| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 159/2025/0059/З |
| Дугаар | 221/МА2026/0352 |
| Огноо | 2026-05-26 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2026/0352
“НАФ” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Л.Одбаатар
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бж
Гомдол гаргагч: “НАФ” ХХК
Хариуцагч: Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын улсын ахлах байцаагч Б.Ээ
Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын улсын байцаагчийн 2025 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн №0012614 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн ахлах байцаагчийн гаргасан шийдвэр үйл ажиллагааны улмаас “НАФ” ХХК-д учирсан 4200 ам.доллар буюу 14,937,762 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэх”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 7 дугаар шийдвэр,
Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бж, хариуцагч Б.Ээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, хариуцагчийн өмгөөлөгч Р.Ац
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хатантуул
Хэргийн индекс: 159/2025/0059/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 7 дугаар шийдвэрээр:
Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.4, 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.6, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 15 дугаар зүйлийн 15.1, 15.6.5, 25 дугаар зүйлийн 25.1, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 43 дугаар зүйлийн 43.1, 100 дугаар зүйлийн 100.1, Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8, 93 дугаар зүйлийн 93.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 2, 4.14 дүгээр зүйл, Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 8-д заасныг тус тус баримтлан “НАФ” ХХК-иас гаргасан Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Б.Ээд холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 0012614 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн гаргасан шийдвэр үйл ажиллагааны улмаас “НАФ” ХХК-нд учирсан 4200 ам доллар буюу 14,937,762 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэх тухай” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
2. Давж заалдах гомдлын агуулга:
2.1. "Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 0012614 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах" гомдлын шаардлагын тухайд:
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 7 дэх хэсэгт Эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна...." гэж, тус хуулийн 4.13 дугаар зүйлийн 1.7-т "ажиллагаанд оролцсон хүнд эрх, үүргийг тайлбарласан тухай", 1.8.-т "оролцогч, гэрчээс санал, хүсэлт гаргасан эсэх, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн" тухай тэмдэглэлд тусгагдахаар заасан байна. "НАФ" ХХК-д үзлэг хийх тухай мэдэгдээгүй болно. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.2.-т “өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах;", 2.5.-т "зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах;", 2.7.-т "өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах;", 2.8.-т "нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх" зэрэг гомдол гаргагч "НАФ" ХХК-ийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох, эрх үүргээ хэрэгжүүлэх, тодорхой ажиллагаа явуулах санал хүсэлт гаргах боломж олгоогүй байна.
Хариуцагч нь 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №0012614 тоот Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсанд "..6-д Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлд заасны дагуу хураан авсан..," /хх-ийн 9 тал/ гэж тэмдэглэсэн байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.5 дугаар зүйлийн 6-т "Хураан авсан эд зүйл, баримт бичгийн жагсаалт, тэмдэглэлийг эд зүйл, баримт бичгээ хураалгасан болон тухайн ажиллагаанд байлцсан хүнээр гарын үсэг зуруулж, хувийг эд зүйлийн эзэмшигч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид даруй гардуулна." гэж заасан. Хариуцагч нь эд зүйл буюу 17-н толгой адууг хураан авах ажиллагаанд гомдол гаргагч компанийн төлөөлөгчийг байлцуулаагүй, хураан авсан эд зүйлийн жагсаалт, тэмдэглэлийн хувийг даруй гардуулах ажиллагаа хийгээгүй болно.
Хариуцагч Б.Ээ нь 2025 оны 03 дугаар сарын 09-ны өдөр зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх заалт, 2 дахь хэсэгт зааснаар Ж.Бтийг хууль ёсны төлөөлөгчөөр /1хх-ийн 111 тал/ тогтоож, 2025.03.09-ны өдөр Ж.Бтөөс холбогдогчоор мэдүүлэг /1хх-ийн 108-110 тал/ авсан байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1-т "Эрх бүхий албан тушаалтан дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно" гэж, мөн хуулийн 1.2.-т "хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг" гэх хуулийн заалтыг зөрчсөн. Хариуцагч Б.Ээ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн хууль ёсны төлөөлөгчөөр Ж.Бтийг тогтоосон нь үндэслэлгүй бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Энэ зүйлийн 1.1 дэх заалтад заасны дагуу арван найман насанд хүрээгүй хүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдвол зохих хүн байхгүй, эсхүл ашиг сонирхлын зөрчилтэй бол хүүхдийн асуудал хариуцсан төрийн байгууллагын ажилтныг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож болно..." гэж заасан.
"НАФ" ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд буюу эрх бүхий албан тушаалтан нь Э.С атал компаниас итгэмжлэл олгогдоогүй, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд биш Ж.Бтийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах үндэслэлгүй болно.
Хариуцагч Б.Ээ нь 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №0012614 тоот Зөрчилд шийтгэл оногдуулах тухай хуудсаар "... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Амьтан ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13.4 дэх хэсэгт зааснаар НАФ ХХК-д импортоор оруулж ирсэн 17-н толгой адууг экспортлогч улсад буцаах тухай 2025.01.28-ны өдрийн 01/83 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн боловч тус 17-н адууг экспортлогч оронд буцаах үүргээ биелүүлээгүй.., 17-н адууг экспортлогч орон буцаах үүргээ биелүүлээгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.2 зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу торгох 2000 нэгж шийтгэл оногдуулж тус 17-н толгой адууг устгахаар.." /1хх-ийн 9 тал/ шийдвэрлэсэн.
Хариуцагч болон түүний төлөөлөгч нарын зүгээс Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.-т "Энэ хуулийн 12.1.2, 12.1.3-т заасан шаардлагыг хангаагүй амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэхийг хориглож, энэ тухай гаалийн байгууллага нь экспортлогч улсын хилийн боомтын хяналтын эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ." гэж заасны дагуу дамжуулан өнгөрөх тохиолдолд экспортлогч улсад мэдэгдэнэ бусад тохиолдолд мэдэгдэх үүрэггүй гэж маргадаг.
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1.-т" энэ хуулийн 13.1, 13.2-т заасны дагуу амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсад экспортлогч орны хилийн боомтын эрх бүхий байгууллагад мэдэгдэхэд буцааж хүлээн авахаас татгалзсан", мөн хуулийн 15.1.2.-т" тухайн амьтан нь гоц халдварт өвчний халдвартай болох нь оношлогдсон" гэж зохицуулсан.
Монгол улсын Засгийн газрын 225 дугаар тогтоолоор Мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний жагсаалтыг баталсан. Эдгээр 17-н толгой адуунд тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан адууны гоц халдварт, зооноз өвчний жагсаалтад дурдагдсан өвчин илрээгүй, 2 дугаар хавсралтаар баталсан дотоодын худалдаанд хориг саад үүсгэдэг гоц халдварт, халдварт өвчний жагсаалт өвчны жагсаалтад баталсан өвчнүүд илрээгүй атал гоц халдварт өвчтэй мэтээр устгалд оруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.
"НАФ" ХХК-ийн Б улстай байгуулсан Контракт №2 гэрээний 4.18-т" Барааны өмчлөх эрх нь хүлээлгэх өгөх, хүлээн авах актыг талууд гарын үсэг зурсан үеэс эхлэн Худалдан авагчид шилжинэ" гэж заасан бөгөөд гомдол гаргагч талд 17-н толгой адууг өмчлөх эрх үүсээгүй байтал хариуцагч нь Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1.-т заасны дагуу адууг өмчлөгч буюу экспортлогч Б улсын эрх бүхий байгууллагад мэдэгдээгүй атлаа хачгийн халууны халдварын шинж тэмдэг илэрсэн 10-н толгой адуу, шинж тэмдэг илрээгүй эрүүл 7-н толгой адуу нийт 35,700 ам.долларын үнэ бүхий 17-н толгой адууг устгахаар шийдвэрлэж, 2000 нэгжээр торгох шийтгэл оногдуулж байгаа нь илт хууль бус шийдвэр болно.
Б улсаас импортолсон 17-н толгой адуу 2024 оны 09 дүгээр сарын 13- ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр хүртэл Аб боомтын хяналтын бүсэд тээврийн хэрэгсэл дээр байрлаж байсан ба халдварын сэжиг бүхий тохиолдол илэрсэн талаар экспортлогч Б улсын эрх бүхий байгууллагад мэдэгдэж, адуу тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгслийн хамт буцаах боломжтой байсан боловч 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Монгол улсын Ерөнхийлөгчөөс Б улсын Ерөнхийлөгчид бэлэглэсэн 4-н толгой адууг ачиж буцааснаас хойш 4 сарын дараа буюу 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр буцаах мэдэгдэл өгч байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасанчлан шаардлагын хамтаар захиргааны үйл ажиллагааны улмаас өөрт хохирлыг нөхөн төлүүлэхээр захиргааны хэргийн шүүхээр хамтатган нэхэмжлэх эрхтэй, хуулийн зохицуулалтын агуулгаар тухайн захиргааны үйл ажиллагаа хууль бус байсан эсэхээс үл хамаарах, гагцхүү тухайн захиргааны үйл ажиллагааны улмаас хохирол учирсан нь тогтоогдсон байх шаардлагатай байна.
Хариуцагч Б.Ээ нь Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журмын 2.10.-д “Мал, амьтныг улсын хилээр нэвтрүүлэхдээ Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5.3-т заасны дагуу хорио цээрийн дэглэмд байлгаж, үзлэг, шинжилгээнд хамруулна.", 3.2.-д "Хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд халдварын эх үүсвэр болж байгаа өвчтэй, халдварын сэжигтэй мал, амьтдыг тусгаарласны дараа тухайн өвчинтэй тэмцэх мал эмнэлгийн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлнэ." гэх заалтын дагуу үзлэг, шинжилгээнд хамруулах, хяналт тавих, эмнэлгийн цогц арга хэмжээ авах үүргээ огт биелүүлээгүй, хайхрамжгүй хандаж байсны улмаас "НАФ" ХХК-д 4,200 ам.доллар /1 ам.доллар 3,556.61/ буюу 14,937,762 төгрөгийн хохирол учраад байна.
Хоёр. Шинжилгээний дүн эргэлзээтэй, дахин сорьц авах хүсэлтийг хангаагүй гэх үндэслэлийн талаар:
Шүүх уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд тодруулах шаардлага бүхий, 17 толгой адууны өвчинтэй холбоотой асуудал нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн, тусгай мэдлэг шаардлагатай гэх үндэслэлээр 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 159/Ш32025/0214 дугаар шүүгчийн захирамжаар Мал эмнэлгийн ерөнхий газрыг шинжээчээр томилсон.
Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газрын албан бичигт /1хх-ийн 124 тал/ лабораторийн шинжилгээний дүнгээр адууны папиллома вирусын халдвар 14 толгой адуу илэрсэн гэж дурьдсан. Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 24-5113 бүртгэлийн Дугаартай шинжилгээний дүн /1 хх-ийн 139 тал/-ээр 2 ширхэг дээжнээс адууны папилома вирус илэрсэн гэсэн байх тул бусад 12 толгой адуунаас сорьц, дээж аваагүй атлаа таамаглалд тулгуурлан адууны папиллома вирусын онош тавьсан нь үндэслэлгүй болно.
Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүнгээр Б улсаас импортоор орж ирсэн 10-н толгой адуунд хачгийн халууны халдварын эерэг урвал үзүүлсэнээс бус халдварт өвчтэй болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын болон мэргэшсэн малын эмчийн дүгнэлт гараагүй болно.
Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Хяналт шалгалт хийсэн тэмдэглэлд "...шинжилгээг 2024.09.15-ны өглөө авахаар болов.., 12 цаг 16 минутанд 17 толгой адууг тухайн хашаанд буулгаж цус болон хамар дээр гарсан ярнаас шинжилгээ авав. Шинжилгээ авах үед НАФ ХХК-ний бие төлөөлөгчөөр ГБМ К.Э оролцсон.." /1 хх-ийн 119-120 тал/ гэх баримт авагдсан байдгаас гадна 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөр огноологдсон Дээжний жагсаалт /1хх-ийн 123 тал/ гэх баримтад дээж авсан этгээдийн гарын үсэгтэй боловч нэрийн тайлалгүй, МЭҮН-ийн малын эмч гээд гарын үсэг авагдаагүй байна.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай 15 дугаар зүйлийн 15.7.1.-д "хүлээн авсан сорьцыг шинжилгээний аргын стандартад заасан хугацаанд багтаан шинжлэх, эсхүл хүлээн авснаас хойш 24 цагийн дотор улсын мал эмнэлгийн лабораторид хүргүүлэх" гэж заасан. Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн дээж хүлээн авсан гэх цаг хугацаагаар импортын 17-н толгой адуунаас 2024 оны 09 дүгээр сарын 15, 16-ны өдрийн аль өдөр авсан нь тодорхойгүй сорьц дээж 72-96 цагийн дараа 2024 оны 09 дүгээр сарын 19, 20-ны өдөр ямар журам стандартын дагуу тээвэрлэгдэн хүргэгдсэн эсэх тодорхойгүй, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.-д "Улсын байцаагч холбогдох журмын дагуу дээж авч тухайн дээжийн бүрэн бүтэн байдал, ариун чанар, хадгалалт болон тээвэрлэлт, температурын горимыг хангана...." гэх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д "Хяналт шалгалтын явцад бүтээгдэхүүнээс дээж /цаашид "дээж" гэх/ авах бол улсын байцаагч тусгайлан акт бичих бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана", мөн хуулийн 56.2-д "Энэ хуулийн 56.1-д заасан актыг гурван хувь үйлдэх бөгөөд шалгуулагч этгээд болон итгэмжлэгдсэн лабораторид тус тус нэг хувийг өгч, үлдэх хувийг шалгалтын хувийн хэрэгт хавсаргана", мөн хуулийн 56.4.-т "Шалгуулагч этгээд дээж авах явцад байлцаж санал, гомдол гаргах эрхтэй" гэж зохицуулсан. "НАФ" ХХК-д импортын 17-н адуунаас дээж сорьц авах үед байлцаж сорьцыг баталгаажуулах, холбогдох гомдол, санал гаргах боломж олгоогүй, тусгайлан үйлдсэн акт хүлээлгэн өгөөгүй, шалгалтын хувийн хэрэгтэй танилцуулж байгаагүй болно.
Анхан шатны шүүх ".. Гомдол гаргагч талаас "бүх шинжилгээний бичгийг өгч байж энэ гэрчилгээг авсан" гэж тайлбарлах боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б Улсад хийгдсэн гэх лабораторийн шинжилгээний нэг ч баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь "нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлох, холбогдох нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх" үүрэгтэй. Гэтэл гомдол гаргагч энэхүү үүргээ биелүүлээгүй, зөвхөн "гэрчилгээ" гэх ерөнхий баримтыг ирүүлсэн нь Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газрын итгэмжлэгдсэн лабораторийн нарийвчилсан шинжилгээний дүнг үгүйсгэх боломжгүй..." гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.
Хариуцагч талаас зөрчлийн хэрэгт авагдсан Б улсаас адууг дагалдан ирсэн зарим баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсний дараа "НАФ" ХХК нь 2 хавтаст хэргийн 33-40 тал, 2 хавтаст хэргийн 46-48 тал, 2 хавтаст хэргийн 53-57 тал, 2 хавтаст хэргийн 59-61 талд авагдсан баримтыг орос хэлнээс монгол хэлэнд орчуулж шүүхэд нотлох баримтаар гаргасан.
"НАФ" ХХК нь удаа дараа дахин сорьц дээж авч давтан шинжилгээнд хамруулахыг хүссэн боловч хариуцагч болон Мал эмнэлгийн ерөнхий газрын зарим ажилтан нар хачирхалтай, эргэлзээ бүхий нөхцөл байдлаар эрс татгалзаж байгаагаар эдгээр адуунуудыг эрүүл гэж "НАФ" ХХК нь үзэж байгаа болно.
Иймд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 159/ШШ2026/0007 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Б.Ээд холбогдох Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 0012614 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчийн гаргасан шийдвэр үйл ажиллагааны улмаас учирсан 4,200 ам.доллар буюу 14,937,762 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад, дараахь үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
1.Гомдлын шаардлага, талуудын маргаж буй үндэслэлийн тухайд:
1.1.“НАФ” ХХК-иас “Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын улсын байцаагчийн 2025 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн №0012614 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн ахлах байцаагчийн гаргасан шийдвэр үйл ажиллагааны улмаас “НАФ” ХХК-д учирсан 4200 ам.доллар буюу 14,937,762 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэх” шаардлага бүхий гомдлыг Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Б.Ээд холбогдуулан гаргажээ.
1.2.Гомдол гаргагчаас шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “...манай компанийн зүгээс 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн шинжилгээний дүнг эс зөвшөөрч дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй, 17 толгой адууг буцаах талаар илгээгч улс буюу Б улсын гаалийн байгууллагад нэн даруй мэдэгдэх үүргээ хариуцагчаас биелүүлээгүй, хорио цээрийн дэглэмд байх хугацаанд эрх бүхий этгээдээс огт хяналт тавьж байгаагүй, хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журмыг хэрэгжүүлээгүй, албан үүрэгтээ хайхрамжгүй хандсаны улмаас 2 адуу хорогдож нэхэмжлэгчид хохирол учирсан” гэж маргажээ.
1.3.Хариуцагчаас “...Гаалийн газар нь мэргэжлийн төрийн захиргааны төв байгууллага болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, харъяалах Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны саналыг авсны үндсэн дээр 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “НАФ ХХК-д хуульд заасан үүргээ биелүүлж 17 толгой адууг экспортлогч оронд заасан хугацаанд буцаах талаар мэдэгдэл хүргүүлснийг биелүүлээгүй” гэх хариу тайлбар гаргасан.
2.Хяналт шалгалтын ажиллагаа хуульд нийцээгүй гэх гомдлын тухайд:
2.1.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Сэлэнгэ аймгийн Аб боомтийн гаалийн хяналтын бүсд “НАФ” ХХК-иас Б улсаас 17 толгой адуу импортлон оруулж ирсэн, гаалийн бүрдүүлэлт хийх үед тухайн 17 толгой адуунд мал эмнэлгийн анхдагч үзлэг шалгалт хийхэд мал, амьтны халдварт өвчинтэй байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн[1] тул 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр эдгээр адууг саатуулсан байна.
2.2.Адуу тус бүрээс цус болон эдийн дээж авч Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газрын лабораториор дамжуулан Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид илгээсэн[2] ба тус лабораторийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 163 тоот албан бичгээр[3] ирүүлсэн шинжилгээний дүнгээр адууны хачгийн халууны /Т.equi/ эерэг бием 10 тооны адуунд, адууны хачгийн халууны /b.caballi/ эерэг бием 1 адуунд, адууны папиллома вирус 14 тооны адуунд, адууны вирусын артерит өвчин 2 тооны адуунд тус тус илэрчээ[4].
2.3.Үүнээс дүгнэхэд, хариуцагч захиргааны байгууллагын улсын хилээр нэвтрүүлэх үед 17 толгой адуунд үзлэг хийж, мал, амьтны халдварт өвчинтэй байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн гэж үзэн шинжилгээнд хамруулж, шинжилгээний дүгнэлт гаргуулсан үйлдэл нь дараахь хуулийн хэм хэмжээнд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Үүнд:
2.4.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Улсын байцаагч нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 8.1.4-т “хилээр нэвтрүүлж буй амьтан нэг бүрийг бүртгэж, эрүүл мэндийн үзлэг хийх”, 8.1.5-д “анхдагч болон эрүүл мэндийн үзлэгээр халдварт өвчний шинж тэмдэг, хөнөөлт организм илэрвэл амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг зориулалтын байранд түр саатуулж, лабораторийн шинжилгээний дээж авч, хорио цээрийн хяналтад оруулах”,
2.5.Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтаар өвчний шинж тэмдэг илэрсэн амьтан, шавьж илэрсэн ургамал, гэмтэж муудсан нь тогтоогдсон түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын байцаагч 21 хүртэл хоногийн хугацаагаар түр саатуулж, энэ тухай мэдэгдлийг хариуцагч иргэн, хуулийн этгээдэд гардуулан өгнө.”, 14.3-т Улсын байцаагч хорио цээрийн нарийвчилсан үзлэг хийж, шинжилгээний дээж аван холбогдох лабораторид хүргүүлнэ. Дээж хүлээн авсан лаборатори нь 14 хоногийн хугацаанд багтаан шинжилгээний хариуг гаргана.”, 14.4-т “Лабораторийн шинжилгээний хариу болон хорио цээрийн хугацаанд хийсэн ажиглалт, үзлэгийн дүнг үндэслэн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх эсэхийг хилийн боомт, гүний гаалийн байгууллага шийдвэрлэнэ.” гэж тус тус заасан.
2.6.Тодруулбал, улсын хилээр нэвтрүүлэх үед өвчний шинж тэмдэг илэрсэн амьтныг шууд нэвтрүүлэх бус, түр саатуулж нарийвчилсан үзлэг, шинжилгээ хийх тодорхой дарааллыг хуулиар нарийвчлан зохицуулсан бөгөөд 17 толгой адуунд өвчний шинж тэмдэг илэрсэн, шинжилгээний дээж авсан, лабораторийн хариу гарсан, үүнийг үндэслэн хилээр нэвтрүүлэх эсэх асуудлыг гаалийн байгууллага шийдвэрлэсэн нь дээрх хуулийн 8.1.4, 8.1.5, 14.1, 14.3, 14.4-д нийцсэн хяналт шалгалтын ажиллагаа гэж үзэхээр байна.
2.7.Түүнчлэн хариуцагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “НАФ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч Ж.Бтийг 2025 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хууль ёсны төлөөлөгчөөр томилж, мэдүүлэг аван, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хэргийн материал танилцуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно”, 1.2-т “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг.” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
2.8.Энэ талаарх анхан шатны шүүхийн “...Ж.Бт нь “НАФ” ХХК-ийг төлөөлөн мэдүүлэг өгөхдөө өөрийн төлөөлөх эрхийн талаар ямар нэгэн татгалзал гаргаагүй, компанийн эцсийн өмчлөгчийн хувьд хэргийн материалтай танилцаж, гарын үсэг зурсан байна, ...захиргааны байгууллага компанийг бодитой төлөөлж чадах этгээдийг ажиллагаанд татан оролцуулсан нь процессын алдаанд тооцогдохгүй” гэх дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “...компаниас итгэмжлэл олгогдоогүй, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд биш Ж.Бтийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүй байсан” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
2.9.Мөн шинжилгээний дээж авахад итгэмжлэл аваагүй этгээд К.Эыг байлцуулсан нь холбогдогчийн оролцох эрхийг хангаагүй гэх гомдолд анхан шатны шүүх “...Халдварын сэжиг илэрсэн тохиолдолд халдварт өвчний оношийг шуурхай тогтоох, дээж авах ажиллагаа нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зайлшгүй шаардлагаар хийгддэг, дээж авах үйл ажиллагааны зорилго, явцыг адууг импортлох үйл ажиллагааг гардан гүйцэтгэж буй К.Эад танилцуулж, түүнийг байлцуулан гүйцэтгэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан сонсох ажиллагааг бодитой хэрэгжүүлсэн гэж үзнэ” гэх дүгнэлт хийсэн үндэслэлтэй байна.
2.10.Дээрхээс гадна Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.4-т “гаалийн байгууллага, албан тушаалтан бараанд шалгалт хийх, дээж, сорьц, загвар авахад байлцах” гэж зааснаар гаалийн байгууллагад мэдүүлэг гаргасан К.Эыг шинжилгээний дээж авах ажиллагаанд оролцуулсан нь мэдүүлэг гаргагчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
2.11.Иймд гомдол гаргагч хуулийн этгээдийн “улсын хилээр нэвтрүүлэх үед хийсэн хяналт шалгалтын ажиллагаа хуульд нийцээгүй” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
3.Нэмэлт буюу дахин шинжилгээ хийх хүсэлтийг шийдвэрлээгүй гэх гомдлын тухайд:
3.1.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т улсын байцаагч хорио цээрийн нарийвчилсан үзлэг хийж, шинжилгээний дээж авч холбогдох лабораторид хүргүүлэх, лаборатори шинжилгээний хариуг гаргах талаар, мөн хуулийн 14.4-т лабораторийн шинжилгээний хариу болон хорио цээрийн хугацаанд хийсэн ажиглалт, үзлэгийн дүнг үндэслэн тухайн амьтныг улсын хилээр нэвтрүүлэх эсэхийг гаалийн байгууллага шийдвэрлэхээр тус тус зохицуулсан.
3.2.Эдгээр зохицуулалтын агуулгаас үзвэл улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын шийдвэр нь тухайн амьтан Монгол Улсын хилээр анх нэвтрэх үеийн бодит нөхцөл байдал, тухайн цаг хугацаанд авсан дээж, лабораторийн шинжилгээний хариу болон ажиглалт, үзлэгийн дүнд үндэслэгдэхээр байна.
3.3.Иймд хожим дахин сорьц авч шинжилгээ хийлгэх боломж байсан эсэх нь анх хилээр нэвтрүүлэх үеийн лабораторийн шинжилгээний нотлох чадварыг үгүйсгэх үндэслэл болохгүй.
3.4.Шүүх шинжилгээний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр нэмэлт шинжилгээ хийнэ.” гэж заасан.
3.5.Үүнээс үзэхэд нэмэлт шинжилгээ хийх нь хуульд заавал биелүүлэх үүрэг хэлбэрээр бус, харин анхны шинжилгээний сорьц шаардлага хангаагүй, шинжилгээний дүн хоорондоо зөрүүтэй, дүгнэлт ойлгомжгүй, бүрэн бус, эсхүл шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй болох нь баримтаар тогтоогдсон тохиолдолд хэрэгжих боломжтой ажиллагаа юм.
3.6.Харин энэ хэрэгт анхны шинжилгээ эрх бүхий лабораториор хийгдсэн, шинжилгээний хариу эрх бүхий байгууллагад хүргэгдсэн, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтээр Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори нь Монгол Улсад био аюулгүй ажиллагааны шаардлага хангасан төв лаборатори бөгөөд дахин сорьц, дээж авч шинжлэх шаардлагагүй гэж дүгнэсэн байна.
3.7.Гомдол гаргагчаас “шинжилгээний дүн эргэлзээтэй” гэж маргасан боловч уг эргэлзээг нотлохуйц дээж авах, хадгалах, тээвэрлэх горим ноцтой зөрчигдсөн, сорьц солигдсон, лаборатори эрх бүхий бус байсан, эсхүл шинжилгээний аргачлал буруу хэрэглэгдсэн гэх нөхцөл байдал нотлогдоогүй байна.
3.8.Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч нь импортоор орж ирсэн адуунд хилээр нэвтрүүлэх үеийн үзлэг, шинжилгээ хийлгүүлж, лабораторийн дүн болон хорио цээрийн хяналт шалгалтын ажиллагаанд тулгуурлан шийдвэр гаргасан байх тул бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
3.9.Иймээс гомдол гаргагчийн “дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг хангаагүй тул шийтгэлийн хуудас хууль бус” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд дахин шинжилгээ хийлгэх шаардлага бодитоор үүссэн нь тогтоогдоогүй, анхны шинжилгээ болон шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх хангалттай үндэслэл тогтоогдоогүй тул уг үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
4.Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох ба буцаах үүрэгтэй холбоотой гаргасан давж заалдах гомдлын тухайд:
4.1.Сэлэнгэ аймгийн гаалийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/83 тоот албан бичгээр[5] “НАФ” ХХК-д “... 17 толгой адууг 2025 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн дотор экспортлогч оронд буцааж хуульд заасан үүргээ биелүүлж ажиллана уу, заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.22.8 дахь заалтын дагуу шийдвэрлэх” талаар мэдэгдэл хүргүүлсэн.
4.2.Энэхүү мэдэгдэлд заасан үүргийг биелүүлээгүй гэж үзэн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Зөрчлийн хэрэг нээж[6], маргаан бүхий шийтгэлийн хуудсаар[7] Амьтан ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13.4 дэх хэсэгт зааснаар “НАФ” ХХК-д импортоор оруулж ирсэн 17 толгой адууг экспортлогч оронд буцаах тухай 2025.01.28-ын өдрийн 01/83 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн боловч тус 17 толгой адууг экспортлогч оронд буцаах үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчид Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар 2,000,000 төгрөгийн торгох шийтгэлийг оногдуулжээ.
4.3.Хорио цээрийн шаардлага хангаагүй амьтныг хилээр нэвтрүүлэхийг хориглох үндэслэлийг Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн хуулийн 13 дугаар зүйлд 13.1-д “энэ хуулийн 10.1, 11.1-д заасан шаардлагыг хангаагүй, эсхүл хорио цээрийн хяналт шалгалтад ороогүй, гэрчилгээний мэдээлэл зөрүүтэй, дагалдах бичиг баримт хуурамч болох нь хяналт шалгалтын явцад тогтоогдсон тохиолдолд амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно” гэж заасан.
4.4.Мөн хуулийн 13.3-д “улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдлийг улсын байцаагч хариуцагч иргэн, хуулийн этгээдэд гардуулан өгөх”, 13.4-д “уг мэдэгдлийг хүлээн авсан иргэн, хуулийн этгээд тухайн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах үүрэгтэй” гэж заасан байна.
4.5.Эндээс үзэхэд буцаах үүрэг нь гаалийн байгууллагаас өөрөө дур мэдэн тогтоосон үүрэг биш, харин хуулиар түүнд үүрэг болгосон зохицуулалт байна. Өөрөөр хэлбэл, дараах гурван нөхцөл бүрдвэл гаалийн байгууллага нь импортлогчид буцаах үүрэг үүснэ:
4.6.Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 8 дахь хэсэг нь дээрх Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13.4-д хуульд заасан тохиолдолд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдэл хүлээн авсан хүн, хуулийн этгээд хориглосон амьтныг экспортлогч улсад буцаах үүргээ биелүүлээгүй бол тухайн амьтныг устгаж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зохицуулсан.
4.7.Иймд маргаан бүхий шийтгэлийн хуудсаар Амьтан ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13.4 дэх хэсэгт зааснаар “НАФ” ХХК-д импортоор оруулж ирсэн 17 толгой адууг экспортлогч оронд буцаах тухай мэдэгдэл хүргүүлсэн боловч тус 17 толгой адууг экспортлогч оронд буцаах үүргээ биелүүлээгүй гэж үзэн торгуулийн шийтгэл оногдуулсныг гомдол гаргагчийн гомдолд заасан үндэслэлээр хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
5. “17 толгой адууг буцаах талаар илгээгч улс буюу Б улсын гаалийн байгууллагад мэдэгдэх үүргээ хариуцагчаас биелүүлээгүй, хорио цээрийн дэглэмд байх хугацаанд эрх бүхий этгээдээс огт хяналт тавьж байгаагүй” гэх гомдлын тухайд:
5.1.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д хуульд заасан шаардлагыг хангаагүй амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглохоор, 13.3-д хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдлийг хариуцагч иргэн, хуулийн этгээдэд гардуулахаар, 13.4-д уг мэдэгдлийг хүлээн авсан иргэн, хуулийн этгээд тухайн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах үүрэгтэй гэж тус тус зохицуулсан байна.
5.2.Эдгээр зохицуулалтын агуулгаас үзвэл импортоор амьтан Монгол Улсын хилээр нэвтрүүлэх ажиллагаанд оролцсон мэдүүлэгч буюу импортлогч нь тухайн амьтантай холбоотой гаалийн болон хорио цээрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг гаалийн байгууллагын өмнө хариуцах бөгөөд хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдлийг хүлээн авсан бол экспортлогч улсад буцаах ажиллагааг өөрөө зохион байгуулах үүрэгтэй.
5.3.Хэрэгт авагдсан баримтаар Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газраас “НАФ” ХХК-д 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01/83 тоот албан бичгээр 17 толгой адууг экспортлогч улсад буцаах тухай мэдэгдэл хүргүүлсэн, улмаар уг үүргээ биелүүлээгүй үндэслэлээр 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн байна.
5.4.Харин гомдол гаргагч компанийн тайлбарлаж буй “Б улсын гаалийн байгууллагад мэдэгдэх” зохицуулалт нь Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан дамжин өнгөрүүлэх харилцаанд хамаарах бөгөөд уг заалтаар энэ хуулийн 12.1.2, 12.1.3-т заасан шаардлагыг хангаагүй амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэхийг хориглож, энэ тухай гаалийн байгууллага экспортлогч улсын хилийн боомтын хяналтын эрх бүхий байгууллагад мэдэгдэхээр зохицуулсан байна.
5.5.Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн 13.2 дахь хэсгийн мэдэгдэх үүрэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх амьтанд хамаарах тусгай зохицуулалт бөгөөд энэ хэрэгт буюу Монгол Улсаар дамжин өнгөрөх буюу импортлохоор оруулж ирсэн 17 толгой адууг илгээгч улс буюу Б улсын гаалийн байгууллагад мэдэгдэх үүрэгт хамаарахгүй.
5.6.Тодруулбал, “НАФ” ХХК буюу гаалийн мэдүүлэг гаргагч нь тухайн импортоор оруулж ирсэн 17 толгой адуутай холбоотой гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг гаалийн байгууллагын өмнө бүрэн хариуцах бөгөөд адууг буцаах шийдвэрийг хүлээн авсны үндсэн дээр экспортлогч талтайгаа холбогдож, буцаан хүлээн авах зөвшөөрөл болон тээвэрлэлтийн асуудлыг зохицуулах үүрэгтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
5.7.Түүнчлэн гомдол гаргагч хуулийн этгээдийн “хорио цээрийн дэглэмд байх хугацаанд эрх бүхий этгээд огт хяналт тавиагүй” гэх тайлбар нь 17 толгой адууг экспортлогч улсад буцаах тухай мэдэгдлийг биелүүлээгүй зөрчлийг үгүйсгэхгүй. Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан хариуцлага нь хилээр нэвтрүүлэхийг хориглосон тухай мэдэгдэл хүлээн авсан этгээд хориглосон амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцаах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйд ногдох хариуцлага юм.
6. “Хариуцагч хорио цээрийн дэглэмийн үед хэрэгжүүлэх үүрэгтээ хайхрамжгүй хандсаны улмаас адуунд байнгын маллагаа арчилгаа дутмаг, адууны өвс тэжээлийг зориуд багасгасны улмаас адуу турш эцэн, 2 адуу хорогдсон” гэх гомдлын тухайд:
6.1.Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д захиргааны байгууллагын хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүн, хуулийн этгээдэд хохирол учирсан бол уг хохирлыг нөхөн төлүүлэхээр зохицуулсан.
6.2.Хуулийн зохицуулалтаас үзэхэд хохирол нөхөн төлүүлэх шаардлага хангагдахын тулд нэгдүгээрт, захиргааны байгууллагын хууль бус үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсон байх, хоёрдугаарт, бодит хохирол учирсан байх, гуравдугаарт, уг хууль бус үйл ажиллагаа болон хохирлын хооронд шууд шалтгаант холбоо тогтоогдсон байх, дөрөвдүгээрт, хохирлын хэмжээ нотлох баримтаар тогтоогдсон байх шаардлагатай.
6.3.Гэвч энэ хэргийн хувьд хариуцагч захиргааны байгууллагаас адууны маллагаа, арчилгаа, өвс тэжээлийг зориуд багасгасан, эсхүл адууг хорогдоход хүргэсэн шууд хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Гомдол гаргагч компанийн “хайхрамжгүй хандсан”, “өвс тэжээлийг зориуд багасгасан” гэх тайлбар нь нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд энэ нь захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүйг тогтоох хангалттай үндэслэл болохгүй.
6.4.Түүнчлэн Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай 29 дүгээр зүйлийн 29.1-д “Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлох, экспортлох, дамжуулан өнгөрүүлэх, тээвэрлэх иргэн, хуулийн этгээд дараахь үүрэг хүлээнэ:”, 29.1.6-д “амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд шинжилгээ хийж баталгаажуулах, тэдгээрийг саатуулах, эмчилгээ, цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийхэд шаардагдах зардлыг хариуцах.” гэж заасан.
6.5.Хэрэгт авагдсан баримтаар НАФ” ХХК нь 2024 оны 09 дүгээр сарын 24, 25-ны өдрийн 02/081, 02/83 дугаар албан бичгээр хорио цээрийн дэглэмийн хугацаанд 17 толгой адууг бусад мал, амьтнаас тусгаарлах, эмчилгээ, оношилгоо зэрэг үйл ажиллагаанаас гарах зардлыг бүрэн хариуцах, гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад олгохгүй байх баталгааг хариуцагчид гаргаж өгсөн байна.
6.6.Үүнээс үзэхэд адууны хоол тэжээл, байршуулалт, эмчилгээ, оношилгоо, өдөр тутмын маллагаа, арчилгаатай холбоотой аливаа зардал, зохион байгуулалтыг гомдол гаргагч хуулийн этгээд өөрөө хариуцах үүргийг хуулиар хүлээж, энэ үүргээ өөрөө ойлгож баталгаа гаргаж өгсөн гэж үзэхээр байна. Энэ нөхцөлд адуу хоол тэжээлийн дутагдалд орсон, 2 адуу хорогдсон гэх үр дагаврыг хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс болсон гэж үзэх үндэслэлгүй.
6.7.Хорио цээрийн дэглэм тогтоосон нь тухайн амьтныг бусад мал, амьтнаас тусгаарлах, халдварын эрсдэлийг хязгаарлах, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр шилжүүлэхгүй байх нийтийн эрх зүйн хязгаарлалт болохоос бус, импортлогчийн өөрийн эзэмшлийн буюу ашиг сонирхлын хүрээнд оруулж ирсэн адууны өдөр тутмын хоол тэжээл, маллагаа, малчны зохион байгуулалт, эмчилгээний бүх зардлыг гаалийн байгууллага хариуцах агуулгатай зохицуулалт биш юм.
6.8.Иймд “хариуцагч албан үүрэгтээ хайхрамжгүй хандсаны улмаас адуунд байнгын маллагаа, арчилгаа дутмаг болж, өвс тэжээлийг зориуд багасгаснаар адуу турж эцэн, 2 адуу хорогдсон, 14,937,762 төгрөгийн хохирлыг хариуцагч нөхөн төлөх ёстой” гэх давж заалдах гомдлын үндэслэл нь нотлох баримтаар тогтоогдоогүй, мөн адууны хоол тэжээл, эмчилгээ, оношилгоо, маллагаатай холбоотой зардал, зохион байгуулалтыг гомдол гаргагчаас өөрөө бүрэн хариуцахаар хуульд заасан байх тул уг гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь шийдлийн хувьд үндэслэлтэй боловч шийдвэрийн тогтоох хэсэгт маргааны үйл баримтад хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дэх хэсэгт тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 7 дугаар шийдвэрийн ТОГТООХ нь хэсгийн 1 заалтын “Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.4, 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.6, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 15 дугаар зүйлийн 15.1, 15.6.5, 25 дугаар зүйлийн 25.1, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 43 дугаар зүйлийн 43.1, 100 дугаар зүйлийн 100.1, Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8, 93 дугаар зүйлийн 93.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 2, 4.14 дүгээр зүйл, Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 8-д заасныг” гэснийг “Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.6, Зөрчлийн тухай хуулийн 11.22 дугаар зүйлийн 8-д заасныг” гэж өөрчлөн, үлдэх хэсгийг хэвээр үлдээн, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ