Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2013 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2013/ШЦТ/30

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2013/0032/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж, шүүгч Б.МанлайБ., Ё.Ринзаан нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч С.Банди, Ц.Цэндсүрэн, Д.Чулуунжав,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Уянга,

Улсын яллагч Г.Яндаг,

Хохирогч Ч.Б., Т.Д.,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,

Шүүгдэгч *******. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт *******.т холбогдох 201209000553 тоот эрүүгийн хэргийг 2012 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Хонгор суманд 198.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит ... дугаар баг ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Х овогт *******. /РД:..../

 

Шүүгдэгч *******. нь 2012 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар багийн иргэн Ч.Б.ийн гэрээс үргэлжилсэн үйлдлээр 280.000 төгрөг хулгайлсан, 2012 оны 10 дугаар сарын 7-ны өдөр иргэн Т.Д.гийн хашаатай байсан өвсийг галдан шатааж 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *******.аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ч.Б.ийн гэрээс 280.000 төгрөгийг хулгайлсан нь үнэн. Т.Д. манай хөрш айл юм. Би хашааны хажууд сууж байхад өвс шатаж байсан. Би шатаагаагүй. Яагаад өвс шатсныг би мэдэхгүй гэв.

Хохирогч Ч.Б.ээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Ч.О.тай бага ангид байхдаа хамт сурч байсан. Тэр үед манай ээж эмнэлэгт хэвтэх гээд тэтгэвэрийг нь авчихсан байсан юм. Намайг гэртээ байхгүй хойгуур *******. манай гэрт орж ирээд миний цүнхнээс мөнгө авсан байсан. Эхлээд 70.000 төгрөг дутсан байсан. Тэгээд хүн таараад танай хүүхэд 20.000 төгрөг барьчихсан дэлгүүр явж байсан гэхээр нь дэлгүүрийн худалдагчаас очиж 40.000 төгрөг авсан.  

 

 

D:\2013 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Otgonbaatar 145.2 153.2 doc.doc

Тэгээд *******.ыг олж очоод оймсонд нь байсан 20.000 төгрөгийг авсан. Дахиад ээжийн тэтгэвэрийн мөнгийг авчихаад 280.000 төгрөгийг авдрынхаа ероолд хийчихсэн байсныг бас авчихсан байсан. Тэгээд цагдаа дээр очоод биеийг нь нэгчихэд миний мөнгө гарч ирсэн. Манай гэрийн цоожны цүү эвдэрчихсэн байсан юм. *******.аас буцааж авсан мөнгөө хасаад одоо үлдэгдэл 105.000 төгрөгийг, замын зардалд 15.000 төгрөг, нийт 120.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.   

Хохирогч Т.Д.гээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2012 оны 10 дугаар сарын 07-ны өдөр манай хашаанд байсан өвс шатчихлаа гээд охин ярьсан. Би хөдөө байдаг болохоор ирсэн чинь өвс шатаж байсан. Тэгээд танай өвсийг Б. шатаачихлаа гэж О. хэлсэн. *******. нь манай хамар хашаанд амьдардаг. Бидний хооронд ямар нэг хэрүүл маргаан гарч байгаагүй. Манай хашаанд 10 портер машин өвс байсан. Би өвсөө нэг машиныг нь 80.000 төгрөг, бүгд 800.000 төгрөгөөр үнэлж байгаа. Гал унтраах ангид 160.000 төгрөг өгсөн. Мөн шатсан банзны мөнгөө нэхэмжилж байна. Намайг ирэхэд Онцгой байдлын албаныхан гал унтрааж байсан гэв.

            Шүүгдэгч *******. нь 2012 оны 10 сарын 3-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3-р багийн иргэн Ч.Б.ийн гэрээс үргэлжилсэн үйлдлээр 280.000 төгрөг хулгайлсан, 2012 оны 10 дугаар сарын 7-ны өдөр иргэн Т.Д.гийн хашаатай байсан өвсийг галдан шатааж 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах бичгийн баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

-Хохирогч Ч.Б.ийн “…*******. манай гэрээс эхлээд 70.000 төгрөг авсан, дараа нь 280.000 төгрөг байсныг бас авчихсан байсан. Иймд буцааж авсан мөнгөө хасаад одоо үлдэгдэл 105.000 төгрөгийг, замын зардалд 15.000 төгрөг, нийт 120.000 төгрөгийг нэхэмжилж байна“ гэх мэдүүлэг,

-Хохирогч Т.Д.гийн…Танай өвсийг Б. шатаачихлаа гэж Оюунгэрэл хэлсэн. Манай хашаанд 10 портер машин өвс байсан. Би өвсөө нэг машиныг нь 80.000 төгрөг, бүгд 800.000 төгрөгөөр үнэлж байгаа. Гал унтраах ангид 160.000 төгрөг өгсөн. Мөн шатсан банзны мөнгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг,

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-5 дахь тал/,

-Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хэргийн 6 дахь тал/,

-Насанд хүрээгүй гэрч Б.Н.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ороод очтол *******. гэрт авдар ухаад ээжийн цүнхийг гаргаж ирээд дотроос нь түрийвчийг нь авч байсан. Тэгэхээр нь би “та яагаад хүний юм хулгайлаад байгаа юм, тавь” гэж хэлсэн чинь тэр намайг “ална шүү” гэж хэлчихээд гараад зугтаачихсан юм. Түүнийг “ална шүү” гэхээр нь би хажууд байсан варений шилийг аваад түүн лүү шидсэн чинь ээжийн цүнхээр хаачихаад ээжийн цүнхийг хаяад түрийвчийг нь аваад гараад гүйсэн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 15 дахь тал/,

-Гэрч Б.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2012 оны 10 сарын 3-нд 15 цагийн үед байсан шиг санаж байна. Би гэрээсээ гараад дэлгүүр орох гээд явж байсан ба Б.ийн хашааны хажуугаар гартал Б.ийн том хүү нь гэртээ “ална шүү” гэж хашгираад байхаар нь дүүгээ зодож байгаа юм болов уу? гээд яваад ортол О. надтай зөрөөд гарсан. Тэгтэл Б.ийн том банди “наадах чинь ээжийн цүнхнээс  түрийвчийг нь авчихлаа” гэсэн. “Цүнх нь хаана байсан юм” гэсэн чинь авдранд байсан гэсэн. Тэр О. өмднийхөө арын халаасанд түрийвчийг нь хийчихсэн байсан. Би наад түрийвчээ аваад ир гэсэн чинь юм хэлээгүй зугтаагаад яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 17 дахь тал/,

-Гэрч Д.П-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2012 оны 10 сарын 7-нд 18 цаг өнгөрч байх үед би үнээгээ саачихаад буцаад хувингаа бариад алхаж явтал --тоот Д.гийн хашаанд овоолсон байсан өвснөөс утаа гараад байсан. Тэгээд би гайхаад тэдний хашааны булан тойроод гараад очтол Д.гийн хашаанд байсан өвс шатаад эхэлсэн. Тэр үед тэр өвсний хажууд О. зогсож байсан. Би О.т “наад айлын чинь өвс шатаад байна шүү дээ, унтраагаач ээ” гэсэн чинь ерөөсөө тоож байгаа шинжгүй, ойролцоо байсан 2 үхрийг тууж байгаа хүн болоод цаашаа явсан.  ...О. л гал тавьсан байх гэж бодож байна. Тэр үед түүнээс өөр хэн ч байгаагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 24-25 дахь тал/

-Гэрч Н.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хашааных нь булан тойроод гараад очтол О., П хоёр зогсож байсан бөгөөд П. энэ О. өвс шатаачихлаа гээд зогсож байсан. Тэнд тэр хоёроос өөр хүн байгаагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 28 дахь тал/,

-Гал унтраасан тухай нотломж /хэргийн 37 дахь тал/,

-“...Иргэн Ц.П. нь малаа хашихаар явж байхад иргэн Ц.Б. нь тамхи татаад уг айлын өвсний хашааны гадна зогсож байсныг мэдүүлж байгаагаас үзэхэд гадны нөлөөтэй гал гарсан байх магадлалтай байна. Хашааны ойр орчим гал гаргачихаар өөр хүчин зүйл байгаагүй.” гэх гал гарсан тухай акт /хэргийн 38 дахь тал/,

-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 119 дэх тал/,

-Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хэргийн 120-121 дэх тал/,

-Гэрч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2012 оны 10 сарын 7-нд 18 цагийн үед дугаар баг тоотод айлын хашаанд өвс шатаж байна гэсэн дуудлага ирсэн. Ингээд уг хаягаар яваад очиход иргэн Д.гийн хашаанд байсан өвс шатаж байсан бөгөөд Салхитын гал унтраах ангийн бүрэлдэхүүн уг галыг унтраахаар ажиллаж байсан. Тэнд байсан ойр орчмын хүмүүстэй уулзаж биечлэн сурвалжлага хийхэд тэнд байсан Оюунгэрэл, П. нар О.ыг гал тавьчихлаа гэж хэлж байсан. Тэр үед О. нь ойролцоох иргэн Д.гийн дэлгүүрийн гадаа тамхи татаад зогсож байсан. Тэгэхээр нь хүрч очоод О.ын биед үзлэг хийхэд өмдний халааснаас нь цагаан өнгийн хайрцагтай “Улаан шонхор” гэдэг тамхи /дотор нь 11 ширхэг байсан/, мөн цагаан өнгийн тамхины асаагуур 1 ширхэг зэрэг гарч ирсэн юм. Үүнийг нь би тухайн үед хурааж авч байсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 122 дахь тал/,

            -Гэрч С.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай Салхитын хүмүүс *******.ын бүтэн нэрийг нь мэддэггүй, хүн болгон л Ц.Б. гэж дууддаг. Мөн хохирогч Д.гийн эхнэр Ч бас тодорхойлолтон дээрээ Ц.Б. гэж бичсэн байсан. *******. Ц.Б. нэг болох нь үнэн болно.” гэх мэдүүлэг /хэргийн 123 дахь тал/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Х овогт *******. нь хохирогч Ч.Б.ийн гэрт нэвтэрч, авдар дотор нь байсан цүнхээс нь түрийвчийг нь авч нийт 280.000 төгрөг хулгайлсан, мөн хохирогч Т.Д.гийн хашаатай байсан өвсийг галдан шатааж санаатайгаар устгасан болох нь нотлогдож байх бөгөөд  энэ талаар аймгийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

            Шүүгдэгч *******. нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 63 дахь тал/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй байна.           

            Хохирогч Ч.Б.ийн хулгайд алдсан мөнгөнөөс үлдсэн 105.000 төгрөг, хохирогч Т.Д.гийн шатсан өвсний үнэ болох 800.000 төгрөгийг шүүгдэгч *******.ын хувьд ногдох эд хөрөнгөнөөс гаргуулж, хохирогч нарт олгох нь зүйтэй.

            Хохирогч Ч.Б. нь энэ хэргийн улмаас Дархан-Уул аймагт ирж, очиход гарсан замын зардал гэж 15000 төгрөг, хохирогч Т.Д. нь галд шатсан хашааны үнэ, гал унтраах ангид төлсөн 161964 төгрөг зэргийг нэхэмжилж байгаа боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

            Иймд шүүгдэгч *******.ыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлсан,  бусдын эд хөрөнгийг галдан шатааж санаатайгаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулаагүй учир шүүгдэгч *******.ын шарп маркын телевизор битүүмжилсэн ахлах мөрдөн байцаагч Ц.А-ийн 2012 оны 11 сарын 8-ны өдрийн 623 тоот тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн асаагуур, “Цагаан шонхор” нэртэй 11 ширхэг тамхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

            Шүүгдэгч *******. нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 52.5-т зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Шүүгдэгч *******.ын энэ хэрэгт цагдан хоригдсон 119 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х овогт *******.ыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлсан, бусдын эд хөрөнгийг галдан шатаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Х овогт *******.ыг 5 /тав/ сар баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2-т зааснаар 5 /тав/ жил 10 /арав/ хоног хорих ял тус тус шийтгэсүгэй.

           

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар Х овогт *******.т Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 5 сар баривчлах ялыг Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2-т зааснаар оногдуулсан 5 жил 10 хоногийн хорих ялд багтааж, шүүгдэгч *******.ын биечлэн эдлэх ялыг 5 /таван/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорихоор тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч *******.т оногдуулсан 5 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч *******.ын цагдан хоригдсон 119 /нэг зуун арван ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******.аас 905000 /есөн зуун таван мянга/ төгрөг гаргуулж, 105.000 /нэг зуун таван мянга/ төгрөгийг хохирогч Дархан-Уул аймгийн Хонгор сумын дугаар баг .. тоотод оршин суух Ч.Б.т, 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг хохирогч Дархан-Уул аймгийн Хонгор сумын дугаар баг тоотод оршин суух Т. Д-д тус тус олгосугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогч Ч.Б., Т.Д. нар нь иргэний нэхэмжлэлээс үлдэх хэсгийг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч *******.ын шарп маркын телевизор битүүмжилсэн ахлах мөрдөн байцаагч Ц.А-гийн 2012 оны 11 сарын 8-ны өдрийн 623 тоот тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн асаагуур, “Цагаан шонхор” нэртэй 11 ширхэг тамхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

            10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******.т цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.         

 

            12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *******.т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                    Я.ТУУЛ

 

                                    ШҮҮГЧИД                                                       Б.МАНЛАЙБ.

 

                                                                                                            Ё.РИНЗААН