| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2020/0305/И |
| Дугаар | 603 |
| Огноо | 2020-05-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 603
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А,
Нэхэмжлэгч: Х,
Нэхэмжлэгч: Ж,
Нэхэмжлэгч: С,
Нэхэмжлэгч: Т нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А, Х, С, Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжан, орчуулагч Б.Раушан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Е.Халибек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: М ажлын хөлс 1.000.000 төгрөгийг А , 1.000.000 төгрөгийг Х , 1.500.000 төгрөгийн Ж , 1.500.000 төгрөгийг С , 1.500.000 төгрөгийг Т , бүгд 6.500.000 /зургаан сая таван зуун мянган/ төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч А, Х, С, Ж, А.Алтынбек нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч А, Х бид хоёр аймгийн радиогоор 2019 оны 5 дугаар сарын сүүлээр “Тосонцэнгэлд хүн авч ажиллуулна” гэсэн зарын дагуу “С” мешитэд очиж, анкет бөглөсөн ба тэр үед тус мешитийн эзэн Аз нарийн бичиг гэх Е гэдэг залуу дээр очиж бүртгүүлсэн. Түүний дараа жолоочоор 2 хүн авна гэж дуудахаар нь Мешит дээр очиход Б гэдэг хүний “Ексель” машинаар бид гурав замд гарч Завхан аймгийн Тосонцэнгэлд байгаа М дээр 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр очоод мөн оны 7 дугаар сарын 10-ны хүртэл нэг сар ажилласан. Тэр үед М нь”... би Г гэдэг хүнтэй 5 жилийн хугацаатай гэрээ хийсэн, та нарын цалинг би өөрөө өгнө, та нар Г тай харьцахгүй, би үйлдвэрийн дарга гэсэн тушаалтай хүн” гэж хэлж тайлбарласан. Бид Г гэдэг хүнтэй уулзахад “... би та нартай харьцахгүй, би М харьцана, та нарын цалин хөлсийг М өгнө, би М тооцоо хийнэ” гэж хэлсэн тул бид М л харьцдаг байсан М бидэнд “... сарын цалинд 1,0 сая төгрөг өгнө, түүнээс гадна орон байр хоолыг даана” гэж тохирсон. А миний бие лантуугаар чулуу буталж, бутлагч машинд хийдэг байсан ба харин Х машинаар чулуу зөөж өгдөг байсан. Бид нэг сар тасралтгүй өдөрт хоёр ээлжээр 12 цагаар ажилласан. Гэтэл М нь “цалинг 7 дугаар сарын 2-нд өгнө, 7-р сарын 5-6-нд өгнө” гэж хэлээд өгөөгүй тул А, Х бид хоёр 7 дугаар сарын 10-нд тэндээс хот руу яваад өгсөн. Түүний дараа ажилласан хугацааныхаа цалин хөлсийг М удаа дараа шаардаж байсан боловч “өгнө, хүлээж байгаарай” гэх зэргээр худал шалтаг хэлж чирэгдүүлж байгаа тул ажлын хөлс болох 2.000.000 (1.000.000х2) төгрөгийг А, Х бид хоёрт олгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.
Нэхэмжлэгч Ж миний ээж болох К нь М эхнэртэй хамт гар урлал хийдэг байсан ба түүний нөхөр М нь “Тосонцэнгэлд гэрээгээр хүн авч ажиллуулна, сарын цалин 1.000.000 төгрөг өгдөг юм” гэснийг ээжээс сонсоод найз нар болох А, С нартай хэлж тэгээд 2019 оны 3 дугаар сарын 30-нд С, А, Ар, Жа, Ха, Д, Са, Ма болон М хүү Ах, түүний эхнэр Ал нарын хамт Өлгийгөөс Тосонцэнгэл руу “Истана” маркийн машинаар явсан ба тэр үед М бид нарыг дагуулж хамт явсан юм. Бид тэнд очоод чулуу бутлах үйлдвэрийг угсраад уулнаас чулуу зөөж бутлаад үйлдвэрийг ажиллуулж эхэлсэн. Бид 4, 5-р сарын цалин болох 2.000.000 төгрөгийг М авсан. Сарын цалинг М нь сард 1.0 /нэг сая/ төгрөг өгөхөөр амаар тохирсны дагуу өгсөн. Гэтэл бид 6 дугаар сарын 01-нээс 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх 45 хоногийн цалингаа авч чадаагүй болно. Бид тэнд очоод нэг ч өдөр амралгүй тасралтгүй ажилласан ба тэгэхдээ чулуу буталж, бутлуурт хийж, өдөртөө 12-15 цаг, заримдаа 20 цаг хүртэл ажилладаг байсан. Тэгээд М нь бидний сүүлийн нэг сар 15 хоногийн буюу 45 хоногийн цалинг өгөөгүй чирэгдүүлсэн тул 7 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгаар дамжин Өлгий руу буцаад ирсэн. Бид М ажил гүйцэтгэх талаар аман хэлбэрээр гэрээ байгуулсан болно. Түүний дараа бид ажилласан хугацааныхаа цалин хөлсийг М удаа дараа шаардаж байсан боловч “8 дугаар сарын дундуур өгнө, 9 дүгээр сарын дундуур өгнө, хотод очвол авч өгнө хүлээж байгаарай” гэх зэргээр байнга худлаа ярьж чирэгдүүлж ирсэн тул Ж, А, С бид гурвын ажлын хөлст 4.500.000 (1.500.000 х 3) төгрөг нэхэмжилж байгаа болно.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 343.3, 344 дүгээр зүйлийн 344.1-д зааснаар хариуцагч М ажлын хөлс 1.000.000 төгрөгийг А , 1.000.000 төгрөгийг Х , 1.500.000 төгрөгийн Ж , 1.500.000 төгрөгийг С , 1.500.000 төгрөгийг Т , нийт 6.500.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч А, Х, Ж, С, Т нараас надад холбогдуулан гаргасан 6.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Эдгээр залуучууд “А” ХХК-тай тохиролцон ажиллаж тэндээс цалин хөлс авдаг байсан. Тэгээд цалин хөлсний маргаан гарсан ба А, Х, Ж, С, Т нараас уг асуудлыг аймгийн цагдаагийн газарт өгч шалгуулсан юм. Аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч Заяабаатар уг асуудлыг эрүүгийн журмаар шалгасны эцэст “А” ХХК болон А, Х, Ж, С, Т нарын хоорондын хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн цалин хөлстэй холбоотой маргаан байна гэж дүгнээд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Үүнийг нэхэмжлэгч нар сайн мэдэж байгаа. Тийм учраас А, Х, Ж, С, Т нар уг цалин хөлс болох 6.500.000 төгрөгийг “А” ХХК-иас нэхэмжлэх нь зүйтэй байх. Өөрөөр хэлбэл би тус хэргийн жинхэнэ хариуцагч биш юм. Иймд А, Х, Ж, С, Т нарын надаас нэхэмжилсэн 6.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 6 дугаар сарын 05-06 өдрийн хавьцаа Баян-Өлгий аймгаас Завхан аймгийн Тосонцэнгэл суманд чулуу бутлах үйлдвэрт очиж 1 сарын хугацаанд ажилласан. Анх ажиллах үед хариуцагч М бидэнд “та нарыг би өөрсдөө хариуцах болно. Та нартай ямар нэгэн гэрээ хийхгүй. Бид бүхэн нэг газрын, нэг нутгийн хүмүүс та нар надад итгээрэй. Та нарын сарын цалин 1 сая төгрөг” гэж хэлж байсан. Бид М итгэж тухайн газарт 1 сар ажиллаж байсан. 1 сар болсны дараа цалингаа бид авч чадаагүй. Тийм учраас 7 дугаар сарын 10-ны үед Х бид хоёр тус газраас явсан. Тухайн газарт чулуу бутлагчаар ажиллаж байсан. Ажлын хөлс болох 1 сая төгрөгийг олгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие гэртээ аймгийн Орон нутгийн радио телевизээс явдаг 9 цагийн мэдээг сонсож байхад “Завхан аймгийн Тосонцэнгэл суманд чулуу бутлах үйлдвэрт ажилчин авна” гэж зар явсан. Уг зарын дагуу А бид хоёр О.Е гэдэг залуутай очиж уулзаад асуухад Завхан аймагт байрлалтай чулуу бутлах үйлдвэрт ажиллах ажилтан хайж байгаа энэ анкетыг бөглөөрэй гэсэн болохоор тухайн анкетыг бөглөсөн. Тухайн үйлдвэрт хэрэгтэй болсон ажилтнуудын анкетыг харж байгаад өөрсдөө утсаар дуудах болно гэсэн. 10-аад хоног өнгөрсний дараа утастаж тухайн газарт жолооч хэрэгтэй болсон та жолооч юм байна. Таныг авч ажиллуулъя, бас очиж ажиллахаар болсон хүнийг дагуулж ирээрэй гэсэн. Тэгээд би А дагуулж очиж бидэнд очих унаа байхгүй байна гэхэд. Хариуцагч М өөр нэг хүн байгаа та хамт яваа хүнээ дагуулж та 3 ирээрэй гэсэн. Ирсний дараа таны замын зардлыг өгнө гэсэн. Тухайн үед цалин хөлсийг асуух үед 1.0 сая төгрөг гэж байсан. Тэгээд Л.Ахыт Х.Б бид гурав маргааш нь Завхан аймагт очсон. Х.Г болон М хоёр сууж байхад гэрээ хийе гэж ярьсан. Тэр үед хүмүүсийг цалин авч байсан гарын үсэг зурсан баримтыг үзүүлж бидэнд та нар одоо өндөр настны тэтгэвэр авч байгаа. Хэрэв гэрээ хийвэл та нараас нийгмийн даатгалын шимтгэл гэж мөнгө татаж авна. Өмнөх хүмүүст 15 хоногоор цалин өгч байсан ба одоо 1 сараар цалин тавих болно гэж хэлсэн. Тухайн үед гэрээ хийгээгүй тул ямар ч гэсэн нэг сар ажиллаж үзье гээд нэг сар ажилласан .Анх сар болгоны 2-ны өдөр цалин өгнө гэж хэлсэн ба 7 дугаар сарын 02-ны өдөр болох үед цалин тавьж өгөөгүй, бид 10-ны өдөр хүртэл ажиллаж, цалингаа хүлээсэн боловч цалин тавьж өгөөгүй болохоор Ахыт бид хоёр нэг сар ажиллаад буцсан. Би тухайн үед хөх өнгийн машинаар чулуу зөөдөг байсан ба зөөж ирсний дараа чулууг буталдаг байсан. 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр очиж 10-ны өдөр ажилд орж байсан. Харин 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр буцсан ба 1 сарын цалин болох 1 сая төгрөгийг хариуцагч М нэхэмжилж байгаа. Бидэнд анх ажилд орох үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж өгсөн цалин хөлсний баримтыг үзүүлж цалин хөлс олгож байсан гэсэн. Мөн нэг нутгийн хүн учраас биднийг мэхлэхгүй байх гэж бодсон. Биднийг хариуцаж байгаа хүн хариуцагч М тул М нэхэмжилж байна. Бид цалингаа асуух үед өнөө маргаашдаа өгнө цаанаас нь мөнгө орж ирэхгүй байгаа гэж хэлдэг байсан. Ажлын хөлс болох 1.0 сая төгрөгийг олгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймагт ажил хийхээр явсан. 4, 5 дугаар саруудын цалингаа бүрэн авч байсан. 6 сараас 7 сарын дунд хүртэл ажиллаж байсан 1 сар бүтэн хагас сарын цалингаа авч чадаагүй. Тийм учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед ажилтан авна гэсэн зарын дагуу очсон байсан. Тухайн үйлдвэрт чулуу бутлагчаар ажиллаж байсан. Одоо цалингаа хариуцагч М нэхэмжилж байгаа. 2019 оны 6 дугаар сарын 01-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 16-ний өдөр хүртэлх цалин болох 1.0 сая 500 мянган төгрөгийг хариуцагч М нэхэмжилж байна гэв.
Нэхэмжлэгч Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 3 дугаар сарын эхэн үед ажлын зарыг анх сонсож байсан. Хариуцагч М эхнэр Ш миний ээжтэй хамт оёдлын газарт ажилладаг байсан. Ээж хариуцагч М эхнэрээс сонсож ирээд надад хэлсэн. Тэгээд би очиж бүртгүүлсэн. Тэр үед өөр хүмүүс байна уу ажилд авмаар байна гэж надаас асуусан. Би өөрийнхөө хоёр найз С болон Т хэлсэн.Тэд хамт ажиллая гэсэн болохоор бид очиж анкет бөглөж бүртгүүлсэн. Үүний дараа 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр аймгаас хариуцагч М хүү М.Ахжолын “Истана“ маркийн машинаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум явсан ба 3 дугаар сарын 30-ны өглөө Завхан аймгийн Тосонцэнгэл суманд очсон. Очсоны дараа нэг өдөр амарч 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж ажил хийж эхэлсэн. Анх очих үед үйлдвэрийн захирал Х.Г цуглуулж бидэнд хэлж байсан. Та бүхэн 15 хоног болгон цалинг чинь хоёр хувааж өгч байна гэсэн. Анх ажил эхлэх үед 15 хоногоор цалин өгөөгүй сарын сүүлээр авч байсан. Үүний дараа 5 дугаар сарын цалинг 6 дугаар сарын 02-ны өдөр авч байсан. Үүний дараа огт цалин аваагүй. 7 дугаар сарын 02-ны өдөр болох үед цалин өгөөгүй. 6 дугаар сарын дунд хариуцагч М Өлгийд явсан. Тэр үед бид цалингаа хэнээс авах вэ гэж асуухад миний хүү М.Ах та нарыг хариуцах болно. Та нарын цалин тэрний дансанд орно. Үүний дараа та нарт өгөх болно гэсэн. Тэгээд 7 дугаар сарын 02-ны өдөр болох үед цалин олгоогүй. Тэгээд бид Х.Г захирлаас асуухад, та нарын цалинг би мэдэхгүй, би М харилцан тохиролцсон байгаа. Та нарын цалинг М өгөх ёстой гэсэн. Тэгээд бид нар 7 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хүлээж ажлаа хийсэн. 1 сар бүтэн хагас сар буюу 15 хоног нийт 45 хоног ажиллаж байсан цалингаа хариуцагч М нэхэмжилж байна гэв.
Хариуцагч М итгэмжлэгдсэн төлөөлөгч СЕ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хариуцагч М бол 2018 оны Намууд гэдэг хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад Х.Г гэдэг хүнтэй танилцаж байсан. Х.Г бол “А” ХХК-ны захирал тийм хүн байсан. 2019 оны эхэнд Х.Г гэдэг хүн М залгаж Завхан аймгийн Тосонцэнгэл суманд чулуу бутлагч үйлдвэр ажиллуулдаг. Танай аймгаас ажиллах хүсэлтэй хүн байвал зуучлан олж өгөөч гэдэг хүсэлт тавьсан байдаг. Тус хүсэлтийн дагуу ажилчдыг бүртгэж саяны гаргаж өгсөн нэрсийн жагсаалтын дагуу Х.Г т явуулсан. Тухайн бүртгэлийг О.Е хөтөлсөн байдаг. Улмаар 3 дугаар сарын 28-ны өдөр нийт 14-15 хүн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын чулууны үйлдвэрт очиж ажилласан байдаг. 4 дүгээр сарын эхэнд очих үед Х.Г тухайн газарт нь байсан. Эдгээр ажилчдыг хүлээж авч уулзаад цалин хөлсийг нь тохирох үед саналыг асууж байсан. Ажилчдаас нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татварын суутгуулахгүй цалингаа бүтнээр авах тухай санал гаргадаг. Хэрэв хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах юм бол дээрх татвар болон нийгмийн даатгалын шимтгэл үндсэн цалингаас нь хасагдах тухай ажилчдад Х.Г захирал танилцуулж байсан. Ажилчдын хувьд тухайн 100 мянган төгрөгийг суутгуулахгүй, тэгж суутгуулж байснаас хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр бидэнд олгох цалин хөлсийг бараа материалын олгосон мэтээр зарлага гаргаж цалин хөлсийг олгож өгнө үү гэсэн санал гаргасан байдаг. Хариуцагч тухайн үйлдвэрт үйлдвэрийн даргаар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан хүн. Тухайн үйлдвэрт нийт 15 хүн ажилласан байдаг. Эдгээр хүмүүс 2019 оны 4 болон 5 дугаар сард бүтэн ажиллаж цалин хөлсөө бүрэн авч байсан. Цалин хөлсөө авч байсан гэдэг нь өнөөдрийн шүүх хурлаар гаргаж өгсөн гарын үсэг зурсан баримтаар нотлогдож байгаа. Түүнчлэн 6 дугаар сарын цалинг авсан. Одоо 7 дугаар сарын цалин нэхэж байгаа. Тухайн цалин яагаад олгоогүй. Нэхэмжлэгч нар яагаад цалин хөлсөө нэхэмжилж байгаа вэ гэх шалтгааныг нэхэмжлэгч нар огт дурдаж хэлэхгүй байгаа. Ямар шалтгаан байсан вэ гэхээр тухайн чулуу бутлагч үйлдвэрийн гол тоног төхөөрөмжид засвар хийж байхад тас арматур төмрийг дотор нь орхисон байсан. Үйлдвэрийг ажиллуулах явцад тухай арматур төмрөөс болж тухайн тоног төхөөрөмж эвдэрсэн. Эвдэрснээс болж тухайн аж ахуйн нэгжид 30 сая төгрөгийн орчим хохирол учирсан. Мөн зарим хүмүүс ажлын байрандаа архидан согтуурсан асуудал байдаг. Мөн гагнуурын аппарат шатсан асуудал байдаг. Түүнчлэн бусдын эд хөрөнгө болох Эхсел маркийн машины моторыг залилан авч явсан асуудлууд үүсэн. Эдгээр асуудлуудын хүрээнд заримыг нь цагдаагийн газраас шалгаж зарим хүмүүсийг саатуулан баривчилсан асуудлууд байгаа. Ингэхдээ хариуцагч М эдгээр нэхэмжлэгчийг худлаа хэлж аварч байсан. Үйлдвэрийн дотор төмөр орхисон асуудлыг нуусан. Нэхэмжлэгч нар 30 гаруй сая төгрөгийн өрд унах гэж байсан болохоор нэхэмжлэгч нар зугтсан байдаг. Одоо эдгээр нэхэмжлэгч нар мэдэн будилан цалин хөлс нэхсэн боловч цалин хөлсөө авч чадахгүй байсан гэсэн агуулгатай нэхэмжлэл шүүхэд гаргаад байгаа. Х.Г захирал тухайн үед ямар санал гаргаж байсан вэ гэхээр тухайн 30 сая төгрөгийг байгууллага өөрөө хариуцахаар болж эдгээр нэхэмжлэгч нарыг дахиж дуудсан. Та хэд 15 хэдэн хоног буюу 500 орчим цаг ажиллах юм бол би хохирол нэхэмжлэхгүй та бүхний цалин хөлсийг чинь олгоно гэхэд нэхэмжлэгч нар очоогүй. Эдгээр 14 хүнээс 5 хүн төлөөлж нэхэмжлэл гаргасан байна. Түүнийг Х.Г захирал мэдсэн. Одоо тухайн асуудлыг зүгээр орхилгүй гэм хорыг дахин нэхэмжлэхээр бол Тосонцэнгэл сумын цагдаагийн газраас хаагдсан хэрэг бүртгэлийн хэргийг шинээр нээж шалгахаар болсон гэдгийг надад өчигдөр хэлсэн. Тухайн үйлдвэрт хариуцагч М болон нэхэмжлэгч нар ажиллаж байсан нь үнэн. Нэхэмжлэгч нар анхандаа 1 сарын цалин 1.0 сая төгрөг байсан тэгж тохиролцсон гэж хэлж байгаа нь худлаа. Ажлыг хийснээр болон ажлын үр дүнгээр олгож байхыг Х.Г захирал нь тухайн үед нэхэмжлэгч нарт хэлж байсан. Эдгээр хүмүүсийн дотор ажлаа сайн хийж байсан хүмүүс байсан. Ажлаа хийхгүй архи ууж ажлыг цалгардуулж байсан хүмүүс ч байсан байгаа. Нэхэмжлэгч нарын дунд Ж болон С нар ажлаа сайн хийдэг байсан ба зарим хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирч байгаа гэдгийг надад хэлж байсан. Байгууллагын зүгээс Ж болон С нарыг одоо ч ажиллах юм бол ажиллуулахад бэлэн гэж байгаа ба бусад нэхэмжлэгч нарыг зөвшөөрөхгүй гэдгээ хэлж байсан. Учир нь байгууллагын эд хөрөнгийг эвдэж сүйтгэсэн асуудал үүсэж байсан гэдгийг дээр нь хэлсэн. Нийт 32 сая төгрөгийн авлага үүсэж байгаа. Эдгээр нэхэмжлэгч нар 6 сая 500 мянган төгрөг нэхэмжилж байгаа боловч нийт 14 хүнээс 32 сая төгрөгийг нэхэмжилж явдаг. Тухайн мөнгө төгрөг байгууллагаас орж ирээгүй. Хэрэв Компанийн нэрийн өмнөөс хариуцагч М дансанд орж ирэх бол М нэхэмжлэгч нарт олгоод эдгээр хүмүүс цалин хөлсөө авч явах ёстой байсан. Урьд нь ч компаниас авч нэхэмжлэгч нарт олгож байсан. Тэгэхээр ийм дүгнэлт гарч байгаа. Хариуцагч М бол “А” ХХК-ны ажилтан болохоос биш тухайн компанийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд биш. Нэхэмжлэгч нарын ажил олгогч нь биш. Би нэхэмжлэгч нарт шүүх хуралдаан эхлэхээс өмнө санал тавьсан. Жинхэнэ хариуцагч “А” ХХК болон тухайн байгууллагын захирал Х.Г . Эдгээр хүмүүсийг давхар хариуцагчаар татаж өгөөрэй гэж хэлж байсан. Давхар хариуцагчаар татсаны дараа жинхэнэ болсон үйл явдлын талаарх мэдээллийг тухайн байгууллагаас мэдээлэл өгөх ба миний хувьд хязгаарлагдмал сонсож байсан мэдээллийг дээр нь хэлсэн. Д, Ар, Ө гэх мэт ажилтнууд тухайн үед цагдаагийн байгууллагад гэрчийн мэдүүлэг өгөх үед нь өөрсдөө тухайн байгууллагад ажиллаж байсныг тухайн байгууллагаас цалин хөлс авч байсныг өөрсдөө хэлж өгч байсан. Цагдаагийн байгууллагад хууль сануулж авсан мэдүүлэгтээ үнэн зөвөө хэлдэг. Шүүхийн өмнө худал зөрүүтэй мэдүүлэг өгч байна. Тийм учраас цагдаагийн газраас дээрх нотлох баримтуудыг авч шүүхэд гаргаж өгсөн. Нотлох баримт шинэчлэн судлах шатанд тухайн нотлох баримтуудыг судлуулна. Мөн гэрчээр асуугдах гэж байгаа. О.Е бас үнэн зөв мэдүүлэг өгөх байх. Нэхэмжлэгч Ж болон С нар мэдүүлгээ үнэн зөв мэдүүлж байгаа боловч худал мэдүүлэг өгүүлэх тал дээр ятгаж байх шиг байна. Үүнийг харгалзахгүй үнэн зөв мэдүүлж байгаа нь мундаг байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ үндэслэлгүй. М цалин хариуцах жинхэнэ эзэн нь биш учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А, Х, Ж, С, Т нараас хариуцагч М холбогдуулан ажлын хөлс 1.000.000 төгрөгийг А , 1.000.000 төгрөгийг Х , 1.500.000 төгрөгийн Ж , 1.500.000 төгрөгийг С , 1.500.000 төгрөгийг Т , бүгд 6.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрч нарын шүүхэд болон Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт өгсөн гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбарыг харьцуулан судалж үзэхэд хариуцагч М нь нэхэмжлэгч А, Х, Ж, С, Т нарыг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд үйл ажиллагаа явуулдаг Эрдэс нунтаг бутлах үйлдвэрт ажиллуулахаар зуучилж, тус үйлдвэрт нэхэмжлэгч А чулуу бутлагч, Х ийг чулуу зөөдөг машины жолоочоор 2019 оны 6 дугаар сарын 10-наас 7 дугаар сарын 10-ны хүртэл, Ж, С , Т нарыг 2019 оны 4 дүгээр сарын 01-нээс чулуу бутлагчаар 2019 оны 7 дугаар сарын 16-ны хүртэл тус тус ажилласан болох нь хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогджээ.
Харин нэхэмжлэгч нарын тус үйлдвэрт 2019 оны 6 дугаар сарын 01-нээс 2019 оны 7 дугаарын 16-ны өдөр хүртэл ажилласан хугацааны цалин хөлс буюу ажлын хөлсийг хариуцагч М олгох ёстойгоос, олгоогүй нь маргааны зүйл болжээ.
Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч М аман гэрээ байгуулж Завхан аймгийн Тосонцэнгэл суманд чулуу бутлах үйлдвэрт ажилласан. М нь “... би Х.Г гэдэг хүнтэй 5 жилийн хугацаатай гэрээ хийсэн, та нарын цалинг би өөрөө өгнө, та нар Х.Г тай харьцахгүй, би үйлдвэрийн дарга гэсэн тушаалтай хүн” гэж хэлсэн. Х.Г гэдэг хүнтэй уулзахад “... би та нартай харьцахгүй, би М харьцана, та нарын цалин хөлсийг М өгнө, би М тооцоо хийнэ” гэсэн тул бид нарын ажилласан хөлсийг М төлүүлж хохиролгүй болгож өгнө үү гэж тайлбарласан.
Гэтэл хэрэгт авагдсан 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн “А” ХХК-ний гүйцэтгэх захирал Х.Г нь 0013 дугаар тушаалаар Завхан аймгийн Тосонцэнгэл суманд үйл ажиллагаа явуулдаг Эрдэс нунтаг бутлах үйлдвэрийн даргаар хариуцагч М томилж, түүнтэй ажлын байрны тодорхойлолт, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг танилцуулж, хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллахыг Завхан аймгийн Тосонцэнгэл дэх салбарын хүний нөөц, архив бичиг хэргийн ажилтан Р даалгаж, сарын цалинг 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр тооцож олгохыг нягтлан бодогч Ё зөвшөөрсөн байжээ.
Энэхүү тушаал болон нэхэмжлэгч нарын тайлбараар хариуцагч М нь Завхан аймгийн Тосонцэнгэл суманд үйл ажиллагаа явуулдаг Эрдэс нунтаг бутлах үйлдвэрийн даргаар томилогдон ажилласан нь тогтоогдож байгаа боловч түүнийг үйлдвэрийн даргаар томилсон А ХХК-ний гүйцэтгэх захирал Х.Г аас түүнд тус үйлдвэрийн санхүүг бүрэн төлөөлж, ажилтны цалин хөлсийг олгох эрхийг мөн уг үйлдвэрийг хариуцагч М нь бүрэн төлөөлөх эрх бүхий этгээд мөн эсэх нь бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нараас хариуцагч М аман гэрээ байгуулж, цалин хөлсийг М олгохоор болсон, “А ХХК-ний захирал Х.Г гэдэг хүнтэй уулзахад “... би та нартай харьцахгүй, би М харьцана, та нарын цалин хөлсийг М өгнө, би М тооцоо хийнэ” гэж тайлбарладаг боловч энэхүү байдал нь бичгийн нотлох баримтаар нотлогдоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.
Нэхэмжлэгч нарын 2019 оны 6 дугаар сарын 01-нээс 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл суманд үйл ажиллагаа явуулдаг Эрдэс нунтаг бутлах үйлдвэрт ажилласан цалинг А ХХК-иас тус үйлдвэрийн дарга хариуцагч М олгож, түүнээс олгохгүй байгааг нэхэмжлэгч нараас бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй ба энэ нь бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Дээрх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч. А, Х, Ж, С, Т нар нь Завхан аймгийн Тосонцэнгэл суманд үйл ажиллагаа явуулдаг Эрдэс нунтаг бутлах үйлдвэрт чулуу бутлагчаар хариуцагч М зуучилснаар ажилласан болох нь тогтоогдож байгаа бөгөөд харин хариуцагч М тус үйлдвэрийн даргаар томилсон А ХХК-ний захирал Х.Г аас тус үйлдвэрийн ажилтны цалин хөлс олгох болон уг үйлдвэрийг төлөөлөх бүрэн эрхийг олгосон эсэх нь мөн А ХХК-иас Эрдэс нунтаг бутлах үйлдвэрийн ажилтны 2019 оны 6 дугаар сарын 01-нээс 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх цалинг М дансанд шилжүүлж өгснөөр тэрээр нэхэмжлэгч нарт олгохгүй, үндэслэлгүй хөрөнгөжиж байгаа эсэх нь тус тус хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгч нарын хариуцагчаас нэхэмжилсэн ажлын хөлс 6.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, тэдний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас дээрх ажилласан хугацааны ажлын хөлсөө Эрдэс нунтаг бутлах үйлдвэрийн үйл ажиллагаа явуулдаг газрын шүүхэд эсхүл хуулийн этгээд үйл ажиллагаа явуулдаг /А ХХК-ний/ газрын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч М ажлын хөлс 1.000.000 төгрөгийг А , 1.000.000 төгрөгийг Х , 1.500.000 төгрөгийн Ж , 1.500.000 төгрөгийг С , 1.500.000 төгрөгийг Т , бүгд 6.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэгч А, Х, Ж, С, Т нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ