшээ орсон юм байлгүй гэж бодоод ажлаа хийж байтал үйлчлэгч Нямбуу эгч энэ залуу караокений өрөөнөөс гарч ирээд зааланд суучихлаа гэсэн. Очоод үзтэл караокений машиныг шалан дээр тавьчихсан байсан, тэгээд л цагдаа дуудаж өгсөн. “ гэх мэдүүлэг /хэргийн 10 дахь тал/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Л.О. нь 2006 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар ял шийтгүүлж ялтай байхдаа 2009 оны 2 сард Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1-т заасан гэмт хэрэг үйлдэж, Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.5-т зааснаар ялтай байдал нь тасарсан байна. Ялтай байдал тасарсан учир сүүлчийн гэмт хэрэгт оногдуулсан үндсэн ба нэмэгдэл ялыг эдэлж дууссаны дараа түрүүчийн гэмт хэрэгт ялгүй болох хугацааг хамтатган тоолж эхлэх бөгөөд энэ зарчимаар тооцож үзэхэд ялтай байдал нь дуусаагүй байна. Иймд ялтай байхдаа бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх тул аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хохирогч Д.Н. нь “надад одоо гаргах гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгч Л.О.ыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Л.О. нь гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл болно.
Иймд шүүгдэгч Л.О.ыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.О. нь эхнэр, 1 настай охин, өндөр настай эхийн хамт амьдардаг, ээж Ц.А нь “см эпилепси АГ III” оноштойгоор өрхийн эмчийн хяналтанд байдаг болох нь Дархан сумын 10-р багийн засаг даргын 2013 оны 1 сарын 29-ний өдрийн 266 тоот тодорхойлолт, “Гэрэлтэй” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор нотлогдож байх учир эд хөрөнгө хураахгүйгээр баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулаагүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан шүүгдэгч Л.О.ын нокиа 6070 маркын гар утас битүүмжилсэн ахлах мөрдөн байцаагч Д.Ө-ийн 2013 оны 1 сарын 14-ний өдрийн 59 тоот тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.
Шүүгдэгч Л.О. нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч Д.Н. нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.О.т бусдын батлан даалтанд өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Л.О.ыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Ө овогт Л.О.ыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ сар 5 /тав/ хоног баривчлах ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Л.О.ын өмчлөлийн нокиа 6070 маркийн гар утас битүүмжилсэн ахлах мөрдөн байцаагч Д.Ө-ийн 2013 оны 1 сарын 14-ний өдрийн 59 тоот тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар Л.О.т урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303-т зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацааны дотор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Л.О.т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ