Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 79

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Г.Мөнхзул, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч М.Төрхүү,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

хохирогч Б.Чойжил,

шүүгдэгч Х.Энхтуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйр /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0-970/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Халтарын Энхтуяад холбогдох эрүүгийн 2016 2601 2649 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 02 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Боржигон овгийн Халтарын Энхтуяа нь Монгол Улсын иргэн, 1963 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 10, ах, 3 охин, 5 зээгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 1 дүгээр гудамжны 60 тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, ХБ63030865 дугаарын регистртэй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Х.Энхтуяа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 44 дүгээр гудамжны 161 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу өөрийн төрсөн ах Х.Мөнхтайваныг өмөөрч хохирогч Б.Чойжилтой маргалдан, улмаар түүний зүүн мөрөн тус газар нь хутгалж, бие махбодид нь “Цээжний хөндийд нэвтэрч уушиг гэмтээсэн зүсэгдэж хатгагдсан шарх, цээжний хөндий дэх хий, шингэн хуралдалт” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Энхтуяа мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэртээ байхад Оюундарь утсаар ярьж, Буянжаргал эгчийнд ирсэн байна та хүрээд ир гээд намайг дуудсан. Би ач нартаа хоолыг нь хийж өгчихөөд 17 цаг өнгөрч байхад Буянжаргалын гэрт очсон. Тэнд Оюундарь, Шүрэнцэцэг, Буянжаргал нар хоёр шил архи аваад нэг шил архи нь талдаа орсон байсан. Би архи уудаггүй болохоор надад 2 литрийн пиво авсан байсан. Би тэр пивийг ганцаараа уусан. Би Буянжаргалынд очихдоо гаднаас архи авч очоогүй. Оюундарь хэнтэй явсныг нь санахгүй байна, нэгэнтэй нь хамт архинд явсан санагдаж байна. Бид нар авсан пиво, архиа ууж сууж байсан. Оюунцэцэг, Шүрэнцэцэг, Мөнхтайван бид байсан. Тэд дахиад нэг шил архи авна гээд сууж байсан. Мөнхтайван нь миний ах юм. Мөнхтайван, Буянжаргал хоёр сууна гэж хаяа нэг уулздаг байсан. Энэ асуудлаас болж бид маргалдсан. Би Б.Чойжилыг алах санаа зорилго, бодол байгаагүй, бүдэг л санаад байна. Чойжилыг хутгалаад эрүүлжүүлэх байр руу явсан. Хурдан хугацаанд болоод өнгөрсөн. Бид мах чанаад хийсэн байсан түмпэн дотор хутга байсан. Тэр дотроос л хутга авсан байх. Би яс аваад цохилоо гэж бодсон хутга байсан. Б.Чойжилоос цус гарахад нь би шоконд орсон. Айлын хутга хаана байдгийг мэдэхгүй.  Тухайн үед болсон явдлыг сайн санахгүй байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Чойжил мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 27-ны орой ээжийн найзууд Х.Энхтуяа эгч болон бусад хүмүүс ирж архи ууж согтуурч манай гэр орныг доромжилсон.

Тэр өдөр Мөнхтайван гэдэг хүнээс болж муудалцсан. Мөнхтайван гэдэг хүн манай дүү бид хоёрын хажууд ээжийг минь үнсээд байхаар нь надад эвгүй санагдсан. Насанд хүрээгүй бага дүүд маань муу үлгэр дуурайлал үзүүлж байна гэж бодоод Мөнхтайван ахыг гэрээсээ гаргаад буцаж гэртээ ороход Энхтуяа нь ах Мөнхтайваныгаа өмөөрч надтай маргалдсан. Энхтуяа  “манай ахыг хөөж гаргалаа, ахыг оруул” гэж хэлэхэд би “танай ах манай ээжийг дүү бид хоёрын дэргэд үнсээд байна. Манай гэрийг доромжилж байна” гэж хэлж маргасан. Тэгээд Энхтуяа хаанаас хутга авсныг мэдэхгүй. Х.Энхтуяа миний зүүн эгэм хэсэгт хатгасан. Уушигны хагалгаанд орж, уушгинд гуурс тавьж шингэн авсан. Эмнэлгийн төлбөрт 330,000 төгрөг төлсөн. Мөрдөн байцаалтад 460,000 төгрөг хохиролд хүлээн авсан. Одоо шүүгдэгч Ч.Энхтуяагаас 8,000,000 төгрөг нэхэмжилж байна. Үүнд нэг сарын цалин 750,000 төгрөг, 3 сарын цалин 2,250,000 төгрөг, эмнэлэгт хэвтэхэд эргэсэн эргэлтийн зардал 1 өдрийн 40,000 төгрөг, 20 хоногийн 800,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 1,000,000 төгрөг, эмнэлгийн төлбөр 330,000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал 3,000,000 төгрөг зэргийг нэхэмжилж байна гэв.

 

Эрүүгийн 2016 2601 2649 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох:

1.Хохирогч Б.Чойжилын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэртээ ээж дүү нарын хамт байж байтал орой 21 цаг өнгөрч байхад манай ээжийн найзууд болох Энхтуяа, Мөөжиг, Оюундарь нар ирсэн. Тухайн үед гэрт би, ээж, дүү, бэр эгч Шүрэнцэцэг нар байсан. Дээрх хүмүүс гэрт орж ирээд хамт 5, 6 шил “Шим” нэртэй архи, 1 том пиво хувааж уугаад байсан. Тухайн үед би дүү нартайгаа хамт хажууд нь байж байсан. Тэгээд гэрт байсан хүмүүс нилээн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд бүгд согтсон байсан. Тэгтэл Оюундарь эгч намайг хамт дэлгүүр явъя гээд дагуулаад автобусны буудлын хажууд байх Жаргалант дэлгүүр орж 2 шил архи авах гэсэн чинь Оюундарь эгчийн карт ажиллахгүй байна гээд надаас мөнгө зээлээд надаар архины мөнгөө төлүүлээд дэлгүүрээс гарч гэрт очсон. Тэгээд тэд архиа хувааж уугаад ихэнх нь тасарсан байсан. Тэгээд байж байхад Мөөжиг гээд ах манай ээжийг үнсээд дайраад байхаар нь би боль гээд салгасан чинь Энхтуяа эгч Мөөжиг ахыгаа өмөөрөөд намайг болон ээж гэр оронг минь доромжлоод байсан. Би тэгэхээр нь Мөөжиг ахыг гэрээсээ гаргасан. Тэгтэл Мөөжиг ах хаалга түлхээд орох гээд байсан. Би оруулахгүй гээд хаалга түгжээд байж байсан чинь араас Энхтуяа эгч над руу дайраад хэл амаар доромжлоод, чамайг ална гэх мэтийн заналхийлсэн үг хэлээд байхаар нь би манай орон гэрийг битгий доромжлоод байгаарай гэж хэлсэн. Тэгтэл Мөөжиг ах хаалга түлхээд орж ирэхээр нь би дахин гэрээсээ гаргаад хаалгаа хаагаад хойшоо хартал Энхтуяа эгч хутга барьчихсан миний зүүн эгэм хэсэгт хутгаар нэг удаа хатгасан. Тэгээд миний мөрнөөс цус гараад байхаар нь би даавуу аваад шархан дээрээ дараад бага дүү Дагвасүрэнг түргэн дууд гэж хэлээд үүдний шалан дээр явган суусан. Тухайн үед Энхтуяа эгч хутгаа арчаад над руу хараад суугаад байсан. Харин бусад хүмүүс нь тасарчихсан, юу болоод байгаа талаар мэдэхгүй байсан. Харин Оюундарь миний шархан дээр даавуу тавиад цус тогтоож байсан. Тэгээд удалгүй түргэний эмнэлэг болон цагдаа нар ирсэн. Тэгээд би цагдаа нарт юу болсон талаараа хэлээд Энхтуяа эгчийг цагдаа нарт өгөөд явуулсан. Харин гэрт ээж Буянжаргал, дүү Дагвасүрэн, Шүрэнцэцэг нар үлдсэн. Оюундарь надтай хамт түргэний машинд суугаад явсан. Мөөжиг гэдэг хүний бүтэн нэрийг болон одоо хаана байгааг мэдэхгүй байна. Энхтуяа, Мөөжиг хоёр төрсөн ах дүү юм. Тэгээд би ахыг нь хөөгөөд гаргахад ахыгаа өмөөрөөд гэрт агсам тавиад байсан. Шууд санаатайгаар намайг хутгалсан байх. Учир нь ийм зүйл болохын өмнө над руу дайраад ална, хядна гэх мэтийн зүйл хэлээд байсан. Мөн хутгалчихаад ямар нэгэн айж сандарсан зүйл байхгүй, намайг хараад байгаад байсан. Мөн эмнэлэг явсан хойгуур над руу залгаад би чамайг ална даа гэх мэтийн зүйл хэлээд байсан. Урьд нь 2015 оны намар гэрт шөнө Энхтуяа эгч нөхөртэйгээ хамт орж ирээд агсам тавиад байхаар нь би хөөж гаргатал гарахдаа өглөө хэвтэр дээр чинь ална хядна гэх мэтийн зүйл хэлж байгаад гараад явсан. Харин өглөө унтаж байтал гэрт орж ирээд намайг зодсон. Тухайн үед би цагдаагаар шалгуулж байгаад зүгээр орхичихсон. Би 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө Энхтуяа эгч манайд ирээд тохирох арга байна уу гэх мэтийн зүйл ярьж байгаад явсан байна лээ. Тухайн үед би унтаж байсан. Тэгээд сэрээд өдөр тийшээ би Энхтуяа эгчийн гэрт очиж уулзаад хохирол болох 8,000,000 төгрөг өгчих гэсэн. Энхтуяа эгч чадахгүй, одоо чиний хэрэг байхгүй гэх мэт зүйл хэлээд байсан. Тэгээд бас намайг дарамтлах гээд байгаа юм шиг чамайг цагдаад хэлнэ гээд байхаар нь би гараад явчихсан. Хэрэг болох үед Энхтуяа над руу дайраад гар хөл рүү цохиод байсан. Тэгж байгаад нэг удаа зүүн эгэм орчим хутгалсан.  Одоо амьсгалахаар нэг л эвгүй зовиуртай байна. Мөн цээж хэсгээр хавдсан зовиуртай байгаа. Маш их гомдолтой, 8,000,000 төгрөг нэхэмжилж байна. Ажил хийх цаг хугацааг минь алдагдуулсан, мөн эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол гэж үзэн дээрх мөнгийг нэхэмжилж байна. Энхтуяа намайг эмнэлэгт хэвтэж байхад эмчилгээний зардал гэж манай гэрийнхэнд хэдэн төгрөг өгсөн байна лээ. ...” гэх мэдүүлэг [1],

 

2.Гэрч Х.Мөнхтайваны /шүүгдэгч Х.Энхтуяагийн төрсөн ах/ 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...Тухайн өдөр би гэрээсээ гараад явж байгаад Буяатай уулзаад хамт гэрт нь очсон. Тухайн үед Буяагийн /Д.Буянжаргал/ хоёр хүүхэд нь Шүрээтэй /Шүрэнцэцэг/ хамт байж байсан. Гэрт нь байж байтал гаднаас Дариа, Энхтуяа хоёр дэлгүүр орчихоод ирлээ гээд нилээн хэдэн шил архи болон нэг том пиво авчихсан байсан. Тэгээд бид нар тойрч суугаад нөгөө авсан архиа хувааж ууж байсан. Буяа миний хажуунаас үнсээд “би чамтай сууна” гэх мэтийн зүйл яриад байж байсан. Буяагийн том хүү Чойжил Буяа бид хоёрыг салгаад намайг татаад гэрийн гадаа гаргасан. Би буцаж орох гэтэл оруулахгүй байсан. Тухайн үед дотор хэрүүл маргаан болж байгаа нь сонсогдож байсан. Тэгээд би байж байгаад хаалга тогшоод дахин дотогш ороход Чойжилын мөр хэсэгт нь цус гарчихсан байсан. ...Ямар ч байсан Чойжил хутгалуулсан байдалтай гэрт байсан хүмүүс ихэнх нь тасарчихсан байсан. Тэгээд нэг мэдэхэд цагдаа эмнэлэг ирчихсэн байсан санагдаж байна. Нэг сэрэхэд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэхэд сэрсэн. Яг болсон асуудлын талаар дараа нь хүмүүсээс сонсоод байхад надаас болоод хэрүүл маргаан болж Туяа Чойжилыг хутгалсан гэж сонссон. Чойжил Туяаг хэл амаар доромжлоод байхаар нь Туяа согтуу уурандаа хутгалсан байх. Би Энхтуяагийн төрсөн ах нь байгаа юм. ...Энхтуяа гэртээ надтай болон ач зээ нартайгаа хамт байдаг. Зан байдлын хувьд гайгүй, сайхан ааштай, ямар нэгэн зан ааш байхгүй. Тухайн үед Энхтуяаг ямар согтолттой байсныг мэдэхгүй, би маш их согтуу байсан. Бараг юу болсон талаар санахгүй байгаа. Дариа гаднаас архи барьж орж ирсэн. Хамгийн сүүлд Буяатай өчигдөр уулзах гэтэл Чойжил хаалгаа хаагаад оруулахгүй болохоор уулзаж чадаагүй. Тухайн үед Чойжил эрүүл байсан...”  гэх мэдүүлэг [2],

 

3.Гэрч П.Шүрэнцэцэгийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн: “...Тухайн өдөр би Буяа эгч, Чойжил, Дагвасүрэн бид нар байж байсан. Тэгтэл өдөр 17 цаг өнгөрч байхад гаднаас Дариа ганцаараа орж ирээд Буяа эгчийг дагуулаад дэлгүүр орсон. Тэр хоёрыг дэлгүүр орсон хойгуур Мөөжиг ах орж ирээд байж байсан. Тэгээд удалгүй Буяа эгч, Дариа хоёр хоёр шил архи, ...1 том нийслэл пиво, 1 том түмний ундаа аваад ороод ирэхээр нь би Туяа /Х.Энхтуяа/ эгч хаана байгаа юм бэ гэсэн. Дариа би Туяа руу ярьсан, удахгүй ирнэ гэсэн. Тэгээд бид нар авсан архиа хувааж уух гээд задлаад нэг нэг татаж байтал гаднаас Энхтуяа эгч ороод ирсэн. Тэгээд бид архиа хувааж уусан. Харин Энхтуяа эгч архи уудаггүй, пиво ууж байсан. ...Бид нар ихэнх нь тасарчихсан буюу нилээн согтуу байсан. Тэгсэн Дариа, Чойжил, Бондоохой хоёрт 20,000 төгрөг өгөөд дэлгүүр явуулж хоёр шил архи ...авчруулж байсан. ...Туяа согтуу байсан байх. ...” гэх мэдүүлэг [3],

 

4.Гэрч Д.Буянжаргалын 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “...Тухайн өдөр би гэртээ хүү Чойжил, Дагвасүрэн, Энхтуяагийн ах Мөөжиг, бэр Шүрэнцэцэг бид нар байж байсан чинь гаднаас Дариа орж ирээд намайг дагуулаад дэлгүүр орох болсон. Тэгээд дэлгүүр орчихоод байж байсан чинь Дариа “Буяа эгч ганц шил архи авч уух уу” гэхээр нь за гэтэл хоёр шил архи, нэг том нийслэл нэртэй пиво, нэг том ундаа, хоёр хайрцаг цагаан өргөө нэртэй тамхи худалдан авсан. Тэгээд манайд ирээд уух гэж байгаад Дариа “Туяа эгчийг дуудчихсан байгаа шүү” гэж надад хэлсэн. Тэгээд удалгүй гаднаас Туяа орж ирээд бид нар ширээ тойрч сууж байгаад авсан архиа хувааж ууцгаасан. Би тухайн архинаас нилээн уусан. Туяа архи уудаггүй, пиво уусан. Бид авсан архи пиво дууссан. Дариа манай хоёр хүүхдийг дэлгүүр рүү архинд явуулаад дахин хоёр шил архи авчирсан. Тэрийг бүгдийг нь уусан талаараа санахгүй байгаа, тасарчихсан байна лээ. Тэгээд сэрээд ухаан ороод хартал манай том хүү Чойжил хутгалуулчихсан байдалтай эмнэлэг болон цагдаа нар ирчихсэн байсан. ...Тухайн өдөр манайх яс чанаж идсэн. Одоо бодоод байхад Энхтуяа махтай төмөр савнаас юм аваад цохих гэж байгаад хутга аваад санаандгүй цохисон байх. ...Энхтуяагийн ах Мөөжиг /Мөнхтайван/ бид хоёрыг хамтран амьдарна гэх зэрэг зүйл яриад байж байтал манай хүү “чамайг ээжтэйгээ хамт байлгахгүй” гээд маргаан болоход дундуур нь Энхтуяа ахыгаа өмөөрөөд маргалдаж байгаад ийм асуудал болсон юм шиг байна лээ. ...” гэх мэдүүлэг [4],

 

5. Насанд хүрээгүй гэрч Б.Дагвасүрэнгийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...Тэр өдөр би хичээлээ тараад гэртээ ирсэн чинь гэрт Ээж, Дариа эгч, манай ах Чойжил байсан. Тэгээд би цай ундаа уугаад байж байсан чинь манай ширээн доор архи тавьчихсан байсан. Тэгээд би хоол цайгаа уучихаад орон дээрээ хэвтээд утсаар тоглож байтал гаднаас Туяа эгч орж ирсэн. Туяа эгчийг ирэхээс өмнө Мөөжиг ах орж ирсэн байсан. Тэд архиа ууж байгаад маргалдаад хутга дээрээ тулсан юм шиг байна лээ. Нэг мэдсэн л Чойжил ахыг Туяа эгч хутгалчихсан, хутгаа нэг юмаар арчаад Чойжил ахын хажууд зогсож байсан. Тэгэхээр нь би цагдаа гээд 102 дугаарт дуудлага өгсөн. Бас эмнэлэг болох 103 дугаарт дуудлага өгсөн. Удалгүй цагдаа, эмнэлэг хоёр ирсэн. Түргэн Чойжил ахыг авч явахад Дариа эгч хамт явсан. Харин цагдаа нар Мөөжиг ах, Туяа эгч хоёрыг аваад явсан. ...Нэг харсан чинь Чойжил ахын зүүн мөр хэсэгт хутгалчихсан байдалтай хажууд нь Туяа эгч цустай хутга барьчихсан, хутгаа арчаад байж байсан. ...” гэх мэдүүлэг [5],

 

6. Гэрч Б.Ганзоригийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...Тухайн үед би Сэлбэ 115 чиглэлд цагдаагийн ахлах дэслэгч Я.Болор-Эрдэнийн хамт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Шөнө 00 цагийн үед Сэлбэ 10-аас Хилчины 44-161 тоотод ээжийн найз Энхтуяа гэгч эмэгтэй манай ахыг хутгалчихлаа гэсэн дуудлага мэдээлэл авч тухайн хэргийн газар хойшлуулашгүйгээр очсон. Тухайн хүмүүс нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тухайн айлын эрэгтэй хүүхдийг хамт байсан Энхтуяа гэгч эмэгтэй хутгалсан байсан. Би хэргийн газар Я.Болор-Эрдэнийн хамт очсон. Хэргийн газар ороход бүгд нилээн согтуу байдалтай байсан. Тухайн үед хутгалуулсан залуу болон түүний дүү хоёр л эрүүл байсан. Тэгээд Болор-Эрдэнэ бид хоёр яаралтай 103 дуудан хутгалуулсан гэх залууг гэрт байсан нэг эмэгтэйтэй хамт явуулсан. Тэгээд Энхтуяа гэгч эмэгтэйг сэлбэ 10 дээр авчиран хүлээлгэн өгсөн. Би хэргийн газраас тухайн эрэгтэйг хутгалсан гэх төмөр хутгыг хураан авч тэмдэглэл үйлдэн сэлбэ 10-т хүлээлгэн өгсөн. ...Нэг залуу мөр орчмоо хутгалуулсан байсан. Харин хутгалсан гэх эмэгтэй согтуу сууж байсан. ...” гэх мэдүүлэг [6],

 

7. Гэрч Д.Алтанзулын 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 10 дугаар сарын 27-ны орой хэдэн цаг гэдгийг нь мэдэхгүй байна. Тухайн үед манай Буянжаргал гэдэг дүүгийн гэрт Дариа, Туяа гээд нэг эмэгтэйгийн ах, Туяа, Шүрэнцэцэг, Дагвасүрэн, Чойжил нар байж байсан юм байна лээ. Орой хоол хийгээд, ...Туяа, Шүрэнцэцэг, Туяагийн ах, Дариа, Буянжаргал нар нэг шил архи уугаад байж байхад нь манай дүү Чойжил, Дагвасүрэн, Дариа нар хөзөр тоглож байсан юм байна лээ. ...Туяа гэдэг хүний ах нь манай дүү Чойжилд би танай ээжтэй сууна гэх мэт зүйл хэлээд жаахан дарамтлах маягтай байгаад байхаар нь Чойжил гэрээсээ хөөж гаргасан чинь буцаад ороод ирсэн. Дахин хөөгөөд гаргасан чинь Туяа “чи манай ахыг хөөдөг хэн юм” гэж хэлээд маргаж байгаад хутга аваад хатгачихсан гэсэн. Миний мэдэх зүйл бол энэ байна. Надад хэргийн талаар Дариа, Дагвасүрэн хоёр ингэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг [7],

 

8. Гэрч О.Түмэнбаярын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...Энхтуяа бид хоёр хамтран амьдрагч, хамт амьдраад 10 жил болж байна. Анх 2006 онд танилцаад хамт байх болсон. Энхтуяа Сонгинохайрхан дүүргийн 22 хороо, Тахилтын 1-60 тоотод зээ нарын хамтаар амьдардаг. Хоёр том охиныхоо хүүхдүүдийг хараад гэртээ  байдаг. Хувь хүний хувьд цагаан цайлган сэтгэлтэй, хүнд тусч, хааяа огцом ууртай, тамхи татдаг, архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэнэ. ...Хүмүүстэй нийлэхээрээ уучихдаг, нэг ёсны хүнд уруу татагдаад уучихдаг. 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Энхтуяа дүү Гүнжидмаагийнд очоод ирье гээд орой 20 цагийн үед явсан байх, би сайн мэдэхгүй байна. Тэгээд орой гэртээ ирэхгүй байхаар нь гайхаад байж байтал өглөө Т.Хулан гээд охин нь орж ирээд ээж цагдаа дээр асуудалтай болчихсон байна гэж хэлээд би мэдсэн. ...” гэх мэдүүлэг [8],

 

9. Гэрч Т.Дэлгэрмөрөнгийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...Энхтуяа миний ээж. ...Тамир над руу залгаад ээж хүн хутгалчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би тухайн хэрэг гарсан газар нь очсон. Намайг очиход үл таних хоёр хүн согтуу байсан. Нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүн байсан. Тэгээд ороод харахад ээж байхгүй байхаар нь төмөр замын эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэхэд очоод ээжтэй уулзах гэтэл бид нарыг уулзуулаагүй. ...” гэх мэдүүлэг [9],

 

10. Х.Энхтуяагийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн: “...2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэртээ хамтран амьдрагч Түмэнбаяр, 4 зээтэйгээ хамт байж байтал 15 цагийн үед Дариа над руу яриад би Буяа эгчийнд байж байя, та завтай болохоороо хүрээд ирээрэй гэж байсан. Дахин 17 цагийн үед над руу Дариа залгаад та ирэх болж байна уу, Буяа эгчийнд Шүрээ бид гурав байна, та хүрээд ир гээд байсан. ...Орой 18 цагийн үед гараад явсан. Буяагийнд 10 минутын дараа очсон. Тэгээд намайг Буяагийнд ороход Буяа, Шүрээ, Дариа гурав 2 шил архи, 1 том пиво ширээн дээр гаргаад тавьчихсан байсан. Тухайн үед нэг шил архины талыг нь уучихсан байсан. Тэгээд би гэрт ороод тэд нартай мэндлээд хамт суусан. Тухайн үед гэрт Буяа, Шүрээ, Дариа, Чойжил, Чойжилын дүү Бондоохой гээд хүүхэд байсан. Тэгээд бид хэд хамт сууж байгаад нөгөө авсан архиа Буяа, Шүрээ, Дариа гурав хуваагаад уусан. Харин би архи ууж чадахгүй болохоор пивоноос нь уугаад байж байтал гаднаас манай төрсөн ах Мөнхтайван орж ирээд бид нартай хамт суусан. Тэгээд бид нар хамт сууж байгаад юм яриад байж байсан. Мөнхтайван ах Буяатай хамт амьдарна сууна гэх мэтийн зүйл яриад бид нар тоглож байтал хажуунаас Чойжил орж ирээд “танайх шиг архичин гэрийнхэнтэй ээжийгээ хамт амьдруулахгүй” гээд Мөнхтайван ах болон намайг доромжилж эхэлсэн. Тэгээд байж байгаад Чойжил босч ирээд Мөнхтайванг гэрээс хөөгөөд гаргахаар нь би уурлаад Чойжилтой хэрэлдэж байтал Чойжил намайг нэг удаа түлхээд газар унагаачихсан. Тухайн үед газар унахад миний хажууд төмпөнтэй яс байсан. Тэгэхээр нь нэг юм аваад Чойжилын зүүн мөр хэсэгт нь 1 удаа газраас авсан зүйлээрээ цохих шиг болсон. Тухайн үед би хутга гэж мэдээгүй, ямар ч байсан газар унахдаа нэг юм аваад цохих шиг болсон. Гэхдээ энэ талаараа би сайн санахгүй байна. Учир нь би пивоноос нилээн уучихсан, согтуу байсан гэж хэлж болно. Нэг мэдэхэд Дариа бид хоёрыг салгаж байсан. Удаагүй эмнэлэг цагдаа ирсэн. Эмнэлэг ирээд Чойжилыг аваад явсан. Харин цагдаа нар намайг төмөр замын эрүүлжүүлэхэд аваачсан. Би тэндээ хоноод өглөө нь Сонгинохайрхан дүүргийн цагдаа дээр ирсэн. Буянжаргал, Мөнхтайван хоёр хамт амьдарна гэж байсны төлөө Чойжил уурлаад гэрт маргалдаан болж эхэлсэн. Тухайн үед би гэрт байсан том пивыг бүгдийг нь уучихсан байсан. Тухайн пиво нь 1 литр 500 граммын Нийслэл нэртэй пиво байсан. ... Чойжил эрүүл байсан. Чойжил бид хоёр тухайн өдөр хэрэлдэж маргалдаад байж байсан чинь Чойжил түрүүлээд намайг түлхэж унагаасан. Би газар унаад босохдоо төмпөнд байсан зүйлээс нэг юм аваад боссоноо санаж байна. Би Чойжилын зүүн мөр хэсэгт нь нэг удаа гэж санаж байна. Тухайн үед Чойжил над руу тонгойсон байдалтай байсан. Би бодохдоо намайг цохих гэж байна гэж бодсон. Чойжил бид хоёрын дунд урьд таарамжгүй харилцаа байхгүй. ...Бид нар зүгээр юм яриад тоглож байтал Чойжил хажуунаас орж ирээд манай гэр бүлийг доромжлоод манай ахыг гэрээс хөөж гаргасан. Би Чойжилыг болгоомжгүй хутгалсан. Учир нь тэр залуугийн хувьд эрүүл байсан. Залуу хүн өөрийгөө хамгаалах чадвартай байсан...” гэх мэдүүлэг [10],

-Яллагдагчаар 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “...2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр би гэртээ байж байтал манай хөрш болох Оюундарь над руу утсаар залгаад “Туяа эгчээ би Буянжаргал эгчийн гэрт очоод байж байя, та араас хүрээд ирээрэй” гэж хэлсэн. ...Орой 17 цагийн үед гэрээсээ Буянжаргалынх руу гарсан. Буянжаргалынд 15 минут орчмын дараа очсон. Намайг Буянжаргалын гэрт ороход Оюундарь, Буянжаргал, Шүрэнцэцэг нар 1 шил 0.75 литрийн архи голдоо тавьчихсан хуваагаад ууж байсан. Тэгээд намайг гэрт ороход тэд нар надад 1 том 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво аваад тавьчихсан байсан. Тэгээд бид нар бүгд тойрч сууж байгаад хоорондоо юм ярьж байгаад архи, пивоо уусан. Би цагаан архи уугаагүй, пиво уусан, би архи ууж чаддаггүй. Тэгтэл нөгөө хэдийн архи нь дуусаад 1 шил архинд Чойжил, Оюундарь хоёр явсан. Би тухайн үед нилээн согтчихсон байдалтай байсан. Нэг мэдэхэд манай ах Мөнхтайван Буянжаргалтай тэврэлдчихсэн байдалтай хамт амьдарна, сууна гэх мэтийн зүйл яриад инээлдээд байж байсан чинь Буянжаргалын хүү Чойжил босч ирээд манай ах Мөнхтайван руу дайраад чам шиг архичин шоронгийн хадаас болсон хүнтэй ээжийгээ хамт амьдруулахгүй гэж орилж байгаад манай ахыг гэрээсээ хөөгөөд гаргасан. Тэгэхээр нь би ахыгаа өмөөрөөд Чойжилтой муудалцаад байж байсан. Чойжил намайг үүдний хэсэгт түлхсэн. Тэгээд би газар унаад босохдоо газар байсан төмпөн дотроос нэг зүйл аваад Чойжилын мөр хэсэгт нь авсан зүйлээрээ 1 удаа цохисон. Тэгтэл миний газраас авсан зүйл маань хутга байсан юм байна лээ. Би уг нь Чойжилыг хутгалах санаа байгаагүй. Согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор нилээн манараад ийм зүйл хийчихсэн. ...Чойжил манай ах Мөнхтайвантай маргалдсан учраас ийм зүйл болсон. Учир нь Чойжил босч ирээд манай ахыг доромжилсон. Гэр бүлийг минь гуйлгачин гэх мэтийн зүйл хэлээд доромжлоод байсан. Бид хоёр хэрэлдээд намайг түлхэж унагаасан байх. Тэгээд би газар унаад босохдоо үүдний хэсэгт газар байсан савнаас нэг зүйл аваад цохисон. Би яс байна гэж бодсон. Тэгсэн хутга байсан юм байна лээ. Би Чойжилын эмчилгээний зардал гэж 460,000 төгрөг өгсөн. Одоо Чойжил надаас 8,000,000 төгрөг нэхэмжилээд байгаа. Би тухайн мөнгийг өгөх боломжгүй ...” гэх мэдүүлэг [11],

 

11. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 14875 актын:

-Б.Чойжилын биед цээжний хөндийд нэвтэрч уушиг гэмтээсэн зүсэгдэж хатгагдсан шарх, цээжний хөндий дэх хий, шингэн хуралдалт бүхий гэмтэл учирчээ.

-Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /Шинжээч Г.Ханхүү/ гэсэн дүгнэлт [12],

 

12. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний Газрын биологийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 10361 актын:

-Шинжилгээнд ирүүлсэн 12 см төмөр иштэй 25,5 см урттай хутган дээр цус илэрсэн. Бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй байна.

-Харьцуулан шинжлэхээр авсан гэх цагаан өнгийн марль мэт зүйлд шингээсэн хүрэн өнгийн хатсан зүйл дээрх цус нь АВО системээр В/III/ бүлгийн харъяалалтай байна. /цагдаагийн дэслэгч Ц.Бямбадорж/ гэсэн дүгнэлт [13],

 

13. “1 ширхэг төмөр хутгыг” эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан  тогтоол [14],

14. Хохирлын баримт [15], хохирлын тооцоо [16], Хохирол төлсөн тухай баримт [17],

15. Дуудлага мэдээлэл хүлээн авсан тухай бүртгэлийн хуулбар [18],

16. Хохирогч Б.Чойжилын өвчний түүх [19],

17. Шүүгдэгч Х.Энхтуяагийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [20] болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүх Х.Энхтуяад  холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар “шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасныг баримталж Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэлэлцэв.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүхийн дүгнэлт:

 

Дээрх нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлаад дүгнэвэл:

 

Нэг: Шүүгдэгч Х.Энхтуяа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 00 цаг 22 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 44 дүгээр гудамжны 161 тоотод иргэн Б.Чойжилтой хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу өөрийн төрсөн ах Х.Мөнхтайваныг өмөөрч маргалдан, улмаар түүний зүүн мөрөн тус газар нь хутгалж, бие махбодид нь “Цээжний хөндийд нэвтэрч уушиг гэмтээсэн зүсэгдэж хатгагдсан шарх, цээжний хөндий дэх хий, шингэн хуралдалт” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:  

хохирогч Б.Чойжилын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтад мэдүүлсэн “... Мөөжиг гээд ах манай ээжийг үнсээд дайраад байхаар нь би боль гээд салгасан чинь Энхтуяа эгч Мөөжиг ахыгаа өмөөрөөд намайг болон ээж гэр орныг минь доромжлоод байсан. Би тэгэхээр нь Мөөжиг ахыг гэрээсээ гаргасан. Тэгтэл Мөөжиг ах хаалга түлхээд орох гээд байсан. Би оруулахгүй гээд хаалга түгжээд байж байсан чинь араас Энхтуяа эгч над руу дайраад хэл амаар доромжлоод, чамайг ална гэх мэтийн заналхийлсэн үг хэлээд байхаар нь би манай орон гэрийг битгий доромжлоод байгаарай гэж хэлсэн. Тэгтэл Мөөжиг ах хаалга түлхээд орж ирэхээр нь би дахин гэрээсээ гаргаад хаалгаа хаагаад хойшоо хартал Энхтуяа эгч хутга барьчихсан миний зүүн эгэм хэсэгт хутгаар нэг удаа хатгасан. Тэгээд миний мөрнөөс цус гараад байхаар нь би даавуу аваад шархан дээрээ дараад бага дүү Дагвасүрэнг түргэн дууд гэж хэлээд үүдний шалан дээр явган суусан. Тухайн үед Энхтуяа эгч хутгаа арчаад над руу хараад суугаад байсан. ...Оюундарь миний шархан дээр даавуу тавиад цус тогтоож байсан. Тэгээд удалгүй түргэний эмнэлэг болон цагдаа нар ирсэн. ...Шууд санаатайгаар намайг хутгалсан байх. Учир нь ийм зүйл болохын өмнө над руу дайраад ална, хядна гэх мэтийн зүйл хэлээд байсан. Мөн хутгалчихаад ямар нэгэн айж сандарсан зүйл байхгүй, намайг хараад байгаад байсан. Мөн эмнэлэг явсан хойгуур над руу залгаад би чамайг ална даа гэх мэтийн зүйл хэлээд байсан. ... “ гэх мэдүүлэг  [21],

-хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Тэр өдөр Мөнхтайван гэдэг хүнээс болж муудалцсан. Мөнхтайван гэдэг хүн манай дүү бид хоёрын хажууд ээжийг минь үнсээд байхаар нь надад эвгүй санагдсан. Насанд хүрээгүй бага дүүд маань муу үлгэр дуурайлал үзүүлж байна гэж бодоод Мөнхтайван ахыг гэрээсээ гаргаад буцаж гэртээ ороход Энхтуяа эгч ах Мөнхтайваныгаа өмөөрч надтай маргалдсан. Энхтуяа эгч “манай ахыг хөөж гаргалаа, ахыг оруул” гэж хэлэхэд би “танай ах манай ээжийг дүү бид хоёрын дэргэд үнсээд байна. Манай гэрийг доромжилж байна” гэж хэлж маргасан. Тэгээд Энхтуяа хаанаас хутга авсныг мэдэхгүй. Х.Энхтуяа миний зүүн эгэм хэсэгт хатгасан. ...” гэх мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлд/,

мөрдөн байцаалтад:

--Насанд хүрээгүй гэрч Б.Дагвасүрэнгийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн “... гэрт Ээж, Дариа эгч, манай ах Чойжил байсан. ...гаднаас Туяа эгч орж ирсэн. Туяа эгчийг ирэхээс өмнө Мөөжиг ах орж ирсэн байсан. Тэд архиа ууж байгаад маргалдаад хутга дээрээ тулсан юм шиг байна лээ. Нэг мэдсэн л Чойжил ахыг Туяа эгч хутгалчихсан, хутгаа нэг юмаар арчаад Чойжил ахын хажууд зогсож байсан. Тэгэхээр нь би цагдаа гээд 102 дугаарт, ... эмнэлэг болох 103 дугаарт дуудлага өгсөн....” гэх мэдүүлэг [22],

-гэрч Б.Ганзоригийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...Шөнө 00 цагийн үед Сэлбэ 10-аас Хилчины 44-161 тоотод ээжийн найз Энхтуяа гэгч эмэгтэй манай ахыг хутгалчихлаа гэсэн дуудлага мэдээлэл авч тухайн хэргийн газар хойшлуулашгүйгээр очсон. Тухайн хүмүүс нийлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Тухайн айлын эрэгтэй хүүхдийг хамт байсан Энхтуяа гэгч эмэгтэй хутгалсан байсан. ...Хэргийн газар ороход бүгд нилээн согтуу байдалтай байсан. ...хутгалуулсан залуу болон түүний дүү хоёр л эрүүл байсан. ...Би хэргийн газраас тухайн эрэгтэйг хутгалсан гэх төмөр хутгыг хураан авч тэмдэглэл үйлдэн сэлбэ 10-т хүлээлгэн өгсөн. ...Нэг залуу мөр орчмоо хутгалуулсан байсан. Харин хутгалсан гэх эмэгтэй согтуу сууж байсан. ...” гэх мэдүүлэг [23],

-гэрч Д.Алтанзулын 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн “...2016 оны 10 дугаар сарын 27-ны ...Туяа гэдэг хүний ах нь манай дүү Чойжилд би танай ээжтэй сууна гэх мэт зүйл хэлээд жаахан дарамтлах маягтай байгаад байхаар нь Чойжил гэрээсээ хөөж гаргасан чинь буцаад ороод ирсэн. Дахин хөөгөөд гаргасан чинь Туяа “чи манай ахыг хөөдөг хэн юм” гэж хэлээд маргаж байгаад хутга аваад хатгачихсан гэсэн. ...Надад хэргийн талаар Дариа, Дагвасүрэн хоёр ингэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг [24],

-гэрч Х.Мөнхтайваны 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлсэн “...Тухайн өдөр би гэрээсээ гараад явж байгаад Буяатай /Д.Буянжаргал/ уулзаад хамт гэрт нь очиход Буяагийн хоёр хүүхэд нь Шүрээтэй /Шүрэнцэцэг/ хамт байж байсан. Гаднаас Дариа, Энхтуяа хоёр дэлгүүр орчихоод ирлээ гээд нилээн хэдэн шил архи болон нэг том пиво авчихсан байсан. Бид тойрч суугаад нөгөө авсан архиа хувааж ууж байсан. Буяа миний хажуунаас үнсээд “би чамтай сууна” гэх мэтийн зүйл яриад байж байсан. Буяагийн том хүү Чойжил Буяа бид хоёрыг салгаад намайг татаад гэрийн гадаа гаргасан. Би буцаж орох гэтэл оруулахгүй байсан. Тухайн үед дотор хэрүүл маргаан болж байгаа нь сонсогдож байсан. Би байж байгаад хаалга тогшоод дахин дотогш ороход Чойжилын мөр хэсэгт нь цус гарчихсан байсан. ...Ямар ч байсан Чойжил хутгалуулсан байдалтай гэрт байсан хүмүүс ихэнх нь тасарчихсан байсан. ...Болсон асуудлын талаар дараа нь хүмүүсээс сонсоод байхад надаас болоод хэрүүл маргаан болж Туяа Чойжилыг хутгалсан гэж сонссон. ...”  гэх мэдүүлэг [25],

-гэрч Д.Буянжаргалын 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн “... Дариа “Буяа эгч ганц шил архи авч уух уу” гэхээр нь за гэтэл хоёр шил архи, нэг том нийслэл нэртэй пиво, нэг том ундаа, хоёр хайрцаг цагаан өргөө нэртэй тамхи худалдан авсан. ...Удалгүй гаднаас Туяа орж ирээд бид нар ширээ тойрч сууж байгаад авсан архиа хувааж ууцгаасан. ...тасарчихсан байна лээ. Тэгээд сэрээд ухаан ороод хартал манай том хүү Чойжил хутгалуулчихсан байдалтай эмнэлэг болон цагдаа нар ирчихсэн байсан. ...Тухайн өдөр манайх яс чанаж идсэн. ...Энхтуяагийн ах Мөөжиг /Х.Мөнхтайван/ бид хоёрыг хамтран амьдарна гэх зэрэг зүйл яриад байж байтал манай хүү “чамайг ээжтэйгээ хамт байлгахгүй” гээд маргаан болоход дундуур нь Энхтуяа ахыгаа өмөөрөөд маргалдаж байгаад ийм асуудал болсон юм шиг байна лээ. ...” гэх мэдүүлэг [26],

-шүүгдэгч Х.Энхтуяагийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр сэжигтэнээр мэдүүлсэн “... Мөнхтайван ах Буяатай хамт амьдарна сууна гэх мэтийн зүйл яриад бид нар тоглож байтал хажуунаас Чойжил орж ирээд “танайх шиг архичин гэрийнхэнтэй ээжийгээ хамт амьдруулахгүй” гээд Мөнхтайван ах болон намайг доромжилж эхэлсэн. Чойжил босч ирээд Мөнхтайванг гэрээс хөөгөөд гаргахаар нь би уурлаад Чойжилтой хэрэлдэж байтал Чойжил намайг нэг удаа түлхээд газар унагаачихсан. Тухайн үед газар унахад миний хажууд төмпөнтэй яс байсан. Тэгэхээр нь нэг юм аваад Чойжилын зүүн мөр хэсэгт нь 1 удаа газраас авсан зүйлээрээ цохих шиг болсон. Тухайн үед би хутга гэж мэдээгүй, ямар ч байсан газар унахдаа нэг юм аваад цохих шиг болсон. ...” гэх мэдүүлэг [27],

-Яллагдагчаар 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “...Би тухайн үед нилээн согтчихсон байдалтай байсан. Нэг мэдэхэд манай ах Мөнхтайван Буянжаргалтай тэврэлдчихсэн байдалтай хамт амьдарна, сууна гэх мэтийн зүйл яриад инээлдээд байж байсан чинь Буянжаргалын хүү Чойжил босч ирээд манай ах Мөнхтайван руу дайраад чам шиг архичин шоронгийн хадаас болсон хүнтэй ээжийгээ хамт амьдруулахгүй гэж орилж байгаад манай ахыг гэрээсээ хөөгөөд гаргасан. Тэгэхээр нь би ахыгаа өмөөрөөд Чойжилтой муудалцаад байж байсан. Чойжил намайг үүдний хэсэгт түлхсэн. Тэгээд би газар унаад босохдоо газар байсан төмпөн дотроос нэг зүйл аваад Чойжилын мөр хэсэгт нь авсан зүйлээрээ 1 удаа цохисон.  ...” гэх мэдүүлэг [28],

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 14875 тоот акт дүгнэлт [29], эд мөрийн баримт, хохирогч Б.Чойжилын өвчний түүх [30] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Энхтуяа нь мөрдөн байцаалтад болон шүүхий хэлэлцүүлэгт ”... мах чанаад хийсэн байсан саван дотроос нэг зүйл аваад Б.Чойжилыг цохисон, яс аваад цохилоо гэж бодсон,  тэр нь хутга байсан юм байна лээ.  Б.Чойжилыг болгоомжгүй хутгалсан гэж мэтгэлцсэн.

Гэм буруугийн хэлбэр  нь санаатай, болгоомжгүйгээр үйлдэгддэг бөгөөд санаатай үйлдэл нь шууд, шууд бус санаатай үйлдлээр, болгоомжгүй үйлдэл нь хөнгөмсгөөр найдсан, эсхүл хайхармжгүй хандсан зэрэг хэлбэрээр илэрнэ.

Дээр дурдсан гэм буруугийн шууд санаатай нь субъект нь өөрийн хийх гэж буй үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй эсхүл учрах боломжтойг мэдсэн хэр нь хор уршгийг хүсэж үйлдсэн, түүнчлэн хүсээгүй боловч үйлдэл эс үйлдэхүйгээрээ тэр хор уршигт зориуд хүргэсэн байхыг ойлгох юм.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэн Д.Буянжаргалын гэрт шүүгдэгч Х.Энхтуяа, Х.Мөнхтайван нар бусад хүмүүсийн хамтаар учир шалтгаангүй архидан согтуурчээ. Улмаар Х.Мөнхтайван нь насанд хүрээгүй хүүхдийнх нь дэргэд Д.Буянжаргалыг үнсэх зэрэг үйлдэл гаргахад хохирогч Б.Чойжил уурлан, насанд хүрээгүй хүүхдэд муу үлгэр дууриалал үзүүллээ, архичин хүнтэй ээжийгээ суулгахгүй гэж Х.Мөнхтайваныг гэрээсээ гаргасан байна. Үүнд шүүгдэгч Х.Энхтуяа хэрүүл маргаан үүсгэж, “чи миний ахыг гэрээсээ хөөж гаргалаа, гэртээ оруул, ална хядна” гэх зэргээр хохирогч Б.Чойжилтой маргаж, улмаар чанасан мах хийсэн байсан саван дотроос хутга авч, хохирогчийн биед хатгаж, хүнд гэмтлийг учруулсан байна. Шүүгдэгч Х.Энхтуяа нь хохирогчийг хутгалсаны дараа хутгаа арчиж байсан талаар мөрдөн байцаалтад хохирогч, насанд хүрээгүй гэрч нараас мэдүүлжээ.

Мөн тэрээр шүүгдэгч Х.Энхтуяагаас мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн үед газар ...төмпөнтэй яс байсан. Тэгэхээр нь нэг юм аваад Чойжилын зүүн мөр хэсэгт нь 1 удаа газраас авсан зүйлээрээ цохисон. ... Би яс аваад цохилоо гэж бодсон хутга байсан байна лээ” гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд шүүгдэгч Х.Энхтуяа нь өөрийн хийх гэж буй үйлдлийг мэдсэн, хор уршгийг хүсэж үйлдсэн зэргээр санаатай үйлджээ. Нөгөө талаас хохирогчийг ална, хядна гэх зэргээр заналхийлж буй үйлдэл нь түүний үйлдсэн гэмт хэрэг нь санаатай үйлдлээр үйлдэгдсэн гэж үзэх үндэслэл болно. Иймд түүнийг бусдын бие махбодид санаатай хүнд гэмтэл учруулсан гэж үзнэ. Харин болгоомжгүйгээр бусдад гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэл нөхцөл тогтоогдоогүй болно.

Хохирогч Б.Чойжил  нь прокурорын шатанд “Х.Энхтуяа нь намайг санамсаргүйгээр хутгалсан” гэсэн хүсэлт гаргасаны дараа уг хүсэлтээ буцаан авсан байх ба энэ тухай прокурорт “... Миний бие Х.Энхтуяа эгчийн гуйлтын дагуу надад санамсаргүй гэмтэл учруулсан гэж хүсэлт бичиж өгсөн. Гэвч миний бие нь мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул хүсэлтээ сайн дураараа эргүүлэн авсан болно..” гэж 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр бичсэн байна. [31]

Шүүх хуралдаанд хохирогч Б.Чойжил дээрх хүсэлтээ тайлбарлахдаа  “...хэрэг болсоны дараа Х.Энхтуяа эгчтэй уулзаад, харилцан ярилцаад ийм хүсэлтийг гаргасан юм. Болсон асуудал нь бол Х.Энхтуяа намайг санаатай хутгалсан нь үнэн. Миний мөрдөн байцаалтад анх өгч байсан мэдүүлэг үнэн зөв” гэж мэдүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч Х.Энхтуяаг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж дүгнэлээ.

Харин Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2017 оны 02 дугаар сарын 9-ний өдрийн 68 дугаартай яллах дүгнэлтийн тэмдэглэх, тогтоох хэсэгт “гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэсэн, эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолд 2016 оны 10 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед гэж тэмдэглэсэн байх боловч Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дуудлага мэдээллийн бүртгэлд 2016 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн 00 цаг 23 минут 06 сек дуудлага ирсэн, тушаалыг цагдаагийн ажилтан 00 цаг 25 минут 12 секундэд хүлээн авсан, очсон нь 00 цаг 48 минутад, буцсан  нь 00 цаг 59 минут гэж тус тус тэмдэглэгдсэн байна. Иймд гэмт хэрэг гарсан цаг хугацааг шүүх 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэж зөвтгөсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Хоёр:Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Чойжилын бие махбодид хүнд гэмтэл учирсан байна. Хохирогчоос мөрдөн байцаалтад хэрэгт “Мишээл” УМЗЭмнэлэгт 2016 оны 11 дүгээр сарын 17-ноос 2016 оны 11 дүгээр сарын 27 хүртэл боолт хийлгэсний төлбөр 50,000 төгрөгийн, эмний үнэ 38,400 төгрөгийн, “Мишээл” УМЗЭмнэлгээс авсан “Е ВОХ”-ийн төлбөр 360,000 төгрөгийн баримтыг тус тус ирүүлсэн, мөн бичгээр ирүүлсэн хүсэлтдээ эмнэлэгт ар гэрээс 20 хоног эргэсэний зардал 800,000 төгрөг зэргийг нэхэмжилж, үүнээс шүүгдэгч Х.Энхтуяа нь хохирогч Б.Чойжилд 2016 оны 10 дугаар сарын 28-ний өдөр Голомт банкны дансаар 300,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Төрийн банкны дансаар 100,000 төгрөг шилжүүлсэн. Б.Чойжилын эх Д.Буянжаргалд 60,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээлгэн өгсөн, нийт 460,000 төгрөг нөхөн төлсөн  болох нь хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл [32], мөнгө шилжүүлсэн тухай банкны баримтууд, шүүх хуралдаанд хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдсон.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Чойжилоос 8,000,000 төгрөг нэхэмжилж байгаа, үүнд:

- 1 сарын цалин 750,000 төгрөг, 3 сарын цалин 2,250,000 төгрөг,

-эмнэлэгт хэвтэхэд эргэсэн эргэлтийн зардал 1 өдрийн 40,000 төгрөг, 20 хоногийн 800,000 төгрөг,

-сэтгэл санааны хохирол 1,000,000 төгрөг,

-Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдийн нэгдсэн эмнэлэгт төлсөн  төлбөр 330,000 төгрөг,

-цаашид гарах эмчилгээний зардал 3,000,000 төгрөг зэргийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг гаргасан бөгөөд, шүүх хуралдаанд “Сэндвич констракшн” ХХК-ний тодорхойлолт, эмнэлгийн карт, Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт үзүүлсэн зэрэг баримтыг ирүүлсэн байна. Эдгээрээс 330,000 төгрөгийн баримт нь шаардлага хангасан байх тул үүнийг шүүгдэгч Ч.Энхтуяагаас гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй байна.

Хохирогчийн цалин хөлсний тодорхойлолтоор тооцож түүний 3 сарын цалин хөлсийг олгох боломжгүй, энэ талаар нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, бусад баримтыг ирүүлээгүй байна.

Иймд хохирогч нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болно.

 

Гурав:Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Хэрэгт авагдсан 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар[33] шүүгдэгч Х.Энхтуяа нь Цагдаагийн Ерөнхий Газрын МНБГ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна. 

Шүүхээс шүүгдэгч Х.Энхтуяад ял оногдуулахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхбуйраас шүүгдэгч Х.Энхтуяад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэж, хуульд зааснаас доогуур хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргасан ба шүүгдэгч Х.Энхтуяа нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн нөхөн төлөөгүй, гэм хорыг арилгаагүй байх тул түүнд дээрх хуулийг хэрэглэх боломжгүй юм.

 

Дөрөв. Бусад асуудлаар:

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Энхтуяагийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц утсгахыг эд мөрийн баримт устгах коммист даалгах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

1.Шүүгдэгч Боржигон овгийн Халтарын Энхтуяаг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Халтарын Энхтуяаг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Энхтуяад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Энхтуяа, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Энхтуяагаас 330,000 (гурван зуун гучин мянга) төгрөг гаргуулж хохирогч Б.Чойжилд олгосугай.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Чойжил нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс, бусад зардал болон цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн урд хэсэгтээ цус болж хатсан, ирний хэсгээр мурийсан, саарал өнгийн төмөр хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Х.Энхтуяад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Энхтуяад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА

 

            ШҮҮГЧИД                                                       Г.МӨНХЗУЛ

                                                                                     

Л.БААТАР

 


[1] Хавтаст хэргийн 15-17 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 18-19 дүгээр тал.

[3] Хавтаст хэргийн 21 дүгээр тал.

[4] Хавтаст хэргийн 22 дугаар тал.

[5] Хавтаст хэргийн 23 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 27 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 24 дүгээр тал.

[8] Хавтаст хэргийн 20 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 26 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 47-48 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 50-51 дүгээр тал.

[12] Хавтаст хэргийн 32 дугаар тал.

[13] Хавтаст хэргийн 34 дүгээр тал.

[14] Хавтаст хэргийн 13 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 55-59 дүгээр тал.

[16] Хавтаст хэргийн 60 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 52-54 дүгээр тал.

[18] Хавтаст хэргийн 64 дүгээр тал.

[19] Хавтаст хэргийн 94-107 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 108 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 15-17 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 23 дугаар тал.

[23] Хавтаст хэргийн 27 дугаар тал.

[24] Хавтаст хэргийн 24 дүгээр тал.

[25] Хавтаст хэргийн 18-19 дүгээр тал.

[26] Хавтаст хэргийн 22 дугаар тал.

[27] Хавтаст хэргийн 47-48 дугаар тал.

[28] Хавтаст хэргийн 50-51 дүгээр тал.

[29] Хавтаст хэргийн 32 дугаар тал.

[30] Хавтаст хэргийн 94-107 дугаар тал.

[31] Хавтаст хэргийн 114 дүгээр талын ард,

[32] Хавтаст хэргийн 54 дүгээр тал.

[33] Хавтаст хэргийн 108 дугаар тал.