| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2023/0037/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/37 |
| Огноо | 2023-03-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.С |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/37
2023 он 03 сарын 09 өдөр Дуга 2023/ШЦТ/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.З,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.С,
Шүүгдэгч: Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Б-н О холбогдох ************** дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ө аймгийн Х суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Ө аймаг Х сум Ж 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, Х овогт Б Од, /РД:********/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.О нь 2023 оны 01 дүгээр сарын 30-31-нд шилжих шөнө Ө аймгийн Х сум Ж багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Г.О хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, зулайд шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхи духанд цус хуралт гэмтэл үүсгэсэн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О нь мэдүүлэхдээ:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.О “...2023 оны 01 сарын 30-ны өдрийн 12 цагийн орчимд манай нөхөр Одончимэд нь тэмээ гаргахаар 2 найзаа дуудсан. Тэгээд тэмээгээ янзалж байхдаа 2 шил 0.75 литрийн хараа нэртэй архи уусан. Тэгээд гаргасан тэмээгээ номгон бригад руу аваачиж өгөх гэж явсан тэгэхдээ бас 1 шил архи авсан тэгээд замд машинд явж байхдаа агсраад шилтэй архиараа 2 удаа миний толгой руу цохисон. бас миний хүүхдүүдийг заналхийлээд байсан янз бүрийн л юм яриад байсан. Тэгээд тэмээгээ хүргэж өгчхөөд буцаад явж байхдаа дахиад 2 шил архи аваад тэрийгээ гэртээ ирээд нөгөө 2 найзтайгаа уусан. Тэгээд 00 цагийн орчимд агсам тавиад гар утсаараа толгой руу олон удаа цохиж толгой хагалсан, хоолой боосон, хоолойнд хутга тулгасан, тэгээд би гараад зугтсан цагдаа дуудах гэхэд утас авчаад өгөхгүй байсан. Тэгээд би сүлжээ нь дээр очиж хүний утсаар яриад түргэн дуудаад сумын эмнэлэг дээр ирсэн.... Одончимэд 2 найзтайгаа намайг хардаад элдэв үгээр харааж миний бие эрх чөлөөнд халдсан...Одончимэд миний нүүр хэсэгт гараараа 5-6 удаа цохиж миний уруулыг язалсан, зүүн нүдний доод хэсэг хөхөрч хавдсан, тэгээд миний дух руу шилтэй 2 удаа цохиж дух хөхөрч хавдсан, миний толгой хэсэг рүү гар утсаараа олон удаа цохисноос болж толгой хагарсан, хоолой боож арьс нь улаан болсон зэрэг гэмтлүүд үүссэн...2О22 оны 12 дугаар сарын 27-ны өдөр санагдаж байна миний толгой руу гараараа 2-3 удаа цохисон, мөн жилийн өмнө над руу аяга авч шидээд хамрын метрол учруулсан, 2022 оны хавар УБ хотод архи уугаад агсам тавьж зодсон, 2021 оны намар миний нүүрэн дээр дэвсээд нүүрэнд гэмтэл учруулж байсан, мөн 2021 онд нүүрсний замын сүлжээ гэх газрын цайны газарт дотор сандал дээрээс цохиж унагаж байсан...Би зодуулсандаа гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/
2023.02.27-ны өдрийн дахин өгсөн “...Б.Одончимэд надад учруулсан хохирлын эмчилгээний зардал мөнгө гээд 700.000 төгрөг өгсөн...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/
Гэрч Ц.Сүхбаатарын “...2023 оны 01 сарын 29-ний өдөр найз Одончимэд над руу залгаад маргааш нэг тэмээ гаргаад өгөөч гэсэн тэгээд маргааш нь буюу
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2186 дугаартай “....Г.Отгонгэрэлийн биед зулайд шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхи духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/
Яллагдагч Б.Одончимэд “...2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр найз Сүхбаатар, Гарам нарыг дуудаад тэмээ гаргахаар болсон тэгээд тэр манай гэрт бид 3 тэмээ янзалсан. Тэгээд тэмээ янзалж байхдаа тэмээ гаргасан гээд нэг шил 0.75 литрийн хараа архийг бид 3 хувааж уусан. Тэгээд гаргасан тэмээгээ Гарамын машин дээр ачаад Гарам, манай эхнэр Отгонгэрэл, бид 3 гавилууд багийн нутагт ченж мах авч байна гэхээр нь тэнд аваачиж өгсөн. Тэгээд тэмээгээ өгөөд тооцоогоо хийж дуусаад буцаад гэр лүүгээ явсан. Тэгээд гэр лүүгээ харих замдаа дэлгүүр орж архи, пиво авсан байсан тэгэхдээ тухайн дэлгүүр орсныг би санахгүй байгаа тэгээд замд яваад би гэртээ ирээд сэргэсэн тэгээд замдаа авсан архиа уусан тэгээд архиа уугаад байж байхад Гарамын эхнэр ирээд ширээ нь дээр байсан хагас шил архийг аваад гадаа гарч хагалчхаад Гарамыг аваад яваад өгсөн. Тэгээд Сүхбаатар, эхнэр бид 3 байж байгаад эхнэр бид 2 маргалдсан би гэрийн хойморт суугаад бичлэг хийгээд сууж байсан чинь эхнэр өөдөөс ирээд чи бичлэг хийлээ гээд утас руу өшиглөөд авсан тэгэхээр нь би чи эмэгтэй юм байж надтай барьцаж архи уулаа гэсэн чинь надтай барьцалдаад авахаар нь би цаашаа бай гээд гарын ар тал хэсгээр 2-3 удаа нүүр хэсэг рүү нь цохиод авсан тэгсэн чинь эхнэр цагдаа дуудна гээд утас өг гэсэн тэгээд бид 2 утсаа булаацалдсан тэгээд утас булаацалдаж байхдаа гар утсаар эхнэрийн толгой руу цохиж толгойг нь хагалсан байх, тэгээд эхнэр гараад гүйчихсэн тэгээд би араас нь гараад олоогүй. Тэгээд би мотоцикл унаад тэр хавиар хайсан боловч олдоогүй....Тухайн гэмтлийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр би Г.Отгонгэрэлтэй маргалдаж улмаар түүний биед уг гэмтлийг учруулсан... Хийсэн зүйлдээ их харамсаж байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Одончимэдийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж дүгнэв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Одончимэд нь 2023 оны 01 дүгээр сарын 30-31-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сум Жавхлант багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Г.Отгонгэрэлтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, зулайд шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхи духанд цус хуралт гэмтэл үүсгэсэн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Одончимэд нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Одончимэдийн гэмт үйлдэл болон хохирогч Г.Отгонгэрэлийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.Одончимэд нь 2023 оны 01 дүгээр сарын 30-31-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сум Жавхлант багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Г.Отгонгэрэлтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, зулайд шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхи духанд цус хуралт гэмтэл үүсгэсэн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Одончимэд нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Б.Одончимэдийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Отгонгэрэлийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2186 дугаартай ‘’...Г.Отгонгэрэлийн биед зулайд шарх, баруун зүүн нүдний дээд доод зовхи духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...’’ гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/
Шүүгдэгч Б.Одончимэд нь хохирогч Г.Отгонгэрэлийн эмчилгээний зардалд 700,000 төгрөг нөхөн төлсөн болох нь хохирогч У.Одбаярын эмчилгээний зардалд 700,000 төгрөг авсан нь үнэн болно гэх шүүхэд гаргасан хүсэлт болон шүүгдэгч Б.Одончимэдийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, тайлбараар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 75 дахь тал/
Хохирогч Г.Отгонгэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Г.Отгонгэрэл миний бие нь Б.Одончимэдэд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч Б.Одончимэдийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хохирогч Г.Отгонгэрэл нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Одончимэдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Одончимэдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн”-нийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Одончимэдийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Одончимэдийг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Одончимэдэд оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Одончимэдэд оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Одончимэд нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Одончимэдийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Одончимэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б-н О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ийг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.О нь хохирогч Г.О эмчилгээний зардалд 700,000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.О-ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болох бөгөөд энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ