| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2019/0415/И |
| Дугаар | 487 |
| Огноо | 2020-05-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 487
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Е,
Нэхэмжлэгч: Х,
Нэхэмжлэгч: С,
Нэхэмжлэгч: Б,
Нэхэмжлэгч: Ж,
Нэхэмжлэгч: Д,
Нэхэмжлэгч: Г нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:М ХХК-нд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А түүний өмгөөлөгч З, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, түүний өмгөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Е.Халибек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага:
1).М ХХК -ийн санхүүгээс эрсдэлийн сангийн хуримтлалын мөнгө болох 549500 төгрөгийг Е , 1095000 төгрөгийг Х , 1047000 төгрөгийг С , 903875 төгрөгийг Б , 904500 төгрөгийг Г ,1006625 төгрөгийг Ж , 570375 төгрөгийг А , 973250 төгрөгийг Д , нийт 7050125 төгрөг гаргуулах,
2). Мөн компанийн санхүүгээс ажлаас халагдсаны 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө болох 1.800.000 төгрөг Е , 1.800.000 төгрөг Х , 2.400.000 төгрөг С , 1.950.000 төгрөг Б , 1.500.000 төгрөг Г , 1.950.000 төгрөг Ж , 1.950.000 төгрөг А , 1.800.000 төгрөг Д , нийт 15.150.000 төгрөгийг тус тус гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Е, Х, С, Ж, Б, Г, А, Д нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч М ХХК -ийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум дахь салбар “Ховдголын” уурхай анх 2013 оны 4-р сард үйл ажиллагаагаа эхэлж явуулсан он жилээс эхлэн тухайн уурхайд гомдол гаргагч Е , Х бид “машинист”-ын, С , Б , Ж , А , Г бид “оператор”-ын, Д “тогоочийн” албан тушаалд томилогдож, 2019 оны 10-р сарын 18-ны өдөр үйл ажиллагааг зогсоох хүртэл 5-6 жил тасралтгүй ажиллаж байна.
Гэтэл бидний ажил олгогч М ХХК -ийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум дахь салбар “Ховдголын” уурхай 2019 оны 10-р сарын 18-ны өдрөөс үйл ажиллагааг зогсоож, ажилчдын “орон тоог цөөрүүлж”, ажилчид бидний орон тоог хасаж, ажлаас чөлөөлсөн юм. Нэр бүхий гомдол гаргагч биднийг ажлаас чөлөөлсөн тушаалыг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гаргаж, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тасалбар болгон чөлөөлсөн байгаа юм. Гэтэл ажилчид бидний орон тоог “Ховдголын” уурхайн үйл ажиллагаа зогссонтой холбогдуулан орон тооны цомхтголын журмаар чөлөөлсөн мөртлөө ажлаас чөлөөлсөн тушаалд өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдсөн хэмээн бодит байдлыг нуун дарагдуулж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж тушаал гаргасан байна.
Бид үйлдвэрийн удирдлагад ажлаас чөлөөлсөн үндэслэлийг зөвтгөх талаар эсэргүүцэл илэрхийлэхэд удирдлагын зүгээс “ажлаас чөлөөлсөн” үндэслэлийг зөвтгөж өгнө гэсэн боловч засаж залруулаагүй юм.
1.Зүй нь ажилчид бидний орон тоо хасагдаж, бөөнөөр халагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дүгээр зүйлийн 42.1-д зааснаар шүүхэд гомдол гаргаж ажилчин тус бүр 3 сарын хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж нэхэмжилж байна. Гомдол гаргагч бидний үндсэн цалингийн хэмжээ Хөдөлмөрийн гэрээний 5.1-р заалтын 5.1.1-д зааснаар тогтмол тогтоогдсон тул нотлох баримтаар үнэлж, дундаж цалин тодорхойлох” бүрэн боломжтой юм. Иймд ажилчид бидний 3 сарын цалин хөлсний дундажтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгох шийдвэр гаргаж өгнө үү.
2.Гомдол гаргагч бид ажилд томилогдсон мөчөөс ажлаас чөлөөлөгдөх хүртэл бидний цалин хөлсний 5%-ийг суутган авч, байгууллагад эрсдэлийн сан бий болгож, бидний цалин хөлснөөс “хуримтлал” буй болгосон байдаг. Хөдөлмөрийн гэрээний “долоо” дугаар бүлгийн 7.2.5-д “Ажилтны сар бүрийн цалингийн 5%-тай тэнцэх мөнгөн хөрөнгийг суутган авч, эрсдэлийн санд хуримтлуулна. Ажилтан ... эд хөрөнгийн болон сахилгын хариуцлага гаргаагүй бол уг мөнгөн хөрөнгийг ажилтанд буцаан олгоно” гэж заажээ.
Тухайн “эрсдэлийн санд” хуримтлуулсан мөнгөн хөрөнгө ажилчид бидний цалингийн нэг бүрдэл хэсэг, өөрсдийн хөдөлмөрийн үр дүн, бидний “цалингийн хуримтлал” учраас бид “эд хөрөнгийн дутагдал, хариуцлага” хүлээж, төлбөрт суутгуулаагүй нөхцөлд бид буцааж авах ёстой юм. Нэгэнт ажлаас чөлөөлөгдсөн тул байгууллагын “эрсдэлийн санд” байгаа Гомдол гаргагч бидний хуримтлалыг байгууллагаас буцаан авч өгнө үү. “Эрсдэлийн санд” оруулсан хүн тус бүрийн мөнгөний үнийн дүн хариуцагч байгууллагын дансанд бэлэн байдлаар үлдэгдэл хэлбэртэй байгаа тул хариуцагч байгууллагаас дансны хуулгыг авахад тодорхой юм. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.9, 42-р зүйлийн 42.1, Хөдөлмөрийн гэрээний 5.1-р заалтын 5.1.1, 6.2.10, 7-р заалтын 7.2.5-д зааснаар М ХХК /гүйцэтгэх захирал С.Ганбат/-аас ажлаас халагдсаны тэтгэмжид Е 1.800.000 төгрөг, Х 1.800.000 төгрөг, С 2.400.000 төгрөг, Ж 1.950.000 төгрөг, Б 1.950.000 төгрөг, Д 1.800.000 төгрөг, А т 1.950.000 төгрөг, Г 1500000 төгрөг, бүгд 15.150.000 (арван таван сая нэг зуун тавин мянган) төгрөг тус тус гаргуулах мөн хүн тус бүрийн эрсдэлийн санд хуримтлагдсан мөнгийг буцаан олгохыг даалгах тухайн анх шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Харин одоо нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж дээрх хуулийн заалтын дагуу ажлаас халагдсаны 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө болох 1,800,000 төгрөг Эрсдэлийн сангийн 549,500 төгрөг бүгд 2,349,500 төгрөгийг Е , Х ажлаас халагдсаны тэтгэмжид 1,800,000 төгрөг Эрсдэлийн сангийн 1,095,000 төгрөг бүгд 2,895,500 төгрөг, С ажлаас халагдсаны тэтгэмжид 2,400,000 төгрөг Эрсдэлийн сангийн 1,047,000 төгрөг бүгд 3,447,000 төгрөг, Б д ажлаас халагдсаны тэтгэмжид 1,950,000 төгрөг Эрсдэлийн сангийн 1,006,625 төгрөг, бүгд 2956,625 төгрөг, Б ажлаас халагдсаны тэтгэмжид 1,950,000 төгрөг Эрсдэлийн сангийн 903,875 төгрөг, бүгд 2,853,875 төгрөг, С.Дамисд ажлаас халагдсаны тэтгэмжид 1,800,000 төгрөг Эрсдэлийн сангийн 973,250 төгрөг, бүгд 2,773,250 төгрөг, А ажлаас халагдсаны тэтгэмжид 1,950,000 төгрөг Эрсдэлийн сангийн 570,375 төгрөг, бүгд 2,520,375 төгрөг, Г ажлаас халагдсаны тэтгэмжид 1,500,000 төгрөг Эрсдэлийн сангийн 904,500 төгрөг, бүгд 2,404,500 төгрөг тус тус хариуцагч М ХХК -ны санхүүгээс гаргуулан нэхэмжлэгч нарт олгуулах шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Хариуцагч М ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М ХХК -д холбогдуулан Цэнгэл сумын иргэн Е, Х, С, Ж, Б, Г, А, Д нарын 15.150.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Тус аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа Ховдголын уурхайн үйл ажиллагааг Хонг конгийн олон улсын арбитрын төвийн 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн НКIАС/РА17079 тоот шийдвэр болон нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШЗ2019/04984 тоот захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2019 оны 10 дугаар сард зогсоож битүүмжлэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсноор уурхайн ажилтан ажиллагсдыг үүрэгт ажлаас чөлөөлсөн бөгөөд үүнд нэхэмжлэгч дээрх нэр бүхий иргэд мөн адил багтсан байдаг.
Нэхэмжлэгчдийн эрсдэлийн сангийн мөнгөн хөрөнгө болох тус компанийн “Ажилтан ажиллагсдын эрсдэлийн санг бүрдүүлэх, зарцуулах журам”-д зааснаар зохицуулагдаж ирсэн бөгөөд тус журмын 4.1-д ... хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан болон дуусгавар болсон тохиолдолд ажлаас чөлөөлөгдсөн тушаал болон тойрох хуудсыг үндэслэн ажилтны эрсдэлийн санд хуримтлагдсан мөнгөн хөрөнгийг буцаан олгоно гэж заасан. Нэхэмжлэгчид компанийн санхүү хариуцсан албан тушаалтантай эцсийн тооцоо хийж дуусгаагүй, тойрох хуудас бөглүүлээгүй тул уг мөнгөн хөрөнгийг буцаан олгох боломжгүй юм. Уг тооцоог бүрэн хийж тус мөнгөн хөрөнгөөс хийх ямарваа нэгэн суутгал гараагүй тохиолдолд мөнгөн хөрөнгийн буцаан олгох боломжтой юм.
Мөн нэхэмжлэгчдийн ажлаас халагдсаны тэтгэмж гэх 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 15.150.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар ажилтан цэргийн жинхэнэ албанд татагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн, ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон тогтоогдсон, ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тохиолдолд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор заасан. М ХХК -ийн үйл ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2019 оны 10 дугаар сард гэнэт зогсоон тоног төхөөрөмж, эд хөрөнгөнүүдийг лацдан, уурхайн ажилчдад урьдчилан мэдэгдэх боломжгүй тул нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тул 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээс 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 15.150.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК -ийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум дахь салбар Ховд голын Гянт болдын уурхай анх 2013 оны 4 сард үйл ажиллагаагаа эхэлсэн. Өнгөрсөн оны 10 дугаар сарын үед арбитрын шийдвэрийг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг үндэслээд аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас компанийн эд хөрөнгө болон техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг бүхэлд нь битүүмжилж үйл ажиллагааг нь зогсоосон байдаг. Үүнтэй холбоотойгоор уурхай тогтмол үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон учраас уурхайн бүх ажилчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ажилтны сар бүрийн цалингийн 5 хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг суутган авч эрсдэлийн санд хуримтлуулдаг байсан.
Нэхэмжлэгч нарын нэхэмжилж байгаа эрсдэлийн сангийн мөнгөн дүн нийт 7050125 төгрөгийг хариуцагч талаас төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгч тус бүрийн эрсдэлийн сангийн мөнгийг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй, зөвшөөрч байна.
Харин ажлаас халагдсаны тэтгэмж буюу дундаж цалингийн 3 сартай тэнцэх хэмжээний тэтгэмжийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь компанийн үйл ажиллагааг бидэнд урьдчилан мэдэгдэхгүйгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гэнэт ирж битүүмжилж үйл ажиллагааг нь зогсоосон. Цаашид үйл ажиллагаа явуулах мөнгөн орлого олох гарц маань хаагдсан учраас ажилчдаа аргагүй эрхэнд чөлөөлсөн. Ажилчдаа чөлөөлөхдөө ажилчидтайгаа харилцан тохиролцож, ажилчид маань өргөдлөө өгсний дагуу тушаал шийдвэрүүд гарсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт зохицуулсан ба ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэдэг тушаалууд гарсан. Үүнтэй холбоотой хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгөх үндэслэл байхгүй. Ийм учраас нэхэмжлэгч талын нэхэмжлэлээс 3 сарын тэтгэмжтэй холбоотой мөнгөн дүнг нэхэмжилснийг хасаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нараас анх шүүхэд хариуцагч М ХХК -ийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум дахь салбар “Ховдголын” уурхайн санхүүгээс ажлаас халагдсаны 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө болох 1.800.000 төгрөг Е , 1.800.000 төгрөг Х , 2.400.000 төгрөг С , 1.950.000 төгрөг Б , 1.500.000 төгрөг Г , 1.950.000 төгрөг Ж , 1.950.000 төгрөг А , 1.800.000 төгрөг Д , нийт 15.150.000 төгрөг гаргуулж мөн эрсдэлийн санд хуримтлагдсан мөнгийг буцаан олгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж хариуцагч М ХХК -ийн санхүүгээс эрсдэлийн сангийн хуримтлалын мөнгө болох 549500 төгрөг Е , 1095000 төгрөг Х , 1047000 төгрөг С , 903875 төгрөг Б , 904500 төгрөг Г ,1006625 төгрөг Ж , 570375 төгрөг А , 973250 төгрөг Д , нийт 7050125 төгрөг мөн ажлаас халагдсаны 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийн мөнгө болох 1.800.000 төгрөг Е , 1.800.000 төгрөг Х , 2.400.000 төгрөг С , 1.950.000 төгрөг Б , 1.500.000 төгрөг Г , 1.950.000 төгрөг Ж , 1.950.000 төгрөг А , 1.800.000 төгрөг Д , нийт 15.150.000 төгрөгийг тус тус гаргуулахыг хүсжээ.
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Учир нь, хариуцагч М ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас эрсдэлийн сангийн хуримтлалын мөнгө болох 549500 төгрөг Е , 1095000 төгрөг Х , 1047000 төгрөг С , 903875 төгрөг Б , 904500 төгрөг Г ,1006625 төгрөг Ж , 570375 төгрөг А , 973250 төгрөг Д , нийт 7050125 төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэгч нарын энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул уг шаардлагыг хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Харин нэхэмжлэгч нарын М ХХК -ийн санхүүгээс ажлаас халагдсаны 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийн мөнгө болох 1.800.000 төгрөг Е , 1.800.000 төгрөг Х , 2.400.000 төгрөг С , 1.950.000 төгрөг Б , 1.500.000 төгрөг Г , 1.950.000 төгрөг Ж , 1.950.000 төгрөг А , 1.800.000 төгрөг Д , нийт 15.150.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй тул уг шаардлагыг доорх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заажээ.
Нэхэмжлэгч нарын хэрэгт нотлох баримтаар өгсөн М ХХК -ийн үйл ажиллагаа хариуцсан захирлын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 156 дугаартай тус компанийн Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд байрлах Ховдголын уурхайн далд уурхайн Лебёдкын машинст ажилтай Е ыг, 131 дугаартай тушаалаар Лебёдкын машинст ажилтай Х , 154 дугаар тушаалаар баяжуулах оператор ажилтай Б , 141 дугаар тушаалаар баяжуулах оператор ажилтай Ж ыг, 140 дугаар тушаалаар малтуурын оператор ажилтай Г , 169 дугаар тушаалаар тогооч ажилтай Д нарыг ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтыг, мөн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 134 дугаар тушаалаар механизмын оператор ажилтай С ыг, баяжуулах оператор ажилтай А нарыг ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна.
Нэхэмжлэгч нараас бид хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөөгүй гэж маргаж энэ талаарх бичгийн нотлох баримтыг хариуцагч буюу ажил олгогч М ХХК -иас гаргуулахыг хүссэн боловч ажил олгогчоос нэхэмжлэгч нарын хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн эсэхийг бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй болно.
Гэтэл нэхэмжлэгч нараас ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулахаар маргаагүй, ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэлийг өөрчлөх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүхээс нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Түүнчлэн ажилтны санаачилгаар буюу нэхэмжлэгч нарын хүсэлтээр ажлаас чөлөөлсөн эсэхийг хариуцагч нь бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй бөгөөд харин нэхэмжлэгч нар ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэлийн талаарх гомдлоо шүүхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд гаргаагүй байна.
Нөгөөтээгүүр нэхэмжлэгч нараас бид нарыг ажлаас чөлөөлсөн үндэслэл нь бодит байдал дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар буюу аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан гэх үндэслэлд хамаарч байгаа гэж тайлбарладаг боловч түүнийг бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй.
Хэрэгт цугларсан 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн “Арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай” 183/ШЗ2019/04984 дугаартай шүүгчийн захирамж нь ажил олгогч М ХХК болон түүний салбар компани татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн эсэхийг шууд нотлох, бичгийн нотлох баримт биш бөгөөд энэ нь Америкийн Нэгдсэн Улсын иргэн Жэймс Ф.Баур /James F.Baur/-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Монгол улсын хуулийн этгээд болох Н ХХК /М ХХК/, О ХХК нарын хоорондох хувьцааны маргаан байна.
Дээрх нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн тушаалаас үзэхэд ажил олгогчоос ажилтан Е, Х, С, Ж, Б, Г, А, Д нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоход Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д зааснаар буюу талууд харилцан тохиролцсоноор, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар ажилтны санаачилсан гэх үндэслэлээр дуусгавар болгож, тус тус ажлаас нь чөлөөлсөн, нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо цөөрүүлсэн, ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, ажилтан өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн тохиолдолд ажилтанд ажлаас халагдсаны тэтгэмж олгодог үндэслэлүүдэд хамаарахгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч нарын хариуцагч М ХХК -ийн санхүүгээс ажлаас халагдсаны 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийн мөнгө болох 1.800.000 төгрөг Е , 1.800.000 төгрөг Х , 2.400.000 төгрөг С , 1.950.000 төгрөг Б , 1.500.000 төгрөг Г , 1.950.000 төгрөг Ж , 1.950.000 төгрөг А , 1.800.000 төгрөг Д , нийт 15.150.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч М ХХК -ийн санхүүгээс эрсдэлийн сангийн хуримтлалын мөнгө болох 549500 төгрөг Е , 1095000 төгрөг Х , 1047000 төгрөг С , 903875 төгрөг Б , 904500 төгрөг Г ,1006625 төгрөг Ж , 570375 төгрөг А , 973250 төгрөг Д , нийт 7050125 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлж өгөхөөр болж хүлээн зөвшөөрсөн тул, хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нарын ажлаас халагдсаны 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийн мөнгө болох 15.150.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 233700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас эрсдэлийн сангийн хуримтлалын мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх тул хариуцагч М ХХК -ийн санхүүгээс эрсдэлийн сангийн хуримтлалын мөнгө болох 7050125 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 127752 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч М ХХК -ийн санхүүгээс эрсдэлийн сангийн хуримтлалын мөнгө болох 549500 төгрөг Е , 1095000 төгрөг Х , 1047000 төгрөг С , 903875 төгрөг Б , 904500 төгрөг Г ,1006625 төгрөг Ж , 570375 төгрөг А , 973250 төгрөг Д , нийт 7050125 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М ХХК нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан хариуцагч М ХХК -ийн санхүүгээс ажлаас халагдсаны 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийн мөнгө болох төгрөг 1.800.000 төгрөг Е , 1.800.000 төгрөг Х , 2.400.000 төгрөг С , 1.950.000 төгрөг Б , 1.500.000 төгрөг Г , 1.950.000 төгрөг Ж , 1.950.000 төгрөг А , 1.800.000 төгрөг Д , нийт 15.150.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид 127752 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ