Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 596

 

 

 

 

 

 

2020              5              12                                          2020/ДШМ/596

 

 

Б.Ө-од холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Эрдэнэтуяа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЗ/584 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Ганбаганы бичсэн 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 11 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Б.Ө-од холбогдох эрүүгийн 1909024690047 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Гучин овгийн Б.Ө, 19.. оны 2 дугаар сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Баянжаргалан суманд төрсөн, ......настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл ..............тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ...................../;

Б.Ө- нь 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 52 дугаар гудамжны 250 тоотод иргэн Д.Д-тэй байшингийн түрээсийн мөнгө нэхлээ гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн баруун хэсэг болох чих, шанаа руу 2 удаа алгадсанаас хэнгэргийг нь цоолж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

“1. Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Ө-оос “... байшингийн түрээсийн мөнгө, тог цахилгааны мөнгөө өгөөгүй гэх шалтгаанаар маргалдсан. ...Би түрээсийн мөнгийг төлсөн...” гэж, хохирогч Д.Д-гээс “... Өнөболдод 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн түүнд байшинг сарын 80.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Эхний 2 сарын түрээсийн мөнгийг өгсөн боловч 5-6 сарын түрээсийн мөнгийг өгөөгүй. ...Мөн цонх хагарсан...” гэж, гэрч П.М-гоос “...манай байшингийн цонх хагарсан байдалтай, гэрийн зуухны хүхээг нь сольсон, гэрлийн бүрхүүлийг тасалсан, гэрлийн утсыг хулгайгаар гэр рүүгээ оруулсан байдалтай байна. Гражид байсан банзнууд байхгүй болсон байсан. ...” /хх 66-68/ гэж тус тус мэдүүлж, энэ талаарх баримтуудыг /тэмдэглэл үйлдэж бэхжүүлээгүй/ хэрэгт хавсаргажээ.

Эндээс үзэхэд хэрэг гарах сэдэл, шалтгаан нь бүрэн тогтоогдоогүй, Б.Ө-оос байшингийн түрээс төлөөгүй, цахилгааныг зохих журмаар аваагүй зэрэг байдал байсан эсэх, хохирогч, гэрч нарт хүч хэрэглэсэн гэх үйлдэл нь юунаас болсон, түрээсэлж байсан байшингийн эд зүйлсийг устгаж, гэмтээсэн үйлдэл байсан эсэх эсхүл өөр шалтгаан, нөхцөл байсан уу гэх зэрэг асуудлыг бүрэн шалгаж тодруулах нь зүйтэй.

2. Тус хэрэгт хохирогч Д.Д-гийн биед гэмтлийн зэрэг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7927 дугаартай дүгнэлтийн “хэсэг газрын үзлэгт” гэсэн хэсэгт “...зүүн бугалганы гадна дунд хэсэгт 1,5*0 см 2 ширхэг, шууны гадна дунд хэсэгт 1,5*0,8 см, 1,2*0,8 см, баруун бугалганы гадна доод хэсэгт 1,6*1,5 см, шууны ар дунд хэсэгт 4,0*3,0 см, 1,2*1,9 см, баруун гуяны дотор доод хэсэгт 5,0*4,0 см, 1,2*1,5 см, баруун шилбэний ар дунд хэсэгт 1,5*1,2 см, зүүн шилбэний урд дунд хэсэгт 1,2*1,2 см хүрэн шаргал өнгийн цус хуралттай. ...” гэж тусгагдсан байх ба “дүгнэлт” хэсэгт “...1. Долгорсүрэнгийн биед баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, цээж, мөчдийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...” гэжээ.

Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд Д.Д-гийн биед “баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, цээж, мөчдийн цус хуралт” гэмтэл учирсан талаар дүгнэлт гаргасан байх ба биеийн олон хэсэг газар үүссэн бусад цус хуралтууд тухайн цаг хугацаанд үүссэн эсэх, энэ байдлыг тогтоох талаар ажиллагаа хийгээгүй нь хохирогчид чухам ямар гэмтлүүд учирсан болох нь эргэлзээ бүхий байгаад анхаарч зохих ажиллагаа хийх.

            3. Хэрэг болсны дараах цаг хугацаанд цагдаад дуудлага өгсөн байдлыг нягталж, эрх бүхий этгээдээс хэрэг явдлын талаар ач холбогдолтой зүйлсүүдийг асууж тодруулах, холбогдох баримтуудыг хавсаргах.

4. Шүүгдэгч, хохирогч нараас хэрэгтэй холбоотой дүрс бичлэг байгаа гэх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, хэрэгт ач холбогдолтой зүйлүүдийг асууж тодруулах зэрэг ажиллагаануудыг гүйцэтгүүлэх нь зүйтэй байх тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв” гэжээ.

Прокурор Г.Ганбагана бичсэн эсэргүүцэлдээ: “... 1. Б.Ө- нь Д.Д-гийн байшинг сарын 80.000 төгрөгөөр түрээсэлдэг бөгөөд түрээсийн төлбөр, тогны мөнгө төлөөгүйгээс болж хоорондоо маргалдан хэрүүл үүсгэж, улмаар зодолдсон болох нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон.

Хэрэгт гэрч П.М-гоос Б.Ө- түрээсэлж буй байшингийн эд зүйлсийг эвдэж сүйдэлсэн гэж хүсэлтийн хамт гэрэл зураг гарган өгч, хэрэгт хавсаргуулсан бөгөөд үүний дагуу П.М-гоос анх байшин болон эд зүйлийг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн эсэхийг тодруулах зорилгоор дахин гэрчийн мэдүүлэг авахад “анх байшингаа Б.Ө-од хүлээлгэж өгөхдөө эд зүйл бүтэн хүлээлгэж өгсөн баримт байхгүй” гэж мэдүүлсэн. Мөн бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэрэг нь санаатайгаар бусдын эд зүйлсийг устгасан, гэмтээсэн үйлдэл байхыг шаарддаг. Дээрх эд зүйлс нь хүний хэрэглээний явцад гэмтсэн эд зүйлс юм. Иймээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах шаардлагагүй. Хэрвээ эд хөрөнгөд нь хохирол учирсан гэж үзэж байгаа бол түрээсийн гэрээний дагуу иргэний журмаар шүүх нэхэмжлэх эрхтэй.

Шүүхээс шүүгдэгч Б.Ө-ыг бусдын эд хөрөнгийг ашиглах үедээ өмчлөгч, эзэмшигч нарт дарамт үзүүлэх зорилгоор төлбөр тооцоог хийхгүй байж өөртөө эдийн ашигтай байдал бий болгох субъектив санаа зорилго байсан эсэхийг шалгаагүй байна гэжээ. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, хохирогч Д.Д- нь нөхрийн хамт очиж түрээсийн төлбөр нэхсэнээр хэрүүл маргаан үүсэж, харилцан зодолдсон. Мөн Б.Ө- нь иргэн Д.Д-, П.М- нарын эзэмшлийн байшинг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн түрээсэлсэн бөгөөд сар бүр 80.000 төгрөгөө төлж байсан, нэг сарын түрээсийн төлбөрөө төлөөгүй нөхцөл байдал нь бусдын эд хөрөнгийг ашиглах үедээ өмчлөгч, эзэмшигч нарт дарамт үзүүлэх зорилгоор төлбөр тооцоог хийхгүй байж өөртөө эдийн ашигтай байдал бий болгох субъектив санаа зорилго агуулаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэх гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байна.

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 7927 дугаартай дүгнэлтийн хэсэг газрын үзлэг хэсэгт заасан зүүн, баруун бугалга, шуу, баруун гуя, баруун шилбэ, зүүн шилбэнд учирсан цус хуралт бүхий гэмтлүүдийг мөчдөд үүссэн гэмтэл гэж шинжээч эмч дүгнэлт хэсэгтээ тусгасан байхад хохирогчид чухам ямар гэмтлүүд учирсан болох нь эргэлзээтэй, энэ байдлыг тогтоох талаар ажиллагаа хийх шаардлагатай гэж үзсэн нь буруу юм. Учир нь, хохирогч Д.Д-д учирсан гэмтлийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7927, 1253 дугаартай дүгнэлтүүдээр эргэлзээгүйгээр тогтоосон. Мөн хохирогч Д.Д- нь уг гэмтлийг хэрхэн өөрт нь учирсан талаарх мэдүүлгээ мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед хангалттай мэдүүлдэг.

3. Гэмт хэрэг гарах цаг хугацаанд эхнэр, нөхөр бүхий 4 хүн байсан бөгөөд бүх хүнээс мэдүүлэг авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заасан байна. Гэтэл албан үүргээ гүйцэтгэж дуудлага өгөхөд очсон цагдаа нь хэн, хэнтэй, хэрхэн, яаж зодолдсон талаарх ач холбогдолтой нөхцөл байдлыг үзсэн харсан гэрч биш учраас мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзэж байна.

4. Шүүгдэгч, хохирогч нар нь хэрэгт холбоотой дүрс бичлэг байгаа гэх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч болон прокуророос удаа дараа өгөхийг шаардсан боловч өгөөгүй болно. Үнэхээр хэрэгт ач холбогдол бүхий баримт байсан бол мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнийг гарган өгч, нотлох баримтаар тооцуулах эрх нь нээлттэй байсан бөгөөд шүүх хуралдааны үед шүүгдэгч нь дүрс бичлэг байгаа гэдэг нь хэрэг шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байна гэж үзэж байна. Тухайн хэрэг маргаан гарсан цаг хугацаа нь харуй бүрийд болсон талаар хэн аль нь мэдүүлдэг, харагдах орчин муу учраас ач холбогдолтой бичлэг байгаа гэдэг нь эргэлзээтэй юм. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ... “ гэжээ.

Прокурор С.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурор Г.Ганбаганы бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Б.Ө-од холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх “шүүгдэгч Б.Ө-ын үйлдэлд түрээсийн байшингийн эд зүйлийг устгаж, гэмтээсэн үйлдэл байсан эсэх, эсхүл өөр гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоох, хохирогчийн биед учирсан гэмтлүүд нь эргэлзээ бүхий байгааг анхаарч, зохих ажиллагаа хийх, цагдаад дуудлага өгсөн байдлыг нягталж, асууж тодруулж, холбогдох баримтыг хавсаргах, шүүгдэгч, хохирогч нараас хэрэгтэй холбоотой дүрс бичлэг байгаа гэх тул зохих журмын дагуу хэрэгт тусгах” гэсэн агуулга бүхий үндэслэлүүдийг зааж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ. 

Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг “хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх”-ээр бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Учир нь, 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр энэ хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгажээ.

Шүүгдэгч, хохирогч нарын хооронд байгуулсан орон сууц /хашаа байшин/ түрээслэх, түрээслүүлэх гэрээний харилцаанаас үүссэн маргаан буюу түрээсийн болон тог, цахилгааны төлбөр төлөхгүй байгаа, цонх хагалж хохирол учруулсан зэрэг асуудлыг тухайн гэрээ болон Иргэний хуульд заасны дагуу гэрээний талууд иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой.

Харин дээрх маргаанаас улбаалж, шүүгдэгч Б.Ө- нь хохирогч Д.Д-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан эсэх асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгч шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Түүнчлэн, хохирогч Д.Д-гийн биед учирсан гэмтлийн талаар тусгай мэдлэг бүхий шинжээч нарын удаа дараагийн дүгнэлтүүд гарч, “хохирогч Д.Д-гийн эрүүл мэндэд баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, цээж, мөчдийн цус хуралт гэмтэл тогтоогдсон нь хөнгөн зэрэгт хамаарахаар, давтан дүгнэлтээр “...баруун чихний хэнгэргэн хальсны цоорол нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” талаар тус тус дүгнэж, холбогдох баримт хэрэгт хавсаргагдсан байх тул нотлох баримтуудыг харьцуулах, эх сурвалжыг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж, тухайн нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосноо заан шийдвэрлэх боломжтой байна.  

Мөн хэрэг болсны дараах цаг хугацаанд цагдаад дуудлага өгсөн байдлыг шалгах, дүрс бичлэгтэй холбоотой баримтыг авч хэрэгт хийх зэрэг нь тухайн хэрэгт зайлшгүй хийгдсэн байх, улмаар шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэмжээний ач холбогдолтой баримт болж чадахгүй юм.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

 

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

Иймд анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ө-од холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний дагуу эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул хэрэгт хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЗ/584 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Ө-од холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.  

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Б.Ө-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                                    М.АЛДАР

ШҮҮГЧ                                                                    Б.ЗОРИГ