Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2023/ШЦТ/­­­48

 

 

 

         2023 оны  03 сарын 31 өдөр                            2023/ШЦТ/­­­­48                                               

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Г,

Шүүгдэгч: Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Г-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овогт Э-ын Х холбогдох *********** дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Ө аймгийн Д суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автозасварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Ө аймгийн Д сумын 8 дугаар баг, Ц, хоймор 15-р гудамж 5 тоотод оршин сүух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Т овогт Э-ын Х /РД:********/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч Э.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө Х сумын Хайрхан 5 дугаар баг, Ц гэх газарт үйл ажиллагаа явуулдаг Б ХХК-ийн ажилчид амрах байранд М.Д маргалдан, улмаар М.Д цохих, өшиглөх, аяга авч шидэн толгойг нь онох байдлаар бие, эрх чөлөөнд нь халдсаны улмаас М.Д эрүүл мэндэд тархины доргилт, духны, зүүн нүдний доод зовхины зүсэгдсэн шарх, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Х нь мэдүүлэхдээ: “Өгөхгүй.” гэв.    

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Дагвадоржийн “...2023 оны 01 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө манай Бейбен-транс ХХК-ийн амрах байранд засварчин Хосбаяр, хаб Гантөмөр бид гурав лаазтай 20 пиво ...хэрэглэсэн. Хосбаяр нь хоёулаа гоё юм ярих уу гээд сандал дээр суучих гэсэн. Би хэлсэн ёсоор нь суусан. Тэгээд суухад намайг нүүр лүү өөрийн хөлөөрөө цохиход нь хаб Гантөмөр дундуур орж болиулах гэтэл “одоо би Дагвадоржийг яах ч үгүй Гантөмөрөө суучих” гээд намайг босох гэтэл дахиад өөрийн хөлөөрөө цохсон. Тэгээд дахиад Гантөмөр Хосбаярыг болиулж орон дээр суулгаад хажууд нь суусан. Намайг “чи механик Баттулгыг аваад ир” гээд амрах байрнаас хөөсөн. Би механик Баттулгын амрах байранд орж сэрээж дагуулаад амрах байр луу ороход Хосбаяр нь гартаа барьж байсан шинжтэй шаазан аягаа миний нүүр лүү нүдэж миний толгой хагарсан. Тэгээд миний толгойноос цус гараад ажлынхаа эмч Даваа дээр очиж толгойдоо оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18 дахь тал/

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Баттулгын: "...2023 оны 01-р сарын 28-аас 2023 оны 01-р сарын 29-нд шилжих шөнийн 05:00 цагийн үед би Бейбен транс ХХК-ийн амрах байрандаа амарч байхад М.Дагвадорж намайг дуудаж сэрээхдээ Хосбаяр намайг цохисон гээд надад хэлэхээр нь би босоод засварчид амрах байранд яваад ороход Гантөмөр, Хосбаяр хоёр сууж байсан. Тэгээд би “та нар яагаад кемп дээр архи уугаад байгаа юм бэ” гэж хэлээд загнаад байж байтал М.Дагвадорж амрах өрөөнд орж ирээд Хосбаярт “та намайг яагаад цохиж байгаа юм бэ” гэж хэлээд байж байтал Хосбаяр ширээн дээр байсан сэнжтэй цайны аяга гартаа бариад авахаар би гараараа хаах гэтэл миний гар дээгүүр давуулаад М.Дагвадорж руу шидчихсэн чинь шидсэн аяга нь М.Дагвадоржийн толгойн дээр нь оноод хагарчихсан юм. Тэгтэл М.Дагвадоржийн толгой хэсгээс цус гараад эхлэхээр нь Бейбен транс ХХК-ийн эмч Даваа гээд бид нар дуудаад байдаг эмчийг дуудаж М.Дагвадоржийн толгой, хагарсан хэсгийг эмч үзээд цэвэрлэж оёдол тавьж өгсөн юм... Хосбаяр, Гантөмөр, Дагвадорж нар архи уусан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Даваадоржийн: “...2023 оны 01-р сарын 28-аас 2023 оны 01-р сарын 29-нд шилжих шөнө ...эмчид м.Дагвадорж гэдэг хүнийг үзүүлэх хэрэгтэй байна гэж хэлсэн юм. Тэгээд би засварчид амрах байранд явж ороход М.Дагвадорж гэдэг хүний толгой хэсгээс цус гарсан байдалтай нүүрээ дараад сууж байхаар нь би эмчийн өрөөнд дагуулж ороод үзлэг хийхэд зүүн духны үстэй хуйхтай хэсэг зүсэгдсэн шархтай цус нь гарсан байдалтай, цус нь тогтсон, зүүн нүдний доод хэсэгт зүсэгдсэн шархтай, дээд доод уруул язарсан шархтай өөрөө жаахан айж сандарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/

            Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 65 дугаартай “1. М.Дагвадоржийн биед тархины доргилт, духны, зүүн нүдний доод зовхины зүсэгдсэн шарх, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. З. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/

             Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Э.Хосбаярын: “...Би 2023 оны 01-р сарын 28-аас 2023 оны 01 дүгээр сарын 29-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг, Цагаан хаданд үйл ажиллагаа явуулах Бейбэн транс ХХК-ийн кемпийн амрах байрандаа ....М.Дагвадорж бид хоёр өдрийн ажлаас болж ам зөрөөд маргалдаж муудалцаж байгаад би М.Дагвадоржийг нэг удаа нүүрэн тус газарт нэг удаа алгадаад нэг удаа хөдөө рүү нь өшиглөөд автал М.Дагвадорж механикт хэлнэ гээд гараад явсан. Тэгээд удаагүй механик Баттулга орж ирээд ...байж байхад нь би ширээн дээр байсан сэнжтэй аяга аваад М.Дагвадорж руу шидчихсэн чинь миний шидсэн аяга толгойн дээр нь цохиод хагарсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Хосбаярыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх дүгнэв.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч Э.Хосбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг, Цагаан хад гэх газарт үйл ажиллагаа явуулдаг Бейбен транс ХХК-ийн ажилчид амрах байранд М.Дагвадоржтой маргалдан, улмаар М.Дагвадоржийг цохих, өшиглөх, аяга авч шидэн толгойг нь онох байдлаар бие, эрх чөлөөнд нь халдсаны улмаас М.Дагвадоржийн эрүүл мэндэд тархины доргилт, духны, зүүн нүдний доод зовхины зүсэгдсэн шарх, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Хосбаяр нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Э.Хосбаярын гэмт үйлдэл болон хохирогч М.Дагвадоржийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Э.Хосбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 28-аас 29-нд шилжих шөнө Ханбогд сумын Хайрхан 5 дугаар баг, Цагаан хад гэх газарт үйл ажиллагаа явуулдаг Бейбен транс ХХК-ийн ажилчид амрах байранд М.Дагвадоржтой маргалдан, улмаар М.Дагвадоржийг цохих, өшиглөх, аяга авч шидэн толгойг нь онох байдлаар бие, эрх чөлөөнд нь халдсаны улмаас М.Дагвадоржийн эрүүл мэндэд тархины доргилт, духны, зүүн нүдний доод зовхины зүсэгдсэн шарх, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Хосбаяр нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Э.Хосбаярын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.

           Гэмт хэргийн улмаас хохирогч М.Дагвадоржийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 65 дугаартай “1. М.Дагвадоржийн биед тархины доргилт, духны, зүүн нүдний доод зовхины зүсэгдсэн шарх, зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. З. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна. /хавтаст хэргийн 29-30 дахь тал/

           Хохирогч М.Дагвадорж нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газарт “Дагвадорж миний бие Хосбаяраас нэхэмжилсэн төлбөр байхгүй гомдол санал байхгүй. Цагаан хаднаас аймаг орох зардлын мөнгийг Хосбаяр төлсөн. Мөн Хосбаяр дансаар хохиролд 100,000 төгрөг төлсөн.” гэх хүсэлтийг гаргажээ.

         Шүүгдэгч Э.Хосбаяр нь хохирогч М.Дагвадоржийн эмчилгээний зардалд нийт 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөг нөхөн төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримт, прокурорын газарт гаргасан хохирогч, шүүгдэгч нарын хүсэлт зэрэг баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 68-70 дахь тал/

Иймд шүүгдэгч Э.Хосбаярыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хохирогч М.Дагвадорж нь нэхэмжилсэн төлбөр байхгүй, гомдол санал байхгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Хосбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Хосбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Хосбаяр урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 37 дахь тал/

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Э.Хосбаярын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хосбаярыг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хосбаярт оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хосбаярт оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Хосбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Хосбаярын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хосбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

             Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Э-ын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х-ыг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

           5. Шүүгдэгч Э.Х нь хохирогч М.Д-ийн эмчилгээний зардалд 150,000 төгрөг нөхөн төлсөн, шүүгдэгч Э.Х төлбөргүй, хохирогч нь нэхэмжилсэн төлбөр байхгүй, гомдол санал байхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Х нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Х иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Х урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болох бөгөөд энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.БАТМӨНХ