Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2014 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2014/ШЦТ/0190

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: /171/2014/0192/Э/

Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,  
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв. 
 
 Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201409000475 дугаартай хэргийг 2014 оны 8 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ. 

    Монгол Улсын иргэн, *** төрсөн, ***  настай, э***, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй*** тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд:
-*** -нд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар торгох ялаар, 
-*** нд Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн *** дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлийн 258.1-т зааснаар 1 жил 2 сар хорих ял шийтгүүлж, 2006 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,
-*** -нд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн ***  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1-д зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан.

Шүүгдэгч *** нь 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт байрлах “Шинэ-Орчин” төвийн гаднах талбайд байлдааны галт хэрэгсэл буюу АКМ маркийн байлдааны зориулалтын галт зэвсэгний 65 ширхэг сум, Винтов маркийн байлдааны зориулалтын галт зэвсэгний 27 сум авч явсан, хадгалсан, борлуулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/

D:\2014 Uyanga\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Surlegbaatar 185.1.doc

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч *** ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би ангийн галт зэвсэг эзэмших эрхтэй. Байлдааны галт зэвсэг тусгай кодтой байх ёстой. Миний буу ангийн буу, би ангийн бууныхаа зэвсэг эзэмших эрхтэй. Би зах дээр зогсож, валютын ченж хийдэг ажилтай. Би ангийн бууны сум худалдаж авдаг бөгөөд сумыг өөрийн хэрэгцээнд хотонд чоно нохой ороход дуу гаргах гэж авдаг. Калибрь буу дуу багатай байдаг. Сумыг байнга биедээ авч явдаггүй. Саяхан манай аав өөд болоод манай гэрт хүн цуглаад сумыг машиныхаа багажны доор нь тусгай хайрцганд хийсэн байсан. Нэгжлэгээр сум гарч ирсэн. Хотонд чоно нохой орлоо гэхэд малчдад сум өгдөг. 
...Байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх гранат, сум зэрэг нь тухайн бууныхаа бүхээгэнд орж байж галт хэрэгсэл болно. Дангаараа галт хэрэгсэл болохгүй гэж бодож байна. Манай Монгол Улсад сум үйлдвэрлэдэггүй. Оросын холбооны улсад үйлдвэрлэдэг. Цэргийн ангийн сум тусгай кодтой байдаг. Би сумыг зарж борлуулсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-7 дахь тал/,

-“1.Ногоон өнгийн гадартай “AZOT 5мм, -70мм гэсэн бичиглэлтэй, бялтан дээрээ 16 гэсэн тоотой сум нь аль улсад үйлдвэрлэгдсэн нь тодорхой бус, ихэвчлэн “Итали” улсад үйлдвэрлэгддэг 1 ширхэг сум нь ИЖ буюу дорвенк буугаар буудлага үйлдэх боломжтой, ангийн зориулалттай сум,
2.Бор шаргал өнгийн хонгио болон хошуутай, хошууг тойрсон улаан өнгийн зураастай 7.8 см урттай, бялтан дээрээ 60, 87 гэсэн тоотой 1 ширхэг сум нь хонгионы урт 5,5 см, хошууны урт 2, 3 см, ган хошуутай 1987 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн, 7,62 мм-ийн калибртай, 7,62x54R маркын сум байх ба уг сум нь байлдааны зориулалттай ВИНТОВ маркын буугаар буудлага үйлдэгдэх боломжтой 1987 онд үйлдвэрлэгдсэн байлдааны зориулалттай сум,
3.Ногоон бор, шаргал өнгийн хонгиотой, бор шаргал өнгийн хошуутай, хошууг тойрсон улаан өнгийн бүслүүртэй нийт 5,6 см урттай, бялтан дээрээ 60, 75 гэсэн тоотой сум нь 1975 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн 7,62 мм-ийн калибертай, 7,62x39R маркын сум байх ба АК маркын буугаар буудлага үйлдэх боломжтой, байлдааны зориулалттай сум,
4.Бор шаргал өнгийн хонгио болон хошуутай, хошууны урд хэсэгт 4x05 мм хар өнгийн тугалгатай 05 мм хошуутай, бялтан дээрээ гурвалжин тэмдэгтэй, доод хэсэгт 78 гэсэн тоотой сум нь 1978 онд үйлдвэрлэгдсэн, ангийн зориулалттай “БАРС” маркын буугаар буудлага үйлдэх боломжтой, ангийн зориулалт бүхий сум,
5.Хар саарал өнгийн төмөр хонгиотой 05х05 мм хар өнгийн тугалган хошуутай 2,05см урттай нэг ширхэг сум нь ангийн зориулалттай, аль улсад үйлдвэрлэгдсэн нь тодорхой бус, ТОЗ-8 маркийн буугаар буудлага үйлдэгдэх ангийн зориулалттай сумнууд байна.” гэх 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 55 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 19-21 дэх тал/,

-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 25-26 дахь тал/,
-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр иргэдээс Дархан сум 7 дугаар баг “Шинэ-Орчин” төвийн урд байдаг алт мөнгөний ченж нар байлдааны сум аваад зарж борлуулаад байна гэх мэдээллийн дагуу эрүүгийн ахлах төлөөлөгч хошууч ***р удирдуулсан бүрэлдэхүүн очиж хуучин зах буюу “Шинэ-Орчин” төвийн урд валют худалдаж авдаг ченж иргэдтэй уулзаж тэдгээрийн бие болон эд зүйлд нь үзлэг хийсэн ба үзлэгээр тэдгээрийн бие, цүнх автомашин дотор, багааж зэргээс сум гарч ирж байсан. Тэгээд бид нар хөндлөнгийн гэрч нар байлцуулан сумнуудыг хурааж авсан. 
...Нямгарьд гэх хүнээс ТОЗ-8 маркийн бууны  1 хайрцаг буюу 50 ширхэг сум, *** гэх хүнээс 12 ширхэг мөн ТОЗ-8 бууны сум, харин Сүрлэгбаатар гэх хүнээс нийт випер бууны 65 ширхэг, барс бууны 7 ширхэг, винтов бууны 27 ширхэг, ТОЗ-8 бууны 100 ширхэг, дорвенк бууны 7 ширхэг сум тус тус нийт 206 сум гарч ирсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 27 дахь тал/,
-Гэрч Б.Замын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би анх 2011 оны сүүлээр Сүрлэгбаатар гэх хүн гар дээрээс зохих зөвшөөрөлгүй ТОЗ-8 буюу калибрь маркийн бууны сум зарж байхад нь илрүүлэн захиргааны хариуцлагын тухай хууль билүү галт зэвсгийн тухай хуулиар 6000 төгрөгөөр торгож байсан болохоор Сүрлэгбаатар гэх хүнийг танина. 
...Тэр өдөр намайг ажил дээр буюу зах дээр байж байхад эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн хошууч *** ш залгаж, “Шинэ-Орчин” төвийн урд хүрээд ир гэхээр нь яваад очсон юм. Тэгтэл ***  гэх хүмүүс сум зарж байгаад баригдаад сумнуудаа хураалгаад зогсож байсан.
...Харин ***  гэх хүнээс нь байлдааны зориулалттай ашиглагддаг сум зарж байсан гэдгийг нь тухайн үед мэдсэн. Тэр өдөр байлдааны зориулалттай сумнуудаа хураалгаж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 28 дахь тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 63 дахь тал/,
-Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын тодорхойлолт /хэргийн 70 дахь тал/,
-“1.Шинжлэгдэн байгаа дээрх 7.62x54R, 7.62X39R маркын сумнууд нь байлдааны зориулалттай сум,
2.Шинжлэгдэж байгаа 7.62x54R маркын сум нь винтов бууны сум бөгөөд өөр бусад 7.62x54R маркын сумны үүртэй бусад бүх төрлийн буугаар буудлага үйлдэгдэх боломжтой. Мөн ангийн зориулалт бүхий Тигер буугаар буудлага үйлдэгдэх боломжтой,
3.Шинжлэгдэж байгаа 7.62X39R маркын сум нь АК, АКМ маркын бууны сум бөгөөд өөр бусад 7.62X39R маркын сумны үүртэй бусад бүх төрлийн буугаар буудлага үйлдэгдэх боломжтой. Үүнд: сайга, скиз, вепрь...гэх мэт,
4.Сайга, скиз, випрь гэх зэрэг буунууд нь ангийн зориулалттай үйлдвэрлэгдсэн буунууд байдаг.” гэх 2014 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 60 дугаартай шинжээчийн дүгнэлт , гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 79-80 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт байрлах “Шинэ-Орчин” төвийн гаднах талбайд байлдааны галт хэрэгсэл буюу АКМ маркийн буугаар буудлага үйлдэх боломжтой 65 ширхэг, винтов маркын бууны 27 ширхэг сумыг хууль бусаар авч явсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн  зүйл, хэсэг зөв байна.

“Байлдааны галт хэрэгсэл” гэдэгт ангийн буунаас бусад буунд хэрэглэдэг бүх төрлийн сумнууд тийрэлт, шидэлтийн хүчээр байндаа хүрч дэлбэрэлтийн хүчээр байгаа устгах зориулалт бүхий их бууны сум болон бусад зүйл хамаарах учир “сум дангаараа байлдааны галт хэрэгсэл болохгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн өмгөөлөгч, шүүгдэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч ***ыг  хууль бусаар байлдааны галт хэрэгсэл авч явсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *** нь урьд *** нд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1-д зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т зааснаар ялтай байдал нь дууссан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн байлдааны галт хэрэгсэл болох АКМ маркын бууны 65 ширхэг, винтов маркын бууны 27 ширхэг, мөн дорвенк маркын бууны 7 ширхэг, барс маркын бууны 7 ширхэг, нийт 106 ширхэг сумыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Харин шүүгдэгч *** нь ТОЗ-8 маркын буу эзэмших эрхтэй этгээд болох нь Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын тодорхойлолтоор /хэргийн 70 дахь тал/ нотлогдож байх тул ТОЗ-8 маркын бууны 100 ширхэг сумыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ***ыг байлдааны галт хэрэгсэл хууль бусаар авч явсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.1-т зааснаар ***т 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/   хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ***т оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зїйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад тєлєх тєлбєргїй болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн АКМ маркын бууны 65 ширхэг, винтов маркын бууны 27 ширхэг, дорвенк маркын бууны 7 ширхэг, барс маркын бууны 7 ширхэг, нийт 106 ширхэг сумыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, ТОЗ-8 маркын бууны 100 ширхэг сумыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ***т буцаан олгосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/ хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1  жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

7.Эрїїгийн хуулийн ерєнхий ангийн 61 дїгээр зїйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ***т хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хїлээвэл цагдаагийн байгууллагын саналыг їндэслэн хорих ялыг биечлэн эдлїїлэхийг ***т мэдэгдсїгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ***т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Я.ТУУЛ