| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2020/0456/И |
| Дугаар | 542 |
| Огноо | 2020-05-15 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 542
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: М нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А сумын ерөнхий боловсролын сургууль /захирал Ж/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М , хариуцагч байгууллагын захирал Б.Ж, орчуулагч А.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: А сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны жижүүрийн орон тоонд эгүүлэн томилохыг даалгахыг хүсжээ..
Нэхэмжлэгч М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М нь А Ерөнхий боловсролын сургуульд сургуулийн захирлын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/26 тоот тушаалаар түр томилогдон ажиллаж байгаад 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр жирэмсний амралтаар явсан. Гэтэл намайг тэр даруй буюу жирэмсний амралттай байх хугацаанд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр б/96 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн байна. Надад энэ талаар ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй болно. Гэтэл намайг амралтад явсны дараа шинээр дотуур байрны жижүүрийн орон тоог гаргаад 2020 оны 3 дугаар сард 2 хүнийг гаднаас шинээр ажилд томилсон байна. Ажилд томилсон 2 хүний нэгэн өөрийн хамаарал бүхий иргэн байсан. Тухайн үед улс орон даяар хөл хорио тогтоож, сургуулийн дотуур байрны үйл ажиллагаа зогссон байсан. Харин намайг ажлаас чөлөөлсөн талаар надад албан ёсоор мэдэгдээгүй бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр сургуулийн бичиг хэргийн эрхлэгчээс нь авсан. Миний ажиллаж байсан орон тоонд хуучин ажиллаж байсан К нь ажилдаа эргээд орсон боловч шинэ орон тоо гаргасан мөртлөө намайг бус дотуур байрны жижүүрээр өөр хүнийг томилсон явдал нь хууль бус гэж үзээд хуулийн хугацаанд өөрийнхөө эрх ашгийг хамгаалуулахаар ийнхүү шүүхэд хандаж гомдол гаргаж байна. Иймд М намайг А сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны жижүүрийн орон тоонд эгүүлэн томилохыг ажил олгогчид даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр миний нөхөр болох Е У хотод эмчилгээнд явсан. Тухайн үед өвчний улмаас 6 сарын акттай байсан. Миний нөхрийн оронд К гэдэг хүн ажиллаад би К оронд 5 сар 15 хоног хугацаатай тус сургуулийн дотор байрны жижүүрээр ажиллаж байсан. Миний нөхрийн актын 66 хоногоор тооцож Нийгмийн даатгалын газраас төлж, сургуулиас 5 хогийн цалин гарч байсан. 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нөхөр маань дахин У хотод эмчилгээнд явахад цалингүй чөлөө авсан. Энэ үед миний нөхрийн оронд нь бага ангийн багшаа дахин К ажиллаад би К оронд дотуур байрны жижүүр багшаар ажилласан. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би жирэмсний амралт авах үед сургуулиас эхний 60 хоног болон төрсний дараах 60 хоногийн листийг гаргаж өгсөн. Манай захирал Ж нөхөрт маань орон тоо нэмэгдвэл танай эхнэрийг ажилд авна гэж хэлж байсан. Энэ оны 3 дугаар сарын 16-ны өдөр сургуульд цэвэрлэгч болон жижүүрийн орон тоо бий болох үед манай нөхөртэй утсаар ярьж А гэдэг хүн таны эхнэр М ийг ажилд битгий аваарай гэж хэлж байна гэж хэлээд А гэдэг хүний хүмүүсийг ажилд авсан. Уг орон тоонд би ажиллах ёстой гэж үзэж байна. Тийм учраас шүүхэд хандсан. Иймд А Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны жижүүрийн шинэ орон тоонд намайг эгүүлэн томилохыг ажил олгогчид даалгаж өгөхийг хүсье гэв.
Хариуцагч А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: К улсын иргэн М нь манай байгууллагад ажилладаг Е багшийн эхнэр нь 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Е багш өвдөж Улаанбаатар хот руу эмчлүүлэхээр явах гэж байна гээд эмнэлгийн 1218611 дугаартай хуудсыг танилцуулан удаан хугацааны цалингүй чөлөө авахаар банкны зээл ар гэрийн байдал эмчилгээний зардал гээд олон асуудал үүсээд байгаа тул манай гэр бүлийн хүнийг түр ажиллуулж өгч тус болооч гэхлээр нь дотуур байрны жижүүр байсан К багшийг Е багшийн оронд ажиллуулж, К багшийн оронд дотуур байрны жижүүрээр М ийг авч ажиллуулахаар тохиролцож 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/26 дугаар тушаалыг гаргасан. Үүний дараа сурагчдын улирлын амралт эхэлж Е багш ажилдаа эргэн орж ээлжийн амралтаа эдлэн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр К багшийг дотуур байрны жижүүрийн ажилд томилж, М ийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож тушаалыг нь гарт нь өгч байсан. Е багш дахин У хот руу явж мэс заслын үед тавиулсан төмөр хадаасыг нь авахуулахаар болж дахин манай эхнэр М ийг ажиллуулж өгөөч ээ гэсэн хүсэлтийг аман хэлбэрээр гаргасан тул бид Е багшийн байдлыг харгалзан 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/86 дугаартай тушаалаар Е багшид дахин цалингүй чөлөө олгож, оронд нь К бага ангийн багшаар ажиллуулж К оронд нь М ийг дотуур байрны жижүүрээр томилон ажиллуулж байсан. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр цалингүй чөлөө авсан Е ажилдаа эргэн орох хүсэлт гаргасны улмаас К багш дотуур байрны жижүүрийн ажилд эргэн ороход тор оршин суугаа М 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/96 дугаар тушаалаар чөлөөлөгдсөн билээ. 2019 онд түр оршин суугч М манай байгууллагад нийт 5 сар 15 хоног ажиллаж намайг тэр даруй буюу жирэмсний амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлсөн гэж гүтгэсэн нь огт хуулийн үндэслэлгүй гэж бодож байна. М ийг чөлөөлөх Б/96 дугаар тушаалыг би гаргасны дараа нөхөр нь Е багш ирж тамга даруулж авч байсан. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр багш Е болон дотуур байрны жижүүр К нар Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.3 дахь заалтын дагуу ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа учраас оронд нь ажиллаж байсан хүн чөлөөлөгдөх нь мэдээжийн хэрэг. М манай байгууллагад 5 сар 15 хоног ажиллаж бусад саруудын нийгмийн даатгалын шимтгэлээ хувиараа төлж бас 8 дугаар сард өөр нэг байгууллагад бас нэг сар ажиллаж байсан сурагтай байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1,2,3 дахь заалтууд, 192 дугаар зүйлийн 1 дэх заалт, Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан даатгуулагчийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг Нийгмийн даатгалын байгууллагаас олгоно гэсэн заалтын дагуу нийгмийн даатгалын байгууллагаас 100% жирэмсний тэтгэмж тогтоолгож авч байсан гэж бодож байна. Казахстан улсын иргэн М тэй 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж байх үед хөдөлмөрийн гэрээ дуусах хугацаанд таны нөхөр багш Е ажилдаа орох үед дуусгавар болно гэж сануулж хэлж байснаас гадна чөлөөлөгдсний дараа тушаалаа ирж аваарай гэж би өөрөө утсаар мэдэгдэж байсныг өөрөө сайн мэдэж байгаа. Шинэ орон тоо гарсан мөртлөө намайг бус дотуур байрны жижүүрээр өөр хүнийг томилсон явдал нь хууль бус гэж үзсэн нь үндэслэлэгүй гэж үзэж байна. Шинэ бүтэц орон тооны дагуу 3 дугаар сарын 16-ны өдөр дотуур байрны жижүүрээр өөр хүнийг томилсон явдал нь хууль бус гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шинэ бүтэц орон тооны дагуу 3 дугаар сарын 16-ны өдөр дотуур барны жижүүрээр иргэн Нийгэм ухааны багш Ал сургуулийн үйлчлэгчийн үүрэгт ажилд хуулиар олгосон эрхийн дагуу ажилд томилсон. Үүнийг Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-д батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих, 16.5.3-д батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох, 16.5.5-д батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах зэрэг хууль тогтоомжийн дагуу Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохих шийдвэр гаргаж хэрэгжүүлэх, 20.1.2-д багш ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх зэрэг эрхийнхээ дагуу ажилтан томилсон юм. Иймд М ийн Монгол улсад оршин суух, Хөдөлмөр эрхлэх тухай хуулийг зөрчин гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч А Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түр оршин суугч иргэн М нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр А сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Е эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтсэн. Эхэндээ аймагтаа эмчлүүлж байгаад сүүлд нь хот руу явж эмчилгээ хийлгэхээр болсон. Эмчилгээ маань удаж магадгүй гэж цалингүй чөлөө авсан. Е багш би банкны зээлтэй, эмчилгээ хийлгэхэд их мөнгө хэрэгтэй байгаа. Тийм учраас миний эхнэрийг маань ямар нэгэн ажлаар хангаж ажиллуулж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан. Миний зүгээс Е багшийн нөхцөл байдлыг ойлгож хүлээж авч, сургуулийн дотуур байранд жижүүр ажилтай бага ангийн багш мэргэжилтэй К Е багшийн оронд ажиллуулж, К оронд М ийг авч ажиллуулахаар болж 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Б/26 тоот тушаал гаргаж томилсон. Үүний дараа сурагчдын улирлын амралт эхэлж Е багш ээлжийн амралтаа эдлэн ажилдаа орёо гэхээр нь 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр К багшийг дотуур байрны жижүүрийн ажилд нь томилж, М ийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, тушаалаа гардаж авч ажлаасаа чөлөөлөгдсөн. Намар хичээл эхлэх үед Е багш маань дахин Улаанбаатар хот руу явж мэс заслын үед тавиулсан төмөр хадаасыг нь авахуулахаар болж дахин манай гэр бүлийн хүн М ийг ажиллуулж өгөөч гэсэн хүсэлтийг аман хэлбэрээр гаргасан тул Е багшийн нөхцөл байдлыг харгалзан 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр А/86 дугаартай тушаалаар Е багшид цалингүй чөлөө олгож, оронд нь К бага ангийн багшаар ажиллуулж, К оронд М ийг дотуур байрны жижүүр багшаар томилон ажиллуулж байсан. Тус тушаалаар томилон ажиллуулахтай М тэй 08 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулж, гэрээг байгуулахаас өмнө М тэй уулзаж, хөдөлмөрийн гэрээний заалтыг нэг бүрчлэн судалж танилцуулж, таны хөдөлмөрийн гэрээний хугацаа 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс эхэлж байгаа. Харин дуусах хугацаа нь таны нөхөр буцаж ажилд орох үед оронд нь ажиллаж байгаа К багш чөлөөлөгдөж буцаад жижүүрийн орон тоонд томилогдох үед таны хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болно гэдгийг ойлгуулж хэлж байсан. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр цалингүй чөлөө авсан Е багш ажилдаа эргэн орох хүсэлтээ гаргасны улмаас К багш жижүүрийн ажилдаа эргэж орох үед М ийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/96 тоот талаар чөлөөлсөн. М 2019 онд манай байгууллагад 5 сар 15 хоног ажиллаж байсан ба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл тасралтгүй ажилласан мэт бичсэн байна. 2019 оны 6 дугаар сар ажлаас гарах үед Раушан өрхийн эмнэлэгт жижүүрээр ажиллаж байсан нь саяны миний гаргаж өгсөн нотлох баримтаар нотлогдож байна. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тушаал гаргасны дараа Е багш миний эхнэр жирэмсний амралтад гарах шаардлагатай байна. Хуулиараа хамгийн сүүлд нь ажиллаж байсан байгууллага нийгмийн даатгалын газарт уламжлах ёстой юм байна гэж листийг авчирсан. Хуулийн дагуу тус байгууллага хэдэн сар ажиллаж байсан ч гэсэн өмнөх саруудад нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан бол сүүлд ажиллаж байсан байгууллага нь уламжлах ёстой тул би тамга дарж өгсөн. Гэхдээ ямар нэгэн тушаал шийдвэр гаргаагүй. Мөн аймгийн Засаг даргаас сургуулийн бүтэц орон тоог баталж, шинээр нэмэгдсэн орон тооны цалинг төсөвт суулгаж өгснөөр сургуульд багш ажилчдыг хуульд заасан эрхийн дагуу томилсон.Тус сургуульд дотуур байрны жижүүрийн батлагдсан сул орон тоо, байхгүй ба шинээр нэмэгдсэн орон тоонд томилогдон ажиллаж байгаа хүмүүсийг шалтаг, шалтгаангүй ажлаас халж, чөлөөлөх эрхийг хуулиар олгоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ээс А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ө.Ж-эд холбогдуулан тус сургуулийн дотуур байрны жижүүрийн шинэ орон тоонд эгүүлэн томилохыг ажил олгогчид даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллагаас эс зөвшөөрч маргажээ.
Шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбарыг харьцуулан судалж үзэхэд ажил олгогч буюу хариуцагч А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ж тус сургуулийн бага ангийн багш Е нь өвчний улмаас цалингүй чөлөө авснаар, дотуур байрны жижүүр К бага ангийн багшаар, дотуур байрны жижүүрээр Е хүсэлтээр Монгол улсын түр оршин суух үнэмлэхтэй түүний эхнэр М ийг тус тус түр томилж, бага ангийн багш Е нь ажилдаа эргэн ортол гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг хугацаатай 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 10-ний хүртэл, 2019 оны 09 дүгээр сарын 10-наас 2019 оны 10 дугаар сарын 25-ны хүртэлх хугацаанд М ийг авч ажиллуулж байсан ба харин энэхүү хугацаанд нэхэмжлэгч М нь жирэмсний амралт авч Нийгмийн даатгалын сангаас олгох Тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 100% авсан болох нь үйл баримтаар тогтоогджээ.
Нэхэмжлэгч М нь 2017 оны 12 дугаар сарын 15-наас 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаагаар Монгол Улсад оршин суух Н-1 үнэмлэхтэй буюу Бүгд Н Кн улсын иргэн байсан ба хариуцагч буюу ажил олгогч А Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д зааснаар М тэй хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж ажиллуулж байжээ.
Нэхэмжлэгчээс намайг жирэмсний амралттай байх хугацаанд А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/96 дугаартай тушаалаар дотуур байрны жижүүрийн ажлаас чөлөөлж, энэ талаар надад мэдэгдээгүй гэж маргажээ.
Гэтэл ажил олгогч А Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ж болон ажилтан М нарын хооронд байгуулсан 08 дугаартай хөдөлмөрийн гэрээний 5 дахь заалтын а-д эхлэх хугацаа 2019.09.10, б-д дуусах хугацаа Е багш ажилд орох үед гэж тодорхой нэрлэн зааж талууд харилцан тохиролцож гарын үсэг зурсан мөн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/87 дугаар тушаалд бага ангийн багш Е нь У хотод эмчлүүлэхээр цалингүй чөлөө авсан тул оронд нь дотуур байрны жижүүр К багшийг, дотуур байрны жижүүр К багшийн оронд М ийг түр томилж, бага ангийн багш Е ажилд орсноор түүний оронд ажиллаж буй К бага ангийн багшийн ажлаас чөлөөлж, түүний оронд ажиллаж байсан дотуур байрны жижүүрээр ажиллаж байсан М ийг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах үндэслэлүүдийг заасан ба түүний 35.1.3-д “... захиргааны чөлөөтэй байгаа” гэж заасантай нийцсэн байна.
Хариуцагч буюу ажил олгогчоос А сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Е нь ажилд орсноор, түүний оронд нь ажиллаж буй дотуур байрны жижүүр К багш чөлөөлөгдөж, К багшийн оронд ажиллаж буй дотуур байрны жижүүр М ийг чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй ба хүний оронд ажиллаж буй ажилтныг ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үндэслэлийг түүнд мэдэгдэхээр ажил олгогч хуулиар үүрэг хүлээгээгүй.
Түүнчлэн хариуцагч буюу ажил олгогч А Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ж нэхэмжлэгч М ийг анхнаасаа нөхөр нь болох тус сургуулийн бага ангийн багш Е хүсэлтээр, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан дотуур байрны ажилд түр томилж, бага ангийн багш Е нь эргэн орсноор ажлаас чөлөөлөх эсэхээ хөдөлмөрийн гэрээ болон тушаалдаа тодорхой заасан, энэ талаар М нь мэдэж байсан байх тул нэхэмжлэгчийн намайг ажлаас чөлөөлсөн талаар огт мэдэгдээгүй, мэдээгүй гэх гомдол үндэслэлгүй болно
Нэхэмжлэгч М нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д зааснаар А Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны жижүүрийн ажилд хөдөлмөрийг гэрээгээр тус сургуулийн бага ангийн багш Е нь ажилдаа эргэн ортол ажиллаж, улмаар бага ангийн багш Е нь ажилдаа эргэн орсноор дотуур байрны ажлаас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан үндэслэл нь нэхэмжлэгчид хамааралгүй болно.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа А Ерөнхий боловсролын сургуульд дотуур байрны жижүүрийн шинэ орон тоонд намайг бус өөр хүнийг дотуур байрны жижүүрээр томилсон явдал нь хууль бус тул уг орон тоонд би ажиллах ёстой гэж, хариуцагч А Ерөнхий боловсролын сургуулийн захирлаас аймгийн Засаг даргаас сургуулийн бүтэц орон тоог баталж, шинээр нэмэгдсэн орон тооны цалинг төсөвт суулгаж өгснөөр сургуульд багш ажилчдыг зохих журмын дагуу томилсон, тус сургуульд дотуур байрны жижүүрийн батлагдсан сул орон тоо, байхгүй ба томилогдон ажиллаж байгаа хүмүүсийг шалтаг, шалтгаангүй ажлаас халж, чөлөөлж, нэхэмжлэгч М ийг ажиллуулах боломжгүй гэж талууд маргажээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын А/954 дугаар захирамжаар А Ерөнхий боловсролын сургуулийн бүтэц орон тоог хавсралтаар баталж, батлагдсан бүтэц, орон тоог баримтлан төсөв, цалингийн санд багтаан үйл ажиллагаа явуулахыг тус сургуулийн захирал Ж даалгаснаар 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн захирлын Б/11 дугаар тушаалаар нийгэм ухааны багш Ал дотуур байрны жижүүрээр, Ө сургуулийн үйлчлэгчийн үүрэгт ажилд 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тус тус түр томилж, мөн өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан байх ба нэхэмжлэгч М ээс дээрх дотуур байрны жижүүрийн орон тоонд өөрийгөө томилогдох ёстой тул уг оронд тоонд эгүүлэн томилохыг ажил олгогчид даалгаж өгнө үү гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй байна
Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 189 дүгээр зүйлийн 189.1-д иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчим тусгагдсанаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын харилцан эрх тэгш байдлыг хангахад хуулийн зорилго оршиж байгаа бөгөөд хөдөлмөрийн гэрээний нэг тал болохынхоо хувьд ажил олгогч А Ерөнхий боловсролын сургуулийн захирал хэнийг ажилд авах, хэнийг ажилд авахаас татгалзах буюу хөдөлмөрийн гэрээ байгуулах этгээдийг чөлөөтэй сонгох эрхтэй ба бусад этгээдийн хэнийг ажилд авах, эс авах талаар ажил олгогчид хөндлөнгөөс нөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй.
Учир нь, ажилтныг ажилд авч, талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэнээр ажилтныг ажлаар хангах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох г.м. эрх зүйн үр дагавар буюу хариуцлага зөвхөн ажил олгогчид хуулиар олгосон эрх, үүрэг тул шүүхээс тус сургуульд шинээр нэмэгдсэн дотуур байрны жижүүрийн орон тоонд М нь ажиллах ёстой гэж ажил олгогчийн хуулиар олгосон эрхэнд хөндлөнгөөр оролцож даалгахыг хөдөлмөрийн эрх зүйн харилцаа зохицуулсан (ажил олгогч буюу ажилтны) Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулаагүй болно.
Нэхэмжлэгч М ийн хувьд хэрэгт цугларсан нотлох баримтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасан ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан, эсхүл өөр ажилд буруу шилжүүлсэн үндэслэл тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М ийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны жижүүрийн шинэ орон тоонд эгүүлэн томилохыг ажил олгогчид даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай .
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ