| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2023/0030/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/27 |
| Огноо | 2023-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.С******** |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/27
2023 02 14 2023/ШЦТ/27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Намуун,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.С***********,
Шүүгдэгч: А.Ц********* /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ц*********д холбогдох эрүүгийн 2********* дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч А.Ц********* нь 2023 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сум Билгэх 2 дугаар баг Бяцхан өвөлжөө гэх газар өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.М*******тай маргалдаж улмаар хүзүү хэсэгт нь хутгаар зүссэний улмаас хүзүүний зүсэгдсэн шарх гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ц*********д холбогдох эрүүгийн 2********* дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ц********* мэдүүлэхдээ:
Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хохиролд 1.500.000 төгрөг төлсөн. Хохирогч гомдол саналгүй гэсэн гэв.
-Гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл утсаар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,
-Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 13-15 дахь тал/,
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-27 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.М*******ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Ганхуягийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-39 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Должинсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батхоролын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 51-59 дэх тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 40 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 62-63 дахь тал/,
-Хохирогчийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, түргэн тусламжийн дуудлагын хуудас, осол гэмтлийн тохиолдлын бүртгэлийн хуудас /хавтаст хэргийн 64-66, 67-69, 70 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд А.Ц*********гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80 дахь тал/,
-А.Ц*********гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, бакалаврын дипломын хуулбар, суурь боловсролын гэрчилгээний хуулбар, мэргэжлийн боловсролын үнэмлэх, цэргийн бүртгэлийн үнэмлэх, иргэний үнэмлэхийн хуулбар, хохирол төлсөн баримт Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 81, 84-85, 86, 87, 88-89, 90, 91, 92, 93, 107 дахь тал/
-Хохирогч Ц.М*******ын Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 109 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч А.Ц********* нь 2023 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 2 дугаар баг Билгэх, Бяцхан өвөлжөө гэх газар өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.М*******тай маргалдаж улмаар хүзүү хэсэгт нь хутгаар зүссэний улмаас хүзүүний зүсэгдсэн шарх гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.
1.2. Нотлох баримтын үнэлгээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-27 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.М*******ын өгсөн “...Миний биед Цогзолбоо гэдэг залуу гэмтэл учруулсан. Би 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн оройны 20 цагийн үед Цогзолбоо гэдэг айлд баз Ганхуягийн хамт очсон. Тэр үед Цогзолбоо ганцаараа байсан тэгээд бид хоол идчихээд хоёр шил 0.75, /0.5/ граммын архийг гурвуулаа хувааж ууцгаасан сүүлийн 0.5 граммын шилтэй архийг ууж байгаад би гэрийн баруун хойд талаар газарт ор засуулаад хэвтсэн. Тэгээд би нам унтсан байсан нэг сэрсэн чинь хоолой хөндүүрлээд байсан. Тэгээд сэрсэн чинь хоолойноос цус гарч байх шиг байсан би тэгээд ухаан алдсан нэг сэртэл гэрийн зүүн урд талд хэвтэж байсан хажууд эмч цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд намайг эмнэлгийн машинаар сум руу авч яваад хүлээн авах тасагт хэвтүүлэн хоолойд 10 гаран оёдол тавьж, хоолойд боолт тавьж боосон...надад нэг даага өгсөн юм бид гурав хоорондоо морь болон ойр зуурын юм ярьцгааж байсан. Би Ганхуяг, Цогзолбоо хоёроос түрүүлээд унтсан юм... Би өмнө нь баз Ганхуягийн гэрт нь ганцаараа 0.33 граммын архийг уусан юм. Тэгээд жаахан халамцуу айлд очсон болохоор хэдэн ширхэг хутга байсан талаар мэдэхгүй байна...Би гэрийн баруун хойд талаар газарт ор засуулаад хэвтсэн. Тэр хоёр намайг унтах гэж байхад хамт л гэрт байсан...Нэг сум багийн болон саахалт айлын хүмүүс юм...Миний хоолой хүзүүнд зүссэн байсан зүссэн урт 15 см урттай байсан гэж эмч надад хэлсэн. Би эмч, цагдаа нарыг байхад сэргэсэн чинь Золбоо, Мянганаа ахыг алчихлаа штээ гээд орилж байсан. Би тэгээд буцаад ухаан алдчихсан. Би бодохдоо намайг унтаж байхад Цогзолбоо л хутгаар хоолойг зүссэн байх гэж бодож байна...Би бараг тасраад унтсан. Бид гурав адилхан л архи уусан согтуу байсан...Би дээгүүрээ саарал өнгийн фудволктой байсан. Доогуураа хар өнгийн өмдтэй байсан...Надад гомдол санал байхгүй. Нэмж шалгуулах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Ганхуягийн өгсөн “...Миний бие Өмнөговь аймгийн Цогтцэций суманд мал маллан амьдардаг. 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр би орой 18 цаг өнгөрөөгөөд малаа хотлуулаад байж байгаад Золбоотой ярьсан. Золбоо хүрээд ирээ аяга хоол хийж идье гээд би тэднийх рүү явахаар болсон. Удалгүй манайд Мянгаа сумын төвөөс ирсэн. Мянгаа ирэхдээ архи үнэртүүлчихсэн байсан. Тэгээд бид 2 Цогзолбоогийн гэр рүү явсан. Очоод тэрийгээ уугаад хоол идээд байж байтал Цогзолбоо 1 шил шар цаастай архи гаргаж ирээд тэрийг мөн бид 3 уусан. Гэхдээ тухайн архийг дуусгасан эсэхээ сайн санахгүй байна. Тэгээд бид 3 морь мал яриад л Золбоо, Мянгаад адуу бэлэглэсэн тэрийгээ аваарай гээд мөн надад үрээ уяж өгнө гээд яриад сууж байсан. Тэгээд би тасарсан л байх нэг мэдэхэд гэрийн зүүн талд сууж байсан Золбоо гэрийнхээ хойд талд харин Мянгаагийн хүзүүнээс нь цус гарчихсан гэрийн баруун талаас гэрийн зүүн хэсэг рүү алхаж ирээд хэвтээд өгсөн. Тэгээд Золбоогийн гарт хутга байхаар нь би очоод цустай гараараа хүрэн бариултай хутгыг аваад Золбоогийн гэрийн шүүгээн дээр тавьсан. Тэгээд би сандраад Мянгаагийн цусыг тогтоох гээд фодволк цамцаар нь нь дараад байж байсан. Тэгээд л Золбоо утсаар яриад би хүн алчихлаа гээд бахирч чарлаад байж байгаад гэрийнхээ баруун галд өнхрөөд өгсөн. Тэгж байгаад Золбоо сэрсэн л байх. Мянгаа гэрийн зүүн талд хэвтээд би цусыг нь тогтоох гээд үзээд л байсан. Тэгээд байж байтал цагдаа нар Мянгаагийн ар гэрийнхэн ирсэн...Бид 3 тухайн үед 1 шил 0,75 литрийн экс нэртэй архи уусан. Гэхдээ Мянгаа сумаас жоохон үнэртүүлчихсэн ирсэн юм. Тэгээд тэднийд тэрийгээ уучихаад Золбоо дахиад 1 шар цаастай архи задалсан. Тэрийг ууж дуусгасан эсэхээ санахгүй байна. Болсон явдлыг санаж байгаа тухайд дунд тасарсан л байх. Юм яриад сууж байхад л Мянгаа тийм болчихсон байж байсан. Энэ хооронд болсон явдлыг сайн санахгүй байна...Миний санаж байгаагаар бол ямар нэгэн хэрүүл маргаан зодоон бол болоогүй. Золбоогоос хутга авах гэж байхад л Золбоо самардсан байх. Түүнээс биш хоорондоо зодолдсон зүйл бол байхгүй. Мянгаагийн подволкыг бол би тайлсан. Мөн хар улаан өнгийн алчуураар би Мянгаагийн шарх дээр дарж цусыг нь тогтоож байсан. Харин тэр цэнхэр эрээн дэвсгэрийг хэн хумисан талаар би мэдэхгүй байна. Би Золбоогийн гараас хутгыг аваад шууд л гал тогооны шүүгээн дээр тавьсан. Тухайн хутгыг арчаагүй ямар байсан тэр чигээр нь л аваачиж тавьсан...Би архиндаа тасарсан байх нэг сэрэхэд Золбоо гартаа хутгатай байсан. Харин Мянгаагийн хүзүүнээс цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 40 дугаартай шинжээчийн “...1.Ц.М*******ын биед хүзүүний зүсэгдсэн шарх гэмтэл үүсчээ. 2.Уг гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 62-63 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд А.Ц*********гийн яллагдагчаар өгсөн “...Би их согтоод тасарчихсан байсан. Архи хэтрүүлэн ууснаас болж ийм зүйл боллоо...би одоогоор эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг өгсөн...өөрийн гаргасан үйлдэлдээ их гэмшиж буруугаа ойлгож байна. Ахиж архи уухгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79-80 дахь тал/,
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.
Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Ц********* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
1.4. Хууль зүйн дүгнэлт.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 40 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч А.Ц********* нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч А.Ц********* нь хохирогч Ц.М*******ын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, түүнд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.Ц*********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч А.Ц*********г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Ц********* нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Хохирогч Ц.М*******ын биед “хүзүүний зүсэгдсэн шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 40 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 62-63 дахь тал/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Ц.М*******ыг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 31 дэх тал/
Шүүгдэгч А.Ц********* нь хохирогч Ц.М*******т эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1.500.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь шүүгдэгчээс “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болох нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан “Ц.М******* би 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хот явж, нарийн мэргэжлийн эмчид үзүүлж оношлуулах, үзлэг оношлогоонд явсан. Энэ хугацаанд ирэх, буцах замын зардлыг А.Ц********* нь бүрэн хариуцаж санхүүгийн дэмжлэг үзүүлэн, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр манай эхнэрийн ХААН банкны 5598029307 дансанд 1.000.000 төгрөг, 2023.01.31-ний өдөр А.Ц********* нь өөрийн биеэр ирж бэлэн мөнгө болох 500.000 төгрөгийг бэлнээр надад өгч санхүүгийн хохирлыг барагдуулсан” гэх тайлбараар нотлогдож байна. /хавтаст хэргийн 128 дахь тал/
Иймд шүүгдэгч А.Ц********* нь хохирогч Ц.М*******т эрүүл мэндэд учирсан хохиролд нийт 1.500.000 төгрөг төлсөн, хохирогч нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч А.Ц********* нь 2023 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Өмнөговь аймаг, Цогтцэций сум, 2 дугаар баг Билгэх, Бяцхан өвөлжөө гэх газар өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.М*******тай маргалдаж улмаар хүзүү хэсэгт нь хутгаар зүссэний улмаас хүзүүний зүсэгдсэн шарх гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 81 дэх тал/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч А.Ц*********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Ц********* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ц*********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******************* овогт ********************************-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц*********д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Ц*********д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А.Ц********* нь хохирогч Ц.М*******т эрүүл мэндэд учирсан хохиролд нийт 1.500.000 төгрөг төлсөн, хохирогч нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг дурдсугай.
6. Шүүгдэгч А.Ц********* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ц*********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй, бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг тус тус мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААНАРАН