| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2019/0415/И |
| Дугаар | 572 |
| Огноо | 2020-05-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 572
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: М ХХК /гүйцэтгэх захирал Г/-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Е.Халибек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: “М ХХК-ийн санхүүгээс эрсдэлийн сангийн хуримтлалын мөнгө болох 1421250 төгрөг, ажлаас халагдсаны 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө болох 3.600.000 төгрөг, нийт 5021250 төгрөгийг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2007 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тус аймгийн Ц суман дахь “М ХХК-ний Ховд голын Гянт болдын уурхайд ажиллаж байсан ба тус компанийн үйл ажиллагаа хариуцсан захирлын 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01/202 дугаартай “ажилд томилох тухай” тушаалаар уулын мастераар томилогдон ажиллаж байсан ба хуулийн үндэслэлгүйгээр мөн захирлын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 132 дугаартай тушаалаар надад урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан юм.Ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан талууд харилцан тохирсон гэсэн үндэслэлээр чөлөөлсөн ба надад ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар урьдчилан мэдэгдээгүй болно.Нэгэнт уурхайн үйл ажиллагаа зогсож байгаа тул бид ажлаас халагдсан асуудал дээр маргаан үүсгээгүй болно. Тус компанийн гүйцэтгэх захирал С нь “М ХХК-ний төв оффист ажлаа явуулдаг боловч тус компанийн Баян-Өлгий аймаг дахь салбар Өлгий сумын 5 дугаар багт байршилтай тул тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.Уурхайн үйл ажиллагаа одоогоор түр зогсож байгаа боловч энэ хугацаанд уурхайн эрсдэлийн сангийн хуримтлалд сар бүрийн цалингаас суутгасан 1.420.00 төгрөг болон Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан ажлаас халагдсаны тэтгэмжийг мөн олгоогүй намайг хохироож байгаа тул хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. “М ХХК-ний нягтлан бодогч Н байгаа тооцооны хуудсанд дээр эрсдэлийн сангийн хуримтлалын мөнгө 1420000 төгрөг гэж бичигдсэн байсан ба харин тэд “... манайд тамга байхгүй” гэсэн шалтаг хэлж, тодорхойлолт өгөхөөс татгалзсан болно. Харин намайг ажилд томилсон тушаалын хуулбарыг өгсөн тул түүний гаргаж өгч байна. Иймд тус аймгийн Ц суманд байрлах “М ХХК-ний Баян-Өлгий салбарын Ховд голын Гянт болдын уурхайгаас Эрсдэлийн сангийн хуримтлал болох 1.420.000 төгрөг ажлаас халагдсаны тэтгэмж болох 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний 3600000 төгрөг,нийт 5020000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Х шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах тухай тайлбартаа: Миний бие анх шүүхэд тус аймгийн Ц суманд байрлах “М ХХК-ний Баян-Өлгий салбарын Ховд голын Гянт болдын уурхайгаас Эрсдэлийн сангийн хуримтлал болох 1.420.000 төгрөг ажлаас халагдсаны тэтгэмж болох 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний 3600000 төгрөг,нийт 5020000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчийг “М ХХК нь гэж биччихээд аймгийн Ц суманд байрлах “М ХХК-ний Баян-Өлгий салбарын Ховд голын Гянт болдын уурхайгаас мөнгө гаргуулахаар гэж буруу бичсэн байна. Хариуцагч талаас эрсдэлийн сангийн мөнгийг тооцоог ирүүлсэн ба түүнд миний эрсдэлийн санд хуримтлагдсан мөнгийг 1421250 төгрөг гэсэн байх тул уг шаардлагаа тодруулж хариуцагч “М ХХК-ний санхүүгээс эрсдэлийн сангийн хуримтлал болох 1421250 төгрөг, ажлаас халагдсаны 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө болох 3.600.000 төгрөг гаргуулж намайг хохиролгүй болгож өгөхийг хүсье... гэжээ.
Хариуцагч “М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “М ХХК-д холбогдуулан Ц сумын иргэн Х 5020000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Тус аймгийн Ц сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа Ховдголын уурхайн үйл ажиллагааг Хонг конгийн олон улсын арбитрын төвийн 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн НКIАС/РА17079 тоот шийдвэр болон нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШЗ2019/04984 тоот захирамжийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2019 оны 10 дугаар сард зогсоож битүүмжлэн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсноор уурхайн ажилтан ажиллагсдыг үүрэгт ажлаас чөлөөлсөн бөгөөд үүнд нэхэмжлэгч Х мөн адил багтсан байдаг.
Нэхэмжлэгчийн эрсдэлийн сангийн мөнгө болох 1420000 төгрөгийг хариуцагчаас хүлээн зөвшөөрч байна. Х ажлаас халагдсаны тэтгэмж гэх 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 3600000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар ажилтан цэргийн жинхэнэ албанд татагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн, ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон тогтоогдсон, ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тохиолдолд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор заасан. М ХХК-ийн үйл ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2019 оны 10 дугаар сард гэнэт зогсоон тоног төхөөрөмж, эд хөрөнгөнүүдийг лацадсан, уурхайн ажилчдад урьдчилан мэдэгдэх боломжгүй тул нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тул 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 3.600.000төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М ХХК-ийн Баян-Өлгий аймгийн Ц сум дахь салбар Ховд голын Гянт болдын уурхай анх 2013 оны 4 сард үйл ажиллагаагаа эхэлсэн. Өнгөрсөн оны 10 дугаар сарын үед арбитрын шийдвэрийг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг үндэслээд аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас компанийн эд хөрөнгө болон техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг бүхэлд нь битүүмжилж үйл ажиллагааг нь зогсоосон байдаг. Үүнтэй холбоотойгоор уурхай тогтмол үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон учраас уурхайн бүх ажилчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ажилтны сар бүрийн цалингийн 5 хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг суутган авч эрсдэлийн санд хуримтлуулдаг байсан.Нэхэмжлэгчийн уг нэхэмжилж буй эрсдэлийн сангийн хуримтлалын мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй зөвшөөрч байгаа.
Харин ажлаас халагдсаны тэтгэмж буюу дундаж цалингийн 3 сартай тэнцэх хэмжээний тэтгэмжийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь компанийн үйл ажиллагааг бидэнд урьдчилан мэдэгдэхгүйгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гэнэт ирж битүүмжилж үйл ажиллагааг нь зогсоосон. Цаашид үйл ажиллагаа явуулах мөнгөн орлого олох гарц маань хаагдсан учраас ажилчдаа аргагүй эрхэнд чөлөөлсөн. Ажилчдаа чөлөөлөхдөө ажилчидтайгаа харилцан тохиролцож, ажилчид маань өргөдлөө өгсний дагуу тушаал шийдвэрүүд гарсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт зохицуулсан ба ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэдэг тушаалууд гарсан. Үүнтэй холбоотой хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгөх үндэслэл байхгүй. Ийм учраас нэхэмжлэгч талын нэхэмжлэлээс 3 сарын тэтгэмжтэй холбоотой мөнгөн дүнг нэхэмжилснийг хасаж шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа эрсдэлийн сангийн мөнгийг хариуцагч талаас төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байгаа.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 360000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х анх шүүхэд хариуцагч “М ХХК-ний Баян-Өлгий салбарын Ховд голын Гянт болдын уурхайгаас Эрсдэлийн сангийн хуримтлал болох 1.420.000 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж болох 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний 3600000 төгрөгийг тус тус гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж хариуцагч “М ХХК-ийн санхүүгээс эрсдэлийн сангийн хуримтлалын мөнгө болох 1.421.250 төгрөг, мөн ажлаас халагдсаны 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийн мөнгө болох 3.600.000 төгрөгийг тус тус гаргуулахыг хүсжээ.
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Учир нь, хариуцагч “М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас эрсдэлийн сангийн хуримтлалын мөнгө болох 1421250 төгрөгийг төлж өгөхөөр болж, нэхэмжлэгчийн энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул уг шаардлагыг хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Харин нэхэмжлэгчийн хариуцагч “М ХХК-ийн санхүүгээс ажлаас халагдсаны 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийн мөнгө болох 3.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй тул уг шаардлагыг доорх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж заажээ.
Хавтаст хэрэгт нэхэмжлэгчээс нотлох баримтаар өгсөн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “М ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирлын 132 дугаартай тушаалаар тус компанийн Баян-Өлгий аймгийн Ц суманд байрлах Ховдголын уурхайн далд уурхайн Уулын мастер ажилтай Х Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна.
Нэхэмжлэгч Х нь ажил олгогчтой харилцан тохиролцож ажлаас чөлөөлөгдөөгүй гэж маргаж байгаа бөгөөд түүнийг бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй ба ажлаас чөлөөлсөн дээрх тушаалыг 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Нийгмийн даатгалын дэвтрийн хамт нэхэмжлэгч Х нь гардаж авсан боловч тэрээр ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулахаар маргаагүй, ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэлийг өөрчлөх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүхээс нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж шүүх үзлээ
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ би ажил ологчтой харилцан тохиролцож чөлөөлөгдөөгүй, тус байгууллагын үйл ажиллагаа зогссоны улмаас чөлөөлөгдсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан үндэслэлээр тэтгэмж авах ёстой гэж маргажээ.
Ажил олгогч “М ХХК-аас нэхэмжлэгч Х ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан тэтгэмж олгох үндэслэлд хамаарахгүй байгаа мөн тухайн ажлаас чөлөөлсөн тушаал нь хууль зөрчсөн болохыг тогтоосон бичгийн нотлох баримтгүй.
Түүнчлэн хариуцагч “М ХХК болон түүний салбар болох Баян-Өлгий аймгийн Ховд голын Гянт болдын уурхай нь тус тус татан буугдсан, орон тоо хасагдсан эсэх зэрэг Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа болно.
Хэрэгт авагдсан 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн “Арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай” 183/ШЗ2019/04984 дугаартай шүүгчийн захирамж нь ажил олгогч “М ХХК болон түүний салбар компани татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн эсэхийг шууд нотлох, бичгийн нотлох баримт биш бөгөөд энэ нь Америкийн Нэгдсэн Улсын иргэн Жэймс Ф.Баур /James F.Baur/-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Монгол улсын хуулийн этгээд болох Н ХХК /М ХХК/, Г ХХК нарын хоорондох хувьцааны маргаан байна.
Дээрх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаас үзэхэд ажил олгогчоос ажилтан Х байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоход Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д зааснаар буюу талууд харилцан тохиролцсон гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлж, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо цөөрүүлсэн, ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон, ажилтан өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүссэн тохиолдолд ажилтанд ажлаас халагдсаны тэтгэмж олгодог үндэслэлүүдэд хамаарахгүй байгаа тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгч Х хариуцагч “М ХХК-ийн санхүүгээс ажлаас халагдсаны 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийн мөнгө болох 3.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч “М ХХК-ийн санхүүгээс эрсдэлийн сангийн хуримтлалын мөнгө болох 1421250 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлж өгөхөөр болж хүлээн зөвшөөрсөн тул, хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн тэтгэмжийн 3.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, түүний эрсдэлийн сангийн хуримтлалын мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М ХХК-ийн санхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 37670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х хариуцагч “М ХХК-ийн санхүүгээс эрсдэлийн сангийн хуримтлалын мөнгө болох 1421250 гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “М ХХК нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х хариуцагч “М ХХК-ийн санхүүгээс ажлаас халагдсаны 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийн мөнгө болох 3.600.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэтгэмжийн мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М ХХК-ийн санхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 37670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ