| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2019/0415/И |
| Дугаар | 607 |
| Огноо | 2020-05-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 607
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А ХХК /захирал Б /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С ХХК -ний /захирал А /-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х , хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Е.Халибек нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Чанарын баталгааны барьцаа мөнгөнөөс үлдсэн 3500000 /гурван сая таван зуун мянган/ төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч А ХХК захирал Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь 2015 онд С ХХК туслан гүйцэтгэгчээр 150.000.000 /нэг зуун тавин сая/ төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Цэнгэл сумын жижиг сумын тендерт цооногийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Тухайн онд тус ажлыг бүрэн гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгсөн. Цооногийн ажлын 150.000.000 төгрөгийн 5% болох 7.500.000 /долоон сая таван зуун мянган төгрөг/-ийг ашиглалтад орсны дараа нэг жилийн дараа олгох ёстой учир төсөвт авч үлдсэн. Ерөнхий гүйцэтгэгч Г ХХК нь манай компанийн авах ёстой 7.500.000 төгрөгийг С ХХК -ны дансанд 2016 онд шилжүүлж өгсөн. Тус мөнгийг тухайн үед С ХХК -ны татвар болон даатгалын шимтгэлд суутгаж авснаас болж дээрх мөнгийг авч чадаагүй. Иймд С ХХК -иас чанарын баталгааны барьцаа мөнгө болох 7500000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С ХХК -ний захирал А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Өлгий сумын А ХХК 7.500.000 /долоон сая таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлдээ танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. 2015 онд Цэнгэл суманд хэрэгжүүлсэн жишиг сум төслийн ажлын хүрээнд манай компани өргөх станцын ажлуудыг гүйцэтгэхээр оролцсон боловч тухайн үед ажлын ачааллаас болж А ХХК гэрээ байгуулан 150.000.000 /нэг зуун тавин сая/ төгрөгийн ажлыг гүйцэтгүүлэхээр болсон. Санхүүжилтийг тухайн үед нь олгосон ба чанарын баталгааны 5% болох 7.500.000 /долоон сая таван зуун мянган/ төгрөгөөс А ХХК Хас банкны Х ын 5001564453 тоот хувийн дансанд Капитал банкнаас 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг шилжүүлсэн. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 3.500.000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийг гүйцэтгэх захирал Н бэлнээр олгосон ба нийт 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг олгосон болно. “А” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авах үед захиалагч компанийн шаардлагыг хангаагүй дутуу хийсэн тул 3.500.000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийг шаардлагын дагуу гүйцэд хийж дуусгасны дараа олгохоор болсон ба А ХХК нь одоо хүртэл ажлаа гүйцэд хийж дуусгаагүй болно. А ХХК дутуу хийсэн ажлын тухай Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга К.Болатын Цэнгэл сумын төвийн шинэчлэлийн талаарх 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралд хэлэлцэж хурлын тэмдэглэлд тусгагдсан болно. Уг хуралд “А” ХХК-ийг төлөөлж Х оролцсон болно гэжээ.
Нэхэмжлэгч А ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумд хэрэгжүүлсэн жишиг сум төслийн ажлын хүрээнд Цэнгэл сум дахь бохир усны өргөх станцын ажлуудыг хийх ерөнхий компани нь Г ХХК байсан ба туслах компани С ХХК байсан. С ХХК уг Цэнгэл сум дахь бохир усны өргөх станцын ажлуудыг хийх боломжгүй байсан тул манай компанитай 150.000.000 сая төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу манай компани нь Цэнгэл сумын жижиг сумын тендерт цооногийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Г ХХК нь тухайн мөнгийг С ХХК -аар дамжуулан бидэнд уг гүйцэтгэсэн ажлын мөнгийг олгож байсан. Тухайн үед бид чадлынхаа хэрээр ажиллаад 2015 оны 11 дүгээр сарын үед ажлаа хүлээлгэж өгсөн ба улсын комиссоос хүлээж авсан. Улсыг комисс хүлээж авсан актад бүгдээрээ гарын үсэг зурж байсан. Тухайн акт ньС ХХК -нд байгаа ба яагаад нотлох баримтаар гаргаж өгөхгүй байгааг ойлгохгүй байна. Манай компани С ХХК -тай байгуулсан гэрээний дагуу ажлаа хийж санхүүгийн бүх мөнгө авсан. Тухайн үед гэрээний 5% буюу 7,5 сая төгрөгийг ашиглалтад орсны дараа нэг жилийн дараа олгох ёстой гэж барьцаалж төсөвт авч үлдсэн. Миний бие 5 жилийн дотор уг мөнгөө авах гэж очих үед бид 7,5 сая төгрөгийг бүрэн өгсөн байгаа, бидний хооронд ямар нэгэн тооцоо байхгүй гэж хэлдэг байсан. Хэрэгт дутуу ажлын талаар манай компанийн тухайн үеийн гүйцэтгэх захирал байсан Н байгуулсан гэрээ байна. Тухайн ажлыг хийхгүй гэж байгаа юм биш хийж өгье гэж хэлж байгаа. Иймд С ХХК -иас чанарын баталгааны барьцаа мөнгө болох 7,5 сая төгрөгөөс хариуцагч талын ирүүлсэн тайлбарыг хүлээн зөвшөөрч 3,5 сая төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч С ХХК -ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 онд Цэнгэл суманд хэрэгжүүлсэн жишиг сум төслийн ажлын хүрээнд манай компани өргөх станцын ажлуудыг гүйцэтгэхээр оролцсон боловч тухайн үед ажлын ачааллаас болж А ХХК гэрээ байгуулан ажлыг гүйцэтгүүлэхээр болсон. Санхүүжилтийг тухайн үед нь олгосон ба чанарын баталгааны 5% болох 7.5 сая төгрөгөөс 2016 онд нэхэмжлэгчийн Капитал банкны дансанд 500 мянган төгрөг шилжүүлсэн. 2017 онд тус компани гүйцэтгэх захирал Н бэлнээр олгосон байна. Үлдсэн 3,5 сая төгрөгийг дутуу ажил үйлчилгээгээ бүрэн хийж өгсөн тохиолдолд олгохоор болсон боловч А ХХК нь одоо хүртэл дутуу ажлаа гүйцэд хийж дуусгаагүй болно. А ХХК Цэнгэл суманд хэрэгжүүлсэн жишиг сум төслийн ажлын хүрээнд манай компани өргөх станцын дутуу ажлуудыг 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл бүрэн гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэж өгөх болно гэж гэрээ хийсэн. Гэхдээ тухай ажлаа одоо хүртэл бүрэн гүйцэд хийж хүлээлгэж өгөөгүй юм байна.. Манай компанийн зүгээс шаардлага хангаагүй бүрэн хүлээлгэж өгөөгүй ажлын гүйцэтгэлд мөнгө төлөхгүй гэж байгаа. Дутуу хийсэн ажлын дагуу шүүхэд С ХХК мөн шүүхэд хандах болно гэв
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А” ХХК-иас анх шүүхэд хариуцагч С ХХК -д холбогдуулан чанарын баталгааны барьцаа мөнгө болох 7.500.000 (долоон сая таван зуун мянган) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нэхэмжлэгч А ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж чанарын баталгааны барьцаа мөнгөнөөс үлдсэн 3.500.000 (гурван сая таван зуун мянган) төгрөгийг хариуцагч С ХХК -иас гаргуулахыг хүсжээ.
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Учир нь, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж үзэхэд хариуцагч буюу ашиглагч байгууллага С ХХК нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумд хэрэгжүүлсэн жишиг сум төслийн ажлын хүрээнд Цэнгэл сум дахь бохир усны өргөх станцын ажлуудыг 150.000.000 /нэг зуун тавин сая/ төгрөгөөр гүйцэтгүүлэхээр туслан гүйцэтгэгчээр буюу нэхэмжлэгч А ХХК 2015 онд гэрээ байгуулж, гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг тухай бүр акт үйлдэж ашиглагч буюу захиалагч байгууллага “С ”ХХК-ний техник хяналтын инженер Л , инженер Т нарт хүлээлгэж өгч байсан нь хэрэгт авагдсан ажил гүйцэтгэсэн актуудаар уг ажлыг улсын комиссоос 2015 оны сүүлээр 2016 оны эхээр хүлээж авсан болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогджээ.
Талуудаас Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум дахь бохир усны өргөх станцын барилгын ажлыг 150.000.000 /нэг зуун тавин сая/ төгрөгөөр гүйцэтгүүлэхээр байгуулсан гэрээг шүүхэд бичгийн нотлох баримтаар гаргаж өгч чадаагүй байгаа боловч уг гэрээний талаар талууд маргаагүй ба гэрээндээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-т зааснаар гэрээний үнийн дүнгийн 5% буюу 7.500.000 төгрөгийг барьцаалж авсан нь талуудын тайлбар, ”С ” ХХК болон “А” ХХК-ийн Цэнгэл сум дахь ажлын гүйцэтгэлийн тооцооны баримтаар тогтоогдож байна.
Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ уг чанарын баталгааны барьцаа мөнгө болох 7.500.0000 төгрөгөөс нэхэмжлэгч компанид 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг олгосон ба үлдсэн 3.500.000 төгрөгийг төлж өгөхийг зөвшөөрч, харин Цэнгэл сум дахь бохир усны өргөх станц барилгын зарим дутуу ажлыг гүйцэтгэсний дараа олгоно гэж “Цэнгэл сумын 3 дугаар бохир усны өргөх насосын станц барилга”-ын зарим дутуу ажлыг гүйцэтгэх” гэрээг нотлох баримтаар гаргаж өгч мөн нэхэмжлэгч компаниас шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргажээ.
Гэтэл хариуцагч “С ХХК-иас дээрх баталгааны барьцаа мөнгө болох 7.500.000 төгрөгөөс 500.000 /таван зуун мянган/ төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х ын Хас банкан дахь 5001564453 дугаар дансанд, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгч А ХХК тухайн үеийн гүйцэтгэх захирал байсан Н 3.500.000 төгрөг бэлэн олгосон нь хэрэгт авагдсан Х.Нургүлийн гарын баримт, санхүүгийн баримтаар тус тус нотлогдож байна.
Нэхэмжлэгч А ХХК нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум дахь бохир усны өргөх станц барилгын ажлыг 2015 оны сүүлээр, 2016 оны эхээр хүлээлгэж өгсөн нь талуудын тайлбараар нотлогдож байгаа бөгөөд түүнээс үзэхэд нэхэмжлэгч А ХХК нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацаандаа хариуцагч С ХХК -нд холбогдуулан гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл гаргаагүй байгаа боловч мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т “...,эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана“ гэж зааснаар хариуцагч “С” ХХК-иас дээрх барьцаа мөнгөнөөс 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 3.500.000 төгрөгийг төлж өгч, үлдсэн 3.500.000 төгрөгийг дутуу ажлыг хийж гүйцэтгэсний дараа төлж өгөхөөр болж хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь тасалдаж, тэрээр тус шүүхэд 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь хуулийн дээрх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй юм байна гэж шүүх дүгнэлээ.
Харин хариуцагчаас “С ”ХХК-ний захирал асан С.Шарив болон нэхэмжлэгч А ХХК гүйцэтгэх захирал Н нарын хооронд байгуулсан “Цэнгэл сумын 3 дугаар бохир усны өргөх насосын станц барилга”-ын зарим дутуу ажлыг гүйцэтгэх” гэрээг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд уг гэрээний 2.1-д Цэнгэл сумын 3-р бохир усны өргөх насосын станцын барилга объектын дараах дутуу ажлыг 2016 оны 4 дүгээр сарын 01-нээс нэг сарын хугацаанд: 1.Бохир усны насосын станцын ухсан газрын тэгшитгэлээ хийж өгөх, 2.Бохир усны насосын станцын барилгын гадна, дотор талын дутуу ажлыг бүрэн гүйцэтгэж ашиглалтад өгөх, 3.Далд ажлын акт болон талбайн журнал гэх мэт бичгийн баримтыг бүрдүүлж өгөх ажлуудыг бүрэн гүйцэтгэж 2016 оны 5 дугаар сарын 01-нд ашиглалтад бүрэн хүлээлгэж өгөхөөр гэрээ байгуулсан байжээ.
Гэвч хариуцагч С ХХК -иас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах,..эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч А ХХК нэхэмжлэлтэй холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул дээрх гэрээтэй холбоотой дүгнэлт хийх боломжгүй боловч хариуцагчаас дээрх гэрээндээ заасан дутуу ажлыг хийж өгөхийг шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6-д заасан чанарын баталгааны барьцаа мөнгөө Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар хийж гүйцэтгэсэн ажил нь зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил өнгөрсний дараа мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д зааснаар нэхэмжлэгчийн хариуцагчаас нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч С ХХК -иас чанарын баталгааны барьцаа мөнгөнөөс үлдсэн 3.500.000 (гурван сая таван зуун мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-нд олгож, нэхэмжлэгч компанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 3500000 төгрөг болгосон тул түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 70950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч С ХХК -иас чанарын баталгааны барьцаа мөнгөнөөс үлдсэн 3.500.000 (гурван сая таван зуун мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-нд олгосгуай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид 70950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ