Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 111/ШШ2019/0024

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Ц.Сувдмаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн сумын Засаг даргад холбогдох  сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн тоот Ажил эхлүүлэхгүй байх тухай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Газар чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгох, уг хууль бус шийдвэрийн улмаас компанид учирсан хохирол болох 100,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах,  ХХК-тай газар ашиглах гэрээ байгуулахгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар ашиглах гэрээ байгуулахыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , гэрч , нарийн бичгийн даргаар Д.Чимэдцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Баянхонгор аймгийн сумын нутагт орших нэртэй газарт тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, Газрын тосны газрын шийдвэрийн дагуу хууль ёсоор эзэмшиж байна.

Манай компани Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт алтны олборлолт, үйлдвэрлэлийг эрчимжүүлэх замаар улс эх орны эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, тогтвортой өсөлтийг хангах бодлогын хүрээнд холбогдох хууль тогтоомжийг чанд мөрдөн, үйл ажиллагаагаа явуулдаг. Тодруулбал, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэг, Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289 дүгээр тогтоолоор тус тус батлагдсан усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай хэсэг болон археологийн дурсгал илэрсэн 106.65 гектар талбайг буцаан өгч хуулийн зөрчлүүдийг бүрэн арилгасан. Мөн Ашигт малтмалын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай зэрэг хууль, тогтоомжоор хүлээсэн үүргийн дагуу ордын ТЭЗҮ, Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, Уулын ажлын төлөвлөгөө Байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ, зэрэг холбогдох бүхий баримт бичиг, зөвшөөрлийг журмын дагуу эрх бүхий байгууллагуудаас гаргуулан ажиллаж байна. Гэтэл сумын сумын Засаг дарга Компанийн хууль ёсны үйл ажиллагааны талаар мэдсээр байж 2018 оны 09 сарын 28-ны өдөр тоот Ажил эхлүүлэхгүй байх тухай, 2018 оны 10 сарын 02-ны өдөр Газар чөлөөлөх тухай шийдвэрүүдийг гарган Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор уурхайн талбайд нэвтрэн орох, дамжин өнгөрөх, шаардлагатай барилга байгууламж барих, түүнийг ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Тиймээс энэхүү хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар 2018 оны 10 дугаар сарын 15- ны өдөр гомдол гаргасан боловч шийдвэрлэж хариу ирүүлээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Мөн захиргааны актад холбогдуулан дээд шатны байгууллагад нь гомдол гаргаад байхад Захиргааны ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт Дараах тохиолдолд захиргааны актад шийдвэр гүйцэтгэнэ гээд 82.2.1-д гомдол гаргах хугацаа өнгөрсөн гэснийг илтэд зөрчин хууль бус шийдвэрийн дагуу кемпийн зарим хэсэг болох харуулуудын оршин суудаг орон байрыг албадан шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэсэн байна.

Нэхэмжлэлийн үндэслэл:

1. Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмуудыг ноцтой зөрчсөн тухай Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.-д Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна. гэж заасны дагуу маргааны актуудыг гаргах ажиллагаа, түүний агуулгад Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагууд тавигдана. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд бодит нөхцөл байдлыг тогтоох үүргийг захиргааны байгууллага хүлээхээр заасан бөгөөд энэхүү ажиллагааны хүрээнд холбогдох нотлох баримтуудыг цуглуулах, үнэлэх мөн зүйлийн 4-т заасны дагуу ...хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжилж судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлыг тогтооно, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт ...нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага цуглуулна гэж тус тус заажээ. Уг маргаан бүхий актуудыг гаргахдаа төсөл хэрэгжүүлэгч компани Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн эсэх, тусгай зөвшөөрөл өөр этгээдэд шилжсэн эсэх зэрэг наад захын нотлох баримтыг цуглуулж, нөхцөл байдлыг тогтоохгүйгээр өөрийн субьектив хандлагаар шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг тусгаад 26 дугаар зүйл оролцогчийг сонсох, 27 дугаар зүйл сонсох ажиллагааг явуулах зэрэг ажиллагаануудын нарийвчлан зохицуулж эдгээр ажиллагааг заавал явуулж үр дүнг нь үндэслэн шийдвэр гаргахаар заасан байна.

Гэтэл уг маргаан бүхий актуудыг гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж буй манай компанид мэдэгдэж, оролцоог хангаагүйн зэрэгцээ дээрх хуулиудад заасан захиргааны шиидвэр гаргах үйл ажиллагааны ерөнхий ба тусгай журмуудыг зөрчжээ. 2. Маргаан бүхий актууд нь хууль зүйн үндэслэлгүй тухай Маргаан бүхий актууд нь дээрх байдлаар шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөнөөс гадна илт хууль зүйн үндэслэлгүй байна. 2.1.2018 оны 09 сарын 28-ны өдрийн дугаартай Ажил эхлүүлэхгүй байх тухай шийдвэр илт хууль бус болох талаар Уг шийдвэр нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт болохын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан актад тавигдах шаардлагыг хангасан байх учиртай. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн 40.2.3-т захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах" 40.3 дахь хэсэгт Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана хэмээн агуулга болон хэлбэрийн шаардлагуудыг тусгасан. Захиргааны байгууллагаас аливаа иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхолд халдах буюу иргэн, хуулийн этгээдэд сөргөөр нөлөөлөх шийдвэр гаргахдаа хуульд заасан үндэслэлийн дагуу гаргах ёстой. Гэтэл Баянхонгор аймгийн сумын Засаг дарга нь 2018 оны 09 сарын 28-ны өдөр Ажил эхлүүлэхгүй байх тухай шийдвэр гаргахдаа хуулийн тодорхой үндэслэлийг заагаагүй нь шийдвэр илт хууль бус болох хангалттай үндэслэл болно. Нөгөө талаар компани нь төслийн үйл ажиллагаандаа Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй гэсэн нь илтэд үндэслэлгүй байна. Учир нь - ХХК гэх оноосон нэрээ өөрчилж 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт ХХК гэсэн нэрээр бүртгэгдсэнээс хойш ХХК гэсэн нэрээр үйл ажиллагаа явуулж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу - ХХК нь (хуучин нэрээр) 2017 онд ХХК-тай гэрээ байгуулан Баянхонгор аймгийн сумын нутаг дахь нэртэй газар МУ-012197 ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайланг хийлгүүлсэн, мөн ХХК- иар Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг хийлгүүлж Байгаль орчин аялал жуулчлалын яамны Ерөнхий шинжээч , Байгаль орчин аялал жуулчлалын яамны шинжээч нараар батлуулсан байдаг. Иймд манай компанид байгаль орчны үнэлгээ хийлгээгүй гэсэн нь илтэд үндэслэлгүй юм. Түүнчлэн Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолоор батлагдсан Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журмын 4.14 дэх хэсэгт Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд тодотгол хийх нөхцөлүүдийг заасан байх бөгөөд уг зохицуулалтаас харвал Төсөл хэрэгжүүлэгч оноосон нэрээ өөрчлөх нь ТЭЗҮ-ийг тодотгох, шинэчлэх үндэслэл болохгүй нь тодорхой байна. 2.2.2018 оны 10 сарын 02-ны өдөр гаргасан А/109 дугаартай Газар чөлөөлөх тухай шийдвэр хууль бус болох талаар Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг гэж, 4.1.16-д ашиглалтын тусгай зөвшөөрөл гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг гэж тус тус зааснаас үзэхэд тусгай зөвшөөрөл олгосон төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр тухайн газрын гадаргууд үйл ажиллагаа явуулах эрхийг давхар олгодог. Нөгөөтэйгүүр тусгай зөвшөөрлөөр олгогдсон газрыг эзэмшиж, ашиглахгүйгээр ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагааг эрхлэх боломжгүй болох нь тодорхой билээ. Энэхүү агуулга нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8, 27.1.11-д тус тус заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор уурхайн талбайд нэвтрэн орох, дамжин өнгөрөх, шаардлагатай барилга байгууламж барих, түүнийг ашиглах, холбогдох хууль тогтоомжийн тухай газар, ус ашиглах эрхтэй гэсэн зохицуулалтаас тодорхой харагдана. Харин тухайн орон нутагт хамаарах газар болохын хувьд газрын төлбөрийг төлүүлэх, газар эзэмших эрхийн давхар баталгаажуулах зорилгоор газар ашиглалтын гэрээ байгуулах гэрчилгээ олгох, үүргийг сумын Засаг дарга хүлээдэг билээ. Нөгөө талаар тусгай зөвшөөрөлтэй талбайд газар эзэмших эрхийн гэрчилгээ авах хүсэлтийг манай компанийн зүгээс удаа дараа гаргаж байсан болохыг дурдах нь зүйтэй. Иймд, Газрын тухай хуульд заасан ...зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн гэх ойлголтод хамаарахгүй болох нь илэрхий байна. 2.3. Захиргааны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хэрэгжүүлэх үндэслэлгүй болох тухай Захиргааны ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт гомдол гаргах хугацаа өнгөрсөн, захиргааны актыг түдгэлзүүлэх шийдвэр хүчингүй болсон гэх 2 тохиолдолд захиргааны шийдвэрийг гүйцэтгэх тухай тодорхой заажээ. Гэтэл Компаниас маргаан бүхий актуудад урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар гомдол гарган гомдол шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусаагүй байхад шийдвэрийг гүйцэтгэсэн нь илт хууль зөрчсөн үйлдэл боллоо. Мөн Захиргааны ерөнхий хуульд шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдлыг ихээхэн нарийн хязгаарлалттайгаар тогтоосон. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт захиргааны шийдвэр гүйцэтгэлийн журмаар хэрэглэх албадлагын төрлийг торгууль оногдуулах, бусдаар гүйцэтгүүлэх, албадан гүйцэтгэх гэж тодорхойлсон бөгөөд 86.2 дахь хэсэгт Албадлага нь шийдвэрийн зорилгод тохирсон, тухайн албадлага чиглэсэн этгээд болон олон нийтэд хамгийн бага хохирол учруулахаар байна гэж заажээ.

Мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт Торгууль оногдуулах, бусдаар гүйцэтгүүлэх ажиллагаа зорилгодоо хүрч чадаагүй, тэдгээрийг хийх боломжгүй бол захиргааны шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан гүйцэтгэх ажиллагааг зохион байгуулна, 89.2 дахь хэсэгт Албадан гүйцэтгэх үйл ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулна гэж заасан атал уг журмын ноцтой зөрчин зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөл байдалд тохирохгүй хууль бус үйл ажиллагаа явуулсан байна. Энэхүү үйл ажиллагааны улмаас компанид ноцтой хохирол учруулж байгаагаас гадна компанийн ажилтнуудын оршин сууж байсан орон байрыг хүчээр булаан өвлийн 30 градусын хүйтэнд хээр хөдөө орхих нь хуулиар тогтоосон журмыг зөрчиж буй үйлдэл болохоос гадна ардчилсан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд хэрхэвч нийцэхгүй байгааг анхаарна уу. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.2, 106.3.7 дахь хэсэгт заасны дагуу Баянхонгор аймгийн сумын Засаг даргын 2018 оны 09 сарын 28-ны өдрийн тоот Ажил эхлүүлэхгүй байх тухай шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоож, 2018 оны 10 сарын 02-ны өдрийн Газар чөлөөлөх тухай шийдвэрийг хүчингүй болгож, уг хууль бус шийдвэрийн улмаас компанид учирсан хохирол болох 100,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч ХХК 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Уг хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс  ХХК-тай газар ашиглах гэрээ байгуулахгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар ашиглах гэрээ байгуулахыг даалгах нэхэмжпэлийн шаардлага нэмэгдүүлэн гаргаж байна.

Учир нь, манай компани нь тус аймгийн сумын нутагт орших  нэртэй газар М\/-012197 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа ба энэ хугацаанд Засгийн газрын 2012 оны 194, 2015 оны 289 дүгээр тогтоолын дагуу усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай хэсэг болон архилогийн дурсгал илэрсэн 106.65 га талбайг буцаан өгөх зэргээр хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн. Улмаар тусгай зөвшөөрлөөр олгогдсон эрхийн дагуу үйл ажиллагаагаа явуулахаар  сумын Засаг даргад 2018 оны 09 дүгээр сард болон 11 дүгээр сарын 27-ны өдөр тус тус газар эзэмших, ашиглах гэрээ байгуулах, гэрчилгээ авахаар хандсан боловч өргөдлийг шийдвэрлээгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.7-д ... ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий ... /-гээс/ ашигт малтмал ялган авах, олборлох үйл ажиллагааг /ойлгох/-оор, 12 дугаар зүйлийн 12.1.2-т "... /нутгийн захиргааны байгууллага нь/ харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах-аар, 27 дугаар зүйлийн 27.1.1-д ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч/ тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг ... ашиглах-аар тус тус зааснаас үзэхэд ашигтмалтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг ашигт малтмал олборлох зориулалтаар эзэмших эрхтэй. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд ашигт малтмал олборлохын тулд Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу газар эзэмших эрх авсан байхыгшаардахгүй, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсноор тухайн газарт газар эзэмших эрх шууд үүсэх бөгөөд, харин, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.7-д ... /тусгай зөвшөөрөл эзэмшигч/ газар, ус ашиглах тухай гэрээ... /байгуулах/-аар, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд ..гэрээ байгуулан газрыг эзэмшиж ... байгаа ... аж ахуйн нэгж ... газрын төлбөр төлөгч байх-аар заасан байх тул ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч газар ашиглах гэрээг зохих журмын дагуу байгуулж, газрын төлбөр төлөхөөр сумын Засаг даргад хандсан боловч тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр хэвээр байхад ямар нэгэн шалтгаангүйгээр эс үйлдэхүй гаргаж байгаа нь хууль бус байна.

Улмаар бид дээд шатны албан тушаалтан болох аймгийн Засаг даргад урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр асуудлыг шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан боловч мөн л хариу өгөөгүй, уг гомдлыг шийдвэрлэх хугацааг сунгасан тухай мэдэгдээгүй байна.

Иймд хариуцагчид холбогдуулан ХХК-тай газар ашиглах гэрээ байгуулахгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар ашиглах гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэн гаргаж байгааг хүлээн авч, хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Баянхонгор аймгийн сумын Засаг даргын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Баянхонгор аймгийн сумын Засаг дарга миний бие 2018 оны 09 сарын 28-ны өдөр 163 тоот Ажил эхлүүлэхгүй байх тухай, 2018 оны 10 сарын 02-ны өдөр газар чөлөөлөх тухай шийдвэрүүдийг гаргасан. Тус албан бичгүүд нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байсан. Нэхэмжлэгч нь ХХК-тай газар ашиглах гэрээ байгуулахгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар ашиглах гэрээ байгуулахыг даалгах шаардлага гарган нэмэгдүүлсэн байна. Баянхонгор аймгийн сумын Засаг дарга газар эзэмших, ашиглах гэрээ байгуулах нь хууль тогтоомжид нийцэхгүй болох нь дор дурдсан үндэслэлээс харагдана.

1.Газар эзэмших, ашиглах гэрээ байгуулах эрхгүй тухайд: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно гэж заасан байдаг. Тус компанийн эзэмшиж буй лицензийн талбай нь Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 16/2 тоот Аймгийн тусгай хамгаалалттай газрын хилийн цэс шинэчлэн тогтоох тухай тогтоолоор баталсан аймгийн тусгай хамгаалалттай газарт хамрагдаж байна. Иймд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т зааснаар танай компанид газар эзэмших эрхийн гэрээ байгуулах, гэрчилгээ олгох нь хуульд нийцэхгүй байна.

Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлын 2017 оны 04 сарын 18-ны өдрийн 47 дугаар тогтоолоор Майнинг ХХК-ийн үйл ажиллагаа нь хууль бус болох, зөвшөөрлийг цуцлуулах саналыг холбогдох албан тушаалтанд уламжлахыг Баянхонгор аймгийн Засаг даргад даалгасан байна.

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Хурал, Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ гэж заасан. Үүний дагуу Засаг даргын аливаа шийдвэр, үйл ажиллагаа нь хууль болон дээд шатны байгууллагын шийдвэрт нийцсэн байх шаардлагатай.  ХХК-ийн 2018 оны 11 сарын 27-ны өдрийн 131 тоот албан бичгийн хариуг 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 тоотоор боловсруулан гаргасан. Албан бичгийг 2019 оны 01 сарын 03-ны өдөр [email protected] хаягаар явуулсан. Албан бичгийн хариу явуулсныг утсаар мэдэгдэхэд өөр хаяг руу явуул гэсний дагуу 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр [email protected] хаяг руу ахин явуулсан. Мөн цаасаар 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр аймгийн шууданд багийн засаг дарга Б.Мөнх-Эрдэнээр хүргүүлсэн болно. Иймд ХХК-тай газар эзэмших, ашиглах гэрээ байгуулах нь хуульд нийцэхгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн захиргааны байгууллагаас гаргасан тогтоол, шийдвэр хуулийн хүрээнд гардаг. Манайд өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар ашиглалтын тусгай зөвшөөрлийг орон нутгаас сумын Засаг даргын дэмжсэн байгаль орчны ерөнхий үнэлгээг үнэлэж байгаль орчны ашиглалтын тусгай зөвшөөрөл олгодог. Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноор уул уурхайн компани дураараа нүүж ирдэг хуулийн зохицуулалт байхгүй. Манайд өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг баталсны дараа тухайн компанид сумын Засаг дарга газар олгох кемп байгуулах захирамж гаргах үүргийг хүлээлгэдэг тус компани багийн иргэдийн Нийтийн Хурлаар тухайн компанийн эзэмшиж байгаа талбайд өртөж байгаа малчин иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж хурлын тэмдэглэлийг үндэслэж байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг байгаль орчины яам баталдаг. 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ХХК-нийг хууль бусаар гаргасан тогтоолыг хүчингүй болгосон багnaн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол гарсан байгаа. Тус компани нэр бүхий албан тушаалтнуудтай хуйвалдаж багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг хууль бусаар хийсэн нь хуулийн байгууллагаар шалгагдаад явж байгаа. сумын иргэдийн Нийтийн Хурлаас зөвшөөрсөн тогтоол гараагүй. Хавтаст хэргийн 16 дугаар хуудсанд байгаа нотлох баримтаар энэ компани кемп байгуулах, ашигт малтмал хайх боломжгүй зүйл юм. Албадан нүүлгэх захирамж хуулийн дагуу гарсан гэж үзэж байна. 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр засаг даргын албадан нүүлгэх захирамж гарсан байгаа. Энэ захирамжийг нэхэмжлэгч талаас сонсох ажиллагаа явуулаагүй гэсэн сонсох ажиллагаа явуулсан баримтыг гаргаж өгсөн. Ийм учраас сумын Засаг даргын албадан нүүлгэх захирамж хуулийн хүчин төгөлдөр гэж үзэж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт тогтоогдсон нотлох баримтыг судалж үзээд хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Ажил эхлүүлэхгүй байх шаардлага дээр хариуцагчийн зүгээс захиргааны акт биш гэж маргаж байгаа. Хоёр шаардлагыг хангаагүй байна. Холбогдох үйл ажиллагааг хариу иртэл битгий явуулаач гэсэн албан бичиг байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага биш гэж үзэж байна. Захиргааны гэрээг илт хууль бусаар тогтоолгох гээд зааж өгсөн. Эхний шаардлагаас харгалзаад захиргааны хэрэг биш гэж шийдвэрлэх үндэслэлтэй байх гэж үзэж байгаа. 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн газар чөлөөлөх захирамж байгаа тухайн захирамж бол засаг даргын зүгээс өмнө нь хэд хэдэн удаа сум орон нутгийн зүгээс мэдэгдэж байсан. Тухайн сумын газрын даамал мэдэгдэж байгаа. Сууршилын бүс тогтоох хүсэлтийг эхний ээлжинд тавина. Тухайн хүсэлтийн дагуу сууршилын бүс тогтоож өгсний дараа кемпийг байгуулах байх. Өөрсдөө хууль зөрчиж үйл ажиллагаа явуулаад өөрсдөө хууль зөрчөөд кепм байгуулчихаад дараа нь бид нар хууль зөрчсөн үйл ажиллагааг зогсоохоор эд нар бид нарын үйл ажиллагааг зөрчөөд хууль бус үйл ажиллагаа явуулчихлаа гэдэг гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Засаг даргын хувьд өөрийн бүрэн эрхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулна. Засаг дарга газар эзэмшүүлэх, ашиглуулах боломж байхгүй. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд үзэхэд байгаль орчины үнэлгээгээ батлуулаагүй. Мөн тусгай хамгаалалтай газартай давхцалтай байгаа. Өмнө сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг хүчингүй болгосон. Хуурч гарын үсэг зуруулсан. Энэ компани энэ газар дээр үйл ажиллагаа явуулах үндэслэл байхгүй. Дээрх нөхцөл байдлыг харгалзаж үзээд компаний гаргасан засаг даргын газар ашиглах гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Анхан шатны баримтууд Галт алтаргана ХХК-ийн нэр дээр гарсан байгаа. Санхүүгийн тайлан байхгүй. Тийм учраас захиргааны хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хэрэгт иргэн овогтой миний Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг хангаж, шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Иймд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс тус шүүхэд дараах тайлбарыг хүргүүлж байна. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт .... Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийн талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац чадавхийг харгалзан багийн иргэдийн нийтийн хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно, 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно. гэж тус тус заасан байдаг. ******* миний бие Баянхонгор аймгийн сумын *******, 1 дүгээр багийн Хашаан бууц хаваржааг 1982 оноос хойш эзэмшиж ирсэн бөгөөд Баянхонгор аймгийн сумын Засаг даргын 2018 оны 10 сарын 28-ны өдрийн 110 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын 6420000586 дугаар бүхий 0,07м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр гэрчилгээ авсан байдаг. Тус хаваржаа нь ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг 283,35 гектар талбай бүхий уурхайн талбайтай давхцдаг. Маргаан бүхий зүйл болох Баянхонгор аймгийн сумын Засаг даргын 2018 оны 10 сарын 02-ны өдрийн газар чөлөөлөх тухай шийдвэрийг гаргах болсон үндэслэл нь 2018 оны 08 сарын 27-ны өдрийн ******* багийн Иргэдийн Нийтийн хурлын тэмдэглэл, тогтоол, мөн иргэдийн хүсэлт байдаг. Эдгээрийг гаргах болсон нэг үндэслэл нь ХХК-ийн эзэмшдэг Баянхонгор аймгийн сумын нэртэй газар MV-0121197 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд иргэн ******* миний бэлчээрийн талбай давхцдаг тул ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг газар нь хууль бус тул Баянхонгор аймгийн сумын Засаг дарга нь газар эзэмших гэрээг ХХК-тай байгуулах хууль, эрх зүйн үндэслэлгүй болно. Улмаар Баянхонгор аймгийн сумын Засаг даргын 2019 оны 09 сарын 28-ны өдрийн газар чөлөөлөх тухай шийдвэр нь үндэслэлтэй байна. Иймд Баянхонгор аймгийн сумын Засаг даргын 2018 оны 9 сарын 28-ны өдрийн тоот Ажил эхлүүлэхгүй байх тухай 2018 оны 10 сарын 02-ны өдрийн Газар чөлөөлөх тухай шийдвэрийг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Баянхонгор аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлтэд: Баянхонгор аймгийн сумын ******* багийн хэмээх газар нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 16/2 дугаар Тусгай хамгаалалттай газрын хилийн цэсийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын хавсралтаар баталсан Аймгийн тусгай хамгаалалттай газартай ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбай нь давхцсан байна. гэжээ.

Баянхонгор аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтэд: Баянхонгор аймгийн сумын ******* багийн хэмээх газарт иргэн *******ын эзэмшдэг хаваржааны газрын солбилцолыг мэдээллийн санд оруулж үзэхэд  ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцаж байна.гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХХК нь тус шүүхэд хандан Баянхонгор аймгийн сумын Засаг даргын 2018 оны 09 сарын 28-ны өдрийн тоот Ажил эхлүүлэхгүй байх тухай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2018 оны 10 сарын 02-ны өдрийн Газар чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгох, уг хууль бус шийдвэрийн улмаас компанид учирсан хохирол болох 100,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянхонгор аймгийн сумын Засаг даргад холбогдуулан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ... ХХК-тай газар ашиглах гэрээ байгуулахгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар ашиглах гэрээ байгуулахыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байна.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч нарын тайлбар, мэдүүлэг зэрэгт тулгуурлан дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Баянхонгор аймгийн сумын Засаг даргын 2018 оны 09 сарын 28-ны өдрийн тоот Ажил эхлүүлэхгүй байх тухай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Баянхонгор аймгийн сумын Засаг дарга нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр  ХХК-д хандаж, Ажил эхлүүлэхгүй байх тухай тоот албан бичгийг гаргасан байх ба тус бичигт Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 06/6779 тоотод 12197А дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ХХК нь уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх төсөлд байгаль орчны нөллөөлийн үнэлгээ хийлгээгүй болохыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга гийн тодорхойлолт, ******* 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 01 тоот тогтоолын дагуу Байгаль орчны улсын байцаагчийн тавьсан лацыг хөдөлгөж үйл ажиллагаа явуулахгүй байхыг мэдэгдэж байна гэжээ.

Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Центриал эшиа ХХК-д холбогдуулан 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай зөрчил арилгуулах тухай улсын байцаагчийн албан шаардлага тавьж, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хилийг төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авсан этгээдээр хийлгэж, тогтоосон тухай актыг баталгаажуулан ажиллах, Газрын тухай, Усны тухай хуулийн холбогдох заалтын дагуу тухайн жилийн үйл ажиллагаанд ашиглах усны гэрээ, газар ашиглах тухай гэрээг эрх бүхий байгууллагатай байгуулан ажиллахыг шаардсан бөгөөд тус компаниас 2018 оны 9 сарын 14-ний өдрийн ******* дугаар албан бичгээр албан шаардлагын биелэлтийн хариу тайланг холбогдох баримтын хамт хүргүүлжээ.

Мөн Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ******* тоот улсын ахлах байцаагчийн актад ...Ашиглалтын хайгуул хийж байгаа бөгөөд хайгуулын ажлын төлөвлөгөө болон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө байхгүй байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 35.2.3 дахь заалт Төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын албаар хянуулсан хайгуулын ажлын төлөвлөгөө гэсэн заалт, Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн асуудлыг тодорхой болгоогүй байгаа нь Усны тухай хуулийн 22.3 Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно гэсэн заалтыг, Усны дүгнэлт байхгүй, ус ашиглах гэрээ байгуулаагүй нь Усны тухай хуулийн 28.4 дэх заалт хоногт 100 шоо метрээс их ус ашиглах, эрчим хүч усан тээврийн зориулалтаар ашиглуулах дүгнэлтийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, 50-100 шоо метр ус болон усан орчин ашиглуулах дүгнэлтийг сав газрын захиргаа, 50 шоо метр хүртэлх ус ашиглуулах хурын ус хуримтлуулж, хөв цөөрөм байгуулах, суваг шуудуу татах дүгнэлтийг аймаг нийслэлийн байгаль орчны алба тус тус гаргана, гэсэн заалтыг, газар, ус ашиглах гэрээ байгуулаагүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 35.3.7 дахь заалт газар, ус ашиглах тухай гэрээ гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэн ХХК 1 эксковатор, 2 ковш, Өрмийн машины үйл ажиллагааг түр зогсоож лац тавьсан ба компани уг актад гомдол гаргаагүй байна.

Түүнчлэн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар актаар  ХХК нь уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх төсөлд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг Байгаль орчин аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн газраар батлуулаагүй гээд төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7 дахь заалтыг үндэслэн тус компанийн эксковатор 2, хово10, юмкос1, үйл ажиллагааг зогсоож, улсын байцаагчийн лац тавьсан байх бөгөөд энэхүү ажиллагааг Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаар Прокурорын тогтоолоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хүчинтэйд тооцсон байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг хэлнэ гэж заасан.

Баянхонгор аймгийн сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн тоот Ажил эхлүүлэхгүй байх тухай албан бичиг нь тус сумын ******* багийн иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дагуу багийн иргэдийн Нийтийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаар тогтоолоор тус компанийн үйл ажиллагааг таслан зогсоох талаар сумын Засаг даргад уламжилсны дагуу холбогдох дээд шатны байгууллагуудаас хариу иртэл Байгаль орчны улсын байцаагчийн тавьсан лацыг хөдөлгөж үйл ажиллагаа явуулахгүй байхыг мэдэгдсэн байна.

Үүнээс харахад сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн тоот Ажил эхлүүлэхгүй байх тухай албан бичгээр тус компанийн хэвийн явагдаж байсан үйл ажиллагааг хууль бус үндэслэлээр таслан зогсоогоогүй. Харин мэргэжлийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр тус компанийн үйл ажиллагааг зогсоож, тоног төхөөрөмжийг лацадсан, энэ талаар холбогдох дээд шатны байгууллагаас хариу иртэл үйл ажиллагааг эхлүүлэхгүй байх талаар мэдэгдсэн энэхүү албан бичиг нь хуульд заасан захиргааны актын шинжийг агуулаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Хоёр. Баянхонгор аймгийн сумын Засаг даргын 2018 оны 10 сарын 02-ны өдрийн Газар чөлөөлөх тухай А/109 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Баянхонгор аймгийн сумын Засаг дарга нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/109 дүгээр захирамжийг гаргахдаа улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын н, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 56 дугаар зүйлийн 56.5, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга гийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны 06/6779 дугаартай албан бичгийг үндэслэн Газар чөлөөлөх тухай захирамжийг гаргажээ.

улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын н-д нутаг дэвсгэрт нь газар ашиглах, эзэмших, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ажлыг зохион байгуулж, гарсан зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 56 дугаар зүйлийн 56.5-д Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчилэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй. гэж тус тус заасан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга гийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны 06/6779 дугаартай албан бичигт ... ХХК нь уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх төсөлд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн тухай мэдээлэл тус яамны архивын мэдээллийн санд байхгүй байна... гэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргийг заасан бөгөөд 35.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа энэ зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлж ажиллах бөгөөд зөрчвөл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ., 35.3-т Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь баримт бичгийг уурхай дээр байлгана, 35.3.1-д ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулбар, 35.3.2-т ашигт малтмал ашиглах техник, эдийн засгийн үндэслэл болон зохих байгууллагаар хянуулсан уулын ажлын төлөвлөгөө, 35.3.3-т байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, 35.3.4. байгаль орчны менежментийн төлөвлөгөө, 35.3.5-т хөрөнгө түрээслэх болон бүтээгдэхүүн борлуулах гэрээ, 35.3.6-д уурхайн талбайн хилийг тогтоож, байнгын шав тэмдэг тавьсан акт, 35.3.7-т газар, ус ашиглах тухай гэрээ гэж заасан.

Нэхэмжлэгч компани нь Центриал эшиа ХХК гэсэн оноосон нэрээ өөрчилж, 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт ХХК гэсэн нэрээр бүртгэгдсэнээс хойш ХХК гэсэн нэрээр үйл ажиллагаа явуулж байгаа нь хэрэгт авагдсан холбогдох баримтуудаас харагдаж байгаа бөгөөд тус компанид хандаж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1/11 дугаар албан бичгээр ...танай компани нь байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэхдээ тухайн багийн иргэдээс санал аваагүй, аймгийн Засаг дарга болон сумын Засаг даргатай гэрээ байгуулаагүй, хууль зөрчин техник, хэрэгслээ татсан зэргийг үндэслэн 2018 оны 6 сарын 10-ны өдрийн дотор тенхик хэрэгслээ татах, т байрлаж байгаа кемпийн байраа нүүлгэж, нутаг чөлөөлөхийг мэдэгдэж байна... гэсэн мэдэгдэл, мөн тус сумын газрын даамал *******, багийн Засаг дарга ******* нараас 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр газар чөлөөлөх тухай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн байна.

Улмаар Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Центриал эшиа ХХК-д холбогдуулан 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай зөрчил арилгуулах тухай улсын байцаагчийн албан шаардлага,   ХХК-д холбогдуулан гаргасан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ******* тоот улсын ахлах байцаагчийн акт, сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар акт зэрэг гарсан нь Газар чөлөөлөх тухай А/109 дүгээр захирамж гарах үндэслэл болсон байх ба хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд сумын Засаг даргын гаргасан захирамж нь хууль зөрчөөгүй байна.

Гурав. Хууль бус шийдвэрийн улмаас компанид учирсан хохирол болох 100.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагын тухайд:

Баянхонгор аймгийн сумын Засаг даргын Тамгын газар болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ХХК-д мэдэгдэл хүргүүлж, улмаар Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/139 дүгээр захирамжаар  ХХК-ийг албадан нүүлгэх ажлын хэсэг байгуулж, албадан нүүлгэх ажиллагааг 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гүйцэтгэжээ.

Шүүх нэхэмжлэлийн Баянхонгор аймгийн сумын Засаг даргын 2018 оны 10 сарын 02-ны өдрийн Газар чөлөөлөх тухай А/109 дүгээр захирамжийг хүчингүй болгох шаардлагыг хангаагүй тул Хууль бус шийдвэрийн улмаас компанид учирсан хохирол болох 100.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Дөрөв.  ХХК-тай газар ашиглах гэрээ байгуулахгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар ашиглах гэрээ байгуулахыг даалгах шаардлагын хувьд:

Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-т Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.1 - 34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална. гэж заажээ.

ХХК-иас Баянхонгор аймгийн сумын Засаг даргад хандан 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 106/2018 тоот, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ******* тоот албан бичгүүдээр ашигт малтмал ашиглалтын зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээ байгуулах талаар хүсэлт ирүүлсэн бөгөөд Баянхонгор аймгийн сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар албан бичгээр ХХК-д хандаж, ...тус компанийн эзэмшиж буй лицензийн талбай нь Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 02 сарын 16-ны өдрийн 16/2 тоот тогтоолоор баталсан аймгийн тусгай хамгаалалттай газарт хамрагдаж байна. Иймд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т зааснаар танай компанитай газар эзэмших эрхийн гэрээ байгуулах, гэрчилгээ олгох нь хуульд нийцэхгүй... гэсэн хариуг өгчээ.

Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 02 сарын 16-ны өдрийн 16/2 тоот тогтоолоор Баянхонгор аймгийн тусгай хамгаалалттай газрын хилийн цэс шинэчлэн тогтоосон бөгөөд ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбай нь дээрх тогтоолоор баталсан аймгийн тусгай хамгаалалттай газрын хилийн цэсэд хамаарагдаж байгаа нь Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Сумын Засаг дарга нь тус компанийн үйл ажиллагааны талаар сумын 1-р багийн иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, тус багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлын тогтоол, тэмдэглэл, мэргэжлийн байгууллага, албан тушаалтны шийдвэр зэргийг харгалзан, мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд  ХХК-тай газар ашиглах гэрээ байгуулахгүй байгаа үйлдлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын н, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 35.3. 7, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ХХК-ийн гаргасан Баянхонгор аймгийн сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Газар чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгох, уг хууль бус шийдвэрийн улмаас компанид учирсан хохирол болох 100.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах,  ХХК-тай газар ашиглах гэрээ байгуулахгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар ашиглах гэрээ байгуулахыг даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар Баянхонгор аймгийн сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн тоот Ажил эхлүүлэхгүй байх тухай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.СУВДМАА