| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2020/0346/И |
| Дугаар | 412 |
| Огноо | 2020-04-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 412
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: М ХХК-ийн захирал Ш.Ж-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ё хүүхдийн цэцэрлэг /эрхлэгч К.З/,
Хамтран хариуцагч: Х нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч Б, хариуцагч хүүхдийн цэцэрлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хамтран хариуцагч Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Халибек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 2015, 2016 онуудад худалдаж авсан шатахууны үнээс үлдэгдэл мөнгө 2566000 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч М -ийн захирал Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь тус шүүхэд Ё хүүхдийн цэцэрлэгээс 2015, 2016, 2017 онуудад авсан бензиний үнэ 3405650 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох тооцоог нарийвчлан хийж үзэхэд манай компани нь Ё хүүхдийн цэцэрлэгт 2015 онд 2699850 төгрөгийн бензин олгосноос 1005850 төгрөгийн бензиний үнийг төлж, 1694000 төгрөгийг төлөөгүй байна. 2016 онд 1798050 төгрөгийн бензин олгосноос 926000 төгрөгийн бензиний үнийг төлж 872000 төгрөгийг төлөөгүй байна. 2017 оны тооцоог хийж үзэхэд баримт дутуу учир тооцоо тодорхой гараагүй. 2015, 2016 онуудын тооцоог нэгтгэн үзэхэд манай компани Ё хүүхдийн цэцэрлэгт нийтдээ 4497900 төгрөгийн бензин олгосноос 1931900 төгрөгийг төлж үлдэгдэл 2566000 төгрөг үлдсэн байна. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагыг 2015, 2016 онуудад авсан бензиний үнийн төлөөгүй үлдэгдэл 2566000 төгрөг гаргуулах гэж тодруулж илүү нэхэмжилсэн 839650 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Иймд манай компанийн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, тодруулсан хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ё хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч З шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М -иас гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. З би тус цэцэрлэгийн эрхлэгчээр 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон юм. Би үг албан тушаалд томилогдох үед тус цэцэрлэгт шатахууны ямар нэгэн өр төлбөр байгаагүй юм. Би цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг Х-оос хүлээж авсан юм. Х нь одоо сумын төвд хүүхдийн цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллаж байна. Тус цэцэрлэгийн 2020 оны төсвөөс олгох ямар ч боломжгүй юм. 2020 оны тус цэцэрлэгийн төсөв нь зориулалтын дагуу батлагдсан төсөв учир М -нд төлөх ямар нэгэн төсвийн эх үүсвэргүй юм. Иймд тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Х гаргасан өр төлбөрийг тус цэцэрлэг хариуцахгүй гэж үзэж байна. Ингэхээр М нь авлагатай гэвэл Х- нэхэмжлэх ёстой гэж үзэж байна. Иймд М -ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.
Хариуцагч Ё хүүхдийн цэцэрлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ё хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч З М ХХК-ийн нэхэмжлэлийн хувийг гардаж авч 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд тайлбар гаргасан. Тус тайлбарт дараах зүйлсийг нэмж хэлье. З 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр аймгийн Засаг даргын захирамжаар тус цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон. Томилогдсоноос хойш М ХХК-наас нэг ч литрийн шатахуун аваагүй. Шатахуун авах тухай ямар нэгэн гэрээ байгуулж байгаагүй. Тус байгууллагад ямар нэгэн өр төлбөргүй гэдгийг хэлье. 2,576,000 төгрөг бол өмнөх өр төлбөрийн асуудал. 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Х болон З нарыг ажил хүлээлцсэн. Ажил хүлээлцэх үед Х ямар нэгэн бусад байгууллагад төлөх өр төлбөрийн тухай ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй. Одоогийн захирал З 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх асуудлыг мэдэх ямар ч боломжгүй. Тухайн үед тус байгууллагад ажиллаж байгаагүй. Өмнө тус байгууллагаас шатахуун авсан байх боломжтой гэхдээ авсан бол ажлаа хүлээлгэж өгч байгаа цэцэрлэгийн эрхлэгч өр төлбөрийн тухай шинээр томилогдсон эрхлэгчид хэлэх ёстой. Тэгж байж тус өр тайланд тусгагдаж төлөгдөх ёстой. Өмнөх эрхлэгчийн зүгээс М ХХК-аас шатахуун авч байсан тухай ямар нэгэн баримт хүлээлгэж өгөөгүй учраас сумын Ёлт хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч З тус өрийг хариуцах ёсгүй. Энэ нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нэгдүгээр үндэслэл.
Хоёрдугаарт, Өмнөх цэцэрлэгийн эрхлэгч Х-ыг нэхэмжлэгч хамтран хариуцагчаар татаж, Х хариу тайлбар өгсөн. Тус тайлбарт авсан шатахууны үнийг тухайн үед төлж байсан ямар нэгэн тооцоогүй гэж тайлбар гаргасан. Шатахуун нийлүүлэхийн тулд байгууллага хооронд гэрээ байх ёстой. Хоёр талын тооцоо нийлсэн акт байх ёстой. Сар, улирал, жилээр хийсэн тооцоо нийлсэн актуудаар шинээр томилогдсон эрхлэгчид хүлээлгэж өгөх ёстой. Хавтаст хэрэгт өмнөх эрхлэгч Х жолооч нарт 5-10 литрийн шатахуун өгсөн баримтууд болон нэхэмжлэгүүд явж байгаа. Тус баримтуудад хүлээж авсан тухай ямар нэгэн гарын үсэг байхгүй. Зөвхөн захирал болон нягтлан бодогч нарын гарын үсэг л байдаг. Энэ өрийн асуудал 6 жилийн өмнөх асуудал. Дээрх хугацаанд тус цэцэрлэгийн эрхлэгчид өр төлбөрийн асуудлаар ямар нэгэн байдлаар хандаж байгаагүй. Нэхэмжлэгч байгууллага сар, улирал, жилээр нь тооцоо нийлж шатахуунаа нийлүүлэх үүрэгтэй. Мөн энэ хугацаанд тус цэцэрлэгийн нягтлан бодогч нас барсан байна. Нэхэмжлэгч байгууллага ийм авлагатай байна гэсэн нэхэмжлэлийн шаардлага шүүхийн өмнө нотолж чадахгүй байна. Сар, улирал, жилээр тооцоо нийлж байсан акт байхгүй. 2019 онд тус цэцэрлэгийн санхүүд аудитын газраас шалгасан ба аудитын газрын шалгалтаар бусдад төлөх төлбөргүй гэж гараагүй учраас тухайн өрийг төлөх боломжгүй. Нэгэнт талуудын хооронд шатахуун нийлүүлэх тухай тохиролцоо явагдаж байсан бол тэр нь заавал бичгээр явагдах ёстой. Тийм санхүүгийн нотлох баримтууд бүрдэж байж л нэхэмжлэх ёстой. Ийм учраас М ХХК нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хамтран хариуцагч Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М ХХК-ийн захирал Ж нь Ё багийн хүүхдийн цэцэрлэгээс 2015, 2016, 2017 онд миний бие тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан үеийн бензиний үлдэгдэл үнэ 3405650 төгрөгийн авлагатай гэж нэхэмжилсэн байна. Би 2015, 2016, 2017 оны 9 дүгээр сар хүртэл тус хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан юм. Энэ хугацаанд хүүхдийн цэцэрлэг 3405650 төгрөгийн бензин авсан гэж нэхэмжилж байгаа боловч тус цэцэрлэг нь 2015, 2016 онд нийт 46 ширхэг миний өөрийн гарын үсэг зурж өгсөн энэ баримтаар 1222 литр бензин авсан байна. Үүнийг 482 литр тухайн үеийн ханшаар 1400 төгрөгөөр 230 литр нь 1550 төгрөгөөр, 510 литр нь 1600 төгрөгөөр нийт 1847300 төгрөгийн үнийг байгууллага төлсөн байгаа баримт байна. Энэхүү 1847300 төгрөгөөс 2015, 2016 онуудад 4 удаагийн шилжүүлгээр нийт 1931900 төгрөгийг шилжүүлсэн нь тухайн онуудын материалд буюу дансны хуулгад бэлэн байгаа болно. Энэхүү тооцоогоор тус цэцэрлэг нь 1931900 төгрөгийг М -д шилжүүлсэн байгаа. Иймд би Ж миний ажил өгснөөс хойш 3 гаруй жилийн дараа тухайн үеийн хариуцан ажиллаж байсан нягтлан бодогч мөн нас барсан. 3 жилийн дараа ийм олон бензиний үнийг нэхэж байгааг би ойлгохгүй байна. Хэрэв Ж тус байгууллагаас нэхэмжилж байгаа материалын гүйцэд баталгаатай гэж үзэж шүүхээс төлүүлэх шийдвэр гарахад хүрвэл үлдсэн бензиний үнийг Ё хүүхдийн цэцэрлэгээс төлүүлэх нь зөв гэж бодож байна. Яагаад гэвэл төрийн алба залгамжлах хуультай тул бие энэхүү бензинийг хувьдаа ашиглаагүй, хувьдаа ашиглах боломж ч үгүй байна. 2015 оны эцэс болон 2016 оны эцэст байгууллагын тайланд аудит хийхэд энэхүү бензиний өглөг тайланд харагдаж байх учиртай байсан юм. Тус оны эцсийн санхүүгийн тайланд ч ийм өглөгтэй гэх юм харагдахгүй байна. Би тухайн үед авсан эрхлэгчийн 46 ширхэг цохилтын бензиний үнийг М -д шилжүүлж өгсөн болно гэжээ.
Хамтран хариуцагч Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ё цэцэрлэгт 2010 оноос 2017 он хүртэл эрхлэгчээр ажиллаж байсан. Энэ хугацаанд Булган сумын төвд байдаг гурван шатахуун түгээх станцаас шатахуун авдаг байсан. 2015 онд нэхэмжлэгч компанийн захирал Ж хүү манай цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан. Би хөдөө байдаг сумын төвд ирж цохилт бичиж түгээгчид нь үлдээгээд явдаг байсан. Улирал болгон мөнгийг нь шилжүүлж авдаг байсан. 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ажлаа хийж чадахгүйгээс болж ажлаасаа гарсан. Гарсны дараа манай байгууллагын санхүүг сумын төвийн захиргаа, эмнэлгийн захиргаа хариуцдаг М гэдэг хүнд хариуцуулж өгсөн. Тэр хүн манай байгууллагаас цалин хөлс авдаггүй. Зөвхөн санхүүгийн асуудлыг хариуцдаг байсан. Би ажлаа хүлээлгэж өгөх үед ямар нэг өр төлбөрийн асуудал байхгүй байсан. Мөн тухай үед надад ч хэлж байгаагүй. Би нягтлан бодогчийн ажил үүрэггүй, хариуцдаггүй. Тэр хүнийг юу хийж байгааг нь санхүүгийн хүн биш учир мэдэх боломжгүй гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ХХК нь анх шүүхэд хариуцагч Баян-Өлгий аймгийн Ё хүүхдийн цэцэрлэгт холбогдуулан шатахуун түгээх станцаас 2015, 2016, 2017 онуудад худалдаж авсан шатахууны үнэ 3405650 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа багасгаж, хариуцагч Ё хүүхдийн цэцэрлэгт болон хамтран хариуцагч Х нараас шатахуун түгээх станцаас худалдаж авсан шатахууны үнээс 2015 оны үлдэгдэл 1694000 төгрөг, 2016 оны үлдэгдэл 872000 төгрөг, нийт 2566000 төгрөгийг гаргуулахыг хүссэн тухай шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь, хэрэгт авагдсан 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын Б/474 дугаар захирамжаар З Ё хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр түр томилсон ба уг цэцэрлэгийн эрхлэгчээр 2012 оноос хойш 2017 оны 9 дүгээр сарын 01-ний хүртэл хамтран хариуцагч Х ажиллаж байсан нь талуудын тайлбар, ажил хүлээлцсэн акт зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ 2015, 2016 онуудад хариуцагч Ё хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч байсан Х шатахуун олгохыг зөвшөөрсөн тухай баримт болон бензиний талоноор худалдаж авсан шатахууны үнээс 2015 онд 1694000 төгрөг 2016 онд 872000 төгрөгийн үлдэгдэлтэй нийт 2566000 төгрөг төлүүлэхээр тайлбарлаж үүнтэй холбоотой 2015 оны 01 дүгээр сарын 20-ноос 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх Ё хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч байсан Х шатахуун олгохыг зөвшөөрсөн тухай баримт /тамгатай ба, гарын баримт/ болон бензиний талоныг тус тус хавсаргаж ирүүлжээ.
Хариуцагч тус хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч З нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тус Ё хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр 2017 оны 9 дүгээр 01-ний өдөр аймгийн Засаг даргын захирамжаар томилогдож эрхлэгч байсан Х- ажлаа хүлээж авахдаа ямар нэгэн өр төлбөргүй авсан тул би хариуцахгүй гэжээ.
Хамтран хариуцагч Х нь тухайн үед нэхэмжлэгч М ХХК-иас 2015, 2016 онуудад 1222 литр шатахуун худалдаж авч, төлж дуусгасан. Тус байгууллагын ня-богоор нэхэмжлэгч Ж өөрийнхөө төрсөн хүүхэд нь ажиллаж байсан бөгөөд 5 жилийн дараа өглөгтэй гэж нэхэмжилж байгааг би ойлгохгүй байна. Тус цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг өгөөд 3 жил өнгөрсөн байхад өглөгтэй талаар нэг ч удаа хэлж, асууж байгаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч М ХХК-ийн шатахуун түгээх станцаас 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл нийт 890 литр, 2016 оны 02 дугаар сарын 06-наас 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 619 литр бүгд 1509 литрийн шатахуун худалдаж авсан болох нь Ё хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч байсан Х тамгатай болон шатахуун олгохыг зөвшөөрсөн тухай баримт, талон зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдсон.
Эдгээр хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч М ХХК болон хариуцагч Ё хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарын хооронд 2015, 2016 онуудад шатахуун худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан ба энэ талаар талууд маргаагүй байна.
Дээрх худалдаж авсан шатахуунаас хариуцагч Ё хүүхдийн цэцэрлэг нь 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 621000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 384850 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 365000 төгрөг, 2015 онд нийт 1370850 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 209250 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 716800 төгрөг, 2016 онд нийт 926050 төгрөгийг тус тус нэхэмжлэгч компанийн дансанд шилжүүлж байсан нь төрийн сангийн гүйлгээ хийсэн баримтуудаар, хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч М ХХКомпаниас 2015, 2016 онуудад нэг литр шатахууныг 1550 төгрөгөөр худалдаж авч байсан нь нэхэмжлэгч компанийн тухайн үед нэхэмжилж байсан 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн нэхэмжлэл №3, №2, 2016 оны 209250 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус тогтоогдож байгаа бөгөөд үүгээр тооцоход 2015 онд 1379500 (890литр х1550) төгрөгийн, 2016 онд 959450 (619х1550) төгрөгийн шатахуун худалдаж авсан байх ба 2015 онд 8650 төгрөг, 2016 онд 33400 төгрөгийн шатахууны үлдэгдэлтэй байна.
Гэвч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил юм.
Тус хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч байсан Х нь 2017 оны 9 дүгээр сарын 01-ний хүртэл эрхлэгчээр ажилласан ба түүний эрхлэгчээр ажиллаж байсан үеийн шатахуун олгохыг зөвшөөрсөн баримтууд, бензиний талоноор нэхэмжлэгч М ХХК-иас 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд шатахуун худалдаж авсан ба энэхүү хугацаанаас хойш нэхэмжлэгч компани нь тус шүүхэд 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр буюу 3 жил 2 сарын дараа нэхэмжлэлээ гаргасан бөгөөд үүнээс үзвэл гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах гурван жилийн хугацаа дууссан байна.
Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлүүдэд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах, сэргээх үндэслэлүүдийн талаар заасан ба эдгээр нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байхаар заасан ба хариуцагч Баян-Өлгий аймгийн Ё хүүхдийн цэцэрлэг, хамтран хариуцагч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа шатахууны үнийг төлөхөөс татгалзаж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Харин нэхэмжлэгч М ХХК-иас нотлох баримтаар 2014 оны Ё хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч байсан Х тамгатай болон шатахуун олгохыг зөвшөөрсөн баримтууд мөн эрхлэгчийн шатахуун олгохыг зөвшөөрсөн баримтаар 309 литр шатахуун олгосон ба уг шатахуун олгохыг зөвшөөрсөн баримт нь хэдэн онд олгосон эсэх болон огноо нь тодорхой бус эргэлзээтэй, мөн нэхэмжлэгчийн №19, №9 дугаартай нэхэмжлэлүүд нь хэдэн оны шатахууны нэхэмжилсэн эсэх нь тус тус тодорхой бус байх тул эдгээр бичгийн нотлох баримтуудыг шүүхээс шийдвэрийн үндэслэл болгоогүй буюу нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иймд нэхэмжлэгч М ХХК-ийн Баян-Өлгий аймгийн Ё хүүхдийн цэцэрлэг болон хамтран хариуцагч Х нараас 2015, 2016 онуудад худалдаж авсан шатахууны үнээс үлдэгдэл 2.566.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК-ний захирал Ж хариуцагч Баян-Өлгий аймгийн Ё хүүхдийн цэцэрлэг болон хамтран хариуцагч Х нарт холбогдуулан гаргасан 2015, 2016 онуудад худалдаж авсан шатахууны үнээс үлдэгдэл 2.566.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ