Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/¬¬¬¬18

 

 

 

 

 

 

 

 

 

2023          01            30                                                         2023/ШЦТ/­­­­18                                        

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Намуун,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгч, хариуцагч: Б.О*************,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: П.А*****,

Шинжээч эмч: С.Ш***** /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.С********,

Шүүгдэгч: Г.Э************** нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э**************д холбогдох эрүүгийн 2**************** дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.Э************** нь 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, нүүрс тээврийн авто замын 3 дахь километрт байрлах “Тэс петролиум" шатахуун түгээх станцын өмнө талд 75-51 БЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй ****УБМ улсын дугаартай Нордбенз маркийн хүнд даацын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1 хэсэгт заасан “Жолооч тээврийн Ихэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талын хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлагад шахаж зогсоно” гэсэн заалтыг, мөн дүрмийн 9.3.Ж-д заасан “Тээврийн хэрэгсэл нь аюул учруулж болзошгүй бусад тохиолдолд ослын дохионы гэрэл хэрэглэнэ’’ гэсэн заалтыг тус тус зөрчиж тээврийн хэрэгслээ зам дээр зогсоосны улмаас ****ӨМЭ улсын дугаартай Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Ж********** нь араас нь мөргөж, улмаар Б.Ж**********ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э**************д холбогдох эрүүгийн 2**************** дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э************** мэдүүлэхдээ:

Юуны өмнө хүний амь нас эрсэдсэнд маш их харамсаж байна. Би “Тэс петролиум” руу очихоосоо өмнө эхнэртэй яриад ”...40,000 төгрөгт түлш хийлгэнэ чи бэлэн байж байгаарай” гэж хэлчихээд буугаад 40,000 төгрөгт түлш хийлгэе мөнгийг нь хүнээр хийлгэх юм, дансаа өгөөрэй гээд өөрт нь хэлээд түлш хийлгүүлсэн. Тэр хооронд хөнгөлөлтийн картаа авч ирэх гээд төвөөсөө цааш явсан. Мөнгө нь орчихсон гэж бодоод хөдлөөд явчихсан. Хөдлөөд буцаад эргэх үйлдэл хийж байхад 2 дээрээс 2 жижиг машин ирж байсныг өнгөрөөчихөөд зам руу орсон. Зам руу ороод эргэж байхад хүн гараа өргөөд зогсож байсан. Тэгээд би зөөлөн явсаар байгаад ямар ч байсан эсрэг урсгалаа чөлөөлөөд зогссон. Зогсохоосоо өмнө замаа чөлөөлөөгүй байна гээд урагшаа дахиад жаахан хөдөлсөн чинь нөгөө хүн чинь дахиад гараа өргөхөөр нь зогссон. Дөнгөж зогсоод байхад мөнгө ороогүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь эхнэр рүү залгаадахъя гээд утсаа авах гээд байж байтал араас түс тас гээд явчихсан. Тэгээд гүйж очоод хартал жижиг цагаан машин орчихсон байсан. Зөв талаар нь харагдахгүй байсан болохоор буруу талаар очсон чинь нэлээн доошоогоо орчихсон ямар ч хөдөлгөөн байхгүй байсан. Тэгж байтал гал гараад “Тэс петролиум”-аас гал унтраагч авч ирсэн, унтрахгүй байсан. Чи урагшил гэхээр нь би гүйж очоод машинаа урагшлуулсан. Тэр хооронд галыг унтраачихсан байсан. Лом, хүрз авч ирээд шороо цацах гэсэн боловч тэнд тийм боломж байгаагүй. Эмч, цагдаа хүлээж байх хооронд түгээгч ярихдаа зөөлөн явж байгаад гэнэт хурдаа сааруулсан гэх зүйл ярьж байсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч О.С******** гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоодог. Хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн дүрсэлж, тодорхой үйл баримтыг үнэлэх ажиллагаа шүүх дээр хийгддэг. Миний зүгээс ямар асуудлыг эхэлж ярих вэ гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т гэмт хэрэг үйлдэх болсон сэдэлт, зорилго хэлбэр гэж байгаа. Гэмт хэрэг гэж юу юм бэ? Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно гэж байгаа. Зам тээврийн осол болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг Эрүүгийн хуульд заасан хэм хэмжээ. Тодорхой үйл баримтад тулгуурлаад ярихад Г.Э**************ын хувьд бензин колонкоос бензин авсан. Энэ үйл баримт болсон. Энэ дээр хэн ч маргаагүй. Харин яагаад энэ үйл баримтыг ярихгүй байгаа юм бэ? Уучлаарай, би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гуйя, гэмт хэрэг гэдэг  ойлголтыг ярьж байгаа учраас амь хохирогч руу дайрсан үйлдэл биш шүү, зөвөөр ойлгоорой гэж хүсэж байна. Талийгаач нэр бүхий хүмүүстэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдаг. Нэр бүхий гэрч нар 2, 3 шил архи уусан үйл баримтыг ярьсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн этгээд маань өөрөө 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Засгийн газрын тогтоолоор батлагдсан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн. Хориглосон заалт, үүрэг болгосон заалт хоёр хуулийн ойлголтын хувьд өөр. Хориглосон заалт нь цаашид учрах үр дагавар ихтэй байдаг учраас Засгийн газраас энэ тогтоолоор архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн этгээдийг замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно гээд заалт болгоод оруулсан. Гэтэл улсын яллагчийн зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор юм ярих байтал согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнийг замын хөдөлгөөнд оролцож болно гэдэг байдлаар тайлбарлаж байгааг гайхаад байна. Энэ заалтаар хориглосон этгээдийг замын хөдөлгөөнд оролцохыг огт байж болохгүй шүү гээд хориглочихож байгаа. Энэ бол нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршиг учруулж болохуйц үйлдэл учир хориглож байгаа. Г.Э**************ын хувьд зам дээр зогссон, 11 секундийн үйл баримт болж байгаа, зогслоо, хүнтэй харилцлаа. Энэ хугацаанд тээврийн хэрэгсэл замын хөвөө рүү шахах боломж байсан уу гэвэл байсан, аваарын гэрэл, дохиог ашиглах боломж байсан уу гэвэл байсан. Гэхдээ энэ нь осол болох шалтгаан нөхцөл болсон уу гэвэл үгүй. Г.Э**************ын үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэл. Тухайн тээврийн хэрэгсэл зогссон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч замын хөдөлгөөнд оролцоод яваад байгаа. Шинжээчийн дүгнэлтүүд дээр дараах зүйлийг тусгаагүй байгааг би анхааруулж хэлмээр байна. Мэдээж нотолбол зохих байдлыг тогтоохын тулд бид нар ярьж байгаагийн хувьд хэлмээр байна. Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлд тээврийн хэрэгслийн хурдыг зааж өгсөн. Жолооч нь хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэж заасан. Замын эсрэг урсгал хөдөлгөөн ихтэй болоод ирж байгаа энэ хугацаанд жолооч хурдаа тааруулж явах хэрэгтэй. Эд мөрийн баримтаар шинжлэн судалсан баримт дээр талийгаач ямар хурдтай явсан нь харагдаж байгаа. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг тохируулж явна гэж заасан. Тэгэхээр урд тээврийн хэрэгсэл байсан, зогсоох боломжийг жолооч өөрөө сонгож явах нь байна. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заасан. Энэ үүрэг амь хохирогчийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл дээр яригдана. Гэмт хэрэг үйлдэгдэхгүй байх нөхцөл бололцоо буюу жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж зогсоох боломжтой байсан. Шинжээч эмчийн дүгнэлтээр хүнд зэргийн согтолтой, өөрийгөө удирдан жолоодох чадваргүй, унтмал байдалд орчихсон этгээд маань Г.Э************** тээврийн хэрэгслээ замын хөвөө рүү шахсан, аваарын гэрэл, дохио ашигласнаас үл хамаараад осол болсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлж байгаагаар гэртээ харихад 10 километр замыг туулах ёстой байсан гэж байна. Зөвхөн Г.Э************** дээр л болж байгаа болохоос биш цаашид хаана осол болохыг бид мэдэхгүй. Яагаад гэвэл тэр хүн өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байсан. Амь хохирогчийн хувьд дүрмээр хориглосон үйлдлийг хийгээд энэ эрсдэлүүд бий болчихсон байжээ. Г.Э**************ын үйлдэл нь зөрчлийн үйлдэл байсан байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээ ямар үүднээс тайлбарлах вэ гэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүй, нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан. Тэгэхээр Г.Э************** ямар нэг байдлаар урсгал сөрсөн ч юм уу, гүйцэт түрүүлж байхдаа хүн болон бусад тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн үйл баримт биш. Энэ үйлдлийнх нь төлөө шүүгдэгч гээд ороод ирсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг шүүх сайн тодорхойлж өгөөч. Бид зөвхөн сэдэлт, гэм буруу ярьснаас шалтгаан нөхцөл юунаас болов гэдэг дээр дүгнэлт хийж өгөөч. Шүүгдэгчийг цагаатгуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэлт гаргаж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.О************* гаргасан мэдүүлэг, дүгнэлтдээ:

Нэхэмжлэх зүйл байгаа. Би нөхрөө залуугаар нь алдсан. Энэ хүн ирээд хүний ёсоор надаас уучлалт гуйгаагүй. Би энэ хүнийг ирээд уучлалт гуйчих юм болов уу гэж бодоод мэдүүлэг өгөхдөө гомдолгүй гэж өгсөн. Одоо бол гомдолтой байна. Яагаад гэвэл хүний ёсоор ирж надаас уучлал гуйгаагүй. 2 хүүхэд чинь яаж байна гэж нэг ч удаа асуугаагүй. Одоо бол үнэндээ гомдолтой байна. Хохирлоо барагдуулъя гэж хүсэж байна. Машины үнэлгээ 14,280,000 төгрөг, оршуулгын зардал 25,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5,000,000 төгрөг тус тус гаргуулах, мөн бага хүүхэд Монголжингоод тэтгэмж тогтоолгох, сэтгэл санааны хохирол гаргуулмаар байна. Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн хувьд гаргах тайлбар байхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.А***** гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Энэ хэрэг улсын ерөнхий прокурорт хүрээд буцаж ирсэн хэрэг юм байна лээ. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд 1 хүсэлт, 3 гомдол гаргаад аль алийг нь хүлээж аваагүй, эрүүгийн гэмт хэрэг мөн байна гэдэг үүднээс улсын ерөнхий прокуророос ирсэн юм байна лээ. Миний зүгээс мөн гэмт хэрэг гэж үзэж байна. Гэмт хэрэг гарсан уу гэвэл гарсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн яриад байгаа зүйлийг би ойлгох гээд ойлгож чадсангүй. Гэмт хэрэг үйлдэх санаа, зорилго, сэдэлт байхгүй байсан гэх зүйл ярьж байна. Энэ гэмт хэрэг болгоомжгүй гэмт хэрэг. Г.Э**************ын болгоомжгүй үйлдлээс болоод энэ гэмт хэрэг гарчихсан юм. Амь хохирогч нь Г.Э**************ыг замыг хөдөлгөөний дүрэм зөрчүүлээд тэнд зогсоочихсон асуудал биш. Г.Э************** Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зогссоноос болж араас нь талийгаач орчихсон үйлдэл болчхоод байна. 10 километрийн хооронд өөр газар очоод өөр юм мөргөөд нас барчих ч байсан юм билүү гэдэг ийм таамаг байдлаар бид ярьж болохгүй шүү дээ. Энэ чинь хүний хувь зохиол, хувь төөрөг. Г.Э************** тэнд зогсоогүй бол мөргөх байсан уу, үгүй юу гэдэг асуудал байгаа. Магадгүй Г.Э************** Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж тэнд зогсоогүй бол цаашид гэртээ харих хүртэл 10 километр хооронд хэн нэгэн бас замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд зогсож байсан эсэхийг бид таамаглаж болохгүй шүү дээ. Гэмт хэрэг гарах шалтгааныг ярьж байх шиг байна. Шалтгаан нь яг үнэндээ бүдүүлгээр хэлэх юм бол тэр нэг түгээгч гээд салгалсан хүүхнээс болсон юм шиг юм яриад байгаа. Тэр нэг түгээгч гэдэг хүн гараа өргөөд явлаа, зогслоо гэхэд Г.Э**************ын ярьж байгаагаар 2012 онд жолооч болсон, 2017 оноос хойш 5 жилийн хугацаанд том тэрэг барьсан гэж ярьж байна. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгч өөрийнхөө гэм бурууг хүлээх хүлээх албатай биш, гэхдээ гэрчээр өгсөн мэдүүлэг, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ өөрөө замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөө хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн. Зам чөлөөлж зогсдог гэдгийг, аюул учруулж болзошгүй бол ослын дохионы гэрлийг асаадаг юм гэдгийг шүүгдэгч мэддэг юм байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Г.Э************** зөрчил гаргасан гэж ярьж байна. Зөрчил гаргасан нь үнэн. Ямар зөрчил вэ гэхээр Замын хөдөлгөөний дүрэм зөрчих зөрчил гаргасан. Үүнээс болоод зам тээврийн осол, аваар гарсан, хүний амь нас эрсэдсэн. Хурдыг тодорхойлох тухай асуудлыг шүүгдэгчийн өмгөөлөгч ярьж байна. Амь хохирогч хурдан явснаас болж Г.Э************** гэх хүн замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй шүү дээ. Энийг бид нар бодох ёстой. Амь хохирогчийг 3.2 промиллийн спиртийн агууламж илэрсэн, согтолтын хүнд зэрэгт хамаарна, унтаа байдал гэх шинжээчийн эмчийн яриад байгаа зүйлийг дурдаж байх шиг байна. Түрүүнд шинжээч эмчээс би асуусан. Согтолтын зэргийг тогтоодог журам гэж байхгүй, анагаахын шинжлэх ухааны үүднээс үздэг номон дээр байдаг гэж яриад байгаа. Ямар юм нь номон дээр тэгээд бичсэнийг хэн ч мэдэхгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл шинжээч эмч өөрийн цээжний пангаараа согтолтын хүнд зэрэгт хамаарна гэж биччихээд байгаа. Нэг номон дээрээс олж харсан юм шиг байгаа юм, арай сонин гэж хэлсэнгүй зайлуул. Согтолтын зэргийг тогтоодог журам байхгүй, мөн аливаа зүйлийг бүрэн ухамсарлах боломжгүй байсан гэж шинжээч эмч ярьж байна. Шинжээч эмчийн ярьж байгаагаар аливаа зүйлийг ухамсарлах боломжгүй байсан гэдгийг дүгнэсэн нотлох баримт байдаггүй юм байна. 3.2 промилль илэрсэнтэй бид маргаагүй шүү дээ. Гол нь согтолтын хүнд зэрэг гэдгийг шинжээч эмч өөрөө номон дээрээс олж уншсанаараа дүгнэжээ. Талийгаач тухайн үед шүүгдэгчийн өмгөөлөгчийн яриад байгаа шиг унтаа байдалд явсан юм уу, сэргэлэн цовоо явсан юм уу гэдгийг бид өнөөдөр нотлох боломжгүй юм байна. Мэргэжлийн эмч нь гэрчээр оролцохдоо энэ зүйлийг хариулсан гэдгийг хэлмээр байна. Энэ нөхцөл байдлуудаас харахад шүүгдэгч Г.Э************** нь гэм буруутай байсан нь тодорхой харагдаж байна. Хохирол төлбөрийн хувьд улсын яллагчийн зүгээс оршуулгын зардал 25,000,000 төгрөг, машины эвдрэлийн үнэлгээгээр тогтоосон 14,280,000 төгрөг, өмгөөлөгчийн зардал зэргийг хангах нь зүйтэй гэх санал оруулж байна. Улсын яллагчийн зүгээс хүүхдийн тэтгэмжийг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу гэж ярьж байгааг ойлгосонгүй. Захиргааны ерөнхий хуульд ямар юм байдаг юм. Үнэхээр байдаг бол зүйл, заалттай нь хэлэх нь зүйтэй байх. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу тэтгэмжийг тогтоох шаардлагагүй гэдэг зүйлийг би ойлгосонгүй. Тэтгэмжийн тухай зохицуулалтад Иргэний хуульд байгаа. Ямар хугацаатай олгох хуулийн зохицуулалт нь бас байгаа. Мөн шүүхийн зүгээс гэм буруутай гэж үзэж Шүүх шинжилгээний тухай хуулийг хэрэглэх ёстой гэж ойлгож байна. Шүүх шинжилгээний тухай хуульд сэтгэл санааны хохирлын тухай зохицуулалт байна. Үүнийг шүүх өнөөдөр хэрэглэх боломжгүй гэвэл цаашид иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэдэг байдлаар тогтоолд оруулж өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс хохирогчийн хууль ёсны эрх ашиг яаж хөндөгдсөн талаар нэхэмжлэл, сэтгэл санааны хохирол, шүүх шинжилгээний хуультай холбоотой асуудлыг дурдахгүй байна, дурдах ч албатай биш, гэхдээ уг нь бол ажил нь. Шүүгдэгчийн хувьд хохирол, төлбөр төлөөгүй, шүүхээр тогтоосныг төлнө гэдэг зүйлийг шүүхэд мэдүүлэг өгөхдөө ярьсан. Хүн чанарын асуудал байх ёстой. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түрүүнд хэлж байна, уучлал гуйчих болов уу гээд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэлсэн, гэвч энэ хүн нэг ч удаа ирсэнгүй, 2 хүүхэд чинь яаж байна гэж нэг ч удаа асуугаагүй учраас өнөөдөр бид нэхэмжилж байна, гомдолтой байна гэх зүйлийг ярьж байна. Хүн ёсны асуудлыг бид анхаарах ёстой болов уу гэж бодож байна. Иймд улсын яллагчийн саналыг дэмжиж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч С.Ш***** гаргасан тайлбартаа:

Согтолтын зэргийг 3 ангилна. Хүнд зэргийн согтолтой хүн өөрийн хийж байгаа үйлдлийг бүрэн удирдах чадваргүй байдаг, нарийн хэлэх боломжгүй. Тархинд сэрэл, саатлын процесс тэнцвэртэй байх ёстой. Хүнд зэргийн согтолттой хүн дээр саатлын процесс давамгайлдаг, саатлын процесс давамгайлахаар унтаа байдалтай ойролцоо болчихсон байдаг. Яг нарийн байдлаар тэрийг хийж чадна, энийг хийж чадахгүй гэсэн байдлаар шинжээч тогтоох боломжгүй. Цусанд 2.6-аас дээш промилль илэрсэн тохиолдолд хүнд зэргийн согтолтод хамаарна. Энэ хэргийн тохиолдолд амь хохирогч шууд архины согтолтойгоор үхэлд хүрээгүй. Согтолтын хүнд зэрэгтэй хүн аливаа зүйлийг бүрэн ухамсарлахгүй, боломжгүй гэдгийг дүрэм журмаар зохицуулсан зүйл байхгүй, анагаахын шинжлэн ухааны ойлголтоор явж байгаа. Согтолтын зэрэглэл ангилалыг журмаар зохицуулсан байгаа. 0.5-1.5 промилль бол хөнгөн зэргийн согтолт, 1.6-2.5 промилль бол дунд зэргийн согтолт, 2.6 промиллээс дээш бол хүнд зэргийн согтолтод хамаарна. Согтолтод шинжилгээг шинжээч эмч би хийгээгүй, химийн шинжээч нар хийж байгаа. Химийн шинжилгээ хийж байгаа хүмүүст мэдээлэл, шинжлэх ухааны үндэслэл нь байгаа байх гэв.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг утсаар хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 9 дэх тал/,

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч схем зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 12-22 дахь тал/,

 

-Камерын бичлэгт үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 26 дахь тал/,

 

-Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан магадлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 27 дахь тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 30, 32 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Маргад-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Цэрэннямын өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Бат-Амгалангийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Ганзоригийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 46 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Солонгийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Жаргалсайханы өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 51 дэх тал/,

 

-“Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1693 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 58-60 дахь тал/,

 

-“Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 112 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 66-68 дахь тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 168 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” /1 дүгээр хавтаст хэргийн 73-74 дэх тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1942 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 77-79 дэх тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 50 дугаартай “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 82-85 дахь тал/,

 

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 86-92 дахь тал/,

 

-Шинжээч, замын хөдөлгөөний дүрмийн багш Н.Мөнхцэцэгийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 95-96 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Э**************ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 111, 115-116 дахь тал/,

 

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн тээврийн хэрэгслийн лавлагаа, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, барьцааны хөрөнгийн жагсаалт, зээл эргэн төлөх хуваарь, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ, нас барсны 4643000006 дугаартай гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, хохирлын баримтууд, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ХЭХААМэргэжилтэний гаргасан тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 118, 120-127, 154, 155, 156-157, 159-171, 2 дугаар хавтаст хэргийн 18-20 дахь тал/

 

-Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Г.Э**************ын жолооны үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 128, 129, 130, 131, 132, 133, 134, 135, 136, 171 дэх тал/,

 

-ШУТИС-ын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02/03 дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 2-3 дахь тал/,

 

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан сиди зэрэг нотлох баримтууд болно.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

 

Шүүгдэгч Г.Э************** нь 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, нүүрс тээврийн авто замын 3 дахь километрт байрлах “Тэс петролиум" шатахуун түгээх станцын өмнө талд 75-51 БЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй ****УБМ улсын дугаартай “Нордбенз” маркийн хүнд даацын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-р заалт буюу “Анхааруулах дохио ба тээврийн хэрэгслийн таних тэмдгийг жолооч өөрийн хийж буй үйлдэл, тээврийн хэрэгслийнхээ онцлогийг бусад хөдөлгөөнд оролцогчдод мэдэгдэж, аюул, осол үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор...хэрэглэнэ”, 14.1-р заалт буюу “Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талын хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлагад шахаж,... зогсооно...” гэсэн заалтыг тус тус зөрчиж тээврийн хэрэгслээ зам дээр зогсоосны улмаас ****ӨМЭ улсын дугаартай “Тоёота Аллион” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Ж********** нь араас нь мөргөж, улмаар Б.Ж**********ын амь нас хохирсон, Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч схем зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт /1 дүгээр хавтаст хэргийн 12-22 дахь тал/,

 

-Камерын бичлэгт үзлэг хийн хураан авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 26 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О*************ын өгсөн “...Намайг 2022 оны 03 дугаар сарын 21-ний орой 22 цагийн үед Цогтцэций сумын төвд байдаг гэртээ хүүхдүүдтэйгээ байж байхад манай нөхрийн төрсөн ах Сүхбаатар, манай ах Сүхбаатар, манай ах Батбаатар, төрсөн эгч Оюунтуул нар гэрт орж ирээд "Жангар осол гаргачихсан машин доогуур машинтайгаа орсон байна, сэхээнд байгаа" гэж хэлэхээр би юу болсон юм бэ" гэж асуухад миний төрсөн ах Батбаатар "машинтайгаа осолд орсон” гэж хэлсэн. Би тэгээд осол болсон газар луу хамт явахад нүүрс тээврийн 3 дахь километрт байдаг нүүрс тээврийн зам дээр том тэрэгний араас орчихсон байдалтай байхаар би очиж үзэх гэхэд цагдаа нар ирчихсэн дотогш нь оруулахгүй байсан. Би тэгээд машиныг нь харчихаад манай нөхөр осолд ороод нас барчихсан гэж бодсон... ****ӨМЭ улсын дугаартай аллион маркийн жижиг машинтайгаа явж байсан. Машины урд талын хэсэг бүхэлдээ эвдэрсэн доод орой хэсэг нь арагшаа хуйларчихсан нэлээн их гэмтэл эвдрэлтэй байсан... Нүүрс тээврийн том тэрэгний ар талын чиргүүлний араас очиж мөргөсөн байсан тэр машин нь зам дээр байсан. Замаа бүрэн чөлөөлж зогсоогүй байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 30 дахь тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Маргад-Эрдэнийн өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 21-нд хоолны газар байж байхад гаднаас нэг таксины жолооч эмэгтэй орж ирээд "нүүрс тээврийн засмал зам дээр осол гарсан байна, цагдаа нар ирчихсэн зам хаачихсан байхаар тойроод ирлээ” гэхээр бид хоёр ямар машин байна гэхэд тэр эмэгтэй “цагаан өнгийн Аллион маркийн машин байна” гэж хэлэхээр бид хоёр хоолны гэрээс гараад гүйчихсэн хоолны гэрээс зүүн зүгт 700-800 метр орчим  засмал зам дээр осол болсон байсан... Том нүүрс тээврийн машины араас орчихсон машин нь нэлээн их эвдрэлтэй байсан... Цагаан өнгийн ****ӨМЭ улсын дугаартай Тоёота аллион маркийн машин байсан. Талийгаачийн хувийн тэрэг байсан... Нүүрс тээврийн 2 дахь км-т байх засмал зам дээр Норд бенз маркийн улаан толгойтой нүүрс тээврийн машины араас орчихсон байдалтай байсан. Машины урд хэсэг болон дээд дээвэр хэсэг нь хойшоо чихэгдсэн нэлээн их хэмжээний эвдрэлтэй байсан... осол нүүрс тээврийн засмал зам дээр болсон байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 37-38 дахь тал/

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Цэрэннямын өгсөн: “...хоолны газарт байж байхад гаднаас нэг таксины жолооч эмэгтэй орж ирээд нүүрс тээврийн засмал зам дээр осол гарсан байна, цагдаа нар ирчихсэн зам хаачихсан байхаар тойроод ирлээ” гэхээр би ямар машин байна” гэхэд тэр эмэгтэй жолооч “цагаан өнгийн Аллион маркийн машин байна” гэж хэлэхээр би хоолны гэрээс гараад гүйчихсэн хоолны гэрээс зүүн зүгт 700-800 метр орчим яваад засмал зам дээр осол болсон байсан ...Цагаан өнгийн ****ӨМЭ улсын дугаартай Аллион маркийн машин байсан. Талийгаачийн хувийн өөрийн тэрэг байсан...Нүүрс тээврийн 2 дахь км-т байх засмал зам дээр Норд бенз маркийн нүүрс тээврийн машины араас орчихсон байсан. Машины урд хэсэг болон дээд дээвэр хэсэг нь хойшоо чихэгдсэн нэлээн их хэмжээний эвдрэлтэй байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 40-41 дэх тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Бат-Амгалангийн өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр намайг машиндаа унтаж байхад Маргад-Эрдэнэ, Цэрэнням хоёр хүрч ирээд андыгаа алдчихлаа гээд уйлаад байхаар би юу болсон талаар асуухад Жангарыг машинтайгаа явж байгаад том тэрэгний араас очиж мөргөөд машин дотроо нас барсан гэж хэлсэн... Цагаан өнгийн ****ӨМЭ улсын дугаартай Тоёота Аллион машин байсан... Нүүрс тээврийн 2 дахь км-т байдаг засмал зам дээр норд бенз маркийн улаан толгойтой нүүрс тээврийн машины араас орчихсон байдалтай байсан. Уг осол болсон засмал замын хойд талд “Тэс петролиум” (шатахуун түгээх колонк байрлаж байсан...”гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 43-44дэх тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Ганзоригийн өгсөн: “...Намайг 2022 оны 03 дугаар сарын 21-ний орой 19 цагийн үед байх Цогтцэций сумын нүүрс тээврийн 3 дахь км-т байдаг “Тэс петровлиум” шатахуун түгээх станцын хойд талд байдаг хашаан дотор будаг хийж гэнэт л тас түс гэсэн чимээ гарахаар би дээшээ шатаар гарч харахад манай клонкийн өмнө талын засмал зам дээр том, жижиг хоёр машин мөргөлдсөн байдалтай утаа гарсан байсан... Нүүрс тээврийн том тэрэгний машины чиргүүлийн ар талаас нь жижиг машин мөргөсөн байдалтай байсан жижиг машины өмнө тал нь чиргүүлийн доогуур орчихсон машины дээвэр хэсэг нь арагшаа болчихсон байсан...Том тэрэг нь зүүн тийшээ явж байгаа бололтой толгой хэсэг зүүн тийш замын урд талын зорчих хэсэг дээр байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 46 дахь тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Солонгын өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Цогтцэций сумын нүүрс тээврийн 3 дахь км-т байдаг “Тэс Петровлиум” шатахуун түгээх станц дээрээ гарч байсан юм. Тэгээд орой 19 цаг 32 минутад ****УБМ улсын дугаартай Норд бенз маркийн нүүрс тээврийн том машин ирээд түлш авах гэж түгээгүүрийн хажууд ирээд ...машины банканд нь 40 л түлшийг хийж байхад машинаасаа бууж ирээд “би мөнгөө дансаар шилжүүлнэ, дансаа өгөө гэж” хэлэхээр нь би байгууллагын дансыг өгсөн тэгээд 40 л түлшийг хийчихээд байж том тэрэгний жолооч машинаа асаагаад баруун тийшээ явж засмал зам руу ороод зүүн тийшээ явсан. Би тэгээд дансаа шалгатал түлш авсан мөнгө нь дутуу орчихсон байхаар нь би явган яваад засмал замын хойд талын хөвөө хэсэг очоод тэр жолоочийг зогсоох гээд гараараа дохисон тэгтэл тэр жолооч колонкын урд талд ирээд зогсохоор би “та мөнгөө дутуу хийсэн байна” гэж хэлтэл жолооч кабины цонхоо доош буулгачихаад “мөнгө орчихсон байхаа” гэж хэлэхээр утсаа үзэх гээд байж байтал гэнэт л аймаар чимээ гарсан тэгээд би хартал зогсож байсан нүүрс тээврийн машины араас нь нэг жижиг цагаан өнгийн машин ирээд араас мөргөчихсөн утаа гарч байсан. Тэгтэл том тэрэгний жолооч машинаасаа буугаад очиж байгаа харагдахаар би тэр осол болсон газар луу нь очиж үзээгүй буцаж яваад ажил дээрээ ирээд цагдаа руу ярьж осол болсон талаар дуудлага мэдээлэл өгсөн юм...Намайг зогсооход том тэрэгний жолооч машиныхаа аваарын гэрэл дохиогоо асаагаагүй. Машинаасаа бууж ирээгүй цонхоо онгойлгочихоод шилжүүлчихсэн гэж хэлэхээр би “таны шилжүүлсэн мөнгө дутуу орчихсон байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Жаргалсайханы өгсөн: “...Намайг 2022 оны 03 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед байх Цогтцэций сумын нүүрс тээврийн 3 дахь км-т байдаг Амраагийн дэлгүүрийн хажууд машиндаа байж байхад жолооч Энхжаргал над руу утсаараа залгаад “Тэс Петровлиум” шатахуун түгээх станцын урд талын засмал зам дээр осол болчихлоо, мөргөсөн машины жолооч нь нас барчихлаа, намайг хүрээд ирээ гэж хэлэхээр би явган алхаад колонк дээр очиход ****УБМ улсын Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл засмал зам дээр зүүн тийшээ хараад зогсчихсон, араас жижиг машин ирээд мөргөчихсөн байдалтай байсан... Би жолооч Энхжаргалыг утсаар дуудаж уулзаад юу болсон талаар асуухад “би энэ колонкоос түлш авсан чинь 40 литр түлш хийчихсэн би уг нь 40.000 төгрөгөөр түлш авах гэж байсан юм. Би тэгээд түлшээ авчихаад засмал зам явж байхад колонкийн хүмүүс дуудаад би тэгээд түр зогстол ийм зүйл болчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 51 дэх тал/

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 50 дугаартай шинжээчийн “...1.Б.Ж**********ын цогцост үзлэг шинжилгээгээр гавлын суурин дунд-арын хонхорыг хамарсан хугарал, доод эрүүний хугарал, тархины эдийн няцрал, аалзан хальс доорх голомтлог цус харвалт, баруун талын II-V, зүүн талын II хавирганы хоёрлосон хугарал, голтын цус хуралт, доод уруул, баруун бугалга, тохой дахь шарх, баруун чамархайн хуйх, дух, 2 хацар, баруун бугалга, цээжний баруун хэсэг, зүүн эгэм, зүүн гарын өмнө болон гадна гадаргуу дахь зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын тухайн хэргийн нөхцөлд үүсгэгджээ. Нас барсан тохиолдлын гэмтлийн зэргийг тогтоох нь ач холбогдолгүй. 3.Б.Ж**********ын цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин, гэмтлийн үлдэц тогтоогдсонгүй. 4.Б.Ж********** нь гавал-тархины гэмтлийн улмаас нас баржээ. 5.Шүүх химийн шинжилгээгээр Б.Ж**********ын цусанд 3.2 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 82-85 дахь тал/

 

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас хэргийн 86-92 дахь тал/

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Э**************ын яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 03 дугаар сарын 21-ний орой 19 цаг 30 минутад Өмнөговь аймгийн Цогтцэций сумын урд байдаг нүүрс тээврийн 3 дахь км-т байдаг гагнуур хийдэг засварын газраас өөрийн эзэмшлийн улсын дугаартай Норд бенз маркийн машинаар явж нүүрс тээврийн авто замаар орж баруун тийшээ яваад “Тэс Петровлиум” шатахуун түгээх колонк дээр очоод 40.000 төгрөгт түлш хийнэ гэж хэлээд зогссон. Тэгээд би түлшээ аваад эхнэр Зандан-Эрх рүү залгаж түлшний 40.000 төгрөг шилжүүл гэж хэлчихээд буцаад засмал ороод зүүн тийшээ эргэх хөдөлгөөн хийж байхад колонкоос нэг хүн, гараараа даллаад зогс гээд байхаар би машинаа зам дээрээ зогсоосон эрэгтэй хүн хүрч ирээд түлш авсан мөнгө чинь ороогүй байна” гэж хэлэхээр нь би гар утсаа аваад эхнэр лүүгээ залгах гээд байж байтал машины ард талд чимээ гараад машин доргиж хөдлөхөөр би машинаас буугаад очиход ар хэсэг рүү цагаан өнгийн жижиг машин орчихсон байсан. Би тэгээд машины зөв талаар очоод харсан чинь буруу талдаа үрүүлтэй машин байсан. Жолооч нь харагдахгүй байхаар өнгийгөөд хартал машины буруу талд нь жолооч доошоо болчихсон байдалтай байхаар би машины буруу талаар очоод хаалгыг татсан чинь хаалга нь онгойхгүй байхаар би буцаж яваад машинаасаа лоом авчираад хаалгыг хөшөөд онгойлгоход жолооч огт хөдлөхгүй байхаар би баруун гараас нь татсан чинь бие нь хөдлөхгүй байсан. Тэгээд сумын эмнэлгийн түргэний эмч хүрч ирээд машинд байгаа жолоочийг үзчихээд “энэ жолооч нас барсан байна” гэж хэлээд явсан удаагүй цагдаа нар ирээд замыг хааж хөдөлгөөнийг зогсоосон. Машины зөв талын хойд галын дохио нь хөндийрөөд аваарын гэрэл нь бүрэн ажиллаж байсан. Миний буруу би замаа бүрэн чөлөөлж зогсоогүй. Тэр хүн мөн намайг зогс гээд гараараа даллаад байсан. Би машинаа зогсоод аваарын гэрлээ татаагүй харин осол болсны дараа аваарын гэрлээ татсан... Машины ар талын чиргүүлийг араас ирж мөргөсөн байсан жижиг цагаан өнгийн машин чиргүүл доогуур нэлээн орчихсон байсан. Машины дээвэр нь арагшаа болчихсон машины өмнө тал цөмрөөд арагшаа шахагдсан байсан. Өмнө тал болон дээвэр хэсэг, дотор салон гээд нэлээн их эвдрэлтэй байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн115-116 дахь тал/,

 

-ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн техникийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02/03 дугаартай шинжээчийн “...1. 75-51 БЧ улсын дугаар бүхий чиргүүлтэй ****УБМ улсын дугаартай “Нордбенз” маркийн хүнд даацын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-р заалт буюу “Анхааруулах дохио ба тээврийн хэрэгслийн таних тэмдгийг жолооч өөрийн хийж буй үйлдэл, тээврийн хэрэгслийнхээ онцлогийг бусад хөдөлгөөнд оролцогчдод мэдэгдэж, аюул, осол үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор...хэрэглэнэ”, 14.1-р заалт буюу “Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талын хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлагад шахаж,... зогсооно...” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. 2. ****ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож явсан Буяндэлгэр овогтой Жангар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”-р заалт буюу “Жолоочид дараахь зүйлийг хориглоно. а/...согтууруулах ундаа,...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;, 3.4 “б”-р заалт буюу “Жолооч дараахь үүргийг хүлээнэ, б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх...;” гэснийг тус тус зөрчсөн байна. 3. 75-51 БЧ  чиргүүлтэй, Норд бенз маркийн ****УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Галбадрах овогтой Энхжаргал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-р заалт, ****ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Буяндэлгэр овогтой Жангар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”-р заалтыг тус тус зөрчсөн нь уг зам тээврийн ослын шалтгаан болсон байна. Харин жолооч Б.Ж********** нь 3.4 “б”-р заалтыг зөрчсөн нь уг зам тээврийн ослоос учирч болох хохирлыг ихэсгэсэн байна...5. Уг зам тээврийн осолд замын зохион байгуулалтын нөхцөл байдал осол гарахад нөлөөлөөгүй байна. 6.Тухайн осол болсон газар нь нийтийн эзэмшлийн зам талбайд хамаарагдана” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 2-3 дахь тал/ зэрэг болно.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Харин Өмнөговь аймаг дахь Политехникийн коллежийн замын хөдөлгөөний дүрмийн багш Н.Мөнхцэцэгийн 2022.05.27-ны өдөр гаргасан 03 дугаартай шинжээчийн дүгнэлтийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно. Учир нь тухай дүгнэлтийг техник урлалын багш гаргасан, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гэсэн гарчигтай мөртлөө нэг шинжээч дүгнэлт гаргасан нь эргэлзээгүй, шинжээчийн дүгнэлт нь байгууллагын тамга, хувь хүний тэмдэгээр баталгаажна гэсэн Шүүх шинжилгээний тухай хуулийн заалтыг зөрчигдсөн гэж үзсэн болно.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.Э************** нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж, өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцсон болно.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

“Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Г.Э************** нь

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-р заалт буюу “Анхааруулах дохио ба тээврийн хэрэгслийн таних тэмдгийг жолооч өөрийн хийж буй үйлдэл, тээврийн хэрэгслийнхээ онцлогийг бусад хөдөлгөөнд оролцогчдод мэдэгдэж, аюул, осол үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор...хэрэглэнэ”, 14.1-р заалт буюу “Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талын хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлагад шахаж,... зогсооно...” гэсэн заалтыг тус тус зөрчиж тээврийн хэрэгслээ зам дээр зогсоосны улмаас ****ӨМЭ улсын дугаартай “Тоёота Аллион” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Ж********** нь араас нь мөргөж, улмаар Б.Ж**********ын амь нас хохирсон болох нь Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч схем зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт, камерын бичлэгт үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан сиди дээр бичигдсэн бичлэг, ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн техникийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02/03 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон. /1 дүгээр хавтаст хэргийн 12-22, 26, 2 дугаар хавтаст хэргийн 3-4 дэх тал/

 

Иймд энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.Э**************ыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Амь хохирогч Б.Ж**********ын цогцост “гавлын суурин дунд-арын хонхорыг хамарсан хугарал, доод эрүүний хугарал, тархины эдийн няцрал, аалзан хальс доорх голомтлог цус харвалт, баруун талын II-V, зүүн талын II хавирганы хоёрлосон хугарал, голтын цус хуралт, доод уруул, баруун бугалга, тохой дахь шарх, баруун чамархайн хуйх, дух, 2 хацар, баруун бугалга, цээжний баруун хэсэг, зүүн эгэм, зүүн гарын өмнө болон гадна гадаргуу дахь зулгаралт” гэмтлүүд тогтоогдсон. Б.Ж********** нь гавал-тархины гэмтлийн улмаас нас барсан” болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 50 дугаартай “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” дүгнэлтээр тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 82-85 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.О*************ыг тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /1-р хавтаст хэргийн 28 дахь тал/

 

Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЗ/01 дугаартай захирамжаар иргэн Б.О*************ыг иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар тогтоосон болно. /1-р хавтас хэргийн 245-249 дэх тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний нэхэмжлэгч Б.О************* нь нэхэмжлэлийн шаардлагаа “...машинд учирсан хохиролд 14,280,000 төгрөг, оршуулгын зардалд 25,000,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөд 5,000,000 төгрөг тус тус гаргуулах, мөн бага хүүхэд Монголжингоод тэтгэмж тогтоолгох, сэтгэл санааны хохирол гаргуулмаар байна...” гэж тодорхойлсон.

 

Зам тээврийн осол болох үед таалийгаач Б.Ж**********ын унаж явсан “Тоёота Аллион” маркийн ****ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 14.280.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид Билгүүн” ХХК-ийн 2022.04.02-ны өдрийн 112 дугаартай “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан”-гаар тогтоогдож байна. /1-р хавтас хэргийн 66-68 дахь тал/

 

Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э**************аас “Тоёота Аллион” маркийн ****ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 14.280.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.О*************д олгохоор шийдвэрлэлээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О************* нь өмгөөлөгч П.А*****тай 2022.12.23-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөллийн зардалд 2023.01.19-ний өдөр 5.000.000 төгрөг шилжүүлсэн болох нь Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдож байна.

 

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э**************аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчид төлсөн зардалд 5.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О*************д олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О************* нь “...ажил явдлын үеэр таалийгаачтай холбоотой нэг ч зүйл үлдээж болохгүй гэж лам хэлсэн болохоор оршуулгын зардлын баримтыг тухайн үед нь шатаачихсан...нийгмийн халамжийн сангаас тэжээгчээ алдсаны тэтгэмжийг Ж.Зулаа дээр авч байгаа бөгөөд Ж.Зулааг 18 нас хүрэхээр нь түүний дүү болох Ж.Монголжингоо дээр тогтоолго гэж хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтэн хэлсэн...шүүхээс Ж.Монголжингоо дээр тэтгэмж толгоолгоё...сэтгэл санааны хохирол гаргуулмаар байна...” гэж мэдүүлсэн.

 

Хавтас хэрэгт буяны ажилд зарцуулагдсан мөнгөний тооцоо гэх гараар бичсэн баримт болон Ш.Болорцэцэгийн 5096119928 дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Сүхбаатарын 5598048309 дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Т.Амаржаргалын 5585303706 дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Б.Мөнхцэцэгийн 5025106956 дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга авагдсан байх боловч Ш.Болорцэцэг, Б.Сүхбаатар, Т.Амаржаргал, Б.Мөнхцэцэг гэх хүмүүс нь таалийгаачтай ямар хамааралтай болох нь тодорхойгүй, тэдний дансаар хийгдсэн гүйлгээгээр буяны ажилд зарцуулагдсан зардал нь нотлогдохгүй байна. Мөн сэтгэл санааны хохирлоо тодорхойлоогүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь охин Ж.Зулаагийн тэжээгчээ алдсаны тэтгэмжид хэдэн төгрөг авдаг болох нь тодорхойгүй, түүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, тэтгэмжийн зөрүүг тодорхойлох боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “оршуулгын зардалд 25,000,000 төгрөг гаргуулах, охин Ж.Монголжингоод тэтгэмж тогтоолгох, сэтгэл санааны хохирол гаргуулах” нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол төлбөрийн асуудлыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Г.Э**************аас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 14.280.000 төгрөг, өмгөөллийн зардалд 5.000.000 төгрөг, нийт 19.280.000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.О*************д олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч Г.Э************** нь хохирол төлбөрөө төлөхөөр шүүхээс завсарлага авсан хугацаанд буюу 2023.01.30-ны өдөр гэм хорын хохиролд 7.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчид нөхөн төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Г.Э**************аас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол болон өмгөөллийн зардалд 12.280.000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.О*************д олгохоор шийдвэрлэлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Г.Э**************ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд гэм хорын хохирлоо нөхөн төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч өгнө үү” гэх саналыг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “...шүүгдэгч гэм буруу дээрээ маргасан, хохирлыг нөхөн төлөөгүй учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх шаардлага хангагдаагүй тул улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна” гэх саналыг тус тус гаргасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э************** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргасан ба шүүхээс хохирлын асуудлыг шийдвэрлэсний дараагаар хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн, гэм буруугийн шүүх хуралдаанаас шийдвэрлэгдсэн гэм хорын хохирлоос 7.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчид төлсөн, үлдэх 12.280.000 төгрөгийг хэзээ ямар эх үүсвэрээс хэрхэн төлөхөө илэрхийлээгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “...шүүгдэгч гэм буруу дээрээ маргасан, хохирлыг нөхөн төлөөгүй учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх шаардлага хангагдаагүй...” гэх саналыг үндэслэлтэй, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах боломжгүй гэж шүүх дүгнэсэн болно.

 

Зам тээврийн осол болох нь үед ****ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан амь хохирогч Б.Ж********** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”-р заалт буюу “Жолоочид дараахь зүйлийг хориглоно. а/...согтууруулах ундаа,...хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;, 3.4 “б”-р заалт буюу “Жолооч дараахь үүргийг хүлээнэ, б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх...;” гэснийг тус тус зөрчсөн, ийнхүү Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болох нь ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн техникийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02/03 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, амь хохирогчийн энэхүү гэм буруутай үйлдэл нь тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон, ослоос учирч болох хохирол ихэссэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн шинжийг харгалзан, мөн шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Г.Э**************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т зааснаар шүүгдэгч Г.Э**************д гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 12.280.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчид нөхөн төлөх үүрэг болон оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг  2 /хоёр/ жилийн хугацаагаар хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э**************д Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хүлээлгэн, түүнд хяналт тавихыг ялтны оршин суугаа газрын харьяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Г.Э**************ын B,C,CE ангиллын №774390 дугаартай жолооны үнэмлэхийг тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээхээр тогтоов.

 

Шүүгдэгч Г.Э************** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосон болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *********т овогт **********************-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э**************д тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т зааснаар шүүгдэгч Г.Э**************д гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 12.280.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчид нөхөн төлөх үүрэг болон оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э**************д Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрийн хилийн цэсийн дотор зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хүлээлгэн, түүнд хяналт тавихыг ялтны оршин суугаа газрын харьяалах шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э**************д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э**************аас “Тоёота Аллион” маркийн ****ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 14.280.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.О*************д олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э**************аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчид төлсөн зардалд 5.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О*************д олгохоор тус тус шийдвэрлэсэн ба шүүгдэгч завсарлага авсан хугацаанд гэм хорын хохиролд 7.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчид нөхөн төлсөн тул шүүгдэгч Г.Э**************аас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол болон өмгөөллийн зардалд нийт 12.280.000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.О*************д олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “оршуулгын зардалд 25,000,000 төгрөг гаргуулах, охин Ж.Монголжингоод тэтгэмж тогтоолгох, сэтгэл санааны хохирол гаргуулах” нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

10. Шүүгдэгч Г.Э************** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Г.Э**************ын B,C,CE ангиллын №774390 дугаартай жолооны үнэмлэхийг тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э**************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

13. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН