| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2014/0195/Э/ |
| Дугаар | 2014/ШЦТ/0196 |
| Огноо | 2014-08-22 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2014 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 2014/ШЦТ/0196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2014/0195/Э/
Сум дундын 7 дугаар шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батболд,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Бадам,
Хохирогчийн өмгөөлөгч П.Батжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,
Хохирогч ***
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2013090000437 дугаартай эрүүгийн хэргийг 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** өдөр ***төрсөн, *** настай, *** тусгай дунд боловсролтой, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд:
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн *** ы өдөр *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жил хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан
Шүүгдэгч *** нь 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цементийн үйлдвэрийн замд улсын дугааргүй, Хятад улсад үйлдвэрлэгдсэн “мустанг-5” загварын мотоциклийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гарган иргэн ***ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “*** бид хоёр нэг жилийн өмнөөс дотно харилцаатай болж бие биедээ хайртай гээд үерхэж байсан. Тухайн үед би эрүүл байсан. 40-50 км цагийн хурдтай явж байсан. Хойно байж байгаад жоохон байж байгаад буцая гэж бодож байсан. “Үсэрлээ шүү” гэхээр нь тоглоод байна гэж бодсон. Унахаар нь мэдсэн, яаж унасан гэдгийг нь мэдэхгүй байна. Талийгаачийн ар гэрт 7500000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг.
-Хохирогч *** ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний дүү 2014 оны 5 сарын 28-ны өдөр хичээлээ тараад 2014 оны 5 сарын 29-ний өдөр сургууль дээрээ ажилтай байсан. Манай ах орж ирсэн байсан. Энэ гэрт нь харихаас өмнө уулзая гэж мессеж бичсэн байсан. Манай дүү уулзахгүй гэсэн байсан. Энэ өөрөө хүсэл зоргийн дагуу миний дүүг үсэрсэн гээд амь насаар нь тоглосон. Би хараагүй болохоор мэдэхгүй байна. Явахгүй гэхэд нь хүчээр авч явсан. Миний дүү байсан бол өндөр настай эх, хөгжлийн бэрхшээлтэй асраад ахыгаа асраад байж байх байсан. Миний дүү дөнгөж 19 настай ихийг хийх байсан. 2 тугалтай үнээ, нэг бяруутай үнээ, нийт 6 үхэрийг 3750000 төгрөгт тооцож авсан, мөн сая шүүх хурал дээр 300000 төгрөг авсан, тэгээд өмнө нь өгсөн мөнгөтэй нийлээд 7500000 төгрөг авсан. Одоо нэхэмжлэх мөнгө байхгүй, харин ганц охин дүүгийнхээ амь насыг нэхэмжилж байна, гомдолтой байна.” гэх мэдүүлэг,
-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 10-11, 13 дахь тал/,
-“...2014 оны 05 дугаар сарын 28-ны орой 22 цаг 10 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг Үйлдвэрийн зам дээр *** маркийн улсын дугааргүй мотоциклын жолооч ***нь жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг 2.1/а-д “механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох эрхийн үнэмлэхийг биедээ авч явна”, мөн бүлгийн 2.1/б-д “механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгслийн гэрчилгээг биедээ авч явна” мөн бүлгийн 2.3/а-д “жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг хүлээнэ” мөн бүлгийн 2.3/в-д “жолооч мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ” гэсэн заалтыг зөрчсөн боловч зорчигч 21 настай иргэн ***л нь мөн дүрмийн 4-р бүлэг 4.1/а-д “Тээврийн хэрэгслээр буюу мотоциклоор зорчихдоо хамгаалах малгай өмсөх үүргийг хүлээнэ”, мөн бүлгийн 4.1/б-д “Тээврийн хэрэгслээр зорчигч тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа явган хүний зам (эсвэл хөвөө) тал руу буюу ар тал руу бууж тэр талаас сууна” гэсэн заалтыг зөрчсөн тул уг зам тээврийн осол гарсан гэж үзэж ослыг дүгнэлт гаргав.”гэх дүгнэлт /хэргийн 12 дахь тал/,
-Хохирлын талаарх болон хохирол төлсөн талаарх нотлох баримтууд /хэргийн 29-43 дахь тал/,
-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр орой 20 цагийн үед талийгаач манай 3 настай охиныг дагуулаад дэлгүүр явсан ба эхнэрийн ах *** гэрт орж ирэхдээ ***л гадаа нэг мотоцикльтэй хүнтэй уулзаад зогсож байна гэхэд манай эхнэр надад ямар хүүнтэй уулзаж байна чи нэг хараадхаач гэхээр нь би гадаа гарч харахад найз залуу нь гэсэн *** гэж залуутай дэлгүүр лүү явж байгаа харагдсан юм. Тэгээд би буцаад орсон. Тэгээд удаагүй талийгаач 00-ийн цаасаа гэрт оруулж тавьчихаад бид нартай юм яриагүй буцаад гүйгээд гарсан ба манай охин араас нь дагаад уйлаад гарахаар нь би гарч охиноо авахдаа харахад нөгөө залуу нь мотоцикльтойгоо зогсож харагдсан ба талийгаач харагдаагүй, хашааны араар нуугдсан байж магадгүй юм. Тэгээд намайг гэртээ байж байхад 30 орчим минутын дараа байх, талийгаачийн ангийнх нь хүүхэд *** над руу залгаж ***ыг Дархан 2-ын тэнд аваарт орсон байна гэхээр нь би машинаа асаагаад явж байхаар нь очиход гар утас нь хажууд нь дуугарахаар нь авахад эмнэлэгээс залгаж, хаана байна, Дархан 2 дээр явна гэж хэлсэн, тэр гар утас нь *** утас байсан юм, энэ үед миний утас руу найз залуу нь залгаж эмнэлэг дээр ирэх хэрэгтэй байна гэж байхаар нь очиход талийгаачийг сэхээний тасаг руу оруулсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 49 дэх тал/,
-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр сургууль дээрээ шалгалтын дүнгээ сонсох гээд очихдоо талийгаачтай уулзсан, тэгэхэд хөдөө гэр лүүгээ явна гэж байсан юм. Тэр үед ааш зан нь хэвийн байх шиг байсан, дарамт шахалт байсан үгүйг мэдэхгүй, 5 сарын 28-ны өдөр ярьж хөхрөөд зүгээр байсан, зан ааш нь хэвий байсан. Тэгэхдээ надад хувийн юм аа ярьдаггүй, ангийн эгчийн хувиар ярьдаг байсан юм. Анх ангид орж ирэхдээ хичээл тасалдаггүй, сурлага сайтай, дуугай, анги хамт олонтойгоо нийтэч хүүхэд байсан, сүүлд нь *** гэдэг найз залуутай болсноос хойш хичээл номоо тасалдаг болсон, 2014 оны хавар над руу *** үйлчилгээний төв дээр хүрээд ирээч, Ариунжаргалын найз залуу нь түүнийг гараас нь зуураад явуулахгүй байна гэж ярьж байсан би бол хараагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 50 дахь тал/,
-Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Талийгаач найз залуутайгаа байнга л түр тар хийсэн, тэгээд сайндлаа гээд буцаад нийлчихсэн явдаг байсан юм. Өнгөрсөн 4 сарын эхээр байх үйлчилгээний төв дээр найз *** талийгаач бид нарыг явж байхад Энхсайхан ирээд явуулахгүй зууралдаад байсан, түүнээс зодож айлгасан юм байхгүй.
…тэр өдөр 21 цагийн үед байх *** надруу түргэн дуудаарай *** мотоциклиос унаад ухаан орохгүй байна, хурдан дуудаарай гэхээр нь хаана байгаа юм бэ гэхэд Дархан 2-ын Цементийн үйлдвэрийн хажууд гээд утсаа салгасан тэр үедээ ***ны хоолой зангирсан сандарсан шинжтэй ярьж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 52 дахь тал/,
-Гэрч *** ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 20 цагийн үед би Хонгорт байдаг гэрээсээ Дарханы батальон руу өөрийнхөө хар өнгийн мотоцикльтэй үйлдвэрийн замаар өгсөөд явж байхад баталион талаас Д*** ардаа нэг охин суулгаад уулын уруу өнгөрсөн ба үйлдвэрийн замаар доошоо явахаар нь би буцаж эргээд ардаас нь явсан ба *** доошоо уруудаад зогссон, өөрөө цаашаа хараад бие засаж зогссон, нэг охин мотоциклийнх нь хажууд зогсож байсан. Би очоод тэр 2-той мэндлээд хаачих гэж байгааг нь асуухад *** жаахан ийшээ явчихаад буцна гэж Дархан 2-ын зүг рүү заасан, тэгээд би мотоциклиосоо буулгүй буцаад батальон руу явсан, тэр 2 явна гээд үлдсэн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 53-54 дэх тал/,
-“Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр зүүн чамархай, суурь, зүүн нүдний ухархайн дээд хананы шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархины баруун зулай, дагз хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, тархины эдийн гүн дэх цусархаг няцрал гэмтэл тогтоогдлоо.
...талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.” гэх шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2014 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 48 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 66-67 дахь тал/,
-Цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 68-71 дэх тал/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 83 дахь тал/,
-Өвчний түүх /хэргийн 98-121 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь 2014 оны 05 дугаар сарын 28-ны орой 22 цаг 10 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг Үйлдвэрийн зам дээр ***маркийн улсын дугааргүй мотоциклыг жолооч *** нь жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг 2.1/а-д “механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох эрхийн үнэмлэхийг биедээ авч явна”, мөн бүлгийн 2.1/б-д “механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгслийн гэрчилгээг биедээ авч явна” мөн бүлгийн 2.3/а-д “жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг хүлээнэ” мөн бүлгийн 2.3/в-д “жолооч мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ” гэсэн заалтыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гарган иргэн ***ын амь насыг хохироосон гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн болох нь нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч ***гийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, иргэн ***ын амь насыг хохироосон гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч *** нь хохирогчид бэлэн мөнгө болон мал оролцуулж, нийт 7500000 төгрөг төлсөн, хохирогч нэмж нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх бөгөөд шийтгэх тогтоол гарах үед хохирогчид төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч *** нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 *** -ны өдөр *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жил хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т зааснаар ялтай байдал дуусаагүй байна.
Иймд шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-т заасан ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т “шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа буюу оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусахын өмнө гэмт хэрэг шинээр үйлдэж шийтгүүлж байгаа бол шүүхийн сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялыг бүгдийг буюу заримыг нэмж нэгтгэн уг этгээдийн биечлэн эдлэх ялыг тогтооно.” гэж заасны дагуу биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй.
*** нь “жолооч” биш болох нь нотлогдож /хэргийн 87 дахь тал/ байх боловч “жолооч” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй аливаа этгээд хамаарах тул шүүгдэгч ***ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял оногдуулав.
Шүүгдэгч *** нь болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч ***ын замын хөдөлгөөний дүрмийн 4-р бүлэг 4.1/а-д “Тээврийн хэрэгслээр буюу мотоциклоор зорчихдоо хамгаалах малгай өмсөх үүргийг хүлээнэ”, мөн бүлгийн 4.1/б-д “Тээврийн хэрэгслээр зорчигч тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа явган хүний зам (эсвэл хөвөө) тал руу буюу ар тал руу бууж тэр талаас сууна” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл гэмт хэрэг гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн зэргийг ял оногдуулахдаа харгалзан үзлээ.
Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэснийг дурьдаад
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон Тогтоох нь:
1.Шүүгдэгч ***ийг тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, иргэн *** ын амь насыг хохироосон гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар ***ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сар /гурван жил нэг сар/ хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т заасныг баримтлан шүүгдэгч ***т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сар хорих ял дээр 2013 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолоор 100000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 жил хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсаныг сэргээж, түүний эдлээгүй үлдсэн ялын зарим хэсэг буюу 4 сар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч ***ийн биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 5 сар хорих ял тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан 3 жил 5 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол гарах үед хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар ***т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг дурьдсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Я.ТУУЛ