Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 344

 

М.Г-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2017/0348 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2017/0443 дугаар магадлалтай, М.Г-гийн нэхэмжлэлтэй, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний  өдрийн 128/ШШ2017/0348 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.2.2, 4.2.4, 4.2.5, 17 дугаар зүйлийн 17.1, 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасныг баримтлан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэгч М.Г-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2017/0443 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2017/0348 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нацагдорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 443 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 15-ны хооронд эмнэлгийн лист буюу өвчтэй байхад хууль бус тушаал гарсантай холбогдуулж гаргасан гэтэл шүүгч уг эмчийн магадлагаа хууль журмын хүрээнд олгогдсон эсэх эргэлзээтэй дээр нэхэмжлэгч энэ тухайгаа байгууллагын захиргаанд мэдэгдээгүй гэж үзсэн. Гэтэл нэхэмжлэгч нь өвчтэй байсан талаар захиргаандаа мэдэгдсэн ба актаа ажилд орохдоо авчирсан байдаг.

2. Шүүгч нь үндэслэх хэсэгтээ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д хамааралгүй гэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай уг хуульд “орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол” нэг сарын өмнө мэдэгдэх ёстой. Тэгэхээр Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг хөдөлмөрийн хуулиар зохицуулагдана.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/29 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэгч М.Г-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно”  гэж заажээ.

Маргаан бүхий тушаалаар Уул уурхайн яам татан буугдаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам шинээр байгуулагдсантай холбогдуулан Уул уурхайн яамны /хуучнаар/ Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн М.Г-г 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж, 6 сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн байна.

Засгийн газрын 2016 оны 03 дугаар тогтоолоор Уул уурхайн яамыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болгон 78 орон тоотой баталсан ба үүний дагуу тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар яамны зохион байгуулалт, нэгжүүдийн орон тоог шинэчлэн батлахдаа М.Г-гийн ажиллаж байсан “сургалт, ажиллах нөхцөл салбарын шагнал, хамтын хэлэлцээр хариуцсан ахлах мэргэжилтэн”-ий орон тоог хасаж, тухайн ажлын байрны чиг үүргийг шинээр батлагдсан орон тооны мэргэжилтэн, ахлах мэргэжилтний чиг үүрэгт нэгтгэжээ.

Уг ажлын байранд тавигдах “төрийн албанд 5 жил ажилласан байх” шаардлагыг М.Г нь хангаагүйгээс түүнийг ажлын байраар хангах боломжгүй нөхцөл үүсч,  хуульд заасан журмын дагуу ажлаас нь чөлөөлж, тэтгэмж олгосон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасантай нийцжээ.

Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийн баталгаа нь хэрхэн хангагдахыг дээрх хуулиар тусгайлан, тодорхой зохицуулсан байх тул энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэх заалт энэ маргаанд хамааралгүй юм.

Үүнээс гадна Төрийн албан хаагч нь хууль тогтоомжоор тогтоосон баталгаагаар хангагдахыг Төрийн албаны тухай 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д “...эмчийн магадлагаагаар ...чөлөөтэй байгаа” нь ажилтны албан тушаал хэвээр хадгалагдах үндэслэлийн нэг байхаар зохицуулжээ.

Харин бүтэц, орон тооны өөрчлөлтийн дагуу тухайн албан тушаал нэгэнт байхгүй болсон нь хуулийн дээрх зохицуулалтад хамаарахгүй болохыг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасныг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д “Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэх зохицуулалтаар тодорхойлогдоно гэж үзнэ.  

Шүүх энэ маргааны тухайд нэхэмжлэгчийн өвчтэй байсан, эмчийн магадлагаа нь хууль журмын дагуу олгогдсон эсэхийг шалгах шаардлагагүй, ажлын байрны тухайд зөвхөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу ажлаар хангагдах боломж байсан эсэхийг тодруулж, шалган дүгнэлт өгөх нь зөв юм.

Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д заасныг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол  ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ёстой, шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан..., өвчтэй байсан...” гэх гомдол үндэслэлгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2017/0348 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2017/0443 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                          Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                                   Л. АТАРЦЭЦЭГ