Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2026/0360

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ө.Тын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Адъяасүрэн

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Ө.Т

Нэхэмжлэгч: Ө.Т

Хариуцагч: Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.С, С.Э

Нэхэмжлэлийн шаардлага: “... улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн НА-22240000070 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2026/0221 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ө.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.С, хариуцагч С.Э, Б.С, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан

Хэргийн индекс: 128/2025/0504/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ө.Т нь Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.С, С.Э нарт холбогдуулан “... улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн НА-22240000070 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2026/0221 дүгээр шийдвэрээр Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.3.2, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.2, 13 дугаар зүйлийн 13.1, 15 дугаар зүйлийн 15.1, 21 дүгээр зүйлийн 21.2.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.8, 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “2020-2021 оны хувь хүний орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татварын 337,280,000 төгрөгийн зөрчилд хамаарах 18,550,399.99 төгрөгийн нөхөн татвар, 7,420,160 төгрөгийн торгууль, 6,560,988.56 төгрөгийн алданги, нийт 32,531,548.55 төгрөгийн зөрчлийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 547,050,909.09 төгрөгийн зөрчлийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 547,050,909.09 төгрөгийн зөрчилд холбогдох 5,470,509.09 төгрөгийн нөхөн татвар, 2,188,203.64 төгрөгийн торгууль, 1,374,689.15 төгрөгийн алданги, нийт 9,033,401.88 төгрөгийн төлбөрийг, нэмэгдсэн өртгийн албан татварын 547,050,909.09 төгрөгийн зөрчилд холбогдох 54,705,090.91 төгрөгийн нөхөн татвар, 21,882,036.36 төгрөгийн торгууль, 19,908,487.30 төгрөгийн алданги, нийт 96,495,614.57 төгрөгийн төлбөр төлүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Маргаан таслах зөвлөлийн зарим нөхөн ногдуулалтын актын зарим хэсгийг бууруулсан. Бусад ижил гүйлгээнүүдийг мөн адил хасуулах нь зүйтэй гэх үндэслэлээр нотлох баримтыг анхан шатны шүүхэд өгч нэхэмжлэл гаргасан боловч уг нөхцөл байдлыг шүүх харгалзаж үзээгүй. Маргаан таслах зөвлөлөөс хассан 32,500,000 төгрөгийн зөрчлийг хүчингүй болгосныг анхан шатны шүүх хүчингүй болгосон. Дээр нь нөхөн ногдуулалтын актаас 96,400,000 төгрөгийн төлбөр төлүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн зарим гүйлгээг үйл ажиллагааны орлого биш гэж хассан.

Нэгдүгээрт, иргэн н.Ц-с нэхэмжлэгчийн дансанд нийтдээ 7 удаагийн гүйлгээгээр 62,150,000 төгрөгийн мөнгөн гүйлгээ орж ирсэн байдаг. Тус гүйлгээ нь нэхэмжлэгчийн том хүүгийн мерседес бенз маркийн авто машиныг н.Ц гэх залуу түр унаж явахдаа зам тээврийн осол гаргасан. Уг хохирол 144,000,000 төгрөг болсноос 90,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий хохирлыг төлөхөөр тохиролцсоны үндсэн дээр шилжүүлсэн байдаг. Үүнийг Ө.Тын гар утас эрхэлж олсон орлого гэж үзэх нь үндэслэлгүй юм.

Хоёрдугаарт, Г түрээс, түрээс гэх гүйлгээний утгатай 11 удаагийн гүйлгээгээр 8,000,000 төгрөг 2020, 2021 онд орж ирсэн байдаг. Тухайн үед Ө.Т нь эрүүл мэндийн шалтгааны улмаас лангуу эрхлэх үйл ажиллагаагаа бүрэн эрхэлж чадаагүй ба лангууны эрхийг алдахгүйн тулд иргэн н.Ганзоригтой түрээсээ хувааж төлөх хэлбэрээр ажилласан. Иймд н.Г-с орж ирсэн түрээсийн орлогыг үйл ажиллагаа эрхэлж олсон орлого гэж үзэх үндэслэлгүй юм.

Гуравдугаарт, нэхэмжлэгчийн хамаатны хүүхэд болох иргэн Ц.Н-с 2020, 2021 онуудад нийт 24 удаагийн гүйлгээгээр 58,000,000 төгрөг орж ирсэн байдаг. Ө.Т нь хамаатны дүүгийнхээ бизнесийг дэмжих зорилгоор 2020 онд өөрийн нэр дээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Х-file гэх гар утасны хамгаалалтын наалтын брэндийн албан ёсны худалдан борлуулах эрх буюу франчайзинг эрхийг дүүдээ авч өгч өөрийн дансаар төлбөрийг нь хэсэгчилж төлсөн байдаг. Өөрөөр хэлбэл, франчайзинг эрх авч өгсөн төлбөрийг дүүгээсээ аваад Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу буюу худалдагч тал руу албан ёсоор шилжүүлж байсан. Үүнтэй холбоотойгоор хавтаст хэрэгт 137,000 юанийг шилжүүлсэн, тус улсын түнштэй хариуцсан we chat мессеж зэрэг баримтууд авагдсан. Мөн Маргаан таслах зөвлөлөөс Ц.Н-с орж ирж буй гүйлгээн дээрээс 39,000,000 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн. Манай зүгээс нэгэнт үйл ажиллагаа олсон орлого биш гэж үзэж дээрх үнийн дүнгээр хасаж байгаа бол нийт дүнгээр нь хасах боломжтой байсан гэж маргаж байгаа.

Дөрөвдүгээрт, Ө.Т нь найз н.Э-ы гуйлтаар эмнэлгийн тоног төхөөрөмж түүнд зээлээр авч өгсөн. Тус эмнэлгийн тоног төхөөрөмжийн төлбөрийг н.Э нь нэхэмжлэгчийн дансанд 12 удаагийн гүйлгээгээр нийт 9,100,000 төгрөг буцааж  төлсөн байдаг бөгөөд энэ нь үйл ажиллагаа эрхэлж олсон орлого биш юм. Дараагийн үндэслэлд

Тав, зургаа дугаар хэсгийг нэгтгэж яривал нэхэмжлэгчийн нөхөр, том хүү, төрсөн ах зэрэг харилцан хамаарал бүхий гэр бүлийн гишүүдийн дунд хийгдсэн 59,000,000 төгрөгийн гүйлгээ нь үйл ажиллагааны орлого биш, харин гэр бүлийн буюу хувийн орлого байгаа. Хариуцагчийн зүгээс дээрх гүйлгээний утга дээр утас гэж бичсэнийг гэр бүлийн гишүүддээ зарсан мэтээр үйл ажиллагааны орлого гэж үзсэн нь буруу юм. Дээр нь Ө.Тын нөхрийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой эхнэрийнхээ дансаар зарим ажил гүйлгээг хийлгэж байсан буюу 160,000,000 төгрөгийн үнийн дүнтэй гүйлгээг мөн зөрчлийн дүнгээс хасуулах хүсэлтэй байна.

Долоодугаарт, иргэн Ө.Тийн данс хооронд хийгдсэн гүйлгээг зөрчил гэж үзэж, давхардуулан татвар ногдуулсан нь үндэслэлгүй. Маргаан таслах зөвлөлөөс 2020 онд 10,000,000 төгрөг, 2021 онд 79,000,000 төгрөгийн данс хоорондын гүйлгээг давхардсан гэж үзэж хассан. Үүнтэй яг ижил утга агуулга бүхий нийт 133,000,000 төгрөгийн ажил гүйлгээ өөрийн данс хооронд хийгдсэн. Өөрөөр хэлбэл нэг дансанд орлогыг нөгөө дансны орлоготой давхар бүртгэсэн нь буруу гэж үзэж байгаа.

Наймдугаарт, нэхэмжлэгч найз нөхдөөсөө их, бага хэмжээгээр мөнгө зээлж авдаг ба тодорхой хугацааны дараа эргэж төлдөг харилцаатай байсан. Тус харилцааны улмаас нэр бүхий иргэдээс 2020 онд 108,000,000 төгрөг, 2021 онд 140,000,000 төгрөгийг өөрийн дансанд зээлж авч эргүүлэн төлсөн байдаг ба зээл нь шууд үйл ажиллагааны орлогод хамаарахгүй тул дээрх үнийн дүнгүүдээр зөрчлийн дүнгээс хасуулах үндэслэлүүдийг гаргаж байна. Иймд нотлох баримтуудыг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, нөхөн ногдуулалтын актад өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ө.Т нь  Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.С, С.Э нарт холбогдуулан “... улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн НА-22240000070 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Хан-Уул дүүргийн татварын улсын байцаагч Б.А, Э.Э нар нэхэмжлэгч иргэн Ө.Тын 2019-2021 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 1,027,858,480.67 төгрөгийн зөрчил илрүүлж, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн НА-23230000114 дугаартай нөхөн ногдуулалтын актаар нийт 158,730,174.54 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

3.2. Дээрх актыг эс зөвшөөрсөн Ө.Тын гомдлыг Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл хүлээн авч хянаад, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 03 дугаар тогтоолоор актыг дахин шалгуулахаар 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

3.3. Улмаар Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.С, С.Э нар хяналт, шалгалт явуулж, маргаан бүхий 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн НА-22240000070 дугаартай нөхөн ногдуулалтын актаар нийт 160,593,523.3 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

3.4. Дээрх актыг эс зөвшөөрсөн иргэн Ө.Тын гомдлыг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл мөн хүлээн авч хянаад, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаар тогтоолоор төлбөрийг 32,531,548.55 төгрөгөөр бууруулж, нийт 128,061,974.75 төгрөгийн төлбөр төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэсэн байна.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах”, 121.3.4-т “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон”, 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” гэсэн үндэслэлд хамаарч байвал давж заалдах шатны шүүхээс уг зөрчлийг арилгуулахаар анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.

4.1. Гэтэл анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, нэхэмжлэгч Ө.Тын нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон маргаан бүхий актад үндэслэлтэй дүгнэлт өгөөгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

4.2. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсгийн

10.4-т “... тэгэхээр нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан нь буруу гэх тайлбар энэ төрлийн татвар ногдох орлого болохыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэхээр байна” гэж,

10.5-д “Иймд хувь хүний орлогын албан татвар ногдох орлогын хасагдсан зардлын тэр хэмжээгээр нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчлийн хэмжээ буурч, төлөгдөх нийт төгрөгийн зөрчлөөс үйл ажиллагааны орлоготой холбоогүй 185,504,000 төгрөгийн харилцах дансны гүйлгээнд хамаарах 168,640,000 төгрөгийн зөрчилд ногдуулсан ... нийт 29,746,811.60 төгрөгийг хүчингүй болгов” гэж,

11-д “Нэгтгэн дүгнэвэл ... татварын хуулийг зөв тайлбарлан хэрэгжүүлсэн, маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг нэхэмжлэгчийн маргасан үндэслэлээр хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж,

12-т “Харин нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангахдаа ... нийт 32,531,548 төгрөгөөр бууруулан хүчингүй болгохоор нэхэмжлэлийг хангаж ... нийт 96,495,614 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож ... нийт 128,061,974.75 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэв” гэж,

13-д “... хариуцагч татварын улсын байцаагчдын зүгээс татварын хяналт шалгалтыг хэрэгжүүлэхдээ баримталбал зохих журмын заалтыг зөрчсөн гэх үйл баримтууд тогтоогдоогүй, энэ талаарх нэхэмжлэлийн үндэслэл байхгүй талаар нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд мэдэгдсэн болно” гэж тус тус дүгнэсэн нь ойлгомжгүй, өөр хоорондоо зөрчилтэй, шүүх хэргийн үйл баримтыг хэрхэн тогтоож, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл болон тооцоололд ямар байдлаар дүгнэлт хийсэн нь тодорхойгүйгээс гадна нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж байна гэж шийдвэрлэсэн атлаа Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор төлүүлэхээр шийдвэрлэсэн төлбөрийн дүнг бичиж “...128.061.974.75 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэв.” гэсэн нь ойлгомжгүй.  

4.3. Тодруулбал, маргаан бүхий улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн НА-22240000070 дугаартай нөхөн ногдуулалтын актыг нэхэмжлэгч Ө.Тын гомдлоор хянан хэлэлцсэн Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаар тогтоолын Тогтоох нь хэсгийн 1-д “... төлбөрийг нийт 32,531,548.55 төгрөгөөр бууруулж, нийт 128,061,974.75 төгрөгийн төлбөр төлүүлэхээр өөрчилж” шийдвэрлэсэн байгаагаас үзвэл анхан шатны шүүх маргаан бүхий актын үндэслэлд дүгнэлт хийлгүй, харин Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор төлбөрийг бууруулж шийдвэрлэсэн 32.531.548.55 төгрөгийн яг ижил үнийн дүнг тавьж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.7-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлага болсон маргаан бүхий татварын улсын байцаагчийн актын хууль зүйн үндэслэл болон төлбөрийн тооцоололд  дүгнэлт хийгээгүй, Маргаан таслах зөвлөлийн тогтоолоор шийдвэрлэсэн дүнг тавьж, шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, өөрөөр хэлбэл маргаж буй татварын улсын байцаагчийн актад бүрэн дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна.  

Энэ талаарх нэхэмжлэгчийн “...хэргийг бүх талаас нь бүрэн дүүрэн шинжлэн судлалгүй, Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийн дүнг хэвээр баталсан мөртлөө мөн Маргаан таслах зөвлөлийн хүчингүй болгосон үндэслэлтэй адил үйл баримтыг тогтоогоогүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй орхисон, ...анхан шатны шүүхийн шийдвэрийг бичгийн хэлбэрээр гардаж авч, уншиж танилцахад л үнэхээр үндэслэлгүй болохоор уншиж ойлгоход ч маш төвөгтэй, хүндрэлтэй байлаа” гэх гомдол үндэслэлтэй.

4.4. Түүнчлэн, Ө.Тын харилцах дансны орлогоос 6 хуудас орлого түүвэрлэн авч, үйл ажиллагааны орлогыг тодорхойлсонтой холбоотой нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргаж өгөх баримт байгаа гэж тайлбарлах бөгөөд хариуцагч татварын улсын байцаагч нараас “... татварын хяналт шалгалт явуулж байх үед нэхэмжлэгчийн зүгээс үүнтэй холбоотой ямар нэгэн тайлбар, баримт гаргаж өгөөгүй. Тус тайлбарыг шүүхэд гаргахад бид анх олж мэдсэн” гэж тайлбарлаж байгаагаас үзвэл, шүүх энэ талаарх нотлох баримтыг гаргуулан авч, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байсан боловч энэ үүргээ гүйцэтгээгүй байна.

4.5. Тодруулбал, татварын улсын байцаагчид нэхэмжлэгч Ө.Тын зөрчлийг тогтоохдоо түүний харилцах дансаар хийгдсэн орлгын гүйлгээний утгаас хамаарч үйл ажиллагааны орлогын дүнг тооцсон байх бөгөөд ингэж тооцохдоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /2019 оны/ 6 дугаар зүйлийн 6.3-т “Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно”, 6.3.2-т “ үйл ажиллагааны орлого”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Үйл ажиллагааны орлогод хуулийн этгээд байгуулахгүйгээр үйл ажиллагаа явуулж олсон дараах орлогыг хамруулна”,  8.1.2-т “хувиараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх, зуучлалын үйл ажиллагаа эрхэлж олсон орлого”, 8.2-т “Тогтмол бус үйл ажиллагаа эрхэлж олсон орлогыг үйл ажиллагааны орлогод хамруулна” гэж зааснаар татвар ногдох орлогод хамаарах үйл ажиллагааны орлогыг холбогдох баримт цуглуулан түүнд үндэслэн хөдөлбөргүй тогтоох нь энэ хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байхаар байна.

Үүнд: Нэхэмжлэгч Ө.Тын том хүүгийн гэх мерседес бенз маркийн авто машиныг н.Ц гэх залуу түр унаж явахдаа зам тээврийн осол гаргасантай холбогдуулан уг хохиролд шилжүүлсэн гэх орлого, лангуугаа бусдад түрээслүүлсэн гэх орлого, Х-file гэх гар утасны хамгаалалтын наалтын брэндийн албан ёсны худалдан борлуулах эрх буюу франчайзинг эрхийг дүүдээ авч өгч өөрийн дансаар төлбөрийг нь хэсэгчилж төлсөнтэй холбоотой Ц.Н-с орж ирсэн орлого, эмнэлгийн тоног төхөөрөмжийн төлбөрийг буцааж  төлсөн гэх орлого, харилцан хамаарал бүхий гэр бүлийн гишүүдийн дунд хийгдсэн гүйлгээны орлого,  нэхэмжлэгч Ө.Тын нөхрийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой эхнэрийнхээ дансаар хийгдсэн гүйлгээний орлого, данс хооронд хийгдсэн гүйлгээний орлого, найз нөхдөөсөө их, бага хэмжээгээр мөнгө зээлж авдаг ба тодорхой хугацааны дараа эргэж төлдөг зээлийн орлогууд нь татвар ногдох орлогод хамаарах эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай.

Дээрх орлогууд болон гүйлгээтэй холбоотой анхан шатны шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй баримтуудыг давж заалдах шатны шүүх хүлээн авч хэргийг шийдвэрлэх хууль зүйн боломжгүй, хариуцагчийн зүгээс хяналт шалгалтын явцад зарим зөрчилтэй холбоотой баримт гаргаж өгөөгүй, нэхэмжлэгч болон хариуцагч талуудын тайлбараар татвар ногдох орлогын дүн зөрүүтэй тооцооллын алдаатай шийдвэрлэсэн байгаагаас дүгнэхэд анхан шатны шүүх эдгээртэй холбоотой баримтуудыг бүрэн цуглуулаагүй, үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд дээрх зөрчлүүдийг арилгаж, хэргийг эцэслэн шийдвэрлэх нь шүүх нотлох зарчимд нийцэх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2026/0221 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

    

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                           Б.АДЪЯАСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ