| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2023/0041/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/47 |
| Огноо | 2023-03-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Д.Г |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/47
2023 03 28 2023/ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор: Д.Г,
Шүүгдэгч: А.У,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О,
Иргэний нэхэмжлэгч “Г” ХХК-ийн өмгөөлөгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шавь овогт Авирмэдийн Урантогост холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Ө аймгийн А суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, ам бүл 7, ээж, аав, дүү, 3 хүүхдийн хамт Ө аймгийн Х сумын Х 5 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Ш овогт А-ийн У /РД:З**********/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.У нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэр, Оюутолгой ХХК-аас Цагаанхад суурьшлын бүс хүртэлх авто замын 163 дахь километрт Lexus-470 маркийн 31-38 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ж.Маралгуа-н эрүүл мэндэд цээжний баруун талын 7, 8, 9-р хавирганы хугарал, баруун уушгины голомтлог няцрал, цээжний баруун хөндийн хий, шингэн хуралдалт, сээрний 6, 7, 8-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, духны шарх, баруун, зүүн сарвууны зулгаралт гэмтлүүд бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.У мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О гаргасан дүгнэлт, тайлбартаа: “Гэм буруугийн асуудал дээр бид маргаагүй учир тухайлан дүгнэлт хийх зүйл алга байна. Эрүүгийн хариуцлагын асуудал дээр хэд хэдэн зүйлийг дурдъя. Эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үздэг тодорхой үндэслэлүүд байдаг. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хэрхэн ногдуулах вэ гэдэг дээр шүүх болон улсын яллагч тодорхой байр сууриа илэрхийлээд ордог. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд шүүгдэгчийн талаас мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд ямар байр суурь илэрхийлээд явсан бэ гэдгийг тодотгоод яръя. Осол болсон өдрийн маргаашаас эхлээд “Гранд импорт” ХХК-д өөрийн ээжийн тээврийн хэрэгслээ өгөөд өнөөдрийг хүртэл ашиглуулсан. Хохирол учирсан тээврийн хэрэгсэл нь “Гранд импорт” ХХК-ийн тээврийн хэрэгсэл. Ажилчид нь хэрэглэдэг байсан. Энэ агуулгаараа иргэний нэхэмжлэгчээс хүсэлт тавиад бид нарыг машинаар ханга гэдэг ч юм уу, тодорхой хохирлын асуудлыг шийдээд өг гэсэн даруйд нь өөрийн ээжийнхээ тээврийн хэрэгсэл буюу Прадо маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгчид гэмт хэрэг гарсан цаг үеэс өнөөдрийг хүртэл хугацаанд ашиглуулж байгаа үйл явдал байгаа. Мөн гэмт хэрэг гарсан даруй хохирогчид эмнэлгийн шаардлагатай тусламж үйлчилгээг өөрөөс хамаарах бүхий л бололцоогоор үзүүлж байгаа нөхцөл байдал байгаа. Хохирогч бас өөрөө тодорхой дурдаж байгаа. Хэвтрийн дэглэмтэй Гэмтэл согог судлалын үндэсний төвд онгоцоор хүргүүлэх зайлшгүй шаардлага байсан учраас энэ зардлыг шийдээд намайг тэнд эмчилгээнд хамруулсан гэх агуулгыг ярьж байгаа. Осол болсны улмаас өөрийнх нь асран хамгаалалтад байдаг 2 хүүхэд тодорхой хэмжээнд гэмтэл авсан байгаа. Гэмт хэрэг гарсан цаг үеэс эхлэн энэ хүн бол өөрийн гэм буруугаа хүлээгээд, хохирогч болон иргэний нэхэмжлэгчид хохирлоо төлөөд, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх байр суурьтай оролцоод явж байсан. Түрүүнд судалсан бичгийн нотлох баримтаас харахад шинжээчийн дүгнэлтээр эхлээд 29,000,000 төгрөгийн хохирол гарсан. Үүний дараа 44,000,000 төгрөгөөр гарсан. Шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч маргах боломж өөрт нь байсан. Гэтэл мөрдөн шалгах ажиллагаанд дэмжих үзүүлэх агуулгаараа зөвшөөрөөд явсан. Бидний зүгээс прокурорт хүсэлт гаргахдаа энэ хүн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлагаа зорилго бол гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой байдаг тэр агуулгаар нь хялбаршуулаад эрүүгийн хариуцлагыг тохиръё гэдэг асуудлыг бид прокурорт тавиад прокуророос тухайн асуудлыг хуульд заасан хүрээнд ийм байдлаар шийдвэрлэх боломжтой юм байна гэдэг саналаа илэрхийлээд ингээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүд бүгд хангагдсан гэж өмгөөлөгчийн хувьд харж байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал бичгийн нотлох баримтаар тогтоогдож байгаа байх. Гэм буруугаа өөрөө сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэдгээ илэрхийлж байна. Прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч байгаа. Бусдад төлөх хохирлоо төлсөн. Хүсэлт дээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэдгээ тодорхой илэрхийлж байгаа. Нэгэнт хуульд заасан үндэслэл бүрдэж байгаа учраас 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс прокурорын саналын дагуу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна.’’ гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч “Гранд импорт” ХХК-ийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг гаргасан дүгнэлт, тайлбартаа: “Иргэний нэхэмжлэгч “Гранд импорт” ХХК нь эд хөрөнгөд учирсан хохиролд 42,000,000 төгрөгийг шүүгдэгч А.Урантогосоос хүлээн авсан байгаа. Манай талаас өөр нэхэмжлэх зүйл байхгүй болохыг илэрхийлсэн тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцлагатай холбоотой асуудал дээр хэлэх зүйл байхгүй.” гэв.
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 3-17 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Маралгуагийн: “...2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 12 цагийн үед Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хаднаас Ханбогд сум руу хадам эгч Урантогосын хамт 2 хүүхдийг нь эмнэлэгт үзүүлэх гээд явж байсан. Цагаан хаднаас Урантогос жолоо бариад би хажуу талын зорчигч хэсэгт Уранзаяаг өвөр дээрээ авч явж байсан. Би Цагаан хаднаас гараад хэсэг явж байгаад унтаад өгсөн. Тэгээд аваар болсны дараа машинаас сэрж гарч ирсэн. Машинаас гарахад машин хажуу тийш хараад унасан. Б.Улстөр машинаас гараад сууж байсан. Харин Б.Уранзаяаг Урантогос эгч хайгаад явж байсан машинаас нэлээн хол байсан. Тэгээд замын машинд суугаад эмнэлэгт хүргэгдсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 30-32 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Авирмэдийн: “...2022 оны 10 дугаар сарын 31-ний өглөө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад гэх газар өөрийн зээ охин Б.Уранзаяаг ээж А.Урантогост хүргэж өгчхөөд буцаад Өвөрхангай аймаг руу явсан. Өвөрхангай аймаг руу явж байхад охин А.Урантогос осолд орчихлоо гэж утсаар хэлсэн. Намайг очиход Өмнөговь аймгийн Ханбогд сумын эмнэлэгт хүргэгдсэн байсан..." гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 39-41 дэх тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ерөөлтийн: “...Алтангэрэл надад хэлэхдээ Лексус 470 маркийн тээврийн хэрэгслийг эгч Урантогос жолоодож яваад зам тээврийн осол гаргасан гэж хэлсэн. Тэгээд хэнтэй хамт явсан гэхэд 2 хүүхэдтэй болон Маралаатай хамт явсан гэхээр нь зорчигч нар нь гайгүй юу гэхэд гайгүй гэсэн хариу хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 45-46 дахь тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 15144 дугаартай “1. Ж.Маралгуа-н биед цээжний баруун талын 7,8,9-р хавирганы хугарал, баруун уушгины голомтлог няцрал, цээжний баруун хөндийн хий, шингэн хуралдалт, сээрний 6,7,8-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, духны шарх, баруун, зүүн сарвууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. З. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 65-66 дахь тал/
Шинжээч Б.Отгонбатын гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 31 дугаартай “Хариулт 1. 31-38 УБЯ улсын дугаартай Lexus-470 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Авирмэд овогтой Урантогос /ЗБ90061609/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Нэг. Нийтлэг үндэслэл 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн Гурав Жолоочийн үүрэг. 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн Хорин гурав. Хүн тээвэрлэх. 23.8. Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах
хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь МNS ISO 13216 /хүүхдийн хамгаалах систем/ стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална, мөн дүрмийн Арван хоёр: Тээврийн хэрэгслийн хурд. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Тайлбар: Суурин газарт суудлын таксигаар хүүхдийг тээвэрлэх тохиолдолд дээрх шаардлагыг биелүүлэх боломжгүй бол насанд хүрсэн хүн өвөр дээрээ тэвэрч зөвхөн арын суудалд авч явахыг зөвшөөрнө. Мөн хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын автомашины арын суудалд зорчигчийн хамгаалах бүс зүүлгэн тээвэрлэхийг зөвшөөрнө. Хариулт 2. Тухайн зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нь 31-38 УБЯ улсын дугаартай Lexus-470 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Авирмэд овогтой Урантогос /ЗБ90061609/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасныг зөрчсөний улмаас гарсан шууд шалтгаантай байна. 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гарсан ГМ-2022-535 бүртгэлийн дугаартай тухайн зам тээврийн осол, хэргийн материалтай танилцахад Lexus-470 маркийн 31-38 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Авирмэд овогтой Урантогос /ЗБ90061609/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасныг зөрчсөн байна." гэх шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 107-108 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч А.Урантогосын: “...Би Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багт оршин суудаг... 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ханбогд сум Хайрхан баг Цагаанхад суурьшлын бүсээс 12-13 цагийн орчимд 31-38 УБЯ улсын дугаартай Лексус 470 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож Ханбогд сум руу явсан. Тухайн үед тээврийн хэрэгсэл дотор миний төрсөн хүү Батзаяагийн Улстөр /4 настай/, төрсөн охин Батзаяагийн Уранзаяа /2 настай/ болон миний төрсөн дүү Алтангэрэлийн эхнэр болох Маралгуа нар байсан. Лексус 470 маркийн 31-38 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг би жолоодож явсан, Маралгуа жолоочийн урд талын суудлын хэсэгт сууж явсан бөгөөд Уранзаяа Маралгуагийн өвөр дээр нь сууж явсан, Улстөр арын суудалд ганцаараа суугаад явж байсан. Ингээд Цагаанхад суурьшлын бүсээс гараад Оюу Толгой ХХК рүү явах хатуу хучилттай авто замын 163 дахь километрт миний жолоодож явсан 31-38 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн руль зүүн гар тал руугаа булаагаад замын хажуу тал руу гарсан би тээврийн хэрэгслийг зогсоох гээд зогсоож чадаагүй удалгүй миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдсон. Тэгээд би зам тээврийн осол болсны дараа Маралгуа бид хоёр тээврийн хэрэгслийн кабин дотор байсан, 2 хүүхэд маань кабинаас гарсан байсан. Тэгээд би тээврийн хэрэгслийн кабинаас гарч хүүхдүүдээ авсан. Үүний дараа Ханбогд сумын эмнэлэгт дуудлага өгсөн... Би хамгаалах бүс зүүсэн байсан. Бусад зорчигч нар хамгаалах бүс хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 125-126 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч А.Урантогосыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч А.Урантогос нь дээрх заалтуудыг зөрчиж, Lexus-470 маркийн 31-38 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөөгүйгээс тухайн зам тээврийн осол гарах шууд шалтгаан болсон тул шүүгдэгчийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасан “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүргээ зөрчсөн.” гэж үзнэ.
Шүүгдэгч А.Урантогос Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг санаатай зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ.” гэж заасны дагуу гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч А.Урантогосын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч А.Урантогос шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруутай эсэх талаар маргаагүй болно.
Шүүгдэгч А.Урантогосын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Иймд хэргийн зүйлчлэл тохирсон, гэмт хэргийн шинж бүрэн хангагдсан байх тул шүүгдэгч А.Урантогосыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаардана.
Дээрх гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол хүндрүүлэх шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заажээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Маралгуагийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 15144 дугаартай “1. Ж.Маралгуа-н биед цээжний баруун талын 7,8,9-р хавирганы хугарал, баруун уушгины голомтлог няцрал, цээжний баруун хөндийн хий, шингэн хуралдалт, сээрний 6,7,8-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, духны шарх, баруун, зүүн сарвууны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. З. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 65-66 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Маралгуа нь “... хоол хүнсний зардал болон бусад зардлыг төлөх зэргээр надад дансаар боон бэлнээр нийт 8,000,000 төгрөгийг өгсөн болно. Уг осол гарахад би Урантогос эгч болон түүний 2 хүүхдийн хамт явж байсан бөгөөд хүүхдүүдээ эмчлүүлэх зардал гэх мэт бүх зардлыг Урантогос эгч төлж явж байсан. Гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч эмчилгээ, эм тариа, унааны гэх мэт бусад зардлуудыг бүрэн барагдуулсан тул одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй гомдол байхгүй болно. Ийм учраас миний эзгүйд шүүх хуралдааныг явуулж Урантогос эгчид хамгийн хөнгөн ял шийтгэлийг оноож өгнө үү. Урантогос эгч нь гэр бүлийн хүнээсээ тусдаа амьдардаг 3 хүүхдээ өсгөж яваа өрх толгойлсон эх хүн юм.” гэх хүсэлт гаргасан бөгөөд шүүгдэгч нь хохирогч Ж.Маралгуагийн эмчилгээний болон бусад зардалд нийт 8,000,000 /найман сая/ төгрөгийг нөхөн төлсөн болох нь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, бусад баримтаар тогтоогдож байна. /2-р хавтаст хэргийн 20-30 дахь тал/
Мөн шүүгдэгч А.У нь иргэний нэхэмжлэгч “Г” ХХК-ийн эзэмшлийн маркийн **** УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 42,000,000 /дөчин хоёр сая/ төгрөгийг нөхөн төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон, /2-р хавтаст хэргийн 33 дахь тал/ иргэний нэхэмжлэгчээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч А.У-ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч А.У нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.У эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.У урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 128 дахь тал/
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч А.У-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч А.Ун **** дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.У буцаан олгож, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.У урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт А-н У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч А.У эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Шүүгдэгч А.У нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь хохирогч Ж.М 8,000,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, иргэний нэхэмжлэгч “Г” ХХК-ийн тээврийн хэрэгслийн эвдрэл, хохиролд 42,000,000 төгрөгийг нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгчээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч А.У ***** дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.У буцаан олгосугай.
5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Урантогост урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болох бөгөөд энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТМӨНХ